Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2024/00250

 

 

2024 01 17 181/ШШ2024/00250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, өөрийн байранд******* РД 2032317/-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 4,129,550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь Монгол даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4,129,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1. Нэхэмжлэгч ******* би ,,ыг Төрийн банкны амины орон сууцны зээлээр худалдан авсан. Уг зээлийн гэрээг байгуулахад хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулах шаардлагыг Төрийн банкнаас тавьсны дагуу Монгол Даатгал" ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 211074033170009 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан.

2022 оны 04-р сарын 16-ны өдөр миний өмчлөлийн ,, үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн амины дээрх орон сууцны дээврийг гэнэтийн хүчтэй хуй салхи гарсны улмаас хуулж унаган эд хөрөнгө хохирол учирсан билээ. Нэхэмжлэгч би гэнэтийн хүчтэй хуй салхины улмаас байшингийн дээвэр хуулагдаж эд хөрөнгөд хохирол учирсан талаар Монгол Даатгал" ХК-нд мэдэгдэж, тухайн өдрөө ирж даатгалын эд хөрөнгө учирсан хохирлыг баримтжуулсан бөгөөд хохирлын үнэлгээгээ гаргуулаад "Монгол Даатгал" ХК-нд авчирч өгөхийг үүрэг болгосон. Би өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг Итгэлт-Эстимэйт ХХК-нд хүсэлт гаргасны дагуу "Итгэлт- Эстимэйт" ХХК-аас эд хөрөнгийн хохирлыг газар дээр баталгаажуулж, хуульд заасны дагуу хохирлын үнэлгээг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны-ний өдөр гаргаж, хохирлыг 3.929.550 төгрөг гэж тогтоосон.

Би "Монгол Даатгал ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 211074033170009 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 3.1.4-т заасны дагуу байгалийн гамшигийн улмаас эд хөрөнгө хохирол учруулсан өргөдлөө 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр "Монгол Даатгал ХК-нд өгсөн бөгөөд хохирлыг үнэлгээг Итгэлт-Эстимэйт ХХК 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гаргасны дараа "Монгол Даатгал" ХК-нд хохирлын үнэлгээг аваачиж өгсөн. Монгол Даатгал ХК-аас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/501 дугаартай албан тоотоор нөхөн төлбөрийг даатгалын гэрээний 3.1, 5.3, 5.7 дахь хэсэгт зааснаар нөхөн төлөх боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн байна.

"Монгол Даатгал" ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211074033170009 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 3.1,4-т заасны дагуу байгалийн гамшигийн улмаас эд хөрөнгө хохирол учруулсан нь хохирлыг нөхөн төлөх нөхцлийг гэрээнд тусгасан бөгөөд Монгол Даатгал ХК-аас хохирлын нөхөн төлбөрийг төлөхгүй гэж хариу албан тоот ирүүлснийг эс зөвшөөрч байна.

Мөн Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 04/213 дугаартай албан тоотоор 2022.04.16-ны өдөр салхины хурд 14-17 цагийн орчим 6-8 секундэд 6-8 метр байсан, зарим газарт түр секундэд 12 метр хүрч ширүүссэн талаар дурьдсан ба Улаанбаатар хотод Цаг уур, орчны шинжилгээний төвийн "Тахилт", "Буянт-Ухаа", "Хан-Уул" өртөөдийн бодит ажиглалтын мэдээнд үндэслэсэн болохыг тодорхойлсон. Харин Бэлхийн чиглэл рүү цаг уурын станц байхгүй бөгөөд цаг уурын станц байхгүй газруудад илүү хүчтэй салхитай байсан болно гэж албан бичигт дурьдсан. "Монгол Даатгал ХК-аас 2022.05.16-ны өдрийн 01/501 дугаартай хариу албан тоотод хүчтэй салхи гэж секундэд 18 метр салхитай байсныг хүчтэй гэж үзсэн тул даатгалын 3.1.4-т заасан байгалийн гамшиг хүчтэй салхи гэж үзэх боломжгүй гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Мөн Даатгалын тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр Санхүүгийн Зохицуулах Хороонд хандсан боловч 2023.01.17-ны өдрийн 9/168 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлыг тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасаныг үндэслэн даатгалын гэрээний болон нөхөн төлбөрийн маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн болно.

Иймд нэхэмжлэгчийн миний эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг даатгалын гэрээний 3.1.4-т заасан даатгалын эрсдэл тооцож, хохирлын үнэлгээг гаргуулахаар үнэлгээний байгууллагад төлсөн төлбөрийг нэмж нэгтгэн нийт 4.129. 550 /дөрвөн сая нэг зуун хорин есөн мянга таван зуун тавин/ төгрөгийг хариуцагч "Монгол Даатгал" ХК-аас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Монгол даатгал ХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

*******ын нэхэмжлэлтэй, "Монгол Даатгал" ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч ******* нь "Монгол Даатгал" ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 211074033170009 дугаар бүхий "Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ"-г 1/нэг/ жилийн хугацаатай байгуулсан.

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр "хүчтэй салхи болсны улмаас өөрийн эзэмшлийн байшингийн дээвэр хийсч даатгалын зүйлд хохирол учирсан" гэж нэхэмжлэгч нь даатгагчийн шуурхай албанд дуудлага өгч бүртгүүлэн, нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлэн өгсөн.

Тухайн нөхөн төлбөрийн материалыг хянаж үзэхэд дараах байдлаар нөхөн төлбөр олгох боломжгүй байсан. Тодруулбал,

1. Дээрх тохиолдолтой холбогдуулан гаргасан ЦУОШГ-ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/213 тоот албан бичгээр ... нийслэл хот орчмоор салхины дундаж хурд секундэд 6-8 метр, 14-17 цагийн хооронд салхины Өвөрхийлөлт өмнөх хугацаанаасаа нэмэгдэж зарим үед секундэд түр зуур 12 метр хүрч, ширүүссэн болох"-ыг тодорхойлсон. Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Сэрэмжлүүлэх болон урьдчилсан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт"-д "салхины дундаж хурд 18 м/с болон түүнээс дээш байвал хүчтэй салхи" гэж үзэхээр журамласан. Иймд дээрх тохиолдолд секундэд түр зуур 12 метр хүрч салхилсныг даатгалын гэрээний 3.1.4-т заасан даатгалын эрсдэл бий болсон гэж үзэх боломжгүй юм.

2. Даатгалын зүйлд хүчтэй салхины улмаас хохирол учирсан эсэх нь тодорхойгүй, даатгалын тохиолдол болсон нь нотлогдоогүй, даатгуулагчаас үүнтэй холбоотой нотолсон баримтыг манай байгууллагад бүрдүүлж өгөөгүй.

"Монгол Даатгал ХК-ийн зүгээс даатгуулагч *******тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэлд уг тохиолдол нь хамаарахгүй тул даатгагч нь даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "даатгалын гэрээнд заасан бусад шалтгаанаар хохирол гарсан ...", 5.7 дахь хэсэгт "Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй " бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Иймд даатгагч "Монгол Даатгал" ХК нь хууль болон даатгалын гэрээнд заасны дагуу даатгуулагч *******д даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/14510 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 9/168 тоот албан бичгийн хуулбар, Итгэлт Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, даатгалын үнэлгээ, тооцоо хийх актуарын үйлчилгээнийтөлбөрийн баримт, Монгол даатгал ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/501 тоот албан бичгийн хуулбар, Цаг уур орчны шинжилгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/213 дугаар албан бичгийн хуулбар, *******ын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол даатгал ХК-ийн нөхөн төлбөрийн албанд гаргасан өргөдөл, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн даатгалын баталгааны хуулбар, үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Итгэлт эстимэйт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, *******ын иргэний үнэмлэхний лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Даатгалын гэрээний мэдүүлгийн хуудас, Монгол даатгал ХК-тай байгуулсан Даатгалын гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Даатгалын баталгаа, фото зургууд, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ,

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/13797 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, тус шүүхээс Цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн хуулбар, Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хариу албан бичиг, Цаг уурын шинжилгээний Улаанбаатар өртөөний цаг агаарын мэдээлэл, Төрийн банк ХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ, тус гэрээний хавсралтын хуулбар, Төрийн банк ХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний хуулбар/1хх 2-29 х, 61 х, 76-84 х/

3.2. Хариуцагчаас Монгол даатгал ХК-аас: Б.Нямбат, Т.Туул нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Даатгалын тохиолдлын газар дээрхи үзлэг хийгдэх үеийн тэмдэглэл №17900-ийн хуулбар, Монгол даатгал ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол даатгал ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямбатаас татгалзаж, , нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон итгэмжлэл, /1хх 33х, 37-41х, 108-109 х /

3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр: Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2023/16351 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архиваас ирүүлсэн 2022 оны 10 сарын сарын 14-ний өдрийн гэрч П.Баатарбилэгийн мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтээр: Шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/19953 дугаар захирамжийн дагуу Итгэл-Эстимэйт ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ/1 хх, 98-100 х/

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч ******* нь Монгол даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 4,129,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч Монгол даатгал ХК нь даатгуулагч *******тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэлд уг тохиолдол нь хамаарахгүй, даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "даатгалын гэрээнд заасан бусад шалтгаанаар хохирол гарсан ...", 5.7 дахь хэсэгт "Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй" бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч *******, хариуцагч Монгол даатгал ХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 211074033170009 дугаартай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээг байгуулжээ.

Улмаар гэрээний хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн ,, хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дээвэр хууларч унан, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байна.

Талууд уг эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болон дээвэр хууларч унасан үйл баримт, цаг хугацаанд маргаангүй.

4.2 Харин талууд тухайн дээвэр унасан шалтгаан нөхцөл буюу даатгалын тохиолдол бий болсон эсэхэд маргаж байна.

Нэхэмжлэгч тал гэнэт хүчтэй хуй салхи салхилсны улмаас дээвэр унасан гэж, хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасан эрсдэл бий болоогүй гэж тус тус мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Монгол даатгал ХК нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 211074033170009 дугаартай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлд даатгалын хамгаалалтад дараах эрсдэлүүд хамаарна гээд 3.1.4 дэх хэсэгт байгалийн гамшиг/үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/, орон сууцны даатгалын хувьд газар хөдлөлт хамаарахгүй гэж заажээ.

5. Нэхэмжлэгч ******* нь ,,ыг Төрийн банк ХК-ийн амины орон сууцны зээлээр худалдан авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулах шаардлагыг хариуцагч Монгол Даатгал" ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан байна. /хх-21-26, 81-85 тал/

Зохигчийн хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 211074033170009 дугаартай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр зохицуулсан байх ба тус гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Даатгалын тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэхээр тодорхойлсон.

Нэхэмжлэгч тал гэнэт хүчтэй хуй салхи салхилсны улмаас дээвэр унасан гэж, хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 3.1.4 дэх хэсэгт заасан эрсдэл бий болоогүй гэж тус тус мэтгэлцэж байна

Даатгалын гэрээний 3 дугаар зүйлд даатгалын хамгаалалтад дараах эрсдэлүүд хамаарна гээд 3.1.4 дэх хэсэгт байгалийн гамшиг/үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/...гэж заасан ба шүүх дараах үндэслэлээр даатгалын тохиолдол бий болсон байна гэж үзэв.

Даатгуулсан зүйл буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн ,, бэлхийн 34-р гудамж 2а тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай байшингийн дээвэр хууларч унасан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн даатгалын гэрээний 3.1.4 дэх хэсэгт байгалийн гамшиг/...хүчит салхи.../ гэж заасан байх ба тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэнэт хүчтэй салхи салхилсан болох нь гэрч П.Баатарбилэгийн ...*******ыг би танихгүй гудамжинд таарч байсан...тухайн өдөр нартай тогтуун байсан. Би эхнэртэйгээ хамт гэрийнхээ гадаа байсан ба би мод хагалж байсан. Манай хажуу талын Хойлог гэх айлын хажуугаар эрчилсэн хуй салхи, шороо боссон. Тэр хуй салхи шороо нь *******ын байр руу орсон. Хагалж байхдаа өндийгөөд харсан чинь тухайн байрны дээврийг 2 метр хөөргөөд хашаан дээр нь унасан. Хашааны дотор талд цагаан машин байсан. Тухайн машин дарагдсан...тэгээд хуй салхи алга болсон... гэх мэдүүлгээр нотлогдож байх тул тохиролцсон болзол бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч тал гэрээгээр тохиролцсон хүчит салхи гараагүй гэж маргаж, татгалзлаа Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04/213 тоот албан бичигт... нийслэл хот орчмоор салхины дундаж хурд секундэд 6-8 метр, 14-17 цагийн хооронд салхины Өвөрхийлөлт өмнөх хугацаанаасаа нэмэгдэж зарим үед секундэд түр зуур 12 метр хүрч, ширүүссэнгэж заасан тодорхойлолт, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Сэрэмжлүүлэх болон урьдчилсан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт"-д "салхины дундаж хурд 18 м/с болон түүнээс дээш байвал хүчтэй салхи" гэж үзэхээр журамласан үндэслэлүүдээр даатгалын эрсдэл бий болоогүй гэж мэтгэлцдэг.

Гэвч нэхэмжлэгчийн оршин суух, даатгуулсан эд хөрөнгийн байршил орчимд цаг уурын станц байхгүй болох нь дээрхи албан тоотод... Бэлхийн чиглэл рүү цаг уурын станц байхгүй бөгөөд цаг уурын станц байхгүй газруудад илүү хүчтэй салхитай байсан болно гэж зааснаас үзэхэд хүчтэй салхи салхилаагүй гэж үзэх боломжгүй байна./хх-13-р тал/

Нөгөө талаас хариуцагч байгууллагаас дуудлагын дагуу очиж үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...засвар хийж байсан ул мөр харагдаагүй. Хүчтэй салхинаас болж унасан байдалтай байсан...гэж тэмдэглэсэн болохыг дурдав./хх-37-41-р тал/

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг баримтлан хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон учир түүний улмаас учирсан хохирлыг хэрэгт авагдсан хохирлын үнэлгээний тайланд тусгагдсанаар 3 929 550 төгрөг, зардал 200 000 төгрөг нийт 4 129 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь гэрээний зорилгод нийцнэ./хх-5-11-р тал/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол даатгал ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82447 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 4 129 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 447 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол даатгал ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 82 447 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА