Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2023/02178/И |
Дугаар | 181/ШШ2023/02783 |
Огноо | 2023-09-12 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2023/02783
2023 9 12 181/ШШ2023/02783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .................. тоотод бүртгэлтэй ч, .................... тоотод байрлах НЭ ХХК /регистрийн дугаар:./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .............. байрлах, НШШГт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э., гэрч С.Ц.ом, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч НЭ ХХК нь НШШГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодойрхолж байна. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэрээр ББ ХХК болон П.Э нараас 350.771.968 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан" УТҮГ-д олгохоор шийдвэрлэсэн.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг "НЭ " ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2202021743 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянгын гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 мкв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилж үнэлгээ хийгээд 145.176.000 төгрөг гэж үнэлсэн байсан. Гэвч тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг танилцуулаад ердөө маргааш нь манай байгууллагын оффисыг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь болох 101.623.200 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон байна.
Тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн хувьд дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд тус үнэлгээг хийсэн аргачлал нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд болон холбогдох бусад хууль, журамд нийцээгүй байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.
Иймд 'Нандин эрхэм" ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2202021743 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянгын гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 мкв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 145.176.000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар шинжээч нь асуусан асуултын дагуу бүрэн дүүрэн, заасан хугацаанд хариулт өгөх ёстой. Хэргийн баримтаар 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор үнэлгээг хийхийг шинжээчид даалгасан. Гэтэл тогтоолд заасан хугацааг хэтрүүлж үнэлгээг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байдаг гэв.
2.Хариуцагч НШШГ нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2019/00071 дугаар тогтоолоор Баялаг булган ХХК, П.Э нараас 350.771.968 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч хуулийн этгээд, П.Э нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан НЭ " ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2202021743 дугаартай Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга /15121/ гудамж, Энэбишийн өргөн чөлөө 8 дугаар байрны 607 тоотод байрлах 41,7 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан.
Төлбөр төлөгч нараас үнийн санал авахад бусад барьцаалагдсан хөрөнгөд үнийн саналаа өгсөн. Харин энэ хөрөнгийн тухайд үнийн санал өгөх боломжгүй, хөрөнгийн өмчлөгчөөс ав гэсэн тайлбарыг өгсөн. Өмчлөгчид үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг өгсөн ч заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч талаас шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул харилцан тохиролцоогүй гэж үзэж шинжээч томилсон.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд талууд тохиролцоогүй тул 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/131 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн шинжээч С.Цэвээнролом үнэлгээг тогтоосон.
Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-184/7780, 4-184/7781, 4-184/7782 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Обьектыг үнэлэхэд хугацаа шаардлагатай байсан. Учир нь обьектын мкв зөрүүтэй гэдэг зүйл яригдсан тул улсын бүртгэлээс лавлагаа авч байж тогтоосноос хугацаа шаардагдсан гэв.
3.Нэхэмжлэгчээс баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-184/7782, 4-184/7780 тоот үнэлгээний мэдэгдэл, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4-184/8149 тоот анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5/27 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/131 тоот шинжээч томилох тухай тогтоол хуулбараар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ҮТҮ-23/01 тоот Баян модот ХХК-ийн үнэлгээний тайлан хуулбараар бүрдүүлжээ. /хх 6-24/
Хариуцагчаас баримтаар: төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ГХ2022/00347 дугаар гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 812 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2022/00071 дүгээр тогтоол, шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2022/04800 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлүүд, зарлан дуудах мэдэгдэл, Чингэлтэй дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 4-184/11587 тоот мэдэгдэл, Бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариу, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 22280491/07 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, энэ тухай тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22280491/10 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023 оны 3 дугаар сарын 24-ний 22280491/14 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 28-ний өдрийн үнийн санал ирүүлэх тухай 4-184/5787 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа, Шинжээч томилуулах тухай төлбөр авагчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/302 тоот хүсэлт, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/131 тоот шинжээч томилох тухай тогтоол, үнэлгээний тайлан, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-184/7780, 4-184/7782 тоот хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл зэргийг ирүүлжээ. /хх 63-135/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч НЭ ХХК нь НШШГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: шинжээч томилж үнэлгээг хийлгэхдээ Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн, шинжээч тогтоосон хугацаанд дүгнэлтээ ирүүлэх үүргээ зөрчсөн, үнэлгээ зах зээлийн ханшаас доогуур гэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00480 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2022/00071 дүгээр тогтоолоор: Баялаг булган ХХК, П.Э нараас 348.869.669 төгрөг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан УТҮГ-т олгох, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203015696, Г-2203002164, Ү-2204002186, Ү-2205037913, Ү-2202021743, Ү-2203016883 дугаарт бүртгэлтэй нэр бүхий хөрөнгөнүүдээс хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 64-89/
3.2.НШШГ 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 63, 90-92/
Улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 22280491/07 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан зургаан үл хөдлөх хөрөнгөнөөс энэ маргаанд хамаарах Нандин эрхэм ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн мянга /15121/ гудамж, Л.Энэбишийн өргөн чөлөө 8 дугаар байр 607 тоотод байрлах 41,7 мкв талбайтай оффисын зориулалттай хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22280491/14 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ. /хх 93-111/
4.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу өмчлөгч болох Нандин эрхэм ХХК-иас үнийн санал ирүүлэх талаар 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4-184/5787 тоот мэдэгдлээр мэдэгдэж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. Төлбөр авагч Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1/302 тоот албан бичгээр барьцаа хөрөнгүүдэд шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлснээр тус газар 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4/131 тоот тогтоолоор Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг шинжээчээр томилжээ. /хх 112-117/
Хэрэгт төлбөр төлөгч нараас үнийн санал авсан баримт авагдаагүй, хуралдааны явцад төлбөр төлөгч нар энэ хөрөнгийн тухайд үнийн санал өгөхгүй, өмчлөгчөөс ав гэсэн тайлбар амаар өгснийг тэмдэглэлээр баталгаажуулсан гэж хариуцагч тайлбарласан. Төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилсныг буруутгах боломжгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч хуралдааны явцад үнийн санал авсан эсэх асуудлаар гомдол гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлд байхгүй гэж тайлбарласныг дурдав.
5.Шинжээчээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт бүртгэлтэй дээрх хөрөнгийг 145.176.000 төгрөгөөр үнэлжээ. /хх 110-132/
Үнэлгээний тайланг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4-184/7780 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Баялаг булган ХХК, П.Э нарт, мөн өдрийн 4-184/7782 тоот мэдэгдлээр өмчлөгч НЭ ХХК-д нарт шуудангийн байгууллагаар дамжуулан мэдэгдэж, энэ тухай уг мэдэгдлүүдийн доод хэсэгт шуудангийн тэмдгээр баталгаажуулжээ. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баримтжуулсан байна. /хх 133-135/
6.Нэхэмжлэгч үндэслэлээ шинжээч томилсон тогтоолд үнэлгээний тайланг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасан байтал хугацаа хэтрүүлж дүгнэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 20-нд хүлээлгэн өгсөн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан тогтоосон хугацаанд үнэлгээг хийх хуулийн зохицуулалттай нийцээгүй, зөрчсөн гэж тайлбарлаж байна.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Цэвээнроломоос Анх хөрөнгийг үзэх гээд очтол өөр хөрөнгө байсан. Үнэлэх гэж байгаа хөрөнгө аль болохыг очсон газарт байсан хүмүүс мэдэхгүй байснаас удсан. Улсын бүртгэлээс лавлагаа баримт авсны дараа хөрөнгөө яг аль хэсгийг гэдгийг тодруулж байж үнэлэх хөрөнгөө олж авсан. Үнэлгээний тайлангийн хөрөнгийн тодорхойлолт хэсэгт тусгасан байгаа. Гэрчилгээнд 607 тоот гэж явдаг ч бодит байдал дээр 601 тоот байсан. Үнэлгээ хийхэд Нандин эрхэм ХХК-ийн менежер байлцсан, хэд хэдэн удаа очиж уулзсан, дугаарлалт буруу гэдгийг зөвшөөрч байсан. Иймд хугацаа шаардагдсан гэж тайлбарлаж байна.
Хэргийн баримтаар шинжээч томилсон тогтоолд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн дотор үнэлгээний тайлангаа ирүүлэхээр заасан, томилогдсон шинжээч 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үнэлгээний тайланг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон хэдий ч энэ нь тухайн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээ бодитой, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй байна. Хэрэгт баримтаар авагдсан дээрх үнэлгээний тайлан Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдвал зохих мэдээллийг агуулсан байх тул нэхэмжлэгчийн холбогдох хуулиудыг хэрэгжүүлээгүй, журам зөрчсөн тухай тайлбар үндэслэлгүй.
Үнэлгээ зах зээлийн үнээс хэт бага талаарх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021743 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг үнэлсэн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Нандин эрхэм ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ