Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/054

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******, *******

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/450 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 1914008520044 дүгээр хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, 2019 оны 07 дугаар сарын 04-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 03-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9-д зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 96 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, 12 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж байсан, Регистрийн дугаар:*******,

******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 28 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ...Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ялгагдана. Шүүгдэгч ******* нь машин механизм ашиглан хохирогч *******, ******* нарын 31 тооны адууг тууж, нуун далдалж улмаар аар хөлс өгч маллуулах зорилгоор үлдээсэн, мөн машин механизм ашиглан тээвэрлэж бусдад зарж борлуулсан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад прокурор дүгнэлт хийгээгүй, үүнээс гадна дээрх адууг машин механизмаар тээвэрлэж үйлчилгээ үзүүлсэн гэж мэдүүлсэн , түүнчлэн нь *******т машин, мотоцикль зарсан мөнгөнийхөө оронд тухайн адуунаас авсан гэсэн түүний эхнэр , худалдаж авсан , нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулахад тэдний гүйцэтгэсэн үүрэг,оролцоо нь тохиолдлын шинжтэй, иргэний эрх зүйн шинжтэй харилцаа байсан гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр байна.

Түүнчлэн , нар нь үйл баримт болох үед ашигласан техник хэрэгсэл нь хэний эзэмшил, өмчлөлд байгааг шалгаж, холбогдох бичиг баримтыг гаргуулах, энэ техник хэрэгслүүд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар төрийн зохих байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авах шаардлагатай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой анхаарвал зохино

Мөн *******, нарын эзэмшилд мал бүртгэлтэй байдаг талаар тухайн холбогдох газруудаас малын А данс авч хэрэгт хавсаргах шаардлагатай байна.

Иймээс *******, , нарын тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хамтран оролцсон хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, ашигласан техник хэрэгсэл зэргийг зэргийг заавал нарийн шалгаж тогтоох шаардлагатай ба прокурор үндэслэлгүйгээр яллагдагч , нарт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч *******т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* тус шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Хэргийг буцаасан шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж тууж явж т аваачиж өгснөөр мал хулгайлах гэмт хэрэг нь төгссөн.

нь уг адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй ба харилцан тохиролцож хөлсөөр маллахаар хүлээн авч маллаж байсан. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ******* нь ийн хамт ынд очиж өмнө нь *******ын хулгайлж т аваачиж өгсөн адуунаас 7 тооны адууг гаргаж махыг нь ачиж явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй. Учир нь ******* нь 2019 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө уг адууг хулгайлсан байсан тул сүүлийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй ба харин гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ зарцуулж буй үйл баримт болно. 

Хэрэгт , нарт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар , нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, , нар нь гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй тул прокурорын тогтоолоор , нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг тогтоол хүчин төгөлдөр болно.

Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хэрэгт Батбаяр, Баянмөнх нар нь хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдээгүй тул тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож *******т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан прокурорын тогтоолыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн буюу хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг биелүүлэхийн тулд цаашид ямар ажиллагаа хийх, шинээр ямар нотлох баримт цуглуулах талаар дурдаагүй ойлгомжгүй байна. Прокурорын зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг зөвхөн хүчингүй болгосноор уг захирамжийн заалтыг хангасан гэж үзвэл одоо байгаа хэрэг дотор , нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хангалттай баримт байхгүй, харин тэдгээрийн үйлдэл оролцоогоор нэгдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бол шинээр ямар ажиллагаа хийвэл шүүгчийн эргэлзээ тайлагдах нь тодорхой бус байна.

Уг хэрэгт , нар нь хамааралгүй тул *******, нар нь очиж мах авахдаа унаж явсан гэх тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох шаардлагагүй болно. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх, тээврийн хэрэгслийн үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр гаргуулж хэрэгт хавсаргасныг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн захирамжид дурдсан *******, нарын эзэмшилд мал бүртгэлтэй байдаг талаар холбогдох газруудаас малын А данс авч хэрэгт хавсаргах нь ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 28000000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/450 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:Шүүгчийн гаргасан захирамж үндэслэлгүй, захирамжийг хүчингүй болгож хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Хохирогч нар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг хурдан шийдвэрлэж өгөөч. Хохирлоо авмаар байна гэцгээв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэлгүй, захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзэхэд:

Mөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон, шүүгдэгч *******ыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 28000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь харьцуулан хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...шүүгдэгч ******* нь машин механизм ашиглан хохирогч *******, ******* нарын 31 тооны адууг тууж, нуун далдалж улмаар аар хөлс өгч маллуулах зорилгоор үлдээсэн, мөн машин механизм ашиглан тээвэрлэж бусдад зарж борлуулсан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн...” гээд “...тэдний гүйцэтгэсэн үүрэг,оролцоо нь тохиолдлын шинжтэй, иргэний эрх зүйн шинжтэй харилцаа байсан гэж үзэхэд эргэлзээ төрөхөөр байна”. гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, эсрэг дүгнэлт болжээ.

Өөрөөр хэлбэл “... аар хөлс өгч маллуулах зорилгоор үлдээсэн...” гэж дүгнэсэн мөртлөө “...*******, , нарын тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хамтран оролцсон хэлбэр, гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг , ашигласан техник хэрэгсэл зэргийг зэргийг заавал нарийн шалгаж тогтоох шаардлагатай” гэж дүгнэхдээ эх сурвалж нь хавтаст хэрэг авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож байгаа болохыг заагаагүй байна.

Харин Прокурорын “... ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж тууж явж т аваачиж өгснөөр мал хулгайлах гэмт хэрэг нь төгссөн. ... Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хэрэгт Батбаяр, Баянмөнх нар нь хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй...” гэх эсэргүүцэл үндэслэлтэй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 80-94, 96-104 дугаар талд , нарын хэрэг бүртгэлтэд гэрчээр өгсөн мэдүүлгийг Прокурор яллах дүгнэлтэд дэх нотлох баримтад авсан тохиолдолд тодорхой нэр бүхий хүнийг гэмт хэрэг үйлдсэн талаар гомдол, мэдээлэл гарсан, эсхүл гэрчийн мэдүүлэг авах явцад тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл хүнийг гэмт үйлдэл дээр нь баривчилсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.11 дүгээр зүйлд тус тус заасны дагуу сэжигтнээр мэдүүлэг авах,эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол танилцуулж,яллагдагчаар мэдүүлэг авна.

Өөрөөр хэлбэл мөрдөгч гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах, уг мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт дэх нотлох баримтад авах, уг мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болгох нь дээрх хуулийн заалтууд зөрчигдөхөд хүрнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчиж, , нартай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/450 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин Прокурорын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” ..., ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн буюу цаашид ямар ажиллагаа хийх, шинээр ямар нотлох баримт цуглуулах, тэдгээрийн үйлдэл оролцоогоор нэгдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бол шинээр ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй...” гэх агуулга бүхий эсэргүүцэл үндэстэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/450 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан шүүгдэгч *******т урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ