| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/01546/И |
| Дугаар | 181/ШШ2024/00143 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 181/ШШ2024/00143
| 2024 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 181/ШШ2024/00143 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Г ҮЦК” ХХК-д холбогдох,
“Г ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г-ийннэхэмжлэлтэй, “Г ҮЦК” ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.
“Г ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэжээ.
2. Хариуцагч "“Г ҮЦК” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Гнь “Г ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар тушаалтай холбогдуулан уг тушаалыг 2023 онд гардаж авсан гэж илт худал тайлбар бичиж, даруй 1 жил 4 сарын дараа маргаан үүсгэн нэхэмжлэл гаргажээ. “Г ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар тушаалыг тухайн өдөрт нь А.Г-тмэдэгдэж цахимаар илгээсэн. А.Гнь тэр өдрөөс хойш ажлаа хүлээлгэж өгөлгүй алга болсон тул уг тушаалыг 2022.01.28-ны өдөр шуудангаар түүнд хүргүүлсэн. Мөн 2022.02.08-ны өдөр түүнд тушаалыг дахин гардуулж өгсөн. 2022.11.23-ны өдөр А.Г-ийндүү нь оффис дээр ирээд "эгчийнхээ ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг авмаар байна, хуулбарлаж өг гэж хэрүүл маргаан үүсгэж, бид хуулбар үнэн тэмдэг дарж тушаалын хуулбарыг өгсөн. Гэтэл 2021 оны тушаалыг 2023 онд гардаж авсан гэж илт худал хэлж, 1 жил 4 сар гаруй хугацааны дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. А.ГСүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдаж шийдвэр гаргасан талаар дурджээ. “Г ҮЦК” ХХК-ийн хувьд энэ талаар огт мэдээлэлгүй байгаа бөгөөд биднийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар, байр сууриа илэрхийлэх нөхцөл бололцоо олгоогүй тус Хорооны шийдвэр үйл ажиллагаа нь Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэмд заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. ”Г ҮЦК” ХХК нь үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, иргэдэд хувьцааны данс нээх, хаах, үнэт цаасны зах зээлд оролцоход брокер диллерийн үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага бөгөөд ажлын байрны зохион байгуулалтын хувьд нэг том зааланд 6-8 ажилтан сууж, үйлчлүүлэгчтэй харилцахад хялбар байх үүднээс орох хаалга хэсэгт ойр брокерууд суудаг; харин нягтлан зэрэг бусад захиргааны ажилчил заалны цаад хэсэгт сууж ажилладаг. Мөн манай байгууллага ажлын байрны аюултүй байдал, үйлчилгээний чанар стандартыг хангах үүднээс оффисын зааланд хяналтын камер ажилладаг бөгөөд энэ нь хуулиар хориглогдоогүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох хурууны хээгээр бүртгэсэн 2021.10-12 сарын цагийн бүртгэл, мөн энэ тайлбарт хавсарган өгсөн 2021.12.27-ны өдрийн хяналтын камерын бичлэгээр А.Г2021.12.27-ны өдөр ээлжийн амралтаа эдлээгүй, ажил үүргээ гүйцэтгэж байсан нь нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т заасныг ажил олгогч хэрэгжүүлж, нийт 3 удаа ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдэгдэж, хүргүүлж, гардуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар А.Гнь хөдөлмөрийн эрхийн маргаанаа ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авснаас хойш шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан боловч хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргалгүй өдийг хүрсэн атлаа 2 жилийн дараа ийнхүү маргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.
А.Г-ийнгаргасан зөрчлийн тухайд: “Г ҮЦК” ХХК-ийн зүгээс өөрийн байгууллагад 2013 оноос хойш ажиллаж байсан А.Г-ийгбүхий л нөөц бололцоо, боломж нөхцөлөөр хангаж, түүнийг бусад ажилчидтай нийцтэй хэвийн харилцаж байхыг хүсэж, шинээр орж ирсэн ажилчидтай зүйс бус харилцахгүй байхыг учирлан гуйсаар ирсэн. А.Г-ийнхувийн харилцаа, хандлага, ажил үүрэгтээ хандаж байгаа байдал, ажлын байр, бусад ажилчдын ажиллах нөхцөлийг алдагдуулахгүй байхыг удаа дараа хүсэж байсан боловч өөрөөсөө бусад хүмүүстэй зүй бус үг хэллэгээр харилцах, хэрүүл маргаан үүсгэх, ажлын байранд ажлын цагаар ажлаа хийхгүй уур бухимдал, стрэссээ бусдад гаргаж, бусад ажилчдын хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулдаг зэрэг нь манай байгууллагын үйлчилгээний чанар, уур амьсгал, ажилчид тогтвор суурьшилтай ажиллахад саад болж ирсэн.
А.Г-тэйудаа дараа уулзаж, өөрийн зан харилцаа, бусадтай харилцах харилцаа хандлагадаа анхаарахыг хүсэж, цаашлаад, дутагдалаа засахгүй зөрчил гаргасаар байсан тул 2021.10.18-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Гэвч тэрээр энэ компанид байгаа хүүхдүүдийг базаж баймаар байна, өглөө орой миний цагийг бүртгэнэ гэж юу байдаг юм, миний цагийг та нар бүртгэхгүй шүү гэхчлэн компанийн удирдлагууд болон бусад ажилчдын санал шаардлагыг үл хайхран ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэх нь хэтэрсэн тул Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн.
А.Г2021.12.27-ны өдөр ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргасан болох нь тухайн өдрийн ажлын байрны харилцагчид үйлчлэх хэсгийн хяналтын камерын бичлэгээр нотлогдоно. Манай компани 2020 онд Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээ шинэчилсэн, харин А.Гнь Хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Нууцын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж, энэ талаараа бичгээр тайлбар өгөхийг ажил олгогч хүссэн боловч А.Гамаар наад гэрээнд чинь би гарын үсэг зурахгүй, дандаа хууль бус л юм байна лээ, тэглээ ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол та нар нь л буруутна, би буруутаад байх зүйл байдаггүй гээ биздээ гээд гэрээнд гарын үсэг зураагүй гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс:
-Иргэний үнэмлэхний хуулбар,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-№22 тушаал,
-2023.02.06-ны өдрийн албан бичиг,
-№21 дугаар СБД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр,
-Цалингийн тооцоо гаргасан санхүүгийн баримтууд,
-Ажил хүлээлцэх хуудас,
-Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр
Хариуцагчаас:
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
-Итгэмжлэл,
-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цын иргэний үнэмлэхний хуулбар,
-Байгууллагын төлбөрийн баримт,
-Баримт бичиг хүлээлцэх акт,
-”Г ҮЦК” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам,
-№86, №Г-08, №11, №18 тушаал,
-Цагийн бүртгэл,
-Мессенжер чат /хуулбар/,
-2021.12.27-ны өдрийн Л.Д, Э.Б, 2021.12.28-ны өдрийн С.Е нарын тайлбар,
-2021.12.28-ны өдөр компанийн ажилтан, брокер А.Г-тэйхолбоотой шалгалт явуулсан тэмдэглэл,
-А.Г-ийнөргөдөл,
-Лавлагаа, мэдээлэл хүсэх тухай албан бичиг,
-№18/82 дугаар тодорхойлолт,
-Төлбөрийн баримт
Шүүгчийн захирамжаар:
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодохойлолт,
-№3466 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч А.Гнь “Г ҮЦК” ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №22 тушаалыг хүчингүй болгуулах, ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч байгууллага нь А.Г-ийгүүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө үндэслэлгүй чөлөөлсөн, учир нь биеэр эдлээгүй байсан ээлжийн амралтаа гүйцээх зорилгоор амарч байх хугацаанд тушаал гаргасан, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад хууль бусаар бүрдүүлсэн баримтад үндэслэн, хэт нэг талыг барьж ажлаас чөлөөлсөн, үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй, 2023 онд тушаалыг гардаж авсан, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн тухайн ажлаас халах болсон шалтгаан, дүгнэлтийг надад огт танилцуулаагүй, амарч байх хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалсанд гомдолтой байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. А.Гнь бусад ажилчидтай зүй бус үг хэллэгээр харилцах, хэрүүл маргаан үүсгэх, ажлын байранд ажлын цагаар ажлаа хийхгүй уур бухимдал, стрэссээ бусдад гаргаж, бусад ажилчдын хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулах зэргээр байгууллагын үйлчилгээний чанар, уур амьсгал, ажилчид тогтвор суурьшилтай ажиллахад саад болж ирсэн. А.Г-тэйудаа дараа уулзаж, өөрийн зан харилцаа, бусадтай харилцах харилцаа хандлагадаа анхаарахыг хүссэн боловч алдаа дутагдал нь засраагүй тул 2021.10.18-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл компанийн удирдлагууд болон бусад ажилчдын санал шаардлагыг үл хайхран ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэх нь хэтэрсэн тул Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн. А.Гнь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлын байран дээр хэрүүл маргаан үүсгэсэн зөрчил гаргасан болох нь тухайн өдрийн ажлын байрны харилцагчид үйлчлэх хэсгийн хяналтын камерын бичлэгээр нотлогдсон нь хууль зөрчөөгүй. Үүрэгт ажлаас нэхэмжлэгчийг чөлөөлөх хугацаанд ажил үргээ хэвийн гүйцэтгэж байсан, ээлжийн амралтаа эдлээгүй байсан болох нь цагийн бүртгэл, хяналтын камерын бичлэгээр нотлогдоно.
3.1. А.Г-ийгажлаас чөлөөлсөн тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж цахимаар илгээж, тушаалыг 2022.01.28-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Мөн 2022.02.08-ны өдөр тушаалыг дахин өөрт нь гардуулж өгсөн. 2022.11.23-ны өдөр А.Г-ийндүү нь "эгчийнхээ ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг авмаар байна, хуулбарлаж өг гэж хэрүүл маргаан үүсгэсэн тул хуулбар үнэн тэмдэг дарж тушаалын хуулбарыг өгсөн. Гэтэл 2021 оны тушаалыг 2023 онд гардаж авсан атлаа нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. А.Гнь хөдөлмөрийн эрхийн маргаанаа ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан боловч 2 жилийн дараа маргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Ажил олгогчоос А.Г-ийгүүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль тогтоомжид нийцсэнээс гадна нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасантай холбогдуулан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. “Г ҮЦК” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар А.Г-ийгоффисын туслах ажилтны албан тушаалд томилж, улмаар брокерийн албан тушаалд 2017 оноос хойш ажиллаж байжээ.
6. “Г ҮЦК” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №11 тушаалаар ... гүйцэтгэх захирлаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэр бүхий 11 ажилтанд Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг сахилгын шийтгэл ногдуулсан ажилчдын дунд А.Гбагтжээ. /хх-54/
6.1. “Г ҮЦК” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №18 тушаалаар 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажлын байранд хэрүүл маргаан үүсгэсэн нь хамт олны дунд таагүй уур амьсгалыг бүрдүүлж, Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.7-д хамтран ажиллагчдад хүндэтгэлтэй хандах, нөхөрсөг боловсон байх,... гэж заасныг зөрчсөн үндэслэлээр компанийн брокер А.Г-тмөн журмын 5.7.1-д заасан Сануулах сахилгын шийтгэлийг ногдуулж, дээрх алдаа дутагдлыг дахин гаргахгүй байх талаар А.Г-танхааруулж, ажилтан энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эсхүл үндэслэлгүй гэж үзэж тайлбар хийж, дахин шалгалт явуулах хүсэлтээ ажлын 5 хоногийн дотор гаргах эрхтэй тухай дурдаж шийдвэрлэжээ. /хх-56/
6.3. А.Гнь дээр дурдсан ажил олгогчийн зүгээс сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, шийдвэрт аливаа гомдол, санал гаргасан үйл баримт тогтоогдоогүй байна.
6.4. Улмаар, А.Гнь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.7-д хамтран ажиллагчдад хүндэтгэлтэй хандах, нөхөрсөг боловсон байх,... гэж заасныг давтан зөрчиж, маргаан үүсгэж бусад ажилчдыг зүй бус үг хэллэгээр доромжилсон нь ажлын байрны харилцагчид үйлчлэх хэсгийн камерийн бичлэгээр нотлогдсон, мөн дээр дурдсан үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гүйцэтгэх захирлын №18 тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, дээрх удаа дараагийн үйлдлүүд нь ажлын байрны тайван, аюулгүй орчныг бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.10-т зааснаар ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэлийн үндэслэл болсон талаар дурдаад, А.Г-ийг2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон “Г ҮЦК” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №22 тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
6.5. “Г ҮЦК” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №22 тушаалаар А.Г-ийгүүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.6, 5.7, 5.7.3, 5.10, 5.11-т заасныг үндэслэсэн, А.Г-ийн2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан үйлдлийг зөрчил гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. А.Гнь ээлжийн амралтын хугацаагаа гүйцээх зорилгоор амарч байх хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн гэж маргасан боловч хариуцагч талаас А.Г-тсахилгын шийтгэл ногдуулах хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байсныг нотлох зорилгоор түүний цагийн бүртгэлийг баримтаар гаргасан, уг бүртгэлд 2021.10-12 дугаар сарын ажилласан цагийн бүртгэл, мөн 2021.12.27-ны өдрийн 09:26 цагт А.Гажилдаа ирсэн бүртгэл авагдсан, улмаар явсан цагийн бүртгэлд бүртгэгдээгүй болох талаар тусгагдсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаагүй тул А.Гнь тухайн үед ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэх хариуцагч талын гаргасан тайлбарыг бодитой гэж үзнэ.
7.1. Хууль бус баримт бүрдүүлэн уг баримтыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон гэж нэхэмжлэгч маргасан боловч А.Г-ийгүүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд .... ажлын байрны харилцагчид үйлчлэх хэсгийн камерийн бичлэгээр ажилчдыг зүй бус үг хэллэгээр доромжилсон үйл баримт нотлогдсон талаар тушаалд тусгагдсан байх тул ажлын байрны харилцагчид үйлчлэх хэсгийн камерийн бичлэгийг нууцаар хийсэн, ажил олгогч хууль бус аргаар баримт бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
7.2. Мөн хувь хүний нууцад хамаарах асуудлаар, эсхүл хуульд зааснаар хувь хүний нууц, эмзэг мэдээлэлд хамаарах баримтыг нууцаар бүрдүүлсэн, ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон үйл баримтад хамаарах нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
8. Иймд А.Г-ийгүүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө ажил олгогч хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн гэж дүгнэв.
9. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг тухайн өдөр нь А.Г-тцахимаар мэдэгдсэн гэсэн хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч маргаагүй боловч
ажлаас чөлөөлсөн тушаалыг эх хувиар нь гардуулж өгөөгүй тул гомдол гаргах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлж чадаагүй гэж маргасан.
9.1. Ажлаас чөлөөлөх тухай “Г ҮЦК” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №22 тушаалыг А.Ггардаж аваагүйтэй холбоотойгоор ажил олгогчоос 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр түүний гэрийн хаягаар шуудангаар илгээснийг А.Гхүлээн авахаас татгалзсан, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр илгээгчид буцаагдсан болох нь шуудангийн лавлагааны баримтуудаар нотлогдсон, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Снь тухайн шуудангаар ирсэн баримтыг А.Гөөрөө гардаж авахаас татгалзсан тухай тайлбарыг гаргажээ. /хх-31, 69-71/
9.2. Мөн хавтаст хэргийн 32 дугаар талд авагдсан Баримт бичиг хүлээлцэх акт-ын дагуу ажил олгогч нь А.Г-т2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийн үнэмлэх зэргийг гардуулж, гарын үсэг зуруулж авсан гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, уг баримтад гарын үсэг зураагүй, тушаалыг гардаж аваагүй гэсэн үндэслэлээр А.Г-ийнгарын үсэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүхийн журмаар шинжээч томилсон.
9.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №346 шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2022-02-08-ны огноотой Баримт бичиг хүлээлцэх акт гэсэн баримтын А.Ггэсний урд, шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 1,2 дугаар хуудсанд байх Нэхэмжлэл гэсэн баримтын А.Ггэсний урд зурагдсан байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн А.Г-ийнгэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай хоорондоо тохирч байгаа талаар дурдсан байх тул А.Г-ттушаалын эх хувийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
9.4. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч А.Г-ийндүү нь “Г ҮЦК” ХХК-д очиж, А.Г-ийгүүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №22 тушаалын хуулбарыг гардаж авсан, улмаар Захиргааны хэргийн шүүхэд гардаж авсан тушаалыг үндэслэж гомдол гаргасан, захиргааны хэргийн шүүхэд хандсаны дараагаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №22 тушаалд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлжээ.
10. Хөдөлмөрийн тухай /1999/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд А.Гнь Хөдөлмөрийн тухай /1999/ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацааны дотор /2021.12.31/ шүүхэд гомдол эрхээ хэрэгжүүлээгүй байна.
11. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн, тус хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор; мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: гэж, мөн хуулийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус хуульчилжээ.
11.1 Нэхэмжлэгч А.Гнь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан тушаалыг цахимаар хүлээн авсан, гэрийн хаягаар шуудангаар илгээгдсэн тушаалыг өөрийн санаачилгаар хүлээн авахаас татгалзсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Бичиг баримт хүлээлцэх акт-аар ажил олгогчоос маргаан бүхий тушаалыг гардан авсан үйл баримт тогтоогдсон байхад үүнээс хойш даруй жил гаруйн хугацаа өнгөрсний дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэл болно.
12. Нэгэнт нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон тул А.Г-ийн “Г ҮЦК” ХХК-д холбогдуулан гаргасан ”Г ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтыг баримтлан хариуцагч “Г ҮЦК” ХХК-д холбогдох, ”Г ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны №22 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч А.Г-ийннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.18 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Г-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улcын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД