Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/37

 

 

Т.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.Д /зайнаас цахимаар/,

Хохирогч: Э.Д /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/234 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Л.С-ын эсэргүүцлээр шүүгдэгч Т.С-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Т-ын С-;

 

Шүүгдэгч Т.С нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Заан зоог” нэртэй газрын баруун талын уулзварт 36-3* ДГО улсын дугаартай “УАЗ-2206” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/... эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 8 дугаар бүлгийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “88-5* УНН” улсын дугаартай “Тоёота камеру” маркийн тээврийн хэрэгсэл болон “01-0* ДГО” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөний улмаас зорчигч Э.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” нөхцөл байдал тогтоогдоогүй буюу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч Т-ын С-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,

 

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Хэрэгт ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй болохыг дурдаж,

 

Шүүгчийн захирамжийг прокурор, шүүгдэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Л.С эсэргүүцэлдээ:  “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахдаа тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана...” гэх заалтыг “...Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана...” гэж өөрчлөн найруулсан болно. Иймд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд “хохирогчтой эвлэрсэн байх” асуудлыг гэсэн шаардлага тавигдаагүй болно. Дээрх нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн тулд хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг заавал төлөх, эсхүл хохирогчтой эвлэрэхээс өөр сонголтгүй, яллагдагчийг хохирогчийн барьцаанд оруулж байсан тул хууль тогтоогчийн зүгээс өөрчлөн найруулсан болно. Гэтэл шүүхээс хохирогч гомдолтой үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болно.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх...” гэж заасан. Хэргийн үйл баримтад дүгнэхэд шүүгдэгч Т.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,400,000 төгрөг өгч, үлдэгдэл хохирол төлбөрийг төлж барагдуулах, цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцан төлөхөө илэрхийлж бичгээр баталгаа гаргасан болно. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн дээрх хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан шаардлагуудыг бүрэн хангасан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бөгөөд хууль зүйн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгч Т.С-т холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/234 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчтой эвлэрсэн баталгаа хийх ёстой, энэ талаар зохицуулалт байсан гэтэл хуульд нэмэлт өөрчлөлт ороод хохирогч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ёстой. Шүүгдэгч С-ын хувьд хохирол 1,400,000 төгрөг төлсөн байгаа. Бусад төлбөрийг төлсөн байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн хялбаршуулсан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхэд дахин буцааж өгнө үү гэж хүсэж байна. Хохирогчоос дахин мэдүүлэг авна гэж байгаа. Хохирогчийн талаар шүүх дээр хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжтой. Шүүгдэгч С нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,100,000 төгрөг хохирогч руу шилжүүлсэн байсан. Тиймээс шүүгдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж төлж байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадаагүй, учир нь би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан. Дараагийн шүүх хурал дээр би өөрийн биеэр оролцоно гэж хүсэлт өгөөд хойшлуулаад тухайн хугацаанд давж заалдах шатны шүүх Прокурорт буцаасан гэдгийг хүлээж аваад өнөөдөр өөрийн биеэр хуралд оролцож байна. С нь 08 дугаар сарын 03-ны өдөр эмнэлгээр явахад 400,000 төгрөг өгч байсан. Мөн Улаанбаатарт очоод эмнэлэгт үзүүлж байхад ах нь 1,000,000 төгрөг миний данс руу хийсэн. Нийт эмчилгээндээ зарцуулаарай гээд 1,400,000 төгрөг хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,100,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байсан.Би энэ хүний мууг үзэх гээд, ял шийтгэл оногдуулахыг хүсээгүй. Би эмчилгээний зардлыг минь гаргаад өг, цаашдаа гарах эмнэлгийн зардлыг надад гаргаж өгөх боломжтой юу. сая ажилдаа ороход миний нэр хүндэд халсан. Янз янзын юм ярьсан учраас би сэтгэл санааны хувьд хохиролтой байна. С-аас та миний эрүүл мэндийг 5,000,000 төгрөгөөр үнэлж байгаа юм уу. Миний эмчилгээний зардал 5,000,000 орчим төгрөг байна. Би эрүүл мэндээ 5,000,000 төгрөгөөр үнэлүүлэхгүй гэхдээ би таныг бодсон учир танд ял шийтгэл оногдуулах талаар хэлэхгүй хүн гэдэг сэтгэлийн амьтан ядаж залгаад бие нь яаж байна гэж асуусан уу нэг ч удаа асуугаагүй гэдгийг өөрт нь хэлсэн. Миний нэр хүндэд хэд хэдэн удаа халдсан учир танд гомдолтой байна гэж хэлсэн. Прокурорт миний хохирлыг гаргуулаад өгчих гэж хэлсэн. Хэрэг мөрдөн байцаах шатанд байхад надаас 1,522,000 төгрөгийн баримт авсан. Мөрдөн байцаах шатанд хавсаргах ёстой зарим баримт оруулаагүй. Листний мөнгө байгууллагаас аваагүй, цалингүй байсан учир цалингаа нэхэмжилж байна. Мөн ирж очих унааны зардал, эм тарианы мөнгө авна гэж хэлээд тухайн үедээ аваагүй. Энэ хэргийг яагаад буцаасан бэ гэхээр мөрдөн байцаагч маань хохиролд 1,592,000 төгрөг гаргасан байгаа тухайн үнийн дүн дээр та миний материалуудыг дутуу авсан байна гэсэн чинь би чамайг эргээд дуудаад гарын үсэг зуруулахад аваад шүүх рүү өгнө гэсэн. Надаас аваагүй болохоор аваагүй гэдэг үндэслэлээр буцаасан. Хүний эрүүл мэнд гэдэг 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэхгүй учир эмчилгээний зардлыг минь бүрэн гаргуулаад өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Л.С-ын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос шүүгдэгч Т.С-ыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Заан зоог” нэртэй газрын баруун талын уулзварт 36-3* ДГО улсын дугаартай “УАЗ-2206” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/... эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 8 дугаар бүлгийн 8.9 дэх хэсэгт заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “88-5* УНН” улсын дугаартай “Тоёота камеру” маркийн тээврийн хэрэгсэл болон “01-0* ДГО” улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөний улмаас зорчигч Э.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ...” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “... хохирогчоос ... дахин мэдүүлэг аваагүй, ... зарим баримтыг хэрэгт хавсаргаагүй, шүүгдэгч ... хэдэн төгрөгийг, хэдий хугацааны дотор төлж барагдуулах, төлөх нөхцөл байдал бодитоор бий болсон нь тодорхойгүй ...” гэсэн үндэслэл зааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” нөхцөл байдал тогтоогдоогүй буюу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдаагүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар хэргийг прокурорт буцаажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаснаар прокурор хүсэлтийг шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар хянан үзэх нөхцөл байдлыг заасан ба үүнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нь хамаарахаар заасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Т.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг барагдуулсан, хохирогч Э.Д-д хохиролд 1400000 төгрөг төлсөн, цаашид гарах хохирол төлбөрийг тухай бүр төлж барагдуулахаа илэрхийлсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг /хх-130/ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5/54 дугаартай Прокурорын тогтоолоор /хх-131/ хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд хүргүүлэхээр тогтжээ.

 

Мөн хохирогч Э.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Надад одоогийн байдлаар 2500000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Цаашдаа дахин Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэх шаардлагатай. ...Энэ эмчилгээний зардал мөнгө нэмэгдэх байх, мөн 3 сарын хугацаанд хэвтрийн дэглэм барих тул 3 сарын цалин нэхэмжлэх, Т.Сэргэлэнбаатар 1400000 төгрөгийн хохирол одоогийн байдлаар барагдуулсан...” гэж /хх-73/, мөрдөгчийн үйлдсэн тэмдэглэл /хохирлын тооцоо/ /хх111-113/ болон хэрэгт авагдсан эмчилгээний зардлын баримтаар /хх114-118/ тогтоогдсон хохирлын хэмжээ нийт 1590220 төгрөг болсон талаар дурдагдаж, хохирогч Э.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ “... хохирол барагдуулах баримт бичиг гаргаж өгөх шаардлагатай, ... хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...”  гэсэн байна.

 

Дээрх бүгдээс дүгнэж үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар хуульд заасан нөхцөл журмыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал яллагдагч Т.С нь хохирогч Э.Дашдэмбэрэлийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1400000 төгрөг төлсөн, цаашид гарах хохирол зардлыг төлөхөө бичгээр илэрхийлсэн, улмаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсоноор хохирогчид одоо 190220 төгрөгийг төлөх дутуу байх ба хохирогч эмчилгээний зардалд 2500000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ гэсэн боловч одоогоор энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй боловч хохирогч Э.Д нь хохирол,  зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний нэхэмжлэлээ гаргаснаар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойн гадна ийнхүү шийдвэрлэснээр түүний эрх зөрчигдөх хязгаарлагдах нөхцөл байдал үүсээгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хүсэлтийг гаргах эрхтэй бөгөөд түүний эрх мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн хэлэлцүүлэг зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгжих  боломжтой ба гагцхүү хохирогч өөрөө иргэний нэхэмжлэлээ, холбогдох баримтын хамт гаргаж өгснөөр түүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой болох юм.

 

Түүгээр ч зогсохгүй эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үед иргэний нэхэмжлэлээ гаргаагүй, шийдвэрлүүлээгүй тохиолдолд болон гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарсан зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь мөн нээлттэй болно.

 

Улмаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг хязгаарласан зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, түүний энэ эрх хэрэгжих боломжгүй гэх нөхцөл байдал үүсээгүй тул  хохирол барагдуулах, холбоотой нотлох нотлох баримтыг гаргуулах үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д нийцэхгүй гэж үзнэ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж анхан шатны шүүхийн “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/234 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор Л.С-ын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч Т.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.САЙНТӨГС

 

                                              ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                                   Н.БАТЧИМЭГ