Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/147

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 сарын 13-ны шөнө Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт *******г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би тухайн өдөр буюу 2017 оны 05 сарын 13-ны шөнө гэртээ эхнэр, охин, зээгийн хамт амарч байхад гаднаас хаалга дугараад байхаар нь хэн бэ гээд асуусан чинь ******* байна гээд хаалганы түгжээг хэмх татаад ороод ирсэн. Би орноосоо босоод өрөөсөн гутлаа углаад байж байсан чинь зуухны хажуу талын дөрвөлжнөөс хутгуур аваад үгийн зөрөөгүй миний толгойруу цохьсон. Тэгээд би *******тэй зууралдаад гэрлээ асаагаагүй юу ч харагдахгүй байхаар нь гэрлээ асаа гэсэн чинь гэрлийг асаахын завдалгүй хага цохьсон. ******* намайг цохьсоны дараа цуг явж байсан нь намайг дарж байх хойгуур ******* нь манай охиноос манай зээ Жигдэнг аваад гарсан. Тэгээд би араас нь гарсан чинь цуг явж байсан нь мотоциклио асаагаад явсан. ******* нь мотоциклио асаах гээд манилдаад зогсож байхаар нь би мотоциклиос нь буруу тийш нь татаад унагасан чинь буцаж ирээд намайг унагаагаад ******* нь мотоциклио асаагаад манай зээг аваад явсан. ... Одоогоор миний биед ямар нэгэн өвчин зовиуртай зүйл байхгүй. Тухайн үедээ миний толгой эргэж өвдөөд хийсэн зүйлээ мартаад байдаг байсан. Би одоогоор эм тарианы мөнгө болон Баянхонгор аймаг орсон зэргийг оруулаад 200 гаран мянган төгрөгийн зардал гаргасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 05 сарын 13-ны өдөр байсан. Би гэртээ аав, ээж хүүгийн хамт амарч байсан чинь шөнийн 3 цагийн үед ******* хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөхгүй байсан чинь хаалга татаад ороод ирсэн. Тэгээд манай аав Баяраа босох гээд байж байсан чинь үгийн зөрөөгүй аавын толгойруу аргалын хутгуураар цохьсон. Тэгээд ******* ирээд надаас манай хүүхэд Жигдэнг булаагаад авсан. Тэгээд манай аав босоод ирсэн чинь аавыг бариад босоод унагаасан. Тэгээд ******* манай хүү г аваад гараад явангуут аав араас нь гарч очоод *******ийг мотоцикль дээр мордчихсон байхад нь хажуугаас нь татаад буруу талруу нь унагаасан. Тэгээд аав босоод ирсэн чинь нэг залуу нь аавыг барьж аваад унагаах тэр хооронд ******* манай хүү г аваад мотоциклио асаагаад яваад өгсөн ... манай аавын толгойг хагалж хүүхдээ санаатай санаандгүй байдлаар түлсэн үйлдэл гаргасанд нь их гомдож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... ******* хажуу талынхаа хадам аав Баяраагийн хашаанд орилж байх шиг байхаар нь хашааг нь даваад орсон. Тэгэхээр нь би *******ийн хашааруу орчихоод буцаж гараад Баяраа ахын хашааны үүдэнд очоод зогссон чинь ******* хүүхдээ тэвэрчихсэн гүйгээд гарч ирсэн. Тэгээд араас нь гарч ирээд араас нь Баяраа ах гарч ирээд *******ийг хүүхдээ тэврээд мотоцикль дээрээ мордчихсон байхад нь очоод татаад унагаахаар нь араас нь очоод Баяраа ахыг араас нь тэврээд авсан. Тэгсэн чинь ******* мотоциклио босгоод хүүхдээ газраас аваад мотоциклийнхоо банкин дээр тавиад мотоциклио асаагаад гараад давхисан. ... миний харсанаар *******ийн хүүхэд нь мотоциклийн янданд түлэгдэж байгаа эсэхийг сайн хараагүй. ******* ахыг ирээд татаад унагаасны дараа *******ийн хүүхэд орилоод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-49/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2017 оны 05 сарын 13-ны шөнө архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээхүүхдээ хадам аавынхаас авахаар очоод тэнд хадам аавыг галын хутгуураар нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байсан. Би дээрхи үйлдэлийг хийснээ санахгүй байгаа юм. Дараа нь манай дүү болсон явдлын талаар надад ярьсан. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх болно. Архи согтууруулах ундааг зөв зохисгүй хэрэглэсний улмаас буруу үйлдэл гаргажээ. Би найз бүсгүйтэйгээ албан ёсоор гэр бүл болоогүй. Үерхээд 6-7 жил болж байна. Бид хоёрын дундаас 2015 оны 06 сарын 08-нд эрэгтэй хүүхэд төрсөн. Манай хадам аав, ээж хоёр Нямжалчин бид хоёрыг өрх тусгаарлах болоогүй ах нар нь гараагүй байна гэж хэлдэг. Би хүүхэддээ хайртай. Нямжалжин бид хоёр сүүлийн үед таарахаа больж Нямжалжин өөр найз залуутай энэ тэр гэх болсон. Энэ байдлаас болж үл ойлголцол үүссэн. ... Би мотоцикльтойгоо хадам аавын гадаа унахдаа хүүхдээ мотоциклийнхоо янданд түлсэн, хүүхэд тэр үед уйлж байсан. Түүнээс би хүүхдээ өөрөө санаатай түлж биед нь гэмтэл учруулсан зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 268 дугаартай шинжээчийн ... *******гийн биед духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 58-59/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн ... гийн биед өгзөг, зүүн гуя, хөлийн өлмийд 2 дугаар зэргийн түлэгдэл гэмтэл учиржээ. Дээрхи гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 52-53/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 28/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29/,

Эмчийн тодорхойлолт, гэрэл зураг /хх-ийн 54-55, 60-61/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /хх-ийн 88-89/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 72-83/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2017 оны 05 сарын 13-ны шөнө согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн нутагт оршин суух *******г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтын тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч , шүүгдэгч ******* нарын мэдүүлэг болон хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 268 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гийн биед өгзөг, зүүн гуя, хөлийн өлмийд 2 дугаар зэргийн түлэгдэл буюу хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон ба тухайн хэрэг учрал болох үед г мотоциклиос унагааж, мотоциклийн янданд хүрсэнээс үүдэн уг гэмтэл учирсан болох нь хохирогч *******гийн ... ******* нь мотоциклио асаах гээд манилдаад зогсож байхаар нь би мотоциклиос нь буруу тийш нь татаад унагасан чинь буцаж ирээд намайг унагаагаад ******* нь мотоциклио асаагаад манай зээг аваад явсан ... гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******гийн ... Тэгээд ******* манай хүү г аваад гараад явангуут аав араас нь гарч очоод *******ийг мотоцикль дээр мордчихсон байхад нь хажуугаас нь татаад буруу талруу нь унагаасан. Тэгээд аав босоод ирсэн чинь нэг залуу нь аавыг барьж аваад унагаах тэр хооронд ******* манай хүү г аваад мотоциклио асаагаад яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг, гэрч гийн ... миний харсанаар *******ийн хүүхэд нь мотоциклийн янданд түлэгдэж байгаа эсэхийг сайн хараагүй. ******* ахыг ирээд татаад унагаасны дараа *******ийн хүүхэд орилоод байсан ... гэсэн мэдүүлэг, шүүгдэгч *******ийн ... Би мотоцикльтойгоо хадам аавын гадаа унахдаа хүүхдээ мотоциклийнхоо янданд түлсэн, хүүхэд тэр үед уйлж байсан. Түүнээс би хүүхдээ өөрөө санаатай түлж биед нь гэмтэл учруулсан зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт хохирол болон иргэний нэхэмжлэлтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн нотлох баримт авагдаагүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нь хохирлын талаархи баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсан тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч *******ийн 5 тооны ямааг түүнд буцаан олгож Баянхонгор аймгийн прокурорын газрын 2017 оны 08 сарын 16-ны өдрийн 01 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үсний хутгуур 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн 5 тооны ямааг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг үсний хутгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА