| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00158/И |
| Дугаар | 157/ШШ2023/00247 |
| Огноо | 2023-12-01 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 157/ШШ2023/00247
2023 12 01 157/ШШ2023/00247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
157/2023/00158/И/
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэн
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Гэрч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* овогтой нь уул уурхайн салбарт 23 жил, тус Бор-Өндөр УБҮ-т 2005 оны 11 дүгээр сараас экскаваторын машинистаар томилогдон 17 жил ажилласан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас МШӨЭХМСК-ын 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийдвэрийн дагуу 2022 оны 06 сараас хөдөлмөрийн нөхцөл сольж эрүүл мэндэд харшлахгүй буюу хөнгөн ажилд томилогдон 6 cap ажилласан. Уг 6 сарын хугацааг эрүүл мэндийн байгууллагаас хөдөлмөрийн чадвар сэргээгдэх боломжтой хугацаа хэмээн тооцож, тогтоосон хугацаа гэж үзэж байна.
Улмаар МШӨЭХМСК-ын 2023 оны 01 сарын 05-ны өдрийн хурлаар дахин орж, уг комиссын мөн өдрийн 0575240 дугаартай актаар хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан хэмээн тогтоогдсон тул 2023 оны 01 сарын 06-ны өдөр УБҮ-ийн захиргаанд МШӨЭХМСК-ын 0575240 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тотоосон актыг Хөдөлмөрийн нөхцөл сольсон актын хамт хүлээлгэн өгөхөөр Баргилт цехийн дарга *******, тус цехийн эдийн засагч ******* нартай уулзахад өргөдлөө бичиж өг гэхэд нь тэрээр юу гэж бичих билээ гэсэн чинь өөрийн хүсэлтээр гэж бич гэсэн бөгөөд өөрөө юу гэж бичих учраа олохгүй байсан учир Баргилт цехийн норм зохиогч Мөнхсүлдийг гуйж өргөдөл бичүүлсэн байдаг.
Уг өргөдлийг өөрөө бичээгүй болох нь өргөдлөөс тодорхой харагдана. /он, cap, өдөр буруу бичигдсэн, бүхэл бүтэн жилээр зөрүүлж бичсэн/ ******* нь хэдийгээр хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан ч цалингийн зээлийн үлдэгдэл ихтэй, эм тарианы мөнгө шаардлагатай зэрэг шалтгаанаар өөрийн эрүүл мэндэд харшлахгүй ажил хийх хүсэлтэй, мөн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 44 дугаартай Иргэний хөдөлмөрийн нөхцөл сольсон акт-д Үйлдвэрлэлийн хүнд юм өргөхгүй, даарч хөрөхгүй, доргионгүй нөхцөлийн ажилд бүрмөсөн шилжүүлэв хэмээн заасаар байхад ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан ...ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтоосон бол ажилтантай тохиролцон уг ажилд нь, эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна гэсэн заалтыг зөрчиж, уг заалтад тусгагдсан ажиллагааг хийхгүйгээр үл барам өөрийн хүсэл сонирхлыг тулгаж өргөдөл бичүүлж, түүнийгээ үндэслэн Бор-Өндөр УБҮ-ийн захирлын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь *******ийг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолгүй байгаа нь 1-рт: Хөдөлмөрийн тухай хуулийн 58.3-д заасан ажиллагааг хийгээгүй, 2-рт: өргөдлөө өг гэж хүчээр өргөдөл бичүүлсэн зэргээс тодорхой харагдаж байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахгүйгээр 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэсэн заалтыг үндэслэж тушаал гаргасныг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Дээрх тушаалыг үндэслэлгүй гарсан тухай асуудлаар 2023 оны 01 сарын 23-ны өдөр тус УБҮ-ийн захирал *******, Захиргаа удирдлагын газрын дарга , ахлах мэргэжилтэн Уянга нартай уулзаж, хууль эрх зүйн үндэслэлийн талаар тайлбарлаж санал солилцоход тус УБҮ-ийн захирлын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Б/64 дугаар тушаалыг өөрчилж гаргахаар тушаалын төсөл боловсруулж танилцуулсан ба уг төслийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 80.1.3 дахь заалтыг зэрэг барьсан байсан тул миний зүгээс энэ 2 заалтыг зэрэг барьж болохгүй ээ гэхэд тэгвэл өөрөөр гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 125-р зүйлээр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх харилцааг тодорхой зохицуулсан бөгөөд 125.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэснээс харахад уг нөхөн олговор нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласны улмаас буюу тухайн ажилтны эрүүл мэндэд аль хэдийн учирчихсан хохирлыг нөхөн төлж байгаа асуудал хэмээн ойлгож байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 82-р зүйлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбогдуулж, тухайн байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч олгож байгаа тэтгэмжийн асуудлыг зохицуулсан байх тул нөхөн олговор, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж гэсэн ялгаатай 2 ойлголтыг зөв тайлбарлаж практикт хэрэглэх нь зүйтэй хэмээн үзэж байна.
Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэр гаргахгүй байгаа нь ийн болоод түүнтэй адилхан нөхцөлөөр ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсаны тэтгэмж өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл хэмээн үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасны дагуу Бор-Өндөр УБҮ-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 02 сарын 02-ны өдөр, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 04 сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргасан боловч маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу Бор-Өндөр УБҮ -ийн захирлын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Б/64 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
3.Хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийг үүсгэн байгуулах баримт бичиг буюу Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар “*******” ХХК-ийг Төрийн Өмчит Үйлдвэрийн Газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоолоор аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өмчийн хэлбэрийг өөрчлөн үүсгэн байгуулжээ.
Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр гэж, тогтоолын 1 дүгээр хавсралт “Монголросцвемтет” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн схемд Үйлдвэрлэлийн бодлогын газрын бүтцэд “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр гэж хамруулсан.
“Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн тамгад “*******” ТӨҮГ-ын 2550466 дугаартай регистр бичигддэг нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй харин Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж гэдгийг нотолж байгаа үйл баримт юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг.
Нэхэмжлэлд *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийг тодорхойлохдоо “*******” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.******* гэж заажээ.
Нэхэмжлэлд дурдсанаар хариуцагч нь “Монголросцвемтет” ТӨҮГ, “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр, иргэн Б.******* аль болох нь тодорхойгүй байна.
Хэрэв нэхэмжлэлийг хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж байгаа бол хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрын шүүхэд гаргах нь зүйтэй.
Иймд хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. /хх-ийн 32/
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн шаардлагадаа: “******* овогтой нь уул уурхайн салбарт 23 жил, тус Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт 2005 оноос экскаваторын машинчаар томилогдож 17 жил ажилласан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас МШӨЭХМСК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай шийдвэрийн дагуу 2022 оны 06 дугаар сараас хөдөлмөрийн нөхцөл сольж, эрүүл мэндэд харшлахгүй буюу хөнгөн ажилд томилогдон 6 сар ажилласан. Улмаар МШӨЭХМСК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар дахин орж, уг комиссын мөн өдрийн 0575240 дугаартай актаар хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан хэмжээн тогтоогдсон тул 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Уулын баяжуулах үйлдвэрийн захиргаанд дээрх актаа өгөхөөр Баргилт цехийн дарга *******, тус цехийн эдийн засагч ******* нартай уулзахад “ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг” хэмээсэн тул өөрөө юу гэж бичихээ сайн мэдэхгүй Баргилт цехийн норм зохиогч Мөнхсүлдийг гуйж өргөдөл бичүүлсэн ба уг өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. /хх-ийн 90-91/
5.Хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* ажил олгогчийн санал болгосон ажлын саналыг хүлээж аваагүй, цаашид ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй хүсэл зоригоо илэрхийлэн ажлаас чөлөөлөгдөх, нөхөн төлбөр авах хүсэлтэд гарын үсэг зурсан үйл баримтаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэмэгдүүлж байгаатай холбогдуулан тухайн үед болсон үйл баримтын талаар тайлбарлая.
Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 1-6 саруудын ихэнх хугацаанд өвчтэй, ээлжийн амралттай шалтгаанаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй. Харин 2022 оны 05 сард ажиллавал зохих 23 өдрөөс 5 хоног буюу 5 удаа ээлжид 60 цаг, 06 сард ажиллавал зохих 20 өдрөөс ээлжийн бус 9 өдөр ердийн цагийн хуваарийн дагуу ажилласан байдаг.
Ажил олгогч *******ийг Даатгуулагчийн хөдөлмөрийн нөхцөл сольсон 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 44 дүгээр акт, түүнд бичигдсэн G54.1 онош, Мэргэжлийн өвчний жагсаалтын 2-5-3-1 заалтыг үндэслэн 2022 оны 06 сарын 18-ны өдрөөс эрүүл мэндэд харшлахгүй ажил буюу хөнгөн тэрэгний жолоочоор ажиллуулсан.
Улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 0575240 актаар ******* нь үндсэн G54.1 Бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг, хавсарсан М21.2 оношоор хөдөлмөрийн чадвараа 40 хувиар 12 сарын хугацаатай алдсан нь тогтоогдсон.
Тухайн шийдвэрийг үндэслэн Даатгуулагчийн хөдөлмөрийн нөхцөл сольсон 2023 оны 01 сарын 05-ны өдрийн 44 дүгээр актаар G54.1 онош, мэргэжлийн өвчний жагсаалтын 2-5-3-1 заалтыг үндэслэн *******ийг “Үйлдвэрлэлийн хүнд юм өргөхгүй, даарч хөрөхгүй, доргионгүй нөхцөлийн ажилд” хугацаагүй бүрмөсөн шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээрх үйл баримт болж байх үед ажил олгогч буюу Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.*******, Захиргааны хэлтсийн дарга Ж. нар *******т үргэлжлүүлэн ажиллах санал тавихад гэр бүлийн гишүүд Багануур дүүрэгт амьдардаг нөхцөл байдлыг тайлбарлахад эхнэрийг нь ажлын байраар хангах санал тавьсан байдаг. Гэвч нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байсан учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул түүний хүсэлт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хөдөлмөрийн нөхцөл сольсон актыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Захирлын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн Б/64 дүгээр *******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар *******ийг Баргилт цехийн Ил уурхайн хэсгийн экскаваторын операторын ажлын байрнаас чөлөөлсөн байна.
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр экскаваторын операторын ажлын байранд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллах боломжгүй нь тогтоогдсон тул тухайн ажлын байранд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хх-ийн 112-113/
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулж “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.
Миний бие 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Би нөхрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Манай нөхөр ******* нь 2005 оноос Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт хэвийн бус нөхцөлд ажиллаж байсан.
Биеийн байдал маш их муудаж байсан. ******* нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн нөхцөл сольсон 44 дугаартай акт тогтоосон. Уг актаар 6 сар хүнд юм өргөхгүй, доргионгүй нөхцөлд 6 сар хөнгөн ажил хийж байсан.
2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдаж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт гарсан. Уг актаа аваад уурхайд ирээд хүний нөөцийн ажилтантай уулзсан. Тэр өдрөө ажил олгогч дээр ирсэн.
Цехийн дарга ******* нь ажлаа өгөх өргөдлөө өг гэж хэлсэн байсан. Тэгээд ажлаас чөлөөлж өгнө үү гэж хүнээр өргөдөл бичүүлсэн. Өөрийн хүсэл сонирхлоор өргөдөл бичээгүй. Нэг хоногийн дотор ийм шийдвэр гаргахгүй. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэж бүтэн нэг жилийн өмнө юм шиг буруу огноотой өргөдөл бичсэн. 2023 оны 01 дүгээр сард 20 гаран сая төгрөгний өртэй байсан. Өндөр цалингийн зээлтэй байсан. Ажлаас гарах шийдвэрийг яаран гаргахгүй. Ажил олгогчийн дарамтнаас болж өргөдөл бичиж өгсөн. Тэгээд өргөдлөө өгчихлөө гэж надад хэлсэн. Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үед Бор-Өндөрт ирж уурхайн дарга нартай уулзсан. Ажлаас гарах шаардлага байгаагүй. Тушаал чинь буруу гарсан байна гэж уурхайн дарга нарт хэлсэн. Ажлаас чөлөөлөх тушаал үндэслэлгүй гарсан байна. Ядаж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөөд өгөөч гэж хэлсэн. Тэтгэмжээ авмаар байна гэж хэлсэн хүлээж аваагүй. Одоо ч гэсэн 40 хувийн групптэй байгаа. Банкны зээлээ төлж чадаагүй, чанаргүй зээлдэгч гэсэн ангилалд орсон нөхцөл байдлыг харгалзаж үзээч.
******* нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан тул нэг сарын дундаж цалинг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 24,853,913 төгрөгийн нөхөн төлбөрийг уурхайгаас олгосон.
Иймд “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгож, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскавотарын оператороор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
7.Хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулж “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскавотарын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон. Энэ хэргийн хариуцагч нь Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр биш.
Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай “*******ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” тухай акт гарсан тул уг актыг үндэслээд 6 сар хөнгөн ажилд томилсон.
“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/1561 дугаартай тушаал, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/2046 дугаартай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/2374 дугаартай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2632 дугаартай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/2832 дугаартай тушаалуудаар хөнгөн тэрэгний жолоочоор томилж ажиллуулж байсан.
Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай “*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” тухай актаар *******ийг 40 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан гэж тогтоосон байсан.
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ уурхайн захиралд гаргасан. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг ирүүлсэн. Уг 0575240 дугаартай акт, *******ийн гаргасан өргөдөл зэргийг үндэслэн ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлсөн.
******* нь мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан тул нэг сарын дундаж цалинг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 24,853,913 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.
2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр өгсөн. Өөр ажилд ажиллах, хөнгөн ажилд томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргаагүй. Манай байгууллага ажилтны хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг манай байгууллага гаргаагүй.
*******гийн хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулж “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскавотарын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
8.Нотлох баримт: Нэхэмжлэгчээс
-“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.*******д гаргасан “*******ийн ажлаас чөлөөлүүлэх тухай” өргөдөл /хх-ийн 4/
-“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай “*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх” тухай тушаал, тушаалын төсөл /хх-ийн 5-6/
-2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай “*******ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” тухай акт /хх-ийн 7-8/
-2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай “*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” тухай акт /хх-ийн 9/
-2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай “*******ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” /хугацаагүй ажилд бүрмөсөн шилжүүлсэн/ тухай акт /хх-ийн 10/
-*******ийн Бор-Өндөр УБҮ-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол, Бор-Өндөр УБҮ-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, *******гийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд гаргасан гомдол, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай албан бичиг /хх-ийн 11-19/
-Итгэмжлэл /хх-ийн 20/
-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******ийн ХААН банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
9.Нотлох баримт: Хариуцагчаас
-Итгэмжлэл /хх-ийн 26/
-“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/1561 дугаартай тушаал /хх-ийн 74/
-“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/2046 дугаартай тушаал /хх-ийн 75/
-“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/2832 дугаартай тушаал /хх-ийн 76/
-“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2632 дугаартай тушаал /хх-ийн 77/
-“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/2374 дугаартай тушаал /хх-ийн 76/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
10.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Энхтүвшингээс гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд *******аас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулж “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: 1-рт. Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн,
2-рт. Ажлаас чөлөөлөх өргөдлийг ажил олгогч дарамталж, хүчээр бичүүлсэн гэж,
3.Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.
Үүнд: 1-рт. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалсан,
2-рт.2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай “*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” тухай актаар хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан тул ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж тодорхойлж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохичдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр томилж оролцох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр *******г, хариуцагч нь Ж.Жавхлан-Эрдэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба дээрх төлөөлөл нь хуулийн шаардлага хангасан, төлөөлөх хугацаа дуусаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-д ...Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба зохигч талууд эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэсэн тайлбар гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Бор-Өндөр” Уулын баяжуулах хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасныг үндэслэж 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс хуралдаж, талуудын маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй байх тул сумын хөдөлмөрийн маргаан зохцуулах гурван талд хороонд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргасан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 336 дугаартай албан бичгээр сумын маргаан зохицуулах хорооны гишүүнийг томилоогүй байна гэсэн хариуг ирүүлсэн. /хх-ийн 11-19/
Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хариуг нэхэмжлэгчид бичгээр өгсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийг шууданд хийсэн, шүүх нэхэмжлэлийг шуудангаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан байгаа нь нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэсэн.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулж “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3.2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай “*******ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” тухай актаар ******* нь G-54.1 бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг оношоор хөдөлмөрийн нөхцөл сольж, 6 сарын хугацаагаар буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үйлдвэрлэлийн даарч хөрөхгүй, хүнд юм өргөхгүй, доргионгүй нөхцөлд 6 сараар ажиллуулахаар шилжүүлсэн. /хх-ийн 7-8/
4.“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/1561 дугаартай тушаал, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/2046 дугаартай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/2374 дугаартай тушаал, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2632 дугаартай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/2832 дугаартай тушаалуудаар *******ийг хөнгөн тэрэгний жолоочоор шилжүүлж ажиллуулж байсан. /74-78/
5.2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай “*******ийн хөдөлмөрийн нөхцөл сольсон” тухай актаар ******* нь G-54.1 бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг оношоор хөдөлмөрийн нөхцөл сольж, *******ийг хугацаагүйгээр үйлдвэрлэлийн даарч хөрөхгүй, хүнд юм өргөхгүй, доргионгүй нөхцөлд бүр мөсөн шилжүүлсэн. /хх-ийн 10/
6.2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай “*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” тухай актаар ******* нь G-54.1 бүсэлхий-ууцны сүлжээний эмгэг оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоосон. /хх-ийн 9/
7.“*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар “өөрийн хүсэлтийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0575240 дугаартай “*******ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон” тухай актыг үндэслэж Баргилт цехийн Ил уурхайн экскаваторын оператор *******ийн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 5/
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 58.1.3-д заасан үндэслэлээр түр шилжүүлсэн ажилтны хөдөлмөрийн чадвар сэргээгдэхгүй болохыг эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтоосон бол ажилтантай тохиролцон уг ажилд нь, эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна.” гэж заасан бөгөөд ******* нь “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захиралд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичгээр гаргаж өгсөн” бөгөөд харин уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах, эсхүл өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулах талаар өргөдөл, хүсэлт гаргаагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захиралд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичгээр гаргаж өгсөн. /хх-ийн 4/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “******* нь “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захиралд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг бичгээр гаргаж өгсөн” гэдэг талаар маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 79.2-т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогчтой тохиролцож болно.” гэж заасан бөгөөд ажилтан ******* нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хугацааг ажил олгогчтой тохиролцсон байна гэж дүгнэлээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа “*******ийг “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захиралд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг дарамталж, шахаж, хүчээр бичүүлж, бичгээр гаргаж авсан” гэдэг нь нотлогдохгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.8 дахь хэсэгт “энэ хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу өөр ажилд түр шилжүүлсэн” бол ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан бөгөөд ажил олгогч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь ажилтан *******ийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай хөдөлмөрийн нөхцөл сольсон актыг үндэслэж 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажлаас хөнгөн тэрэгний жолоочийн ажилд шилжүүлэн ажиллуулж байсан нь тогтоогдож байна.
9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Энхтүвшин нь гэрчээр өгсөн: “Би мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд байдаг. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн уулын цехэд засварчнаар ажиллаж байсан. Тус үйлдвэрт 19 жил ажилласан. 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хэн нэгний дарамт шахалтгүйгээр өгсөн. Ажлаас чөлөөлөгдөж байгаа тул мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 50 хувь тогтоолгоод ажлаас чөлөөлөгдөх тул нөхөн олговор олгож өгнө үү гэж бичсэн. Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгосон тул ажил хийхгүй байх гэж ойлгосон. Хэрвээ ажил олгогчийн зүгээс эрүүл мэндэд харшлахгүй ажил санал болгосон бол би өөрөө хийж чадах, эрүүл мэндэд тохирсон ажил хийх байсан” гэх мэдүүлэг,
шүүх хуралдаанд *******ийн гэрчээр өгсөн: “Би мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группэд байдаг. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Уулын цехэд ажиллаж байсан. Тус үйлдвэрт өрөмдөгчөөр 21 жил ажилласан. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас групп тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн. Мэргэжлээс шалтгаалах өвчний актаа аваад очиход шууд өргөдлөө бичээд ир гэж хэлсэн. Би ажлаасаа гарна гэж бодож байгаагүй. Өргөдөл бичүүлээд бараг маргааш нь тушаал гаргадаг.” гэх мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
10.Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сэргэлэнгийн “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.3 дахь хэсэгт зааснаар эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл хугацаагаар ажилтныг өөр ажилд түр шилжүүлж, ажиллуулна гэсэн заалтыг ажил олгогч зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар ажилтантай тохиролцож уг ажилд нь эсхүл өөр тохирох ажлын байранд шилжүүлэн ажиллуулна гэсэн заалтыг зөрчсөн.
Хөдөлмөрийн эрх зүйн маргаанд диспозитив зарчимд үйлчилдэг. *******ийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан заалтыг зөрчсөн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 110 дугаар зүйлийн 110.3, 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон ажилтны эрхийг зөрчөөгүй байна.
11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...******* нь банкинд цалингийн өндөр зээлтэй байсан. Ажлаас чөлөөлөх өргөдлийг нэн даруй гаргаагүй, ажил олгогчийн шахалтаар, дарамтаар өргөдөл бичиж өгсөн, ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй гарсан” гэдэг нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “...Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.
Иймд шүүхийн харьяалал зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, тайлбарыг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг ... газрын шүүхэд гаргана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хэргийн харьяалал зөрчөөгүй, “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох үндсэн зарчмын дагуу хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр гэж тодорхойлсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “...хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, ...хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно.” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.” гэж заасан байх шүүх санаачилагаараа хариуцагчийг солих үндэслэлгүй байна.
12.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулж “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн хариуцагч “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох “*******” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/64 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******ийг Баргилт цехийн ил уурхайн хэсгийн экскаваторын оператороор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31,050,382 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ