Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2019/00036

 

  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00364 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, З.Ү, Ү.Т нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч З.Ү-ий давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4,283,680 төгрөг гаргуулах тухай.

                                                                                           

Нэхэмжлэлд: “Иргэн Ү.Т, З.Ү нар 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэн Ү.Т, З.Ү нараас үндсэн зээл хүүгийн хамт 4,283,680 /дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун ная/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.   

 

Хариуцагчийн тайлбарт: “З.Ү, Ү.Т бид 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн "Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ"-ээр 4,0 сая төгрөгийг 24 сарын хугацаагаар, жилийн 3, сарын 0,25 хувийн хүүтэйгээр авсан нь үнэн. Нэхэмжлэлд бичсэнчлэн 36 сарын хугацаагаар аваагүй. Энэ нь зээлийн гэрээний хавсралтад байгаа зээлийн эргэн төлөлтийн хуваариар нотлогдоно. Уг хуваарь дээр 24 сараар бичигдсэн байгаа. Бид авсан зээлээс 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, бүгд 600,000 төгрөг төлсөн.Үүнийг үндсэн зээлээс хасаж тооцвол 3,400,000 төгрөг үлдэх ёстой. Зээлийн хүүд 240,000 төгрөг /24 сар х 0,25% =6%, 4,000,000 х 6 % =240,000/ төгрөг төлөх ёстой. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дууссан бөгөөд тэрнээс хойш нэхэмжлэл гаргасан өдрийн /2019.05.01/ байдлаар 4 жил 13 хоног өнгөрсөн байна. Дээрх хугацаанд Өлгий сумын зүгээс бид нараас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй, авсан зээлээ эргэн төлөх талаар нэхэж шаардаж байгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж зааж өгсөн.Энэ зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна. Иймд энэ нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 130/ШШ2019/00364 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.Т, З.Ү нараас зээл, зээлийн хүүгийн хамт 3,640,000 /гурван сая зургаан зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 646,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Бид 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ээр 4.0 сая төгрөгийг 24 сарын хугацаагаар, жилийн 3, сарын 0.25 хувийн хүүтэйгээр авсан нь үнэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дууссан бөгөөд тэрнээс хойш нэхэмжлэл гаргасан өдрийн /2019.05.01/ байдлаар 4 жил 13 хоног өнгөрсөн. Дээрх хугацаанд Өлгий сумын зүгээс бид нараас ямар нэгэн мөнгө төгрөг нэхээгүй, авсан зээлээ эргэн төлөх талаар нэхэж шаардаж байгаагүй. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх ...уг зээлийг төлөх талаар удаа дараа шаардаж байсан учир хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх боломжгүй байна. Мөн...хариуцагч З.Ү, Ү.Т нарт улсын төсвөөс буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгөнөөс зээл олгосон байх тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийн 75.2.1 дэх заалт нь нийт гэрээний үүрэгтэй холбоотой бөгөөд улсын төсвөөс олгосон зээлийн гэрээний үүрэгт нэгэн адил хамаарах ёстой. Ямар нэгэн хууль тогтоомжид улсын төсвөөс буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгөнөөс зээл олгосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны заалт хамаарахгүй байхаар зааж өгсөн зохицуулалт байхгүй байна. Нөгөө талаар шүүхээс уг зээлийг төлөх талаар удаа дараа шаардаж байсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй, хавтаст хэрэг дотор энэ талаарх ямар ч нотлох баримт авагдаагүй. Хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй хугацаа алдагдуулсан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа бөгөөд түүнийг зөвтгөх үндэслэлгүй. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч З.Ү, Ү.Т нарт холбогдуулан “Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, зээлийн хүүгийн хамт 4,283,680 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд үндэслэлээ “иргэн Ү.Т, З.Ү нар 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай, жилийн 3% хүүтэй 4,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн” гэж тайлбарлажээ. Харин хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, “зээл авсан нь үнэн, гэхдээ 24 сарын хугацаагаар авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дууссан. Нэхэмжлэгч нь авсан зээлээ эргэн төлөх талаар ямар нэгэн байдлаар шаардаж байгаагүй бөгөөд Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, зээлдүүлэгч Өлгий сумын Засаг дарга, Төрийн сангийн төлөөлөгч, Сумын Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, зээлдэгч З.Ү, хамтран үүрэг гүйцэтгэгч Ү.Т нар нь харилцан тохиролцож, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ээр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 3 %-ийн хүүтэй зээл авч гэрээ байгуулсан нь зохигч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон гэрээний хавсралтаар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

            Уг гэрээний 24 сарын хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж үүссэн байна. Энэ үеэс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тооцвол 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах байтал хөөн хэлэлцэх хугацааг 1 жил 11 хоногоор хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагч нарт улсын төсвөөс буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгөнөөс зээл олгосон байх тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

           

Нэхэмжлэгч нь “алданги, хүүг тооцон өгч зээлээ хугацаа алдалгүй төлөөрэй гэдгийг сануулж байсан” гэж маргаж байгаа боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, хэрэгт энэ талаар нотлох баримтгүй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар хүчингүй болгож, хариуцагчийн “Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,190 төгрөгийг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00364 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хариуцагч З.Ү, Ү.Т нарт холбогдуулан гаргасан зээл, зээлийн хүүгийн хамт 4,283,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч З.Үд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

Д.КӨБЕШ