Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/41

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

  2026          01          12                                                     2026/ШЦТ/41

                                                                                                                         

                                   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунзул,

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Н.А-д холбогдох эрүүгийн 2301******* дугаартай 2 хавтас хэргийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй: үүнд,

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээс 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

2.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Н.А, ЪЪ********** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А нь Төв аймгийн Заамар сумын Төмстийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шинэ булаг" гэх газарт 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр гар аргаар 20.16 грамм алт буюу ашигт малтмал олборлож, байгаль орчинд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 2301******* дугаартай хэрэгт авагдсан:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 39-46/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10/2051 дугаартай албан тоот, гэрэл зураг /1 хх 48-49/,

Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын хуулбар /1 хх 52-59/,

Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 62-63/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С өгсөн: “Би Төв аймгийн Засаг даргын тамгын газарт Хууль эрх зүйн хэлтэст мэргэжилтнээр ажилладаг тул Засаг даргын тамгын газрыг төлөөлж мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Энэ хэргийн талаар би мэдэхгүй байна. Засаг даргын тамгын газраас намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролц томилж явуулснаас би өөр мэдээлэл байхгүй байна. Ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авч, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээх ёстой байдаг.Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаад байгаль орчинд тодорхой хэмжээний хохирол учирсан байх аа, уг хохирлыг шинжээчийн дүгнэлт болон бусад байдлаар тогтоосон байх гэж ойлгож байна, тогтоогдсон хохирлын хуулийн дагуу барагдуулсан тохиолдолд нэхэмжлэх зүйл, гомдол санал алга байна, хохирол барагдуулаагүй тохиолдолд учирсан хохирлыг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 xx 88-89/,

Гэрч Э.Б өгсөн: “Намайг Таван толгойд 2015 онд тээврийн менежер хийдэг байхад том тэрэг барьдаг байсан. Тэр үеэс ерөнхийдөө нэг нэгнийгээ мэддэг болсон. Ах дүү, хамаатан садны холбоо байхгүй. Надтай хамт Таван толгойд ажиллаж байсан 50 орчим насны ах /нэрийг нь санахгүй байна/ Төв аймгийн Заамар суманд Уул дээр алт гарлаа гэж надад хэлсэн. Тэгээд Төв аймгийн Заамар сум руу 2023 оны /сарыг нь санахгүй байна/ намарт очсон. Очоод Заамар сумын төв дээр байдаг буудалд байж байхад А ахтай таарсан. Орой нь тухайн сумын цагдаа орж ирээд бичиг баримт шалгаад гараад явсан.Цагдаа шалгасан болохоор маргааш нь буцаад Улаанбаатар хот руу явсан.Төв аймгийн Заамар сум Уул дээр алт гарч байгаа гэдгийг мэдэж байсан болохоор тэнд А ах очсон байсан байх. Би тэр уул дээр очих гэсэн боловч цагдаа хамгаалалт авсан байсан болохоор очиж чадалгүй буцсан.Манай компани дээр жолооч хийж байсан болохоор тусгай зөвшөөрөл байдаггүй байх. Ер нь тэр хавийн хүмүүс хаа нэг хувиараа ашигт малтмал олборлодог гэж сонсож байсан.” гэх мэдүүлэг /1 xx 91/,

Гэрч Н.С өгсөн: “Н.А манай ээжийн төрсөн дүү. Би мэдүүлэг өгөхөөс татгалзах байна.” гэх мэдүүлэг /1 xx 93/,

Гэрч Э.Б өгсөн: “Н.А манай ээжийн төрсөн дүү.  Би мэдүүлэг өгөхөөс татгалзах байна.” гэх мэдүүлэг /1 xx 95/,

Гэрч А.А өгсөн: “Би 2017 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах "Нартын энгэр" гэх газарт байх Баасанжавын Батбилэг гэгчийн тээрэмд одоог хүртэл ажиллаж байна. Би ганцаараа очиж тээрмийн хутга нь дуусахаар гагнадаг мөн тээрэмд бүтээгдэхүүнээр ирсэн чулуу байвал тээрмийг нь асааж өгдөг. Н.А гэх хүн нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Нартын энгэр" гэх газарт байрлах миний ажилладаг тээрэмд анх чулуу бутлуулахаар ирж байх үед нь танилцаж байсан. Н.А гэх хүнтэй ямар нэгэн найз нөхрийн харилцаа холбоо байхгүй ажлын шугамаар танил төдий хүн. 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр Н.А нь чулуу бутлуулахаар манай тээрэмд ирсэн, хэдий хэр хэмжээний чулуу байсан гэдгийг нь санахгүй байна. Тухайн чулуу бутлуулж олсон ашиг зэргийг Баасанжавын Батбилэг гэгч нь Н.Ан данс руу шилжүүлсэн байх ямар тоот дугаарын данс гэдгийг нь би мэдэхгүй.” /1 xx 98-99/,

Гэрч И.Д өгсөн: “Яг одоогоор бол эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Өмнө нь хувиараа жижиг, ачааны машинаараа тээвэр үйлчилгээ хийдэг байсан. Манай эхнэр Ж.Э-н төрсөн дүү байгаа юм. Одоо Н.А Өмнөговь аймгийн Цагаан хаданд том тэргээр нүүрс тээвэрт явж байгаа.  Хамгийн анх 2023 оны 9 дүгээр сарын сүүл үед гэж санаж байна. Н.А Төв аймгийн Заамар суманд алтны илэрцтэй шинэ газар гарсан байна хамт явах уу гээд манай гэрт бид 2 уулзаж тохиролцоод тэгээд Ан тандаг хүний жижиг тээврийн хэрэгсэлтэй бид 2 явсан. Заамар сумын төвд очоод Сов явдаг тал руу руу гараад 20 орчим километр явж байхад нэг уулын энгэр дээр олон хүмүүс нүх ухаж байсан. Тэгээд тэндээс нэг шуудай чулуу аваад энд ирээд Бор толгойн Энхээ /бүтэн нэрийг нь санахгүй байна гэх/ эгчийн чулуу бутлуурын тээрэмд оруулсан чинь багахан хэмжээний мөнгө болж байсан. Тэгээд Н.А хүнээс зээлсэн мөнгөө өгье тэгэх үү гэж гуйгаад надад мөнгө өгөөгүй. Дахиад 4 хоногийн дараа Н.Атай хамт нөгөө уулан дахь нүх рүү яваад А өөрөө нүх рүү ороод 3-4 бондгор аваад ирсэн. Тэр 3-4 бондгорыг Н.А бид 2 Тулгаа /Ганнам/-ын чулуу бутлуурын тээрэмд боловсруулж тушаагаад миний ********* тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. Нийт хэдэн төгрөгийн алт Н.А тушааж борлуулсан талаар мэдэхгүй байна. Надад ямар ч байсан 610,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа дахиад 11 дүгээр сарын 17-нд гэж санаж байна Н.А "Заамар явах уу? Нөгөө уулан дээрх нүхнээс гайгүй юм гарч байна" гээд бид 2 дахиад хамт явахаар тохироод, Н.А-тай хамт цагаан хаданд ажилладаг гэх Энхээ, Дархан-Уул аймгаас карина машинтай ирсэн 2 залуу /нэрийг нь мэдэхгүй гэх/-тай хамт бид 5 Сов руу яваад тэр оройдоо тэндээ хоносон. Маргааш нь нөгөө нүх рүүгээ ороорой харанхуй болохоор ирээрэй гэхээр нь бид нар гэгээ тасарч байхад очсон. Бид нарыг очиход тухайн нүхний дор байсан гэрийн гадаа 2-3 машинтай хүмүүс байсан. Тэр гэрт цагдаагийн хувцастай 2 хүн байсан. Би гэрт нь орж хараагүй ч орж гараад гэрэл тусгаад байсан. Тэр шөнөдөө ажиллаж байгаад үүрээр 10 гаруй бондгор чулуу аваад гарсан. Чулуугаа авч явах машин хэрэгтэй байсан болохоор Б.У өөрийнх нь эзэмшлийн цагаан өнгийн портертой нь дуудаад А.А ажилладаг Б.Б чулуу бутлуурын тээрэмд оруулсан. Н.А-н ярьж байгаагаар 30-40 грамм гарсан гэж байсан яг хэр хэмжээтэй гарсан гэдгийг бол би мэдэхгүй байна. Тэгээд хамт явсан хүмүүстээ хуваарилаад мөнгө тараасан. Надад яг хэдэн төгрөг өгсөн гэдгийг бол мэдэхгүй байна. Миний Хаан банкны 5050298806 тоот дансанд шилжүүлж байсан.Тэгээд тэрнээс хойш дахиж тэр газар луу яваагүй байгаа. Надад бол хэлээгүй. Н.А-тай С /бүтэн нэрийг нь сайн санахгүй байна гэх/ гэж хүн ярьсан гэж байсан. Би тэр хүнийг нь хараагүй. Би тэр газрыг зааж өгч чадна.” гэх мэдүүлэг /1 xx 102-103/,

“Би өмнө мэдүүлэг өгөхдөө бичиг үсэг сайн мэдэхгүй гэдгээ мэдүүлэг авсан байцаагчдаа хэлж ойлгуулж чадаагүй юм. Би 1 дүгээр анги төгсөөд мал дээр гарсан тул уншиж бичиж бараг чадахгүй. Өмнө нь мэдүүлэг өгөхдөө юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй байна, би уншиж байгаа юм шиг дүр исгээд гарын үсэг зураад өгчихсөн юм, одоо болсон асуудлын талаар үнэн зөв ярья. 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь одоо санахгүй байна, А намайг дуудаад ахаа ойрхон хөдөө явчхаад ирье газар шорооны ажил байна, ханиндаа явчхаад ирье гэсэн юм. Тэгээд А-н найз гээд 2 залуутай явсан юм. Нэг газарт очоод хүлээж байгаад хөөлгө явж байна гээд бид нар ямар нэгэн ажил хийлгүй буцсан, би хаанахын ямар газар ирснээ ч мэдэхгүй буцсан юм. Тэгээд хэд хоногийн дараа А над дээр ирээд дээрийн явсан газар луугаа явах гэсэн юм та хань болоод яваад өгөөч гэхээр нь би хийсэн ажилгүй байж байхаар гээд хамт явсан, бид 2-т тухайн үед өөрийн гэсэн машин байхгүй байсан тул Заамар луу явж байсан нэг залуугийн машинд дайгдаж явсан. Хүмүүс их бужигнасан хөдөө хээр газар байсан, хүмүүсийн ярианаас сонсоход алт их гарч байгаа газар гэж ойлгосон. Хүмүүс чулуу аваад байгаа газар луу А өөрөө ганцаараа орж 1 шуудай орчим чулуу авсан, тэнд олон хүн бужигнаж байсан тул А дахиад чулуу авч чадахгүй юм байна буцъя гээд явсан. Буцахдаа бас Заамар луу явж байгаа гээд Портер машинд дайгдаж явсан, би Баруун хараад ирээд гэртээ шууд харьсан А шуудайтай чулуугаа аваад явсан, тэрнээс хойш яасныг нь мэдэхгүй байна, маргааш нь надад хань болж явсанд баярлалаа гээд 600 гаран мянган өгсөн санагдаж байна. А намайг хань болоод яваад өгөөч гэсэн би чулуу авах ажилд нь бол оролцоогүй. Тухайн газраас 1 шуудай орчим чулуу авч ирсэн, чулуугаа хаана аваачсан, бас чулуунаас алт гарсан үгүйг нь мэдэхгүй, би алтны талаар сайн мэдэхгүй, алттай шороо чулуугаа ч ялгаж мэдэхгүй. Тэр жолооч нарыг танихгүй, машины дугаарыг нь ч хараагүй, санахгүй байна.  Хаана худалдсан талаар мэдэхгүй байна, надад алтны талаарх ойлголт байхгүй.  Бид 2 ямар нэгэн багаж авч яваагүй, хүмүүсийн гаргаж байсан чулуунаас гуйж авсан гэж ярьж байсан, би чулуу авахыг нь хараагүй.” гэх мэдүүлэг /1 xx 106-107/,

Гэрч Б.У өгсөн: “Би 2017 оноос хойш Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Хараа голын эрэг дагуу “Мод үржүүлгийн газар” ажиллуулдаг мөн аялал, жуулчлал амралтын ажил эрхэлдэг. Н.А бид хоёр Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу нэг суманд байдаг болохоор бие биеийгээ 2016 оноос хойш мэднэ. Найзууд биш танилын хүрээнд байдаг.  Н.А нь 2023 оны сүүлээр буюу намар дуусаад өвөл болж байх хавьцаа санагдаж байна надад хандаад “Түлш, хөлс мөнгийг нь өгье, Төв аймгийн Заамар сумаас хэдэн юм ачаад баруун хараа руу ачаа өгөөч” гэхэд нь би зөвшөөрсөн. Маргааш нь 00-00 ДДД улсын дугаартай цагаан өнгийн портер / BONGO III / загварын тээврийн хэрэгслээр Төв аймгийн Заамар сум руу хөдлөөд тухайн газарт орой харанхуй болсон үед очсон. Төв аймгийн Заамар сумын төвөөс цааш 5-6 орчим км орчим санагдаж байна. Нэг айлын өвөлжөө байсан ба тухайн өвөлжөөнд ачих шуудайтай зүйлс нь байсан ба миний унаж явсан 00-00 ДДДулсын дугаартай цагаан өнгийн портер загварын тээврийн хэрэгсэлд /яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна/ 10 гаран орчим бондгор шуудайтай зүйлсийг Н.А, Ооний хочит Дарханбат болон миний танихгүй 2-3 хүний хамт ачиж дуусгасан. Миний хажууд Ооний хочит Дарханбат суусан санагдаж байна бид хоёр ачсан шуудайтай зүйлсийн хамтаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах “Нартын энгэр” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Баагий буюу Батбилэгийн тээрэм дээр аваачиж миний унаж явсан портерт шуудай ачсан буюу буулгасан. Тэгээд би шууд гэр лүүгээ буцсан. Н.А нь ажлын хөлс болгож портерын түлш дүүргэж, миний хаан банкны ****** тоот дугаарын данс руу 200,000 /хоёр зуун мянга/ билүү 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 xx 110-111/,

Гэрч С.Э өгсөн: “Би энэ хүнийг танихгүй, харж байгаагүй хүн байна.Хаан Банкны ************ тоот данснуудыг олон жил ашиглаж байна. Эхнэр бид 2 алт, монет худалдан авдаг. Ихэвчлэн манай эхнэр алт худалдан авах ажиллагааг хариуцаж, хамтран эзэмшдэг 5077029571 тоот данснаас шилжүүлдэг. Манай гэр бүл Н.А гэх хүнийг танихгүй, өр төлбөр өгөх зүйл байхгүй болохоор энэ хүн манайд тодорхой хэмжээний алт тушаасан болохоор төлбөрийг нь шилжүүлсэн байх. Тухайн үеийн ханшаар хэдэн төгрөг байсныг санахгүй байгаа болохоор ямар хэмжээний алт тушаасан талаар мэдэхгүй байна.Төлбөрөө ихэвчлэн миний **************** тоот Хаан банкны данснаас шилжүүлдэг. Зарим тохиолдолд бэлнээр өгдөг.Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ихэвчлэн манай эхнэр С.О ажилладаг болохоор эхнэрт тушаасан байж магадгүй.Тухайн үедээ цаасан дээр тэмдэглэж аваад Монгол банканд тушаасны дараа устгачихдаг. Яг тогтмол хөтөлдөг дэвтэр гэж байхгүй. Өдөр өдөртөө нэгтгэж Монгол банканд тушаадаггүй болохоор ямар хүн хэдэн төгрөгийн алт өгснийг өдрөөр нь ялгах боломжгүй.” гэх мэдүүлэг /1 xx 117/,

Гэрч С.О өгсөн: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р багийн нутаг дэвсгэрт зах буюу бирж дээр Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт металл худалдаалах зөвшөөрлийг 2020 онд авч нөхөр С.Э хамт явуулж байна. Зүс мэдэхээс биш нэрийг нь сайн мэдэхгүй хүн байна. Манайд алт худалдан борлуулж байсан, эсвэл Дархан-Уул аймгийн хүүхэд байж магадгүй болохоор харж байсан байх. Нөхөр бид 2 алт, монет худалдан авдаг. Төлбөрөө ихэвчлэн нөхөр С.Э *********** тоот Хаан банкны данснаас шилжүүлдэг. Зарим тохиолдолд тэгшитгэх зорилгоор бэлэн мөнгөөр тооцоо хийдэг. Жишээ нь: 1,200,000 төгрөг шилжүүлэх ёстой болбол 1,000,000 төгрөгийг дансаар, 200,000 төгрөгийг бэлнээр өгөх жишээтэй.Алт л худалдаж авсан мөнгийг шилжүүлсэн байх. Би болон манай нөхөр Н.А гэх хүнийг танихгүй учир өөр мөнгө шилжүүлэх боломжгүй.Би яг энэ талаар сайн санахгүй байна. Манай нөхрийн дансаар мөнгө шилжигдээгүй бол бэлэн өгсөн байж ч магадгүй.” гэх мэдүүлэг /1 xx 118/,

“Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө энэ талаар сайн санахгүй байсан. Дараа нь сайн бодож байгаад санахад энэ мөнгө бол надад алт худалдсан хүнд шилжүүлсэн мөнгө байна лээ. Манайх алтыг тухайн өдрийн Монгол банкны ханшнаас 200 төгрөгийн бага үнээр худалдан авдаг юм. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол банкны ханш 180.15.67 төгрөгийн байснаас 5 хувь хасаж бодогддог юм, 5 хувиа хасахаар 197.747 төгрөг болж байгаа үүнээс ашгийн 200 төгрөг хасаад 1 грамм 999 сорьцтой алтыг тухайн өдөр 197.500 төгрөгөөр худалдан авах байсан, тухайн хүний надад худалдсан алт нь сорьц муутай алт байсан тул 1 граммыг нь 125.500 төгрөгөөр бодож авахад 20.16 грамм алт байсаН.А гэх хүнийг сайн танихгүй, одоо санаж байгаагаар байгалийн аргаар алт байсан санагдаж байна.Алт худалдсан талаарх бүртгэл, баримт бол байхгүй, нөхөр С.Эрдэнэсайханы 5077029571 тоот данснаас шилжүүлсэн баримт бол байгаа.Би худалдан авсан алтаа бусад хүмүүсээс бага багаар авсан алтнуудтай нийлүүлээд дараа нь Дархан-Уул аймгийн Голомт банканд худалдан борлуулсан байгаа, яг хэдэн сарын хэдний өдөр Голомтод худалдсан талаараа санахгүй байна, банкны баримтыг нь гаргаж өгье.” гэх мэдүүлэг /1 xx 123-124/,

Гэрч Б.Б өгсөн: “Н.А-г танина. Манай Баруун хараагийн үе тэнгийн залуу. Төрөл садан, ах дүүгийн холбоогүй.Хаан банкны ********** дугаартай дансыг 2007 оноос хойш ашиглаж байна. Би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нартын энгэр гэх газарт чулуу бутлуур ажиллуулдаг. Дээр хэлсэн хугацаанд А гэх нутгийн залуу манай тээрэм дээр чулуу бутлуулсан, тэрний ажлын хөлсний зөрүү мөнгө гэж шилжүүлсэн. Ажлын хөлсний зөрүү гэдэг нь хүмүүс чулуу бутлуулах гэж ирэхдээ бэлэн мөнгөгүй, эсвэл мөнгөгүй ирдэг болохоор бид нар нарийсгаж гаргасан алтнаас тодорхой хэмжээг нь тасалж аваад тэрийг нь граммлаж үзээд зөрүүг нь шилжүүлсэн гэсэн үг. Би ихэвчлэн тээрэм дээрээ байдаггүй учир Ариунбаяр тээрэмдэж дуусгаад энэ хүний данс руу ийм мөнгө шилжүүлнэ гэхээр нь л би шилжүүлдэг. Тэгээд дараа нь тооцоогоо тулгадаг. Н.А гэх хүнд ямар нэгэн өр, төлбөр өгөх зүйл байхгүй болохоор миний шилжүүлсэн энэ мөнгө манай чулуу бутлуурын газарт чулуу бутлуулсан ажлын хөлсний зөрүү, эсвэл би гаргаж авсан алтыг нь худалдаж авсан гэсэн үг. Тухайн үед яасан талаар сайн санахгүй байна. Би 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Хүмүүсийн авчирсан чулууг жижиг шуудайтайг нь 10,000 төгрөг, томыг нь 15,000 төгрөгөөр тээрэмдэж өгдөг.” гэх мэдүүлэг /1 xx 131-132/,

Гэрч П.Д өгсөн: “Н.А-г танина. Манай Баруун хараа сумын ах. Хаан банкны 5050147186 дугаартай дансыг 2009 оноос хойш ашиглаж байна.Энэ ямар учир утгатай мөнгө шилжүүлсэн талаар би мэдэхгүй байна.Би энэ хүнтэй хамт Төв аймгийн Заамар сумын Өлийн даваа гэх газар луу явж байгаагүй. Харин Н.А ах 1-2 удаа явж байсан. Ямар хүмүүстэй явж байсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 xx 135-136/,

Гэрч Ү.Б өгсөн: “Би хувиараа Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Дархан-Уул аймагт үнэт металл /алт/ худалдан авах тусгай зөвшөөрөлтэйгөөр алт, монет худалдан авдаг ажил хийдэг юм. Энэ хүнийг би танихгүй. Энэ ************* тоот Хаан банкны данс нь миний өөрийн эзэмшлийн данс байгаа юм. Би өөрөө Дархан-Уул аймагт алт худалдан авах арилжаа эрхэлдэг, надад байнга л хүмүүс алт худалдан борлуулдаг, дээрх данс болон эзнийг би мэдэхгүй байна, тухайн дансыг өөрөө өгсөн юм өөр хүн өгсөн юм уу энэ талаар мэдэхгүй байна, надад алт худалдаж болоод л би мөнгийг шилжүүлсэн байгаа, хэнд хэдэн төгрөг шилжүүлснээ одоо бол мэдэхгүй байна. Энэ талаар би хэлж мэдэхгүй байна, тухайн үеийн Монгол банкны ханшнаас 5 хувийн татварыг хасаад 1000 төгрөгийн доогуур үнээр авдаг юм. Хэн ямар хэмжээтэй алт худалдаад хэдэн төгрөг шилжүүлсэн талаар одоо хэлж мэдэхгүй байна. Би худалдан авсан алтаа тухайн цаг хугацаанд Стандарт хэмжилзүйн газраар сорицлуулаад Дархан-Уул аймгийн Капитрон болон Голомт банканд худалдаад эдгээр банкнаас Монгол банк руу худалдаалагддаг юм. Дээрх хүний надад худалдсан алт энэ шат дамжлагаар явж Монгол банканд худалдаагдсан байгаа.Нэг хэсэг би надад алт худалдан борлуулж байгаа хүмүүсээс бичиг баримтыг нь шаардаж бүртгэж авах гэж оролдсон боловч гаргаж өгдөггүй юм байна лээ. Бичиг баримт шаардаад байхаар надад алт худалдахаа больчихдог болохоор би шаардахаа больсон, тийм болохоор надад бүртгэл судалгаа байхгүй.Намайг алтны эх сурвалжийн талаар болон худалдаж байгаа хүний талаар асуухаар дахиж алт худалдан борлуулдаггүй болохоор би алтны эх сурвалж болон хүнийх нь талаар асууж тодруулдаггүй юм. А гэх хүнийг би хууль бусаар алт худалдаж байгаа талаар мэдээгүй би Н.Аг танихгүй.” гэх мэдүүлэг /1 xx 139-140/,

Гэрч Н.О өгсөн: “А нь манай нөхөр байгаа юм. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж алга байна. 2024 оны 01 сард байх өдрийг сайн санахгүй байна, манай том хүүхэд оюутан юм. Тэгээд төлбөр нь нэхэгдээд яаралтай мөнгөний хэрэг гараад би өөрийн алтан сүүжин ээмэг, алтан гинж, монетон бөгж 2 ширхэг, монетан ээмэг 1 хос зэрэг зүйлсийг Дархан-Уул аймгийн төв дээр байдаг алт монет авна гэсэн хүнд худалдаж байсан юм. Мөнгийг нь Ан дансаар авсан, 4 сая гаран төгрөг болж байсан санагдаж байна. Яг хэн гэдэг хүнд худалдсанаа бол мэдэхгүй байна.Энэ талаар би мэдэхгүй байна, нэг найз нь алт гарч байна гэж ярьж байснаас би явсныг нь мэдээгүй, манай хүн тогтсон ажил байхгүй байсан тул энд тэнд байшин барилга барих ажилтай явчихдаг тул би хаашаа явж байгааг нь асуудаггүй юм.Зан байдлын хувьд даруу төлөв, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнтэй зөв харилцаатай байдаг, найзууд нь Шагай гэж дууддаг, манайх ам бүл 8-лаа, бид хоёр 6 хүүхдийн хамт амьдардаг, 2 том хүүхэд оюутан, А 2023 оны 05 дугаар сараас Говь түрүү ХХК-нд даампны операторын ажлыг хийж байна, би хувиараа Баруун хараад Монгол хувцас оёдог ажил хийдэг. А бол алтанд яваад байдаггүй юм, хүний байшин барилга л барьж өгдөг, бас ногоо тарих ажил хийдэг байсан.” гэх мэдүүлэг /1 xx 143-144/,

Гэрч О.М өгсөн: “Би Н.Аг танина. Хэдэн жилийн өмнө Цагаан хаданд танилцсан, тухайн үед Н.А өөрийгөө том тэрэг барьдаг байсан гэж хэлж байсан. Н.А надад Төв аймгийн Заамар яваад ирье хэдэн төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед би найздаа хэлээд бид гурав Төв аймгийн Заамар сум руу явсан. Тухайн үед багаж хэрэгсэл авч яваагүй. А болон манай найз бид 3 гурав Заамар орох даваан дээр уулын орой дээр маяктай цагдаа цагдаа ирсэн байх шиг байсан тэрийг хараад болъё буцъя гээд Дархан-Уул аймаг руу би найзтайгаа явсан, А баруун хараад гэртэй үлдсэн.Надтай ярихдаа намайг Заамар руу хүргээд өгчих гээд тэгээд би машинтай найз руугаа яриад бид гурав Заамар ороогүй буцсан, тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би мөнгө төгрөг бол тухайн үед аваагүй, А надад мөнгө өгсөн бол бензин тосны л мөнгө өгсөн байх. Тухайн алдсан зүйлээ олж авах л хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1 xx 149-150/,

Шүүгдэгч Н.А-н өгсөн: “2023 оны 9 дүгээр сарын сүүлээр байх өдрийн сайн санахгүй байна. Төв аймгийн Заамар суманд алт гарч байгаа сургаар тийшээ очоод үзье гээд тухайн үед өөрийн гэсэн машин байхгүй байсан тул найз Уянга гэж дууддаг Мөнгөншагай гэж найзыгаа машинтай нь дуудаад Заамар хүргээд өг гэсэн юм. М машинтай Д, М нэг танихгүй найз бид 4 явсан юм. Тэгээд тухайн газар очъё гэтэл хүмүүс их бужигнаад бас цагдаагийн хөөлгө явж байсан тул бид нар тэндээс чулуу авч чадалгүй хоосон буцсан юм. Буцаж Баруун хараад ирээд хэд хонож байгаад дахиад нөгөө Заамарт байдаг газарт алт их гарч байна хүмүүс юм олоод байна гэдэг сургаар Дарханбатын хамт, Заамар сум руу явж байсан танихгүй залуугийн жижиг суудлын машинд дайгдаад тухайн газарт очсон юм. Очиход бас хүмүүс бужигнаад их байсан завсраар арай гэж 1 шуудай орчим чулуу би аваад тэндээс дахиж чулуу авна гэвэл бүтэхгүй юм байна гэж бодоод буцаад Баруун хараа руу явсан. Бас нэг танихгүй ахын Портер дээр ганц шуудай чулуугаа тавиад дайгдаад явсан юм. Авсан 1 шуудай чулуугаа Батбилэгийн тээрэм дээр гүйж байгаад бутлуулаад гарсан алтыг Дархан-Уул аймагт байдаг алтны ченж эмэгтэйд тушаасан юм, тушаасан алт 20 орчим грамм болж байсан, сорьц багатай байна гээд хямдхан өгсөн, тэгээд өөрийн ********* тоот дансаараа 2.530.000 төгрөг шилжүүлэн авсан юм. Би өмнө мэдүүлэг өгөхдөө явсан цаг хугацаа болон болсон асуудлыг сайн санахгүй байсан тул дараа нь дансныхаа хуулгыг хараад бас Дарханбатаас асууж байж санасан тул одоо үнэн зөв мэдүүлэг өгч байна. Заамар сум руу 2 дахиа явахдаа Дарханбатын хамт явсан. Дарханбат ажилгүй байсан тул надад хань болоод яваад өг хөлс мөнгө өгнө гэж хэлээд авч явсан, Дарханбат энэ хэрэгт хамаагүй, чулууг би өөрөө тэр газраас авсан, Дарханбат бол алт, шороо 2-ыг ч ялгаж мэдэхгүй хүн байгаа юм. Мөн тэр уут шорооноос хэдэн грамм алт гараад хэдэн төгрөг болсныг ч мэдэхгүй юм. Би алт тушаасны дараа Дарханбатад хань болоод явсанд баярлалаа гээд 600 гаруй мянган төгрөг өгсөн. Тэр жолооч нарыг одоо танихгүй замын унаанд дайгдаж явсан болохоор таньж мэдэхгүй байна.Ариунбаяр, Ундрахбаяр Бодьханд нар нь манай найзууд байгаа юм, Батбилэг бол Баруун хараад тээрэм ажиллуулдаг бас найзууд юм. Би тухайн үед эрхэлсэн тодорхой ажил байхгүй байсан, мөн ам бүл олуулаа тул өөрийн найзуудаасаа ихэнхдээ мөнгө төгрөг зээлж дараа нь буцааж өгдөг асуудал зөндөө байдаг, тийм болохоор хэнээс нь хэдэн төгрөг аваад хэзээ буцааж өгч байснаа одоо санахгүй байна. Ү.Б гэж хүнд бол яаралтай мөнгөний хэрэг болоод эхнэрийн алтан мөнгөн ээмэг бөгж, өөрсдийн хос бөгжийг худалдан борлуулсан юм.” гэх мэдүүлэг /1 xx 158-159/,

“эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Миний чулуу авсан газар бол олон хүн бужигнаж бүгд чулуу авч байсан, би тэнд байсан танихгүй хүний хүрз, жоотуу гуйж аваад бага хэмжээний чулууг авсан юм.Намайг чулуу авах үед Д хамт байгаагүй, би доор үлдээгээд ганцаараа очиж чулуу авсан юм.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлнө, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1 xx 179-180/,

Шинжээч А.Цэнд-Аюушийн өгсөн: “Тухайн алт худалдан авсан иргэн нь Монгол банканд тушаах нийт үнийн дүнгээсээ 5 хувийг хасаж, дахин грамм тутамд 200 төгрөг хасаж үнэ тогтоодог гэж мэдүүлсэн байсан тул бодит хохирлыг гаргахын тулд тухайн 5 хувийг хасаж мөн 200 төгрөг хасаж бодит хохирлыг гаргасан юм. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу газрын хэвлийд учруулсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлж хохирлын нөхөн төлбөрийг тооцдог бөгөөд энэ хэрэгт 5.487.865.84 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /1 xx 170-171/,

“Би 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 038 дугаартай дүгнэлтийг гаргахдаа хохирлыг тогтоохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаартай тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу хэргийн материалд авагдсан баримтуудыг үндэслэж тооцож гаргасан. Тус аргачлалд газрын хэвлийд учирсан хохирлыг тооцохдоо хууль бусаар олборлосон ашигт малтмалын зах зээлийн үнэлгээ болон нөхөн сэргээлт хийх ажлын зардлын нийлбэрээр тооцдог, аргачлалын 1.16 дугаартай томьёогоор гаргадаг. Тухайн хэрэгт нөхөн сэргээлтийн зардал тооцох боломжгүй байсан учраас хууль бусаар олборлосон ашигт малтмалын тухайн цаг хугацааны үнэлгээгээр тооцож гаргасан юм. Тухайн хэргийн материалаас харахад уг хэрэг нь 2023 онд үйлдэгдсэн гэх байдал харагдаж байсан тул хуучин аргачлал буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаартай тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу гаргасан юм.”  гэх мэдүүлэг /2 хх 192-193/,

“Нуман Алтай” ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №13/038 дугаар шинжээчийн дүгнэлт “1.Тухайн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Монгол банкны ханш нь 208,155.67€/гр байх бөгөөд гэрчийн мэдүүлгээр 5% хасаж, дахин 200 хасаж тооцдог гэснийг үндэслэн тооцвол тус хэргээс байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 2,743,932.92 төгрөг болж байна. 2.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно.“ гэжээ / 1 хх 166-167/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №4764 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, гэрэл зураг /1 хх 186-190/,

Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Экоинженеринг” ХХК-ийн 2023 оны 10-р сарын 14-ний өдрийн №11 дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар /1 хх 193/,

эрүүгийн 2334******* дугаартай хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 3-56/,

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 71-80/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхээс 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 83-86/,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /2 хх 99-113/, 

Экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хохирлыг төлсөн баримт /хх-ийн 165/,

Экологийн шинжээч А.Ц 2026 ны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №ТӨ/01 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.Иргэн Н.А-н Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг, Шинэ булаг нэртэй газар дахь ухсан нүх нь булагдсан, авсан шороо чулуу нь тээрэмдэж устгагдсан байх тул ухсан нүхний болон авсан шороо чулууны хэмжээг тогтоох боломжгүй байна. 2.Иргэн Н.Ан Төв аймгийн Заамар сумын Төмстэй 2 дугаар багийн нутаг, Шинэ булаг нэртэй газар дахь ухсан нүх нь булагдсан, авсан шороо чулуу нь тээрэмдэж устгагдсан байх тул ухсан нүхний болон авсан шороо чулууны хэмжээнд үндэслэн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ тооцох боломжгүй байна. 3.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.” гэжээ /2 хх 205-206/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.А-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан” үйлдэл нь нийтийн ашиг сонирхлын эсрэг хүрээлэн буй орчны аюулгүй байдалд хууль бусаар халдсан идэвхтэй үйлдлээр илрэх ба гэмт этгээдийн хувьд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.

  Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж хуульчилсан.

  Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Н.А-н хувьд хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, түүнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.

 

Шүүгдэгч Н.А нь Төв аймгийн Заамар сумын Төмстийн 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Шинэ булаг" гэх газарт 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр гар аргаар 20.16 грамм алт буюу ашигт малтмал олборлож, байгаль орчинд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Н.А-г дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

            Шүүгдэгч Н.А нь зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож /20,16 гр алт олборлосон/ 2 743 932 төгрөгийн орлого олсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогод оруулдаг хуулийн зохицуулалттай. Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж 5 487 866 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлсөн байх тул түүний илүү тушаасан 2 743 934 төгрөгийг Төрийн сангаас буцаан олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч "Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулж, түүний хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэх" санал гаргасан байна.  

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.А-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын  хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

            Эрүүгийн 2301******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.    

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Ц.Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашигт малтмал явуулж газрын хэвлийд халдах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.А-н тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.А-д авсан албадлагын арга хэмжээний хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6.Шүүгдэгч Н.А-н Төрийн сан Байгаль орчин уур амьсгалын санд илүү төлсөн 2 743 934 /хоёр сая долоон зуун дөчин гурван мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг Төрийн сангаас буцаан олгосугай.

 

  7.Эрүүгийн 2301******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  10.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ад урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийдвэрийг хувийн Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ