Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/03453

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 31 181/ШШ2023/03453

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................. тоотод байрлах ИИК ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.................. байранд байрлах, НШШГ т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ун., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Т., гэрч Ц.Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ИИК ББСБ ГХОХХК нь НШШГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоол тус тус гарч зээлдэгч Д.Тгээс 367.666.666 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.996.283 төгрөгийн хамт гаргуулж, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Тгийн өмчлөлийн барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.

Ийнхүү Д.Т шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул НШШГ албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, Д.Тгийн өмчлөлийн улсын бүртгэлийн 2203021833 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 426 байрны 2, 3, 4 дүгээр давхар, 468 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр авагч ИИК ББСБ ХХК нь 369.662.949 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Т 2.500.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4/126 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Ц.Т ийг шинжээчээр томилсон.

Уг тогтоолын дагуу Д ХХК-ийн шинжээч Ц.Т улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2.241.973.984 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр НШШГ т ирүүлсэн. Төлбөр авагч 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр дээрх хөрөнгийн үнэлгээтэй танилцан, барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит дүнгээс хэт өндрөөр үнэлснийг үл зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1.1.Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн тухайд:

Хариуцагч эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулахдаа хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй. Тодруулбал, 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсан өдрөөс эхлэн хуулийн хүчингүйд тооцогдсон бөгөөд тус өдрөөс хойш шүүхийн шинжилгээ, аливаа үнэлгээг тогтооход шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэглэж байгаа.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэлд "...Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д заасныг баримталж, эрх үүрэг тайлбарласан баримтад Шүүхийн шинжилгээний тухай 9-р зүйл, 16-р зүйл... гэж тус тус хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэл болгосон байна. Хүчингүй хуулийг баримталсан явдал жижиг техникийн шинжтэй алдаа биш. Мөн Эрүүгийн хуулийн холбогдох хэсгийг хавсаргана гэж бичсэн хэрнээ түүнийг хавсаргаагүй байна. Иймд хууль тайлбарлаагүй, холбогдох мэдээллийг аваагүй ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна.

Түүнээс гадна шинжээч томилсон тогтоолд Ц.Т гэж бичсэн хэрнээ үнэлгээний тайланг Д ХХК гаргасан тул томилогдсон шинжээч хөрөнгийн үнэлгээг хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй.

1.2.Хөрөнгийн үнэлгээний тайлангийн тухайд:

Маргаан бүхий Д.Тгийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь холбогдох дүрэм журам, Үнэлгээний Олон Улсын стандартын дагуу хийгдээгүй бөгөөд Д ХХК-ийн шинжээч Б.Т нь барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт өндөр буюу 2.241.973.984 төгрөгөөр үнэлсэн байна.

Тодруулбал, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 6-р хуудас, 7-т заасан үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолт хэсэгт Шинжээч томилох тогтоолд тус хөрөнгийн 2,3,4-р давхрын зах зээлийн үнэлгээг асуусан байх тул тус хөрөнгийн 1-р давхар болон газрын үнийг тус үнэлгээнд оруулж тооцоогүй болно... гэсэн хэрнээ хөрөнгийн үнэлгээний тайланд тухайн барилгын газрын үнийг нийт 8.192.434 төгрөгөөр тогтоож үнэлгээнд хамт оролцуулсан. Уг барилга нийт 4 давхар, нэг орц гарцтай бөгөөд барилгын 1-р давхар болон газар нь бусад этгээдийн өмчлөлд байдаг тул хөрөнгийн үнэлгээнд газрын үнийг оролцуулан тооцох ёсгүй.

Мөн зах зээлийн хандлагаар дээрх хөрөнгийн үнэлгээг тогтохдоо барьцаа хөрөнгийн ойр орчимд байрлах зориулалт, чанар, стандарт хийц бүтцийн хувьд ижил төстэй 3-с дээш обьекттой харьцуулалт хийж байж бодит зах зээлийн үнэлгээ гардаг байтал Д ХХК-ийн шинжээч Б.Т маргаан бүхий обьектоос өөр зориулалттай буюу үйлчилгээний обьекттой харьцуулан хөрөнгийн үнэлгээг хийсэн нь зах зээлийн бодит үнэлгээг тогтооход нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь маргаан бүхий 468 мкв талбайтай барилга 2011 оны 02 дугаар сарын 17-ний өдөр орон сууцны зориулалтаар Д.Тгийн өмчлөлд анх бүртгэгдсэн, хөрөнгийн үнэлгээг улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан орон сууцны зориулалттай байршил нь ижил төстэй барилгуудтай харьцуулах учиртай.

Гэтэл шинжээч хөрөнгийг зах зээлийн хандлагаар үнэлэхдээ жишиж харьцуулахдаа өөр зориулалттай буюу үйлчилгээний зориулалттай обьекттой харьцуулсан, тайландаа газрын үнийг оруулж тооцоогүй гэсэн хэрнээ эцсийн байдлаар хөрөнгийг үнэлэхдээ оруулан тооцож, зах зээлийн бодит үнээс хэт өндрөөр үнэлсэн байна.

Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдээгүй, шинжээч нь хөрөнгийг үнэлгээг холбогдох журам, аргачлалын дагуу хийгээгүй байх тул 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/1 дүгээр байрны 42б-ын 2,3,4 дүгээр давхарт байрлах 468м2 талбайтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 2.241.973.984 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр Д.Тгээс 367.666.666 төгрөгийг гаргуулж ИИК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Д.Тгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 байрны 426 тоот 2,3,4 дүгээр давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн Хөрөнгийн Үнэлгээний Д ХХК-ийн шинжээч Ц.Т ийг томилж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 8-10, 35, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тус тус танилцуулж, 4/126 дугаар тогтоолыг гардуулсан.

Төлбөр авагч ИИК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шинжээч томилох тухай 4/126 тоот тогтоолыг гардуулж тэмдэглэл хөтөлж шинжээч Д.Тг томилсон бөгөөд татгалзах эрхийг нь танилцуулахад татгалзахгүй гэснийг баталгаажуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгасан байдаг. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн талуудад хөрөнгийн үнэлгээний тайланг хүргүүлсэн.

Төлбөр авагчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан байх бөгөөд хэт өндөр тогтоосон байна гэж маргажээ. Үнэлгээний тайланд үнэлгээ тогтоолгож буй хөрөнгийг ижил төстэй 2 объекттой харьцуулсан байх бөгөөд энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шаардлагад нийцсэн байх тул үнэлгээний тайланг буруутгах мөн нэхэмжлэгчийн гомдолд дурдсан шиг ашиг сонирхлын зөрчилтэй шинжээчээр хийлгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Тгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шинжээч томилсон тогтоолын дагуу шинжээчид эрх үүрэг тайлбарлаж холбогдох баримтууд хэрэгт авагдсан. Хүчингүй хуулийн заалт баримталсан гэж тайлбарлаж байна. Баримтад техникийн жижиг алдаа үнэлгээг хүчингүй болгох ёсгүй. Харьцуулалт хийсэн хөрөнгөд 2015 оны хөрөнгө гэж алдаатай тусгагдсан байх магадлалтай. Үнэлгээний тайлангаар үнэ зах зээлийн ханштай нийцсэн, үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 977 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хураалдааны 00908 тоот тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2016/05035, дугаартай шүүгчийн захирамж, 181/ГХ2016/000489 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шинжээч томилох тухай 4/126 дугаартай тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн Шинжээчээр оролцохоох татгалзах үндэслэл болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, эрх үүрэг тайлбарласан баримт, Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-151/7714 дугаартай төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлжээ. /хх 7, 9 - 44/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-151/7714 дугаартай төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг, 181/ГХ2016/000489 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 02 дугаар сарын 14-ны Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 145 тоот хариу, Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, ИИК ББСБ ХХК-ийн 04/93 дугаартай албан бичиг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2020 оны 7 дугар сарын 24-ний өдрийн мэдэгдэл, 202 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 202 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол,2020 оны 8 дугаар сарын 31-ний Шинжээч томилох тухай тогтоол, Виннэр вэй ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 9 дүгээр сарын 14, 17-ны өдрийн мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2021/01203 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1270 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхий Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2021/00739 тоот тогтоол, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 3/14 дугаартай тогтоол,2022 оны Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний мэдэгдэл, Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг ирүүлжээ. /53, 72, 87-161, 164-166, 168-169, 174, 178, 179-232/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ИИК ББСБ ГХОХХК нь НШШГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: шинжээч томилж үнэлгээг хийлгэхдээ Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, үнэлгээ зах зээлийн ханшаас хэт өндөр, үнэлгээнд газрыг үнэлж оруулсан, харьцуулалт хийхдээ адил төстэй хөрөнгөтэй харьцуулаагүй гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлав.

3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дүгээр сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоолоор: Д.Тгээс 367.666.666 төгрөг гаргуулж, ИИК ББСБ ГХОХХК-д олгохоор, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б байрны 2, 3, 4 дүгээр давхар, 468 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгөнөөс хангуулахаар шийдвэрлэжээ. /1хх 12-20/

3.2.Төлбөр төлөгч Д.Тгээс хариуцагч НШШГ т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1270 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00739 дүгээр тогтоолоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Виннер Вэй ХХК-иас тогтоосон хөрөнгийн үнэлгээ, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/14 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгожээ. /1хх 148-164 /

3.3.Дахин Д.Тгийн нэхэмжлэлтэй НШШГ т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2023/00255 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Тгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 73/1 дүгээр байр, 42б байр, 2,3,4 давхарт байрлах 468 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгожээ. Энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1хх 214-223/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Дээрх хоёр удаагийн шүүхийн шийдвэрээр хариуцагч байгууллага хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнийн санал авах ажиллагааг гүйцэтгэсэн энэ хүртэлх ажиллагаа хуульд нийцсэн талаар дурджээ. /1хх 92-223/

3.4.Дээрх шийдвэрийн дараа 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3/23 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүйд тооцсон, улмаар дахин 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20280443/151-06 тоот тогтоолоор маргааны зүйл болсон Д.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42б байрны 2, 3, 4 дүгээр давхар, 468 мкв талбайтай хөрөнгийг хурааж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажууулжээ. /1хх 224-228/

3.5.Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр авагч ИИК ББСБ ХХК нь 369.662.949 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Т 2.500.000.000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн тул харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 4/126 дугаар тогтоолоор шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцнэ. /1хх 21, 229-232/

Шинжээч дээрх хөрөнгийг 2.241.973.984 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-151/7714 тоот мэдэгдлээр мэдэгджээ.

4.Нэхэмжлэгчээс шинжээч томилох ажиллагаа хуульд нийцээгүй, томилогдсон этгээдээс өөр этгээд дүгнэлтийг гаргасан, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, зөрчсөн гэж тайлбарласан.

4.1.Хэрэгт авагдсан шинжээч томилох тухай 4/126 тоот тогтоолд шинжээчээр Ц.Т гэж бичигдсэн боловч Д ХХК-ийн захирал, үнэлгээчин Ц.Т ээс хөрөнгийн үнэлгээний тайланг гүйцэтгэсэн талаар тайландаа тусгасан байна. Түүнчлэн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт, тогтоол гардуулан өгсөн актад Д ХХК-ийн шинжээч Ц.Т гэж тэмдэглэгдсэн байх тул иргэнийг томилсон атлаа өөр этгээдээр тайланг гаргуулсан тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

4.2.хэргийн 21, 22, 23, 24 дэх талд авагдсан шинжээч томилох тухай тогтоол, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримт, шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт гэсэн дөрвөн баримтад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 16 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13,14,15 дугаар зүйл гэх зэргээр 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг баримталжээ.

Гэвч ийнхүү хүчингүй болсон өмнөх хуулийн холбогдох заалтыг баримталсан хэдий ч хүснэгтэлсэн хэсэгтээ татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон хугацаа, дүгнэлт гаргахад талуудтай ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байгаа эсэх, ажиллагааны талуудтай хамааралтай эсэх, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бий эсэх, тухайн мэргэжлээр ажилласан туршлага, татгалзан гарах үндэслэл байгаа эсэх гэх зэргээр хуульд заасан тодруулах шаардлагатай мэдээллийг бүрэн тусгасан. Эрх үүрэг тайлбарласан баримтад Эрүүгийн хуулийн дурдсан заалтуудыг баримтад хавсаргах-аар заасан хэрнээ хавсаргаагүй байх хэдий ч шинжээч томилсон тогтоолын 3-т дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах... тохиолдолд хариуцлага хүлээлгэх-ийг сануулж тусгагдсан, шинжээч тайландаа Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд заасныг урьдчилан сануулсан талаараа дүгнэлтийн 27 дах хуудаст тусгагдсан байна.

Дээрх байдлаарх техникийн шинжтэй алдаанууд тухайн ажиллагааг хуульд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэгжүүлээгүй, журам зөрчсөн тухай тайлбар үндэслэлгүй.

5.Харин хэрэгт авагдсан үнэлгээний тайланд газрыг сууриар тооцож 8.192.434 төгрөгөөр үнэлгээ тогтоосон дүнд хамруулан тооцсон нь шинжээч томилсон тогтоолд дурдагдаагүй хөрөнгийг нэмж үнэлсэн гэж үзнэ. Мөн харьцуулалт хийсэн хоёр хөрөнгийн нэг хөрөнгө 2015 онд ашиглалтад орсон, харин үнэлэгдэх хөрөнгө 2003 онд ашиглалтад орсон талаар тайлангийн 7-д үнэлэгдэх хөрөнгийн тодорхойлолт хэсэгт тусгасан хэрнээ тайлангийн 17 дугаар хуудаст харьцуулахдаа 5.5-д насжилтын хувьд тохируулга хэрэглээгүй, д-д харьцуулж буй хөрөнгүүд үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил насжилттай байх тул тохируулгыг 1,0 гэж тооцов хэмээн тусгажээ. Түүнчлэн энэ талаар шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбар болоод гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй гэж үзэв. Шүүх энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Харин гэрчээс тухайн хөрөнгөд очиж үзэхэд цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан, холбогдох газраас цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлүүдээ авсан байсан гэж мэдүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд хөрөнгийн зориулалтыг орон сууцны зориулалттай гэж тусгасан байхад үйлчилгээний зориулалттай хөрөнгөтэй жишсэн, хийц бүтээцийн хувьд өөр байхад төмөр карказ хөрөнгөтэй харьцуулсан тухай нэхэмжлэгчийн тайлбарууд үндэслэлгүй гэж үзнэ.

Гуравдагч этгээдийн зүгээс хуралдааны явцад харьцуулсан хөрөнгө 2015 он гэж алдаатай тусгагдсан байх магадлалтай хэмээн тайлбарласан ч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан харьцуулсан хөрөнгийн мэдээлэл алдаатай гэдгийг дэмжих баримт хэрэгт авагдаагүй болно.

Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021833 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 73/1 дүгээр байр 42б-йн 2,3,4 дүгээр давхарт байрлах 468 мкв талбайтай хөрөнгийг 2.241.973.984 төгрөгөөр үнэлсэн Д ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ