| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914006940383 |
| Дугаар | 2021/ДШМ/053 |
| Огноо | 2021-09-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2021/ДШМ/053
Ц.Батлутад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т. Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сүхбат
Шүүгдэгч Ц.Батлут, түүний өмгөөлөгч Н.Батсайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/572 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр Ц.Батлутад холбогдох эрүүгийн 1914006940383 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Банжиг овогт Цэвээндоржийн Батлут, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: /ЙЛ63122116/,
Ц.Батлут нь “Зоос гоулд” ХХК-ийн гэрчилгээг ашиглан тус ХХК-ийн 2013 онд батлагдсан Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших “Алтан-Ам” алтны шороон ордын “Хавцгайтын” уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө болох тусгай зөвшөөрөл, эрх олгосон бичиг баримтад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөлт оруулж хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан,
Мөн “Зоос гоулд” ХХК гэрчилгээ, өмнө байгуулсан гэрээ зэрэгт өөрчлөлт оруулж, хуурамч баримт бүрдүүлэн Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Хавцгайт гэх газарт 2019 оны 09 сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Батлутад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-д зааснаар шүүгдэгч Ц.Батлутад холбогдох хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Батлутад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Сүхбат тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
...Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/572 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:
1. Шүүгчийн захирамжид “...шүүгдэгч Ц.Батлут нь Ж.Батсүхтэй бүлэглэн уг гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь... гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна...” гэж дүгнэн Ж.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн, Ц.Батлутын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг дурдаж, өөр ямар нэгэн баримтад үндэслэлгүйгээр тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхны шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчжээ.
Шүүхээс Ц.Батлут, Ж.Батсүх нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг иш татсан бөгөөд нотлох баримт бүрийн доор харгалзах дүгнэлтүүдийг хийе. Үүнд:
1.1 Гэрч Ж.Батсүхийн “Манай уурхайн ерөнхий захирал нь Батлут гэх хүн байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Галуут сумын 2 дугаар баг Хавцгайт гэх газарт тус сумын засаг дарга Баярсайхантай гэрээ хийж ажиллахаар болсон. Миний бие тус уурхайд уурхайн даргаар ажиллаж байгаа юм... Манай уурхайд хово ачааны машин 2 ширхэг, ковш 2 ширхэг, экскаватор 2 ширхэг, бензиний тэрэг 1 ширхэг зэрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай ерөнхий захирал Батлут 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймаг ажлаар яваад ирээгүй, би одоогоор хариуцан ажиллаж байна. Манай захирлын утасны дугаар 99091593” гэх мэдүүлэг/1хх-15/,
Дээрх Ж.Батсүхийн мэдүүлгээс Ж.Батсүх нь Батлут гэх хүний удирдлага доор түүний байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр уурхайн даргаар ажиллаж байгаа болон байгууллагад нь ямар ямар техник хэрэгсэл ажиллаж буй талаар мөн ерөнхий захирал Батлутын хувийн мэдээллийг дурдсанаас бус Ж.Батсүхийг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж дүгнэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй байна.
1.2. Гэрч Ж.Батсүхийн “Дээрх техникүүд миний эзэмшлийн техникүүд юм. Миний эзэмшлийн усан буу төхөөрөмжөөр шороо угаасан, экскаватор трактороор хааш хаашаа 3 метрийн хэмжээтэй газрыг ухаж шороог нь ачааны автомашинаар зөөж, усан буу руугаа хийж шороог нь угаасан” /2хх-102-103/,
Дээрх Ж.Батсүхийн мэдүүлгээс ямар техникийг юунд ашигласан, ямар хэмжээтэй нүх ухсан талаар мэдүүлснээс бус Ж.Батсүхийг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж дүгнэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй байна.
1.3. Шүүгдэгч Ж.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 20-дын үеэр Галуут сумын Хавцгайт гэх газар очсон... би гэрээг нь үзэхэд бичиг баримт дээр олборлолт гэдэг үг орсон байсан. Тэгээд би олборлож болох юм байна гэж ойлгосон, үйл ажиллагаа бол явуулаагүй, тэр газарт байсан нүхнүүдийг дарж тэгшилсэн. Би байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулна” /2хх-237-239/,
Юуны түрүүнд Ж.Батсүхэд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож шүүх рүү шилжүүлээгүй байхад түүнийг шүүгдэгч гэсэн нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мэдүүлгийн агуулгын хувьд Ц.Батлутын хуурамчаар үйлдсэн уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан баримт бичгийг Ж.Батсүх нь үзээд олборлолт явуулж болох юм байна гэж ойлгосноос бус уг баримт бичгийг хуурамч гэдгийг мэдэж байсан болох нь нотлогдохгүй байна.
1.4. Шүүгдэгч Ц.Батлутын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Батсүх өөрөө техникүүдээ авчирсан, намайг бичиг баримт үйлдээд өг гэж хэлсэн. Би техник хэрэгсэл аваагүй. Батсүх техник хэрэгслээ авчирсан” гэх мэдүүлэг.
Шүүгдэгч Ц.Батлут нь шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тогтвортой өгч байсан мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгчээ. Гэтэл шүүхээс хэд хэдэн хуулийн заалт зөрчиж дан ганц шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг буцаасан байна. Үүнд:
1.4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчжээ.
Ц.Батлутад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад Ж.Батсүхэд холбогдох прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа хэргийг ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр хэлэлцэж прокурорын бүрэн эрхэд халдсан.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс хальсан. Тодруулбал, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт Ц.Батлут нь “Би яллагдагчаар татсан хэргийг хүлээн зөвшөөрч байна. Уурхайн төлөвлөгөө гэх бичиг баримтыг би өөрөө... өөрчилчихсөн юм... огт хэлээгүй...” гэж мэдүүлсэн буюу тухайн бичиг баримт хуурамч гэдгийг бусад хүмүүс тэр тусмаа Ж.Батсүх мэдэж байсан талаар хэрэгт ямар ч баримт байхгүй, мөрдөн байцаалтыг дуусгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт огт байхгүй буюу шүүх хурлын үеэр мэдүүлсэн Ц.Батлутын мэдүүлгийг үнэлж бусад баримтуудыг няцаагаагүй.
1.4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэх заалтыг зөрчсөн. Учир нь Ц.Батлутын шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь давхар өөр баримтаар нотлогдоогүй байхад харин Ц.Батлутын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг бусад баримтаар нотлогдсон байхад бусад байдлаар нотлогдоогүй шүүгдэгчээр өгсөн дан ганц мэдүүлгийг үнэлсэн.
1.4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно...” гэснийг зөрчиж шүүгдэгчийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж, шүүгдэгчээс гадна шүүгдэгч бус этгээд болох Ж.Батсүхийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж тус тус дүгнэлт гаргасан.
1.4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчиж өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй шүүгдэгчийн мэдүүлгийг бусад байдлаар нотлогдсон эсэхийг бусад баримтуудтай харьцуулан үнэлэлгүйгээр дангаар нь үнэлж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй шүүгдэгчийн шүүх хурлын үеэр хэлсэн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулж үзэлгүйгээр тухай бүр хөтлөгдвөл гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлж, шударгаар ял оногдуулах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт хангагдахгүй юм.
1.4.5. Ц.Батлутын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Батсүх өөрөө техникүүдээ авчирсан, намайг бичиг баримт үйлдээд өг гэж хэлсэн. Би техник хэрэгсэл аваагүй. Батсүх техник хэрэгслээ авчирсан” гэх мэдүүлэгт Ж.Батсүх нь хуурамчаар үйлдээд өгөхийг хүссэн талаар дурдагдаагүй байгааг анхаарч үзээгүй.
Хоёр. Шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн талаар
2.1 Шүүгчийн захирамжид “Ж.Батсүх нь Ц.Батлутын уурхайн дарга хийдэг байсан, мөн шороо угаасан, мөн шүүгдэгч Ц.Батлутын “Батсүх өөрөө техникүүдээ авчирсан, намайг бичиг баримт бүрдүүлээд өг гэж хэлсэн. Би техник хэрэгсэл аваагүй. Батсүх техник хэрэгслээ авчирсан” гэж тодорхой мэдүүлсэн байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг хэрэг болно.
Өөрөөр хэлбэл өөрийн хууль бус үйлдэл хийж байгааг мэддэг, түүнд зориуд хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг болно. Хэргийн нөхцөл байдалтай харьцуулж дүгнэхэд Ж.Батсүх нь Ц.Батлутын хуурамчаар үйлдсэн төлөвлөгөөг хуурамч гэдгийг мэдээгүй, түүнийг хуурамч гэдгийг мэдэж байсан талаар хэрэгт баримт байхгүй, уг баримт бичгийг хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж уурхайд ажиллаж байсан нь түүнийг Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүн” гэж үзэх ба харин уг хүнийг ашиглаж гэмт хэрэг үйлдүүлсэн Ц.Батлутыг тухайн гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэх юм.
Ж.Батсүхэд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилгыг агуулсан талаарх огт баримт байхгүй бөгөөд харин хуурамч баримт бичигт итгэж хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байна гэж бодож үйл ажиллагаа явуулсан объектив үйлдлээр нь түүнийг буруутгалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол шударга ёсны зарчимд нийцнэ.
2.2. Шүүгчийн захирамжид “шүүгдэгч Ц.Батлут нь үйл ажиллагаа явуулахдаа хуулийн этгээдийн буюу “Зоос гоулд” ХХК-ийн нэрийн өмнөөс явуулсан байхад дан ганц шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Ц.Батлут нь “Зоос гоулд” ХХК-ийн нэрийн өмнөөс, уг компанийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулаагүй. Гагцхүү тухайн компанийн нэр дээр урьд нь хүчинтэй байсан гэрчилгээ, гэрээ зэргийг ашиглан хуурамч баримт бичиг үйлдэн үйл ажиллагаа явуулсан байна. Тухайн компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байсан талаарх тухайн компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь огт мэдээгүй бөгөөд тэдгээрт хэлээгүй, тэдгээр нь мэдэхгүй талаарх 2 талын баримт хэрэгт авагдсаныг шүүхээс анхаарч үзэлгүйгээр компанийн нэр орсон л бол компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан гэж хуулийн этгээдийг холбогдуулан шалгахаар хэргийг буцааж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй шийдвэр болжээ.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/572 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжинэ. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэргийг анхан шатны шүүхэд буцаана уу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах журмаар гаргасан Прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Ц.Батлут нь “Зоос гоулд” ХХК-ийн гэрчилгээг ашиглан тус ХХК-ийн 2013 онд батлагдсан Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших “Алтан-Ам” алтны шороон ордын “Хавцгайтын” уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө болох тусгай зөвшөөрөл, эрх олгосон бичиг баримтад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчлөлт оруулж хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан,
Мөн “Зоос гоулд” ХХК гэрчилгээ, өмнө байгуулсан гэрээ зэрэгт өөрчлөлт оруулж, хуурамч баримт бүрдүүлэн Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Хавцгайт гэх газарт 2019 оны 09 сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Батлутад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-д зааснаар шүүгдэгч Ц.Батлутад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх хэргийг буцаахдаа хавтаст хэргийн 15 дугаар, 2 дугаар хавтаст хавтаст хэргийн 102-103, 237-239 дүгээр талд тус тус авагдсан болон гэрч Ж.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Батлутын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Батсүх өөрөө техникүүдээ авчирсан намайг бичиг баримт үйлдээд өг гэж хэлсэн. Би техник хэрэгсэл аваагүй. Батсүх техник хэрэгслээ авчирсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.Батлут нь Ж.Батсүхтэй бүлэглэн уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн нь прокурорын “...Ж.Батсүх нь Батлут гэх хүний удирдлага доор түүний байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр уурхайн даргаар ажиллаж байгаа болон байгууллагад нь ямар ямар техник хэрэгсэл ажиллаж буй талаар мөн ерөнхий захирал Ц.Батлутын хувийн мэдээллийг дурдсанаас бус Ж.Батсүхийг гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэж дүгнэх ямар ч үг, өгүүлбэр байхгүй байна.”.. гэж эсэргүүцэлд бичиж, үгүйсгэсэн нь үндэстэй байх төдийгүй шүүгдэгч Ц.Батлут нь Ж.Батсүхтэй бүлэглэн уг гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “... шүүгдэгч Ц.Батлут нь үйл ажиллагаа явуулахдаа хуулийн этгээдийн буюу “Зоос гоулд” ХХК-ийн нэрийн өмнөөс явуулсан байхад дан ганц шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна...” гэж дүгнэсний дагуу үзэхэд:
- 2 дугаар хавтаст хэргийн117-119 дүгээр талд авагдсан “Зоос гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Х.Навчаагийн гэрчээр өгсөн мэдүүлгийг давхар нотлох баримт буюу “Зоос гоулд” ХХК-ийн хуулийн этгээдийн чадварыг тодорхойлсон баримт бичиг болох хуулийн этгээдийн гэрчилгээ, гүйцэтгэх захирал хэн болохыг нотолсон нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах
-2 дугаар хавтаст хэргийн 135-193 дугаар талд тус тус авагдсан мөрдөгч тогтоолоороо “Зоос гоулд” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тодорхойлох шинжилгээ хийхийг Нуман-Алтай ХХК-д даалгасны дагуу шинжээч “Зоос гоулд” ХХК-ийн ашигт малтмал хайх, олборлох зорилгоор эвдэгдсэн 2419 м2 буюу 0.24 га талбад учруулсан хохирлын 2389779 төгрөг, нөхөн сэргээх зардал 836947 төгрөг гэж дүгнэлт гаргажээ.
Гэтэл 3 дугаар хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан “...Зоос гоулд” ХХК нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт олгогдсон ашигт малтмалын хайгуулын ХВ-006103 дугаартай тусгай зөвшөөрлийг /РД 2711834/ 2004-2007 онуудад эзэмшиж байгаад “Хаан гарьд” ХХК-д шилжүүлснийг ...бүртгэсэн байна. Тус тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон бүртгэлтэй байна. “Зоос гоулд” ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй байна” гэх Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8/4908 дугаар албан бичиг, 2 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр талд авагдсан “... Зоос гоулд ХХК нь 2015 оноос хойш ямарч үйл ажиллагаа явуулаагүй..” гэх гэрч Х.Навчаагийн мэдүүлэг зэрэг нь өөр хоорондоо эрс зөрүүтэй болсон байхад анхаараагүй байна.
Мөн түүнчлэн 2 дугаар хавтаст хэргийн 135-193 дугаар талд авагдсан “Зоос гоулд” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “Зоос гоулд” ХХК-ийн үйл ажиллагаагаар эвдэгдсэн 0.24 га талбайгаас хохирлын үнэлгээг гаргасан байхад шүүгдэгч Ц.Батлутын Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг Хавцгайт гэх газарт 2019 оны 09 сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримтын хохирол гэж үзэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч,прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй шүүгдэгч Ц.Батлутын хохирол учруулсан гэх талбайн хэмжээ, учруулсан хохирол зэргийг нотлох хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, орхигдуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасныг тус, тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/572 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцаах” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН
Л.НЯМДОРЖ