| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/04242/И |
| Дугаар | 181/ШШ2024/00078 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2024/00078
2024 01 05 181/ШШ2024/00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С.Н,
Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 83,664,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, гэрч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 9-р сард миний найз
болох Б.Анадтай холбогдож Найзаа Орос улс руу монгол оймс гаргавал их ашигтай байна, чи мөнгө зээлээч, найз нь чамд зээлсэн мөнгийг чинь 50 хувиар өсгөөд өгье. Монгол оймс 3-4 дахин нугардаг учраас 14 хоногийн дотор чиний мөнгийг 78,000,000 болгоод буцаагаад өгнө гэж шалаад байсан учир би итгэж мөнгө зээлүүлэхийг зөвшөөрч 52,290,000 төгрөгийг аман хэлцэл хийж зээлүүлсэн. Ингэж зээлүүлэхдээ тухайн үед надад мөнгө байгаагүй учир дотны найз болох С.Наранцэцэгээс 1 сарын 10 хувийн хүүтэй 52,290,000 төгрөгийг 2022.09.14-ний өдөр болон 2022.09.15-ны өдрийн зээлийн гэрээгээр нийт 6 удаагийн гүйлгээгээр Б.Аболон түүний ээж н.Дийн хэлсэн данс руу шилжүүлсэн. Хариуцагч мөнгө шилжүүлэн авахдаа байнга өөр өөр данс руу янз бүрийн гүйлгээний утгаар шилжүүлэхийг хүсдэг байсан ба би яг тэр утгаар нь шаардсан мөнгийг нь С.Нээр шилжүүлж байсан. Б.Ань мөнгө босгож, ээж нь болох Д.Днь Орос хүмүүстэй бизнесээ явуулдаг гэсэн болохоор нь итгэж 52,290,000 төгрөгийг зээлүүлсэн боловч эргээд надад янз бүрийн шалтаг тоочиж явсаар өдий хүрсэн ба сүүлдээ утсаа авахаа больж одоо юу ч өгөхгүй цагдаа сэргийлэхдээ ханд гэх мэтээр доромжилдог болсон. Би хариуцагчид зээлүүлсэн 52,290,000 төгрөгийг найз С.Нээс1 сарын 10 хувийн хүүтэй 2 удаагийн зээлийн гэрээ байгуулан авсан ба 2022.09.14-ний өдөр зээлсэн 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт дараах байдлаар төлсөн. Үүнд:
-2022.10.14-ний өдөр зээлийн хүү 2,000,000 төгрөг,
-2022.11.16-ны өдөр зээлийн хүү 2,000,000 төгрөг,
-2022.12.15-ны өдөр зээлийн хүү 2,000,000 төгрөг,
-2023.01.15-ны өдөр зээлийн хүү 2,000,000 төгрөг,
-2023.03.15-ны өдөр зээлийг 2 сарын хүүтэй нь 24,000,000 төгрөг өгч хаасан ба энэ зээл 20,000,000 төгрөгийн хүүнд 12,000,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөг төлсөн. Мөн С.Нтэй байгуулсан 2022.09.15-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан 32,290,000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд:
-2022.10.15-ны өдөр зээлийн хүү 3,200,000 төгрөг,
-2022.11.16-ны өдөр зээлийн хүү 3,258,000 төгрөг,
-2022.12.15-ны өдөр зээлийн хүү 3,229,000 төгрөг,
-2023.01.15-ны өдөр зээлийн хүү 3,229,000 төгрөг,
-2023.03.15-ны өдөр 38,748,000 төгрөг өгч зээлийг хаасан ба нийт үндсэн зээл 32,290,000 төгрөг дээр хүү 19,374,000 төгрөг, нийт 51,664,000 төгрөг болсон. Дээрх тооцоололыг нэгтгэвэл би 52,290,000 төгрөгийг зээлж авсан зээлийн хүүнд 31,374,000 төгрөг төлсөн ба нийт 83,664,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Миний хувьд найздаа болон ээжид нь итгэж бусдаас хүүтэй мөнгө зээлж хүртэл өгөөд байхад намайг ингэж хохироож байгаад үнэхээр гомдолтой байна. Надад ашигтай гэж итгүүлэн 14 хоногийн дотор 50 хувь өсгөөд өгнө, зээлээч хэмээн авсан 52,200,000 төгрөг, түүний хүүнд 6 сар төлсөн 31,374.000 төгрөгийн хохиролд тооцон, нийт 83,664,000 төгрөгийг Б.Ааас надад олгохыг даалгаж өгнө үү. Хэрэв хариуцагч нь надад богино хугацаанд төлнө гэж итгүүлж, мөнгө аваагүй байсан бол би ч мөн өндөр хүүтэй мөнгө бусдаас зээлж их хэмжээний өр төлөхгүй байх байсан. Энэ байдлаас гарахын тулд маш их бэрхшээл туулж хариуцагчид үнэхээр их гомдолтой байгаа тул нэхэмжпэлийг хүлээн авч хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Бы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, энэ тайлбарыг шүүхэд хүргүүлж байна. Үүнд:
а/ Миний бие Б.Ань А.Бтай мөнгө зээлэх тохиролцоо амаар хийж, зээлийн гэрээг амаар болон бичгээр огт байгуулж байгаагүй, зээлийн мөнгөн төлбөрийг хүлээн авч байгаагүй учраас зээлийн гэрээний төлбөрт 52,290,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч А.Б нь хамт ажиллаж байсан хүн бөгөөд тэрээр Орос улсаас өндөг оруулж ирмээр байна. гэсэн учраас миний зүгээс дам дамандаа сураглаж явсаар Орос улсаар өндөг оруулж ирэх ажилд хамтрах боломжтой Д.Дэгчийг олж, А.Б бид хоёр холбогдсон. Д.Днь надтай гэр бүл болон садан төрлийн хамааралгүй хүн юм. Д.Дэгч 52 сая төгрөгөөр оймс худалдаж аваад Орос улс руу оймс гаргавал тухайн үеийн ханшаар 1,500,000 рубль болно гэхдээ орос талын гаалийн татвар ороогүй дүн татвар нь 300,000 рубль болно гэж тайлбарласан. Дараа нь оймсноос олсон мөнгөө өндөгний үйлдвэр рүү шилжүүлээд тээвэр болон Монгол улс дахь татвараа төлөөд оруулаад ирэх боломжтой гэснийг нэхэмжлэгч А.Б зөвшөөрч, Орос улс руу оймс худалдаж, худалдсан мөнгөөрөө өндөг оруулж ирэхээр болсон. Энэ тохиролцоонд миний бие гаалийн татварыг төлөхөөр болсон. Ингээд А.Баас Д.Д-ийнэгчийн зааж өгсөн хүмүүс рүү оймсны мөнгөө шилжүүлсэн. Гэхдээ нэхэмжлэл дээр заасан төлбөр шилжүүлсэн хүснэгтээс харахад оймсны мөнгийг А.Бы гэр бүлийн хүн С.Нээсшилжүүлсэн байдаг. С.Н, А.Б нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд хэн хэндээ мөнгө зээлсэн талаар би мэдээгүй. Харин нэхэмжлэгч А.Б болон С.Н нарын шилжүүлсэн 52,290,000 төгрөгөөр Д.Дэгч оймс аваад Орос улс руу гаргаад нэг хүнд худалдсан байсан. Тэр мөнгөөр нь өндөг Орос улсаас аваад монголд оруулж ирэх гаалийн татварыг би төлөх ёстой байсан. Тиймээс миний бие харилцан тохиролцсоныхоо дагуу гаалийн татвараа урьдчилан бэлтгэж, өөрийн авга эгчээсээ гурван сарын хугацаатай 6000$ зээлсэн байсан. Ингээд 2022 оны 9 дүгээр сарын 26-нд Д.Дэгч оймсыг Орос улсын хилээр гаргахад гаалийн татвар болох 300,000 рубль (тухайн үеийн ханшаар 15,900,000 төгрөг) төлөхгүй бол болохгүй гацаад байна." гэж хэлээд намайг төлөхгүй бол болохгүй гэсэн. Ингээд миний бие тухайн өдөр Д.Дэгчийн над руу явуулсан данс руу (ХААН банк 5675509401) 15,900,000 төгрөгийг Д.Дэгчийн хэлсэн гүйлгээний утга болох Оймс налог, 89066948 гэсэн утгатай шилжүүлэг хийсэн. Гэтэл дараа нь Орос улсад оймс худалдан авсан хүн мөнгөө өгөөгүй гэдгийг Д.Дэгчээс сонссон. Харин 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч А.Б над руу залгаж, Барс захын худалдаачдаас мөнгө босгоод Орос улсаас монгол руу өндөг ачуулсан өнөө маргаашгүй гааль дээр ирнэ гаалийн татвар 25,000,000 төгрөг олох хэрэгтэй байна. Олчихвол, хоёулаа ашгаа тэнцүү хуваана гэж хэлсэн. Ингээд нэхэмжлэгч А.Баас 2022 оны 10-р сарын 28-ны өдөр дахиж над руу яриад, өндөг гааль дээр ирчлээ мөнгө шилжүүлээрэй гээд манай эхнэрийн данс руу Батсайханаас гээд хийгээрэй гэж хэлсэн. Ашгаа тэнцүү хуваана гэсэн тул миний бие гаалийн татварын мөнгийг богино хугацаанд бүрдүүлэхийн тулд дараах байдлаар ажилласан. Үүнд:
- н.Д эгчрүү ярихад Орос улсаас 10,.000 рубль орж ирсэн тул шилжүүлье гэсэн. Ингээд /ХААН банк .................../ гэх данснаас тухайн үеийн ханшаар бодлоо гээд 5,220,000 төгрөгийг хүлээн авсан.
- Өөрийн бэр эгч болох Б.Цоос учраа хэлж гуйгаад дараах мөнгийг авсан. Мөнгийг бүрдүүлэхэд Simple зээлээс 9,600,000 төгрөгийг сарын 2.5%-н хүүтэй 12 сарын хугацаатай. Мөн Ard зээлээс 960,000 төгрөгийг сарын 4%-н хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Ингээд боломжоороо мөнгөө олоод нэхэмжлэгч А.Бы явуулсан /ХААН банк 5300790080/ гэх данс руу түүний нэрээр 9,500,000 төгрөг Батсайханаас, 6.220.000 төгрөгийг Батсайханаас 2 гэсэн утгатай тус тус шилжүүлсэн. Үүний дараа 2022 оны 11-р сарын 01-нд А.Бы хамааралтай (түүний базын компани) "Таван богд найсек" (РД:3080625) гэх компани Орос улсын гаалиар гарсан өндгийг Улаанбаатар хотод авч ирсэн байсан. Миний бие өнөөдрийг хүртэл Орос улсаас ирсэн өндгийг худалдаалж олсон мөнгөнөөс ашиг гэж нэг ч төгрөгийг аваагүй. Нэхэмжлэгч А.Бтай тохиролцсоны дагуу гаалийн татварыг төлөх үүргээ биелүүлсэн боловч өндөгнөөс олсон ашиг хэд байсан, хэдээр зарсан зэрэг мэдээллийг аваагүй бөгөөд ашгаа тэнцүү хуваах болсон яриа худлаа байсныг ойлгосон. Гэтэл намайг түүнээс зээл авсан гэж шүүхэд хандаж, зээлийн төлбөрөөс гадна нэмээд хохирол гэх үндэслэлгүй төлбөрүүдийг шаардаж байгаад гомдолтой байна.
б/ Нэхэмжлэгч А.Б нь өөрийн мөнгөөр худалдаж авсан оймсныхоо Орос улсад зарж олсон төлбөрөө авсан байсан тухайд: Өндөгийг Орос улсаас оруулж ирэх үед н.Дарамчимэг эгч рүү ярихад нэхэмжлэгч А.Б нь оймснуудаа зарж олсон 300,000 рублийг авч, өндгөө авсан гэдгийг сонссон. Гэтэл нэхэмжлэгч А.Б нь надад хэлэхдээ Барсын худалдаачдын мөнгөөр авсан гэж хэлж байсан. Тухайн үед өндөг оруулж ирэхэд ямар зардал гарсан, яаж олсон, ямар хэмжээний ашиг гарсан бүхий тооцоо баримтыг одоог надад үзүүлээгүй. Оруулж ирсэн өндөгний ашиг гэж А.Баас нэг ч төгрөг аваагүй. Гэтэл намайг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэн, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 2023 оны 3 сард гомдол гаргаж, миний бие дээр бичсэн нөхцөл байдлыг эхнээс нь тайлбарлаж мэдүүлсэн бөгөөд Цагдаагийн хэлтсээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн нөхцөл байдлыг хүндээр тусгаж, аваагүй боловч өнөөдөр дахин шүүхэд намайг буруутай мэтээр тайлбарлаж, үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
в/ Нэхэмжлэгч А.Б, н.Д нартай холбоотой үйл явдлаас болж өнөөдрийг хүртэл миний бие хохирч байгаа тухайд: Орос улс руу оймс худалдаж, эргээд Орос улсаас өндөг оруулж, ашиг олж, ашгаа тэнцүү хуваана гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн ашиг гэж надад өгөөгүй. Харин эсрэгээрээ миний бие гаалийн татварт төлөх мөнгийг бүрдүүлэхийн тулд авсан зээлүүдийг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа билээ. Үүний улмаас миний бие нийтдээ 26,400,000 төгрөгөөр хохирсон. Одоо болтол Simple болон Ard application-ы сар болгоны тогтмол төлөлтийг хийж байгаа, авга эгчээс зээлсэн зээлийг төлж чадаагүй явж байгаа надад маш хүнд байгааг дурдах нь зүйтэй.
г/ Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагад дурдсан зээлийн харилцаа А.Б болон С.Н нарын хооронд үүсээгүй бөгөөд нэгэндээ мөнгө өгч, авалцсан харилцаа үүсээгүй ба хүүгийн тохиролцоог бичгээр хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн өгсөн баримтаар тогтоогдож байгаа тухайд: Нэхэмжлэгч А.Б болон С.Н нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд өндөг оруулж ирэх талаар С.Н мэдэж байсан А.Б нь С.Нийн дансаар гүйлгээ хийсэн гэж ойлгосон. Гэтэл нэхэмжлэлд авсан баримт бичигт зохиомлоор төлбөр тооцоо нийлэх гэрээг бүх үйл явдал болсны дараа хожим нотариат дээр очиж хийсэн байгаа нь нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн эсэхийг шалгах үндэслэл бүрдэж байна. Улмаар миний бие нэхэмжлэгч А.Б болон С.Нээснэг ч төлбөр гэж аваагүй бөгөөд н.Дарамчимэгийн холбосон оймсны худалдагч нар луу А.Бы оймс авах төлбөрийг С.Нээсшилжүүлсэн байдаг. Болсон үйл баримтуудаас үзвэл, оймсыг Орос улсад худалдсан төлбөрөөс А.Б өөрөө авсан байхад, тус шүүхэд зээлийн төлбөрийн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс н.Д, А.Б нартай холбоотой оймс Орос улс руу гаргах, буцаагаад Орос улсаар өндөг оруулж ирэх ажиллагаанд нэхэмжлэгч А.Б оролцож байсан төдийгүй, Улаанбаатар хотод оруулж ирсэн өндөгний ашиг үр шимийг өөртөө авсан. Гэтэл шүүхэд намайг хариуцагчаар татаж, анхнаасаа байгаагүй зээлийн харилцаа үүссэн мэтээр тайлбарлаж, зээлийн төлбөр, түүнтэй холбоотой хохирол шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа зориудаар бүрдүүлсэн байх боломжтой тул үүнийг шалгуулах шаардлага үүсэж байгааг дахин дурдах шаардлагатай юм. Иймд нэхэмжлэгч А.Бтай зээлийн харилцаа хийгээгүй, зээлийн төлбөрийг шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Н би А.Бтай зээлийн гэрээ байгуулж, удаа дараа өөрийн данснаас А.Бы хэлсэн дансууд руу хүссэн мөнгийг нь шилжүүлж байсан нь үнэн. Би А.Баас өөрийн мөнгө, түүний хүүг бүрэн авч, гэрээ дууссан акт хийж өгсөн. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс:
-Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт
-2022.09.14-ний өдрийн зээлийн гэрээ
-2022.09.15-ны өдрийн зээлийн гэрээ
-№1494 дугаартай Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ
-А.Бы иргэний үнэмлэхний лавлагаа
-ХААН банкны дансны хуулгууд
Хариуцагчаас:
-Б.Анарын иргэний үнэмлэхний хуулбар
-Хариу тайлбар
-Б.Анарын ХААН банкны дансны хуулгууд
-Итгэмжлэл
-С.Нийн иргэний үнэмлэхний хуулбар
-№0251204 дугаар төрсний гэрчилгээ
-Д.Дийн иргэний үнэмлэхний хуулбар
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч А.Б нь Б.А-тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 52,290,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 31,374,000 төгрөг, нийт 83,664,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.а. 2022 оны 9 дүгээр сард найз Б.А холбогдон монголд үйлдвэрлэсэн оймсыг ОХУ руу гарган худалдвал ашигтай учир мөнгө зээлье, зээлсэн мөнгөө 50 хувиар өсгөж өгье, 14 хоногийн дотор 78 сая төгрөг болгоно гэсэн санал гаргасан тул түүнд итгэж, өөрийн дотны найз С.Нээс 52,290,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж, улмаар Б.Аын хэлсэн данс, хүмүүс рүү нийт 6 удаагийн гүйлгээгээр С.Нийн данснаас шилжүүлсэн. Гэвч Б.Ань хэлэлцэн тохирсон зээлийг тохирсон хугацаанд буцааж өгөөгүй. Би С.Наранцэцэгээс зээлсэн 52,290,000 төгрөгийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулсан, мөн уг зээлийн гэрээний хүүнд нийт 31,374,000 төгрөгийг С.Н-дтөлж хохирсон. Иймд надад ашигтай гэж итгүүлэн 14 хоногийн дотор 50 хувь өсгөөд өгнө, мөнгө зээлээч хэмээн авсан 52,290,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт, түүний хүүнд өөрийн зардлаар бусдад 6 сар төлсөн 31,374.000 төгрөгийг хохиролд тооцон, нийт 83,664,000 төгрөгийг Б.А-аасгаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хариуцагч Б.Ань нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Үүнд: Нэхэмжлэгч А.Бтай зээлийн гэрээг амаар болон бичгээр огт байгуулаагүй. Учир нь зээлийн мөнгөн төлбөрийг хүлээн аваагүй. Харин А.Б нь ОХУ-аас өндөг оруулж ирмээр байна. гэсэн учраас хамтран ажиллах боломжтой Д.Дтэй холбогдсон. Д.Д52 сая төгрөгөөр оймс худалдаж аваад ОХУ руу гаргавал тухайн үеийн ханшаар 1,500,000 рубль болно, үүнийг ашигтай худалдана, дараа нь оймс худалдсан мөнгөөрөө өндөг худалдан авч, тээвэр болон Монгол дахь татвараа төлөөд оруулвал илүү ашиг олох боломжтой гэснийг нь нэхэмжлэгч А.Б зөвшөөрч, мөнгийг гаргах, би гаалийн татварыг хариуцахаар болсон. Улмаар А.Бы гэр бүлийн хүн С.Н нь Д.Дийн хэлсэн хүмүүс рүү оймсны мөнгөө шилжүүлсэн. Тэдгээр нь хоорондоо зээл өгсөн авсан асуудлыг мэдэхгүй. 52,290,000 төгрөгөөр Д.Доймс авч Орос улс руу гаргаж худалдсан байсан. Тэр мөнгөөр нь өндөг Орос улсаас аваад монголд оруулж ирэх гаалийн татварыг би төлөх ёстой байсан, дараа нь Д.Днь ОХУ-д оймс худалдсан хүнээсээ мөнгөө авч чадаагүй болохыг сонссон. Үүний дараа А.Б нь ОХУ-аас өндөг ачуулсан, гаалийн татварт 25,000,000 төгрөг олох хэрэгтэй, олвол, ашгаа тэнцүү хуваана гэсэн тул би бусдаас мөнгө зээлж, А.Бд 9,500,000 төгрөг, 6,220,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч өндөг худалдаалж олсон мөнгөнөөс ямар ч ашиг авч чадаагүй. Нэхэмжлэгч А.Б болон С.Н нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд зохиомлоор төлбөр тооцоо нийлэх гэрээг бүх үйл явдал болсны дараа хожим нотариат дээр очиж хийсэн. Болсон үйл баримтуудаар оймсыг Орос улсад худалдсан төлбөрөөс А.Б өөрөө авсан байхад зээлийн төлбөрийн хохиролд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
5. Нэхэмжлэгч А.Б нь Б.Аын бизнес саналын дагуу буюу мөнгөн хөрөнгө зээлвэл богино хугацаанд өсгөж өгнө гэсэн ярианд итгэн бусад этгээдээс 52,290,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж, Б.А-д уг мөнгөн хөрөнгийг хүүгүй зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлийн төлбөр, бусад зээлийн хүүг төлж хохирсон гэдэг үндэслэлээр хариуцагчаас 83,664,000 төгрөгийг гаруулахаар шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үйл баримт тогтоогдсон гэж дүгнэв.
6. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж хуульчилжээ.
7. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Атай зээлийн гэрээг амаар байгуулсан гэж тайлбарлан зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа боловч, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С.Нийн данснаас 20,000,000 төгрөгийг н.Мягмарсүрэнд, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр С.Нийн данснаас 8,020,000 төгрөгийг Н.Хэд, 6,210,000 төгрөгийг З.Ст, 6,750,000 төгрөгийг Д.Мт, 11,310,000 төгрөгийг Э.Ц шилжүүлсэн байх тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
8. Мөн, нэхэмжлэгч А.Б нь Б.Ааас зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч тэдгээрийн хооронд хуульд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй нь А.Бы хамаарал бүхий этгээд болох С.Наранцэцэгээс 52,290,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг оймс болон бусад утгатайгаар нэр бүхий 5 этгээдэд шилжүүлснээр нотлогджээ.
9. Түүнчлэн шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Д.Днь 52,290,000 төгрөгийг оймсны үйлдвэрт шилжүүлэн 9,000 ширхэг оймс худалдаж авсан талаар тайлбарласан, мөн ОХУ руу оймснуудыг гаргасан боловч оймснуудыг худалдан авсан ОХУ-ын иргэнээс бүх мөнгөө авч чадаагүй гэсэн тайлбар гаргасан, А.Б, Б.А-т туслах зорилгоор л өөрийн мэддэг зүйлийг зааж, таньдаг хүнээрээ дамжуулан туслах гэсэн боловч амжилтгүй болсон, оймсны мөнгийг бүрэн авч чадаагүй, авсан мөнгөө А.Бд шилжүүлсэн талаар тайлбарласан зэргийг харьцуулан дүгнэхэд А.Б, Б.Аын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
10. Хариуцагч Б.Ань А.Бтай хамтран ашиг олох зорилгоор иргэн Д.Дтэй холбогдож, мөнгө олсон тохиолдолд ОХУ руу оймс гарган худалдаж, улмаар уг мөнгөөрөө өндөг худалдан авч, Монгол улсад оруулж ирэн худалдсан тохиолдолд илүү ашиг олох зорилгын хүрээнд хамтран ашиг хуваан авах санаа зорилго байсан, мөн өндөг буцаан оруулж ирэхэд гаалийн татварын мөнгийг Б.Ахариуцахаар тохирсон боловч оймсыг худалдсан мөнгийг Д.Дбуцаан авч чадаагүй гэсэн тул ашиг олох боломжгүй болсон, харин А.Б нь өндөг оруулж ирэх гэж байгаа, татварын мөнгө төлөх хэрэгтэй байна, уг мөнгийг хариуцвал ашгаа хуваана гэсний дагуу түүний хэлсэн С.Наранцэцэгийн данс руу бусдаас мөнгө зээлж 6,220,000 төгрөг, 9,500,000 төгрөг, нийт 15,720,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үндсэн мөнгөө ч авч чадаагүй хохирсон гэх хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд талуудын хооронд хамтран ажиллах, ашиг олох зорилгын хүрээнд эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэв.
11. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр шаардаж байгаа, мөн бусдаас авсан хүүтэй зээлийн мөнгөн төлбөрийн хүүг өөрийн хөрөнгөөр төлсөн нь хариуцагчийн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байх боловч хуульд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэнийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, аман хэлцэл хийсэн гэж тайлбарласан боловч зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдоогүй тул зээлийн гэрээний үүрэгт 52,290,000 төгрөг, мөн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 31,374,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
12. Харин зохигчийн хооронд үүссэн эрх зүйн бусад харилцааны талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх, эрх зүйн харилцаанд оролцсон бусад этгээдийг хариуцагчаар тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй юм.
13. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Т.А-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 52,290,000 төгрөг, хохиролд 31,374,000 төгрөг нийт 83,664,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 576,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД