Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/03294

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/03294

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч::....................оотод байрлах, ХХ ХХК /регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:.               тоотод бүртгэлтэй ч, ................ тоотод байрлах, ГКГ ХХК /регистрийн дугаар:........../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 35.490.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С., Э.Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А., гэрч Г.А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХХ ХХК нь ГКГ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35.490.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

ХХ ХХК, ГКГ ХХК-ийн хооронд 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Техник түрээсийн гэрээ-нүүд байгуулагдсан. Уг гэрээнүүдэд ХХ ХХК-н гүйцэтгэх захирал Б.Вандансүрэн, ГКГ ХХК-ийн ерөнхий захирал Д.Б нар гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу түрээслүүлэгч ХХ ХХК нь хариуцагч ГКГ ХХК-д

-9468 УБГ улсын дугаартай, HYUNDAI загварын 18 тонны даацтай, улаан алаг өнгийн, механик цистерн бүхий машин,

-0254 УНЛ улсын дугаартай SSANGYONG загварын 18 тонны даацтай, шар өнгийн механик цистерн бүхий машин, нийт хоёр машинуудыг түр хугацаагаар эзэмшүүлж ашиглуулахаар шилжүүлсэн болно.

Тус гэрээний 2.1-д зааснаар ГКГ ХХК дээр дурдсан машинуудыг нэг сарын түрээсийн төлбөрт 9.900.000 төгрөгийг төлөхөөр, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажлаа дуустал буюу хүртэл байхаар хугацааг тохирсон. Гэвч түрээслэгч ГКГ ХХК гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө төлөхгүй, цаашид төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул түрээслүүлсэн эд хөрөнгөө 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буцаан авч, төлбөрийн үлдэгдэл тооцоо нийлсэн актыг нягтлан бодогч Т.Оюун-Эрдэнэтэй хамт талууд гаргасан. Уг тооцооны үлдэгдлийн баталгаанд заасны дагуу 9468 УБГ улсын дугаартай машин техникийн түрээсийн төлбөр 19.750.000 төгрөг, 0254 УНЛ машины техникийн түрээсийн төлбөрт 16.190.000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч төлж барагдуулахаа илэрхийлж, харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл тухайн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд ГКГ ХХК-иас гэрээний үүрэгт нийт 35.490.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас гэрээг эрхгүй этгээдтэй байгуулсан, гэрээ байгуулаагүй тухай тайлбар үндэслэлгүй. Мөн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл хамааралгүй. Учир нь түрээсийн зүйлийг Дарханы чиглэлийн авто замын ажилд ашигласан, энэ чиглэлийн зам барих ажилд цар тахлын үед ч саатуулсан зүйлгүй. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Манай компани Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын зарим хэсгийг гүйцэтгэсэн. Гэтэл ажил эхлээд удаагүй байтал цар тахал болсны улмаас түүхий эдийн ханш нэмэгдэж, давагдашгүй хүчин зүйл болсон. Түрээсийн гэрээг компаниудтай байгуулаад төлбөрийг өгөөд явж байсан. Нэхэмжлэлд хавсаргасан гэрээнд манай компанийн тамга тэмдэг дарагдсан хэдий ч энэ гэрээг манайхтай байгуулаагүй. Д.Б манай ажилтан биш, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш тул талуудын хооронд хэлцэл байгуулагдаагүй. Харин манай замын ажилд хэрэглэгдэх техник тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлэх ажлыг Веротек ХХК хариуцан ажиллаж байсан. Д.Б тус компанийн захирал болно гэв.

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн техник түрээслэх тухай гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг ирүүлжээ. /хх 3-12/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 34/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ХХ ХХК нь ГКГ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 35.490.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: талууд гэрээг байгуулсан, тооцоо нийлсэн акт үйлдсэн тул түрээсийн төлбөрийг гаргуулна гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Гэрээг төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн тул талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, харилцаа үүсээгүй. ГКГ ХХК-ийн ажилд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг Ревотик ХХК хариуцаж байсан, гэрээг байгуулсан Д.Б тус компанийн захирал тул төлбөрийг хариуцах ёстой гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. Нэг талаас ХХ ХХК, нөгөө талаас ГКГ ХХК нар

-2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, Түрээслүүлэгч Hyundai маркийн 18 тонны даацтай 9468 УБГ улсын дугаартай механик цистерн буюу техникийг түрээслэгчийн замын ажилд хэрэглэх зориулалтаар /Улаанбаатар-Дархан уул чиглэлийн авто замын хустайн даваа 4-р хэсгийн ажилд/ ашиглуулахаар операторын хамт шилжүүлэх, түрээслэгч төлбөрт нэг сард 9.900.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож №02 тоот гэрээг,

-мөн өдрөө дахин өдөр SSANGYONG маркийн 18 тонны даацтай 0254 УНЛ улсын дугаартай шар өнгийн механик цистерн бүхий техникийг түрээслэгчийн замын ажилд хэрэглэх зориулалтаар операторын хамт шилжүүлэх, түрээслэгч төлбөрт нэг сард 9.900.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож №02 тоот гэрээг тус тус байгуулжээ.

Зохигчдын хоорондох гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, талуудын хооронд мөн зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.

4.2.2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгааг хоёр талаас үйлдэж, 9468 УБГ улсын дугаартай техникийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 19.750.000 төгрөг, харин 0254 УНЛ улсын дугаартай техникийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 16.190.000 төгрөг болохыг баталгаажуулжээ. /хх 8,11/

Энэ баримтад зохигчид маргаагүй.

5.Хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээг эрхгүй этгээдтэй байгуулсан гэж маргасан.

Хэрэгт баримтаар авагдсан дээрх хоёр гэрээнд ГКГ ХХК-г төлөөлж захирал Д.Б хэмээн гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулжээ. Харин хоёр удаагийн тооцооны үлдэгдлийн баталгааг тус компанийг төлөөлж нягтлан бодогч Г.Амаржаргал гарын үсгээ зурж, компанийн санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр оролцсон тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Амаржаргалаас Дарханы замын ажилд ГКГ ХХК нэрээр манайх оролцсон. Гэхдээ төслийг гардаж ажиллаж байсан хүн нь Д.Б байсан. Д.Б тус компанийн гүйцэтгэх захирал гэж явдаг байсан. Бас Д.Б Ревотик ХХК-ийн захирал ч байсан. Бичиг баримтын хувьд анхнаасаа энэ ажилд жаахан замбараагүй хоёр компаниараа холиод оролцсон. Дарханы замын ажилд нилээд олон техникийг түрээслэсэн. Тоног төхөөрөмж түрээслэх гэрээнүүдийг хийхдээ зарим гэрээг ГКГ ХХК-ийн нэрээр, зарим гэрээг Ревотик ХХК гэсэн нэрээр хийдэг байсан. Энэ талаар анхнаасаа би Ш.Уянгабат, Д.Б нарт хэлж байсан. ГКГ ХХК-ийн тамга тэмдэг Ш.Уянгабат захиралд байдаг байсан. Гэрээнд Д.Б гарын үсэг зураад Ш.Уянгабат захирал тамга дардаг байсан гэж мэдүүлж байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. гэж заасан.

Дээрх гэрчийн мэдүүлэг болоод хэрэгт авагдсан гэрээнд компанийн тамга дарагдсан байдлаас үзвэл Д.Б ГКГ ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээг төлөөлж байгуулсан, ийнхүү гуравдагч этээдийн хувьд төлөөлөх эрхтэй гэж ойлгож гэрээг байгуулсан явдал тухайн гэрээг байгуулагдаагүй, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

Мөн хариуцагчийн зүгээс замын ажилд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг Ревотик ХХК хариуцаж байсан, төлбөрийг Ревотик ХХК хариуцах ёстой гэж тайлбарласан ч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр тул хариуцагч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

6.Гэрээний 1.2-т техникийг актаар хүлээлгэн өгч, актаар хүлээн авахаар тохиролцсон байх боловч дээрх хоёр техникийг өгөх, авахдаа гэрээнд зааснаар акт үйлдэж хүлээлцээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч техникийг гэрээ байгуулсны дараа өгч 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр акт үйлдсэн өдрөө буцаан авсан хэмээн тайлбарласан. Үүнийг хариуцагч хуралдааны явцад үгүйсгээгүй болно.

Хэрэгт авагдсан хоёр удаагийн тооцоо нийлсэн актад маргаагүй, гэрч Г.Амаржаргалаас ажлыг гүйцэтгэхэд захиалагчаас шалтгаалаад сул зогсолт ихтэй байсан. Тооцоо нийлсэн акт үйлдэхдээ сул зогссон хугацааг харилцан тохиролцоод дундаа хийж хасч тооцоо нийлдэг зүйл байсан, тооцоо нийлсэн актад зурагдсан гарын үсэг минийх мөн хэмээн мэдүүлж байна.

Иймд шүүх дээрх хоёр баримтад тулгуурлан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 35.940.000 /19.750.000+16.190.000/ төгрөг байх боловч нэхэмжлэгч 35.490.000 төгрөг гаргуулахаар шаардсан тул нэхэмжлэлийн хүрээгээр тооцон шийдвэрлэв.

7.Хариуцагчаас давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлын улмаас сул зогсч техникийг бодитоор ашиглаж чадаагүй гэж тайлбарласан энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ мөн хэрэгжүүлээгүй тул төлбөрөөс хасч тооцох үндэсгүй.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар ГКГ ХХК-иас 35.490.000 /гучин таван сая дөчин есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 335.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 335.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ