Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2019/00022/И |
Дугаар | 212/МА2019/00037 |
Огноо | 2019-07-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2019/00037
А.Ж-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2019/00369 дүгээр шийдвэртэй, А.Ж-н нэхэмжлэлтэй, Ш.Д-д холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, хариуцагч Ш.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Айбек, орчуулагч Ж.Ахмарал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, хүүгийн хамт 5.725.000.00 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: “Ш.Д нь 2017 оны 6 дугаар сарын 22-нд нэг удаа, 23-нд нэг удаа ирж Арабын орнуудаас шашны мешит-сүм барих, шашны сургалтын арга барил заах ажиллагаанд намайг гэнэт дуудаж, “таныг сайн санаат хүн гэж итгэдэг. Та надад мөнгө зээлээч, би богино хугацаанд олон сая төгрөгийн хөрөнгө мөнгө /доллар/ оруулж ирээд танд хүүгээр нь өсгөж төлнө. Мөн сүмийн ажил төрөлд хүүхэд болон дүү нараас чинь авч тусална” гэх мэтээр гэрт олон удаа ирж, бурхны болон шашны нэрийг барьж энэ үйлсэд буян үйлдэх зорилгоор танаас гуйж байна гэж хэлэхээр нь би түүнд итгэж анх 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000.00 төгрөгийг 15 өдрийн хугацаагаар өдрийн 3 хувийн хүүтэйгээр тохирч бичгээр гэрээ хийж өгч, баримт бичүүлэн авсан. Маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дахин дээрх үгээ хэлж Ш.Д нь манайд ирж өдрийн 3 хувийн хүү төлөхөөр тохирч, бичиг хийж өгч 3.500.000.00 төгрөгийг 15 хоногийн хугацаагаар зээлж авсан. Ш.Д нь 2 удаа бүгд 5.500.000.00 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 15 хоногоор тооцоход хүүд нь 1125000 төгрөг, нийт 6,625,000 төгрөгийг 15 хоногийн дотор өгнө гэсэн баримт бичиж өгсөн. Харин энэ хугацаанд мөнгийг өгч чадахгүй бол өгөх хүртэл хүүгээр нь өсгөж өгнө гэж тохирсон. Гэтэл Ш.Д нь 15 хоногт багтаан зээлээ төлөх ёстой үүргээ огт биелүүлсэнгүй. Харин 2017 оны 10 дугаар сарын 10-ны үед 500.000.00 төгрөгөөр үнэлж нэг адуу өгсөн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байх 360.000.00 төгрөг өгсөн. Өгсөн 860.000.00 төгрөгийг үндсэн ба хүүгээс хасаж тооцоод Ш.Д-ээс 5.725.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ
Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2017 оны 5 дугаар сарын дунд үед иргэн А.Ж-д очиж хоорондоо тохиролцож 2.500.000.00 төгрөгийг бэлнээр авсан. Харин нэг сарын дотор 2.000.000.00 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 500.000.00 төгрөгийн оронд 1 адуу өгөөд барагдуулсан. Бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн ямар ч маргаангүй. А.Ж-д очиж дахин дахин мөнгө гуйж байгаагүй, авсан мөнгө төгрөгийн хүү төлөхөөр гэрээ байгуулж байгаагүй. Харин гараар бичсэн баримтад зурагдсан гарын үсэг минийх биш байна. Иймд нэхэмжлэгч А.Ж-гийн нэхэмжилсэн 5.725.000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2019/00369 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч Ш.Д-аас зээлсэн мөнгөний үлдэгдэл 1,640,000 (нэг сая зургаан зуун дөчин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 4,085,000 (дөрвөн сая наян таван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, хэргийг нэг талыг баримтлан шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн баримтын доод талд бичигдсэн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээл авсан 3.500.000.00 төгрөг гэсний эхэнд 3 гэсэн тоог нэмж засварласан байхад шүүх 3 гэсэн тоог хасаж, 500.000.00 төгрөгийг зээлээр авсан мэтээр шийдвэр гаргасан. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 2 сая төгрөг авсан гэж бичсэн баримтад Ш.Д миний зурсан гарын үсэггүй ба уг баримтад бичсэн үг үсгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар харьцуулан шинжлэх боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь шаардлага хангахгүй, нотариатаар батлуулаагүй, үг үсгийн алдаатай, тоонууд нь засвартай байхад уг нотлох баримтад тулгуурлан 1.640.000.00 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Одоогийн зах зээлийн үед адууны үнэ 800.000.00-1.000.000.00 байхад нэхэмжлэгч А.Ж-н хэлсэн үнээр тооцож бодсонд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч А.Ж нь нэхэмжлэлдээ Ш.Да, Ду, Ш.Д гэж 3 хүний нэрийг бичсэн ба хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байхад анхан шатны шүүх огт авч хэлэлцээгүй. Гар баримт дахь гарын үсгийг аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч Ш.Д миний гарын үсэгтэй тохирохгүй гэж, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар баримт дахь засварласан 6-ын тооны дээд хэсэгт бичсэн “Да” гэсэн гарын үсэг нь Ш.Д-ы гарын үсэгтэй тохирсон гэж хоёр өөр дүгнэлт гаргасан нь эргэлзээ төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Ш.Д-д холбогдуулан үндсэн зээл, хүүгийн хамт 5.725.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000.00 төгрөгийг, 6 дугаар сарын 23-ны өдөр 3.500.000.00 төгрөгийг тус тус 15 хоногийн хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдэж авсан” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “А.Ж-гээс 2.500.000.00 төгрөгийг бэлнээр авсан, нэг сарын дотор 2.000.000.00 төгрөгийг нь бэлнээр өгсөн, үлдсэн 500.000.00 төгрөгт нэг адуу өгч барагдуулсан. Авсан мөнгийг хүү төлөхөөр гэрээ байгуулж байгаагүй” гэж тус тус тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.
Хариуцагч Ш.Д нь нэхэмжлэгч А.Ж-гээс 2017 оны 6 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нийт 2.500.000.00 төгрөг зээлдэж авсан нь зохигчийн тайлбар, хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1941 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба үүнээс зээлдэгч нь 360.000.00 төгрөгийг бэлнээр, зээлийн төлбөрт тооцож 500.000.00 төгрөгөөр үнэлж 1 адууг зээлдүүлэгчид тус тус өгсөн талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 5.725.000.00 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, талуудын хооронд 2.500.000.00 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар дүгнээд, нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй, харин хариуцагч нь шийдвэрийг эс зөвшөөрч “нэхэмжлэлд хариуцагчийн нэрийг 3 янзаар буруу бичсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан, 2.000.000.00 төгрөгийг зээлдүүлэгчид бэлнээр буцаан төлсөн” гэж давж заалдах гомдол гаргажээ.
Нэхэмжлэлд хариуцагчийн нэрийг “Да”, “Ду”, “Д” гэж 3 янзаар бичсэн боловч хариуцагчийн нэр нь Ш.Д болох нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаагаар, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасан нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй болох нь хэргийн 4 дүгээр хуудаст авагдан баримт, зохигчийн тайлбараар тус тус тогтоогдсон байна. Нэхэмжлэгч талын дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг үндэслэж шүүхээс томилсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1941 дүгээр дүгнэлтийг анхан шатны шүүх хуульд зааснаар үнэлсэн бөгөөд хариуцагчийн “зээлдүүлэгчид 2.000.000.00 төгрөгийг бэлнээр буцаан төлсөн” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул түүний давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.640.000.00 /нэг сая зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн зээлийн хүү шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “талууд хүүгийн талаар бичгээр тохиролцсон нь тогтоогдоогүй” гэж хэрэгт авагдсан баримтын бодит үндэслэлийг зөв дүгнэсэн боловч уг дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг шийдвэрийн үндэслэлд тусгаагүй орхигдуулсан, түүнчлэн нэхэмжлэгчийн овог “Шеруши” гэдгийг “Шершуши” гэж, хариуцагчийн овог “Ботахара харажан” гэдгийг “Ботараха харажан” гэж тус тус ташаа бичсэнийг давж заалдах шатны шүүхийн магадлалд тэмдэглэх замаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж зээлийн гэрээний хүүгийн талаар зохицуулжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг 15 хоногийн хугацаатай, 3 хувийн хүүтэй гэж тайлбарлаж, хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтыг талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймээс зээлдүүлэгч нь зээлдэгчээс хүү авах эрхээ хуульд зааснаар алдсан байна.
Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШШ2019/00369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.190.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
С.ӨМИРБЕК