Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/00040

 

 

 

 

 

 

 

 

2023 12 26 181/ШШ2024/00040

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Б /РД:............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б /РД:....................../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 8,000,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.А,

Хариуцагч:Ц.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Баасанжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ц.Бэд холбогдуулан 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 10,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Бээс 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н өөрийн төрсөн эх Ш.Бгаас 2018 онд итгэмжлэл авч, түүний нэрийн өмнөөс цагдаа, шүүхийн байгууллагад төлөөлж өргөдөл, гомдол гаргаж байсан бөгөөд Ш.Бгийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Ц.Б өмгөөлөгчтэй 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээний урьдчилгаа төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч Ц.Бийн Төрийн банкны 103300024579 тоот дансанд 10,000,000 төгрөг, өмгөөлөгч Ц.Бийн туслах Б.Т-н Хаан банкны 5016490570 тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн.

Өмгөөлөгч Ц.Б анх гэрээ байгуулахдаа Би танил тал ихтэй, танай хэргийг яаралтай шийдвэрлүүлнэ гэх зэргээр амлалт өгч байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, тодорхой үр дүн гаргаагүй бөгөөд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа хангалттай үзүүлж чадаагүй, үйлчлүүлэгчийн зүгээс өмгөөлөгчтэй удаа дараа холбоо тогтоох гэж үзсэн ч утсаа салгаж холбогдохоо байсан.

Иймээс Ш.Бгийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г цуцлахаар өмгөөлөгч Ц.Бэд хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ Өмгөөлөгч Ц.Бтэй хийсэн гэрээний дагуу өмгөөллийн үйл ажиллагаа нь миний хүссэн шаардлагын дагуу явсан хэдий ч хамгаалуулах ёстой хоёр объектын нэг болох Чингэлтэйн үл хөдлөх зарагдсан бөгөөд одоо Гандангийн үл хөдлөх зарагдах хэмжээнд очсон байгаа тул гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 20,000,000 төгрөгөөс өмгөөлөгчийн хийсэн ажиллагаанд 2,000,000 төгрөгийг тооцож, үлдэгдэл мөнгөө авахыг хүсэж байна гэсэн бөгөөд өмгөөлөгч Ц.Б өмгөөллийн хөлсөнд авсан хөлснөөс өөрийн хийсэн ажлын хөлсийг тооцож, үлдэгдэл мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэснээр 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр талууд тохиролцож гэрээг цуцалсан.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах саналыг Ш.Бгийн зүгээс гаргасан, Ц.Бийн зүгээс түүнийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт авагдсан. Хариуцагч нь энэ нотлох баримтыг үгүйсгэж тайлбартаа Надад та нарын 2 жил хийж чадаагүй ажлыг би 2 цагийн дотор хийсэн гэж ярьж байсан, намайг залилсан, түүний өмгөөлөгч хууран мэхлэх замаар энэ гэрээг цуцалсан гэдэг боловч энэ тайлбарыг нотлох баримтын хэмжээнд нотолсон, хууран мэхэлсэн эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй.

Талуудын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр үйлдсэн баримтыг шинжлэн судлаад үзэхэд нэг тал өмгөөлөгчийн үзүүлж байгаа үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгааг илэрхийлээд үүнээс татгалзаж байгаа, нэгэнт та татгалзаж байгаа бол би цаашид ажиллах шаардлагагүй, хүлээн зөвшөөрч байна, харин өөрийн ажилласан ажлын хөлсийг ямар хэмжээнд авах вэ гэдэг талаар хариу хэлнэ гэсэн агуулга харагдана. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан. Мөн зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэсэн. Энэ агуулгын хүрээнд тайлбарлах юм бол талууд уг гэрээг цуцлах өдөр хүртэл өмгөөлөгчийн хийсэн үйл ажиллагааны хөлсийг 2,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэрээний тал 2,000,000 гэж үнэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрсөн буюу хариуцагчийн зүгээс татгалзлаа албан бичгээр илэрхийлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Ц.Бийг дээрх саналыг хүлээн авсан гэж үзэж, нэхэмжлэгчийн төлсөн 10,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг суутгаад үлдэх 8,000,000 төгрөгийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна.

Хариуцагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үзүүлж байгаа өмгөөлөгчийн үйл ажиллагаа бол хүсэлт өгөх, байцаалтад суух, цагдан хорио гэх мэт тодорхой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүх хуралдаануудад оролцдог гэсэн. Үүнтэй холбоотой хүсэлт гаргаж байсан уу, энэ хүсэлтийн үр дагаварт ямар нэгэн эд хөрөнгө битүүмжлэгдэж байсан уу гэдэг асуултад хариуцагч нь би амаар хүсэлт гаргасан, цагдаа лавлагаа явуулсан, лавлагаа явуулснаар битүүмжлэх ажиллагаа хийгддэг гэсэн тайлбар хэлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаа буюу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш Ц.Б өмгөөлөгч эд хөрөнгө битүүмжлэхтэй холбоотой хүсэлт гаргаагүй. Уг хүсэлтийн үр дагавар маш чухал ач холбогдолтой. Хангах эсэх асуудал нь өөр асуудал. Манай үйлчлүүлэгч Ц.Бийг хүсэлт гаргаад өгөөч гэхээр гаргаж өгдөггүй, өөр тайлбар хэлдэг, сүүлдээ аргаа бараад өөрөө хүсэлт гаргасан гэж хэлж байна. Энэ үйл баримтыг хариуцагч харахгүй байна. Энэ мэтчилэн гарж байгаа үйл баримт нь тухайн гэрээнээс татгалзах гол шалтгаан болсон байна.

Талуудын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 5 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэлийг заасан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.4-д заасан иргэний хэрэг, захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг эцсийн шатанд орсноор дуусгавар болно гэсэн. Энэ заалтаас харахад Ц.Б өмгөөлөгч дан ганц эрүүгийн журмаар явалгүй иргэн, захиргааны журмаар явах боломжтой нь гэрээний агуулгаас харагдаж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн зөрчигдсөн эрх ашгийг ямар нэгэн байдлаар хамгаалуулахыг хүсэж хууль зүйн туслалцаа авсан. Тухайн цаг мөчид эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэж байсан учир энэ гэрээг хийгээгүй. Хэрэгт авагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд бас байгаа. Б.Т, Ц.Б нартай хийсэн гэрээ хүртэл авагдсан байгаа. Энэ гэрээний агуулгаас харахад нэхэмжлэгчийн Ш.Буд алдсан хөрөнгөтэй холбоотой хамтран ажиллах гэрээний үндсэн дээр алдсан эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг эрх ашгаа хамгаалахын тулд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан үйл баримт шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад харагдаж байна. Тийм учраас дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.Тийн найзууд гэж хамт хүрч ирцгээсэн. Тэгээд тэр өдрөө Б.Ттэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд намайг гарын үсэг зураач гэхээр нь би зурсан. Би эрүүгийн журмаар явахад өмгөөлөгчийн эрхтэй хүн явдаг гэж хэлсэн. Тэгээд би Ш.Бтай дахиад 1 гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр миний данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн.

Анх Б.Т бид хоёрыг залилсан гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2023 оны 3 дугаар сард өгснийг Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Мөн Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд энэ гомдлоо гаргасан байдаг.

Би гэрээний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөллийн үйлчилгээг үзүүлсэн. 2019 оны 4 дүгээр сард прокурор хэргийг хэрэгсэхгүй болгож хаахад нь би гомдол гаргаад 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн ерөнхий прокурор хэргийг сэргээсэн баримт нь хавтаст хэрэгт байгаа. Ингээд явж байтал 2019 оны 9 дүгээр сард Ш.Ны ээж нь ирлээ, уулзъя гэхээр нь уулзтал Чиний 2 жил гаруй яваад бүтээгээгүйг би 2 цагийн дотор шийдлээ. н.Батнасан прокурортой уулзчихлаа, 1 үл хөдлөх хөрөнгө зарагдсан байна, нөгөө үл хөдлөх хөрөнгө зарагдах гэж байна гэхэд нь би гайхсан. Өмгөөлөгч итгэл дээр явдаг учраас энэ хүмүүсийг тийм хачин зан гаргаж худлаа ярина гэж итгээгүй. н.Батнасан прокурорын нэрийг хэлж худлаа хэлсэн нь илэрсэн. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирсэн баримтад надтай гэрээ хийхээс өмнө 2017 онд 2 объект нь зарагдсан байсан. Үүнийг ах дүү хүмүүс мэдсэн мөртлөө заль зохиосон байсан. Би гэрээг цуцалсан гэж үзэхгүй. Би өөрийнхөө хийсэн ажлын хөлсөнд хэдэн төгрөг авах ёстойг тооцоод үзье гэсэн. Тэмдэглэл дээр нь байж байна.

Улсын прокуророос дүгнэлт гаргасан байгаа. Улсын прокуророос Ш.Бгийн мөнгөөр Ш.Бу юм хийсэн байна гэсэн байсан. Нэхэмжлэлийн үндэслэлд Өмгөөлөгч Ц.Б ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, эрх ашгийг хамгаалах ажиллагааг явуулаагүй, гэрээгээ дуусгавар болгосон учраас үлдэгдэл мөнгөө авмаар байна гэсэн. Хэрэгт авагдсан гэрээ цуцлах тухай бичигт ...Өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа нь миний хүссэн шаардлагын дагуу явсан хэдий ч хамгаалуулах ёстой 2 объектын нэг нь зарагдах хэмжээнд очсон учраас урьдчилгаа төлсөн 20,000,000 төгрөгөөс өмгөөллийн үйл ажиллагаанд 2,000,000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгөө авахыг хүсэж байна... гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийг ажлаа хийсэн гэж байгаа юм. Чингэлтэй дүүргийн харьяалалтай үл хөдлөх эд хөрөнгийг бид алдахгүй, бусдын өмчлөл рүү шилжихгүй байх боломж байхад өмгөөлөгч Ц.Бийг ажилласан хугацаанд бусдын өмчлөлд шилжчихлээ гэсэн утгаар гэрээ цуцлах шалтгаанаа заасан.

Тухайн үед өмгөөлөгч Ц.Бийн хувьд үнэхээр тийм нөхцөл байдал болсон гэдэгт итгэсэн байсан боловч бодит нөхцөл байдал дээр гэрээ цуцлах шалтгаан нь бодитой биш байсан.

Өмгөөлөгчийн хувьд хэргийн шийдвэрлэлтийн талаар амлалт өгөөгүй. Харин гэрээнд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд, эрүүгийн журмаар мөрдөх шатанд, хэрвээ хэрэг шүүхэд шилжсэн тохиолдолд шүүхийн шатанд эрх ашгийг төлөөлж өмгөөлөгчийн туслалцаа үзүүлнэ гэсэн тохиролцоо байгаа.

Нэхэмжлэлдээ дурдаад байгаа шиг ямар нэгэн амлалт өгөөд амлалтаа биелүүлэх шалтгаанаар энэ хүний хөлсийг өгсөн гэх зүйл байхгүй, нотлох баримтаар огт тогтоогдоогүй.

Өнөөдрийн үндсэн нэхэмжлэл дээр яригдаад байгаа асуудал нь Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоо гэх мэт тусгайлан шалгах эрхтэй байгууллагууд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хариуцлага алдагдсан юм уу, хуульч үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцлага алдсан уу гэдгийг шалгаад хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгч Ц.Б Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Яагаад гэвэл энд яригдаад байгаа нь эсрэгээрээ няцаагдаад байгаа. Баримт цуглуулах тусам тухайн ажиллагаа хийгдсэн гэсэн бүх төрлийн дүгнэлтүүд гарчихсан. Нөгөө талаас тухайн ажлыг үндэслээд иргэний хэргийн шүүхийн гол мэтгэлцээн дээр эш татаж дурдсан баримтууд нь эрүүгийн хэргийн хүрээнд дүгнэгдчихсэн байгаа. Хамтран ажиллах гэрээний хүрээнд ингэж дүгнэгдсэн Ц.Б өмгөөлөгчийн орж ажилласан хэргийнхээ асуудлуудыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 болон 14 дүгээр хуудаст нэхэмжлэгчийн өмгөөлөгч удаа дараа үндэслэн мэтгэлцсэн нь харагддаг. Энэ талаар үндсэн гол мэтгэлцээний нь сэдэв болсон буюу иргэний хэргийн шүүхэд хэрэглэх нотлох баримтыг Ц.Б өмгөөлөгч тухайн үед явж бэлдсэн хүн болж таарсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрээ цуцлах үндэслэлдээ дурдаад байгаа Чингэлтэй дүүргийн үл хөдлөх зарагдсан байсан, ганданд байрлах үл хөдлөх зарагдах хэмжээнд очсон байгаа тул гэрээг цуцалж гэж яригдаад байгаа асуудал нь маргаантай байсан нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн бичвэрийг 2019 оноос хойш Ц.Б өмгөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй маргасан. Маргаад байсан учир хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар хүсэл зоригийг тайлбарлахдаа бодит нөхцөл байдал, үйлдэл, эс үйлдэхүйг харгалзаж үзнэ гэж заасан.

Түүнээс хойш 2020 оны 7 дугаар сард нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Н Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд хандаад сахилгын шинжээчийн тодорхойлолт 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гарсан. Яригдаад байгаа гол асуудал Ц.Б өмгөөлөгч ямар нэгэн байдлаар хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх, хязгаарлах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтанд гаргасан байсан бол алдагдахгүй байсан гэх нөхцөл байдал байхгүй нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Талуудын ажил нь хангалтгүй хэмжээнд явагдлаа гэж үзэх шалтгаан болсон, мэтгэлцээд байгаа гол үйл баримт нь Ц.Б өмгөөлөгчийг буруутгах боломжгүй нөхцөл байдал байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох нөхцөлийг тусгайлан заасан байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсгээс 236.1.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж дуусгасан бол үүрэг дуусгавар болно. Өөр үүргийн гүйцэтгэл гэхээр оронд нь орлуулж хүлээж авсан бол дуусгавар болно. Үүрэг гүйцэтгэлээ солихоор талууд тохиролцсон бол дуусгавар болно гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч талын гэрээгээр тусгайлан хүлээсэн үүрэг буюу гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 болон 4.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх үүрэг нь Иргэний хуулиар дуусгавар болоогүй. Гэрээ дуусгавар болох зохицуулалт дээр мөн адил хөлсийг бол буцаан төлөх үндэслэл нь татгалзал болохгүй гэдгийг заасан.

Талуудын хоорондын гэрээгээр хандлага бөгөөд эрх бүхий албан тушаалтанд нөлөөлөх нөлөөлөл зэрэг нь гэрээ байгуулах үндэслэл огт болоогүй. Гэрээний үүргээсээ чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Мөн маргаан шийдвэрлэх тогтоол дээр Ш.Ны гаргасан гомдол дээр Ц.Б өмгөөлөгч эрүүгийн 180504239 дугаартай хэрэг дээр явж байсан талаар өөрөө бичээд гаргачихсан. Энэ хэрэг нь Ц.Б өмгөөлөгчийн хүсэл зоригоос үл хамаараад прокурорын шатандаа хэрэгсэхгүй болсон.

Шүүх дээр бид гэрээнийхээ хүрээнд маргах ёстой. Гэрээ байгуулах саналыг зохицуулсан хуулийн зохицуулалтыг гэрээ цуцалсан асуудал гэж шийдвэрлэх заалт дээр тайлбарлаад байна. Гэтэл сая нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тусгайлан хэлж байгаа хөлсөөр ажиллах гэрээний цуцлах хугацаа дээр хөлс төлөх хугацааг тохиролцоогүй буюу одоо манай гэрээнд хэсэгчлэн үе шаттайгаар бүрэн гүйцэд төлнө гэсэн байгаа. Нарийвчлан хугацаа тогтоогоогүй тохиолдолд 14 хоногийн өмнө хөлсийг төлснөөр гэрээг цуцлах боломжтой. Хөлсийг төлөх үүргээсээ чөлөөлөгдөх нарийвчилсан тохиролцоо байхгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч бас хэлж байна. Эрүүгийн хэрэг дээр 40,000,000 төгрөгөөр ажиллана гэж тохирсон. Тохирсны дагуу Ц.Б өмгөөлөгч ажилласан байна. Ажиллаад эцсийн үр дүнд улсын ерөнхий прокурор дээр хэрэг хаагдсан. Тэр хооронд ямар нэгэн байдлаар сая яриад байгаа шиг ажлаа хийгээгүй асуудал тогтоогдохгүй. 40,000,000 төгрөг нь тухайн үед болж байна гэж тохирчхоод одоо энэ хүн ажлаа хийгээгүй гээд ярьж байгаа асуудал байж болохгүй. Мөн талуудын яриад байгаа гэрээ цуцлахад хүргэсэн шалтгаан гэх ноцтой зөрчил огт байхгүй. Шүүх хуралдаанд хандлагын асуудал, нөлөөллийн асуудал ярьж байна. Өмгөөлөгч бол ямар нэгэн байдлаар хүнд нөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Хандлагын асуудал бол маш субьектив. Энэ бол гэрээний ноцтой зөрчлийн хэмжээнд нотлогдохгүй байна. Үйлчилгээ авагч тал төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөгдөх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн үед маргаад байсан байдлаас нь харахад гэрээ цуцлагдсан гэж дүгнэх нь өрөөсгөл. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Ц.Б нэхэмжлэгчид холбогдуулан Эрх зүйн туслалцааны гэрээ-ний үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие Ш.Нтай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх харилцаанд орсон. Тухайн хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын зорилго нь Ш.Ны хүсэлтээр Ш.Бтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд туслалцаа үзүүлэх явдал байсан. Энэхүү ажлын хүрээнд би өмгөөлөгчийн хувиар Ш.Бд хууль зүйн туслалцааг 2 жилийн хугацаанд үзүүлж, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон. Тодруулбал:

Ш.Б нь Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Ш.Буд холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан байсан. Миний бие Ш.Бтай 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас хойш буюу мөн оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хохирогчоор Ш.Б мэдүүлэг өгснөөс хойш 2 жилийн хугацаанд түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцсон. Хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэд хэдэн мөрдөгчид, тухайлбал, цагдаагийн а/д Б.Ганцэнд, а/д О.Очирбат, а/д Ц.Бат-Эрдэнэ, а/х М.Сүхбаатар, У.Намсрайжав. д/ч Ө.Дүүрэнбаяр, а/х Д.Баярбат, а/х А.Манлайбаяр нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан.

Тухайн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд өмгөөлөгч Ц.Б миний гомдлоор Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулах-аар шийдвэрлэж байсан. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 05/01 дугаар хүсэлтийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаснаар мөрдөгч а/х М.Сүхбаатарыг өөрчилж мөрдөгч а/х У.Намсрайжав хэргийг мөрдөх болсон. Цагдаагийн мөрдөгч а/х У.Намсрайжав цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн учир цагдаагийн д/ч Ө.Дүүрэнбаяр, а/х Д.Баярбат, а/х А.Манлайбаяр нар мөрдөн шалгасан. Эдгээр 8 мөрдөгч тус бүртэй 2-4 удаа уулзаж байснаа дурдах нь зөв болов уу.

Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч танаас болж үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Бу нь бусдад шилжүүлчихлээ гэсэн утгатай шалтгаан хэлж гэрээнээс татгалзах асуудал ярихад үйлчлүүлэгчийн ярьсныг тухайн үедээ үнэн зөв хэмээн итгэж хүлээн зөвшөөрсөн.

Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол гарсныг надад мэдэгдэж гардан авснаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11/01 тоот Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Энхтуяад гомдол, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт 12/03 тоот гомдлуудыг тус тус гаргасан. Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Энхтуяагийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1292 дугаартай хариу мэдэгдэх хуудсанд Иргэн Ш.Б нь 2004 оноос хойш Япон Улсад ажиллаж байх хугацаанд өөрийн дүү Ш.Буд мөнгө шилжүүлсэн худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг Ш.Бугийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж байсан болох нь хавтаст хэрэгт тусгасан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж дүгнэсэн бөгөөд Ш.Б нь эхнээсээ ийм утга агуулга бүхий дүгнэлтийг гаргуулж чадвал тухайн дүгнэлтийг үндэслэн иргэний хэргийн шүүхэд хандах зорилготой болохоо илэрхийлж байсан. Хожим уг хэргийн шүүх хуралдааны завсарлагын үеэр Ш.Бгийн өмгөөлөгч нь иргэний журмаар нэхэмжилж зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн тухайгаа яриан дундаа хэлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч Ш.Б нь "Өмгөөлөгч Ц.Бтэй хийсэн гэрээний дагуу өмгөөллийн үйл ажиллагаа нь миний хүссэн шаардлагын дагуу явсан хэдий ч, хамгаалуулах ёстой 2 обьектын нэг болох Чингэлтэйн үл хөдлөх зарагдсан бөгөөд одоо Гандангийн үл хөдлөх зарагдах хэмжээнд очсон байгаа тул өмгөөлөгчтэй хийсэн гэрээг цуцалж, урьдчилгаанд өгсөн 15,000,000 төгрөгөөс өмгөөлөгчийн хийсэн ажиллагаанд 2,000,000 төгрөг тооцож үлдэгдэл мөнгөө авахыг хүсч байна гэсэн нь бодит бус үндэслэл юм.

Талуудын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний 2.9 дэх заалтад өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг авах эрхтэй гэж, 4.1 дэх заалтад Үйлчлүүлэгч тал нь эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг уг гэрээ байгуулсан үеэс бүрэн болон хэсэгчлэн төлнө" гэж заасны дагуу 50%-ийн төлбөр болох 20,000,000 сая төгрөгийг гэрээ байгуулахад төлсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан журмын дагуу, талуудын диспозитив зарчмын хүрээнд Ц.Б би нэхэмжлэх эрхтэй үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ өөрөө тодорхойлж, нэхэмжилж болох нийт дүн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл хөлснөөс 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Ш.Бгийн зүгээс гэрээ цуцлах шалтгаан болгож заасан үндэслэл нь зохиомол, бодит бус байгаа тул төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талаас иргэний хэрэгт оролцох ёстой байсан гэсэн боловч Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-нд эрүүгийн хэрэгт гээд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шат, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх гээд гэрээний хамрах хүрээг талууд тохирчихсон байгаа. Тэгэхээр өөрсдийнх нь бусад хэрэгт оролцоогүй учраас энэ хөлсийг авах ёсгүй гэж ярьж байгаа нь гэрээнд заасан агуулгатай тохирохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмынхаа дагуу явагдаад дууссан. Ц.Б өмгөөлөгч муу ажиллаад үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор ийм байдал үүсээгүй учраас төлбөр төлөх үүргээсээ чөлөөлөх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд Эрх зүйн туслалцааны гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний зорилго бүрэн биелэгдсэн гэдэг агуулгын хүрээнд сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд юу дурдагдаж байгаа вэ гэвэл Ц.Б болон тухайн гэрээнд заасан зорилго биелэгдэх буюу дуусгавар болохоос өмнө талууд харилцан тохиролцоод хугацаанаас нь өмнө цуцалсан. Гэрээ цуцалсны үр дагаварт тодорхой хийгдсэн ажлын хөлсийг үлдээгээд үлдэгдэл төлбөрийг буцаагаад татахыг өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл нэгэнт цуцлагдсан гэрээний үр дагаврыг одоо шаардах боломжгүй.

Түүнчлэн, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Ц.Б, Ш.Н нарын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т Иргэний хэрэг, захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг дуусах шатанд орсноор дуусгавар болно гэсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Б гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэж байгаа бол өнөөдөр яриад байгаа эрүүгийн хэрэг маргаанд оролцох үүрэг нь давхар байсан. Иргэний шүүхэд өөр өмгөөлөгч аваад оролцож байгаа үйл баримт хариуцагчийн хүсэлтээр хэрэгт авагдчихсан байгаа. Гэрээний харилцаа дуусгавар болоогүй гэж үзэж байсан бол Ц.Б өөрөө тэнд байж байх ёстой хүн. Мөн 20,000,000 төгрөг нэхэх ёстой байснаас 12,000,000 төгрөг нэхэж байгаа гэдэг үндэслэл, нэхэмжлэл гаргаж байгаа шаардлагаа тодорхойлж байгаа нь эрхийн асуудал гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд ямар ч үндэслэлгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 247,950 төгрөг төлсөн баримт, Ш.Бгаас Ш.Н,
П.Чин-Оюунсайханд олгосон итгэмжлэл, Ш.Б, Ш.Н, П.Чин-Оюунсайхан нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ш.Н, Ц.Б нарын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Тэмүлэнгэнгэс, Ц.Б, Ш.Н нарын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Төрийн банкны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Ш.Бгийн гэрээ цуцлах тухай хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2022/13654 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШЗ2021/13244 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2022/08877 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 588 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 20/216 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №20/27 дугаар Маргааныг хэрэгсэхгүй болгох тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын дүүргийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Энхтуяад 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1292 тоот Гомдлын хариу хариу мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий Прокурорын газрын Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1011 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дүгээр Хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоол, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо Туул 6 гудамж, 103 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011477 дугаартай, 726,4 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо Туул 6 гудамж, 103 тоот хаягт байрлах, гэрчилгээний г2205001284 дугаартай, 369 мкв талбайтай, ашиглах эрхтэй газрын бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын 17 дугаар байрны 42 тоот хаягт байршилтай, 28 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003268 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 11б байр, 70 тоот хаягт байршилтай, 60,5 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028374 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Ш.Бд өгсөн мөнгөний тайлан, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 521 дүгээр хариу мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 861 дүгээр хариу мэдэгдэх хуудас, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоол, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 20, 2018 оны 11 дүгээр сарын 13, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай тогтоол, Ш.Б, Ш.Бу нарын 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 864 дугаартай Орон сууц худалдах худалдан авах гэрээ, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30ж/1269 тоот албан бичиг, Тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх лавлагаа, Ш.Бгийн хүүхдүүдэд зарцуулсан мөнгөний тайлан, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр Мөрдөгчийг татгалзан гаргаж, хэргийг өөр мөрдөгчид шилжүүлэх тухай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 206 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 11/1583 тоот албан бичиг, Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 629 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 453 дугаар хариу мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 4/2910 тоот Гомдол шилжүүлж, шалгуулах тухай албан бичиг, өмгөөлөгч Л.Нинжбатаас 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт гаргасан гомдол, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4/70 тоот Гомдол хянан шийдвэрлэх хугацааг сунгах тухай прокурорын тогтоол, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 4/1162 тоот Гомдол шилжүүлсэн тухай албан бичиг, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоол, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 30, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн санал, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай тогтоол, Ш.Бугийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан тайлбар, Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2-5а/11342 дугаар албан бичгийн хавсралт Лавлагааны хариу, өмгөөлөгч Л.Нинжбатаас 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 25ж-3/5750 тоот албан бичиг, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай санал, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 629 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1262 тоот албан бичиг, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1292 тоот хариу мэдэгдэх хуудас, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 378 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, өмгөөлөгч Ц.Бээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газарт гаргасан гомдол, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1011 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрлийг ирүүлсэн.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын 17 дугаар байрны 42 тоот хаягт байрлах орон сууцны лавлагааг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Ш.Бгийн нэхэмжлэлтэй, Ш.Буд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 03333 дугаар шийдвэр, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн магадлалыг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Өмгөөлөгч Ц.Бтэй 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-г 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цуцалсан. Ш.Бгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гэрээ цуцлах тухай саналыг хариуцагч Ц.Б хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгөөс өмгөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажилд 2,000,000 төгрөгийг суутгаж, үлдэх 8,000,000 төгрөгөө гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Эрх зүйн туслалцааны гэрээний дагуу өмгөөллийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах шалтгаан нь бодит байдалд нийцээгүй, өмгөөлөгчийг үндэслэлгүйгээр буруутгасан. Талуудын хооронд үйлдсэн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ цуцлах тухай бичгийг хүлээн зөвшөөрөхгүй, өнөөдрийг хүртэл маргаж байгаа учраас гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нтай 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, өмгөөлөгчийн хувиар Ш.Бд хууль зүйн туслалцааг 2 жилийн хугацаанд үзүүлж, түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцсон. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч танаас болж үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Бу нь бусдад шилжүүлчихлээ гэсэн утгатай шалтгаан хэлж гэрээнээс татгалзах асуудал ярихад үйлчлүүлэгчийн ярьсныг тухайн үедээ үнэн зөв хэмээн итгэж хүлээн зөвшөөрсөн боловч гэрээ цуцлах шалтгаан нь зохиомол, бодит бус үндэслэл байсан. Иймд гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн, өмгөөлөгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэрээ цуцлагдаагүй учраас нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан журмын дагуу, талуудын диспозитив зарчмын хүрээнд Ц.Б би нэхэмжлэх эрхтэй үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ өөрөө тодорхойлж, нэхэмжилж болох нийт дүн 20,000,000 төгрөгийн үлдэгдэл хөлснөөс 12,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талууд харилцан тохиролцоод хугацаанаас нь өмнө цуцалсан. Хариуцагч хийсэн ажлын хөлсөө суутгаж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Цуцлагдсан гэрээний үр дагаврыг одоо шаардах боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

6.1. Ц.Б, Ш.Н /Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эрх зүйн туслалцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд өмгөөлөгчөөр ажиллах, үйлчлүүлэгч нь эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс 40,000,000 төгрөгийн 50 хувь буюу 20,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлөхөөр тохиролцсон байна. /1хх, 8/

Гэрээгээр өмгөөлөгч нь дээрх үүргийг гүйцэтгэхдээ биечлэн оролцож, хууль ёсны эрх ашгийг хамгаалж холбогдох хүмүүстэй уулзах, бичиг баримт болон хавтаст хэрэгтэй танилцах, нотлох баримт цуглуулах, гаргуулах, шүүх болон бусад байгууллагад төлөөлөн оролцох, хүсэлт, гомдол, тайлбар гаргах, бичиг баримт боловсруулах, хувилж олшруулах асуудлыг хариуцах, зардлыг үйлчлүүлэгч хариуцахаар заасан байна.

Талууд уг гэрээг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.Тэмүлэнгэнгэс, Ц.Б, Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний үндсэн дээр байгуулсан талаар маргаагүй.

 

5.2. Нэхэмжлэгч Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ц.Бэд 10,000,000 төгрөг, Б.Тэмүлэнгэст 10,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон. /1хх, 12-13/

5.3. Хариуцагч Ц.Б нь Баянгол дүүрэгт хэрэг бүртгэлтийн 180504239 дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 629 дүгээр прокурорын тогтоолоор 11805044239 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг ...Ш.Бугийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байна. Уг прокурорын тогтоолд гаргасан Ш.Бугийн өмгөөлөгч Л.Нинжбатын гомдлын дагуу хуудсаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт хүргүүлсэн болохыг Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар өмгөөлөгч Ц.Бэд мэдэгдсэн байна. /1хх, 100, 123/

Улмаар, Баянгол дүүргийн Прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлийн хэргийг Ш.Бугийн үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн, уг шийдвэрт гаргасан өмгөөлөгч Ц.Бийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, Иргэн Ш.Б нь 2004 оноос хойш Япон улсад ажиллаж байх хугацаанд өөрийн дүү Ш.Буд мөнгө шилжүүлэн худалдан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг Ш.Бугийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж байсан болох нь хавтаст хэрэгт тусгасан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна. Иймд Ш.Бугийн үйлдэл залилах гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хяналтын прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин та Ш.Бд учирсан хохирлыг иргэний журмаар Ш.Бугаас нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзвэл хариуцагчийн оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй... гэх хариу өгсөн болох нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1292 дугаар хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1011 дүгээр Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолуудаар тогтоогдож байна. /1хх, 85-87/

Уг прокурорын тогтоол, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүдийг нэхэмжлэгч Ш.Б нь Ш.Буд холбогдуулан гаргасан 600,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл болгон тайлбарласан болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна./2хх,14-25/

 

5.4. Нэхэмжлэгч Ш.Бгаас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өмгөөлөгч Ц.Бтэй байгуулсан гэрээг цуцалж, 15,000,000 төгрөгөөс өмгөөлөгчийн хийсэн үйл ажиллагаанд 2,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг гаргуулах агуулгатай мэдэгдэл өгсөн байна.

Мөн өдөр хариуцагч Ц.Б Өмгөөлөгч Ц.Б би өмгөөллийн хөлсөнд авсан хөлснөөсөө өөрийн хийсэн ажлын хөлсийг тооцож хасаад үлдэгдэл мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариуг бичгээр өгсөн болох нь хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх14/

 

5.5. Нэхэмжлэгч Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ны зүгээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан Б.Тэмүлэнгэнгэс, Ц.Б нар хууль зүйн туслалцаа үзүүлэхгүй, мөнгө залилан авсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 588 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдсон. /1хх, 35/

Мөн нэхэмжлэгч Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ны зүгээс Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд ...өмгөөлөгч Ц.Бээс өмгөөллийн үйлчилгээ авахаас татгалзаж, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчингүй болгосон талаар хэрэгт хүсэлтээ гаргаж өгч, өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч өмгөөлөгч нь тухайн дүүргийн Ерөнхий прокурорт, мөн Улсын Ерөнхий прокурорын газарт миний өмнөөс гомдол гаргасан нь хуульчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл... гэж гомдол гаргасныг Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №20/27 дугаар Маргааныг хэрэгсэхгүй болгох тогтоол-оор ...өмгөөлөгч Ц.Бийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцсон тэмдэглэлүүд, хүсэлт гомдлууд, үйлчлүүлэгчтэй харилцсан цахим шуудан зэргээс үзэхэд хуульч Ц.Б нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм зөрчсөн болох нь нотлогдоогүй... гэх үндэслэлээр Ц.Бэд холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх, 37-39/

 

6. Талууд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эрх зүйн туслалцааны гэрээ байгуулж, хариуцагч Ц.Б нь Баянгол дүүрэгт хэрэг бүртгэлтийн 180504239 дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцсон, нэхэмжлэгч Ш.Б нь гэрээний урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.

Харин гэрээ цуцлагдсан эсэх, өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхэд маргасан.

 

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

8. Нэхэмжлэгч талаас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ цуцлагдсан үндэслэлээр өмгөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 2,000,000 төгрөгийг суутгаж, үлдэх 8,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хариуцагчаас гэрээгээр тохирсон ажлын 80 хувийг гүйцэтгэсэн үндэслэлээр үлдэх 30 хувь буюу 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

8.1. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2.-т Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно. гэж, гэрээний 1.2-т Гэрээний хэрэгжилтийн явцад аль нэг тал гэрээг цуцлах буюу түүнд өөрчлөлт оруулах тухай мэдээллийг авсан тал саналыг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд өөрчлөлтийг энэхүү гэрээнд тусгаж биелүүлнэ. Цуцлах тухай санал өгснөөс хойш аль нэг тал 5 хоногийн дотор хариу өгөөгүй бол гэрээг цуцалсанд тооцно гэж заасан байна.

Хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцааны гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, нэхэмжлэгч Ш.Бгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр гаргасан гэрээ цуцлах тухай саналыг хариуцагч Ц.Б зөвшөөрч, талууд гарын үсэг зурсныг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар гэрээ цуцлах тухай хэлцэл хийсэн гэж үзнэ.

 

8.2. Нэхэмжлэгч талаас үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцалсан талаар тайлбарласан боловч хэрэгт өмгөөлөгч Ц.Бийн үүргийн зөрчилтэй холбоотой баримт авагдаагүй, гэрээ цуцлах үндэслэлд дурдсан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамжны 103 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011477 дугаартай, хувийн сууц нь 2008 онд 27 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Ш.Буд, 2017 онд иргэн Б.Энхнарантай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр Б.Энхнарангийн өмчлөлд шилжин бүртгүүлсэн болох нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1262 тоот албан бичгээр, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 50 мянгатын 17 дугаар байрны 42 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003268 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь2007 онд бэлэглэх гэрээгээр Ш.Буд, 2017 онд бэлэглэх гэрээгээр Б.Саруулд шилжсэн болох нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1432 тоот албан бичгээр тогтоогдсон. /хх169, 216-220/

Түүнчлэн хариуцагч Ц.Бийн гаргасан ямар үүргийн зөрчил нь хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлсөн талаар нэхэмжлэгч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд хариуцагч Ц.Бийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас талуудын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцааны гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8.3. Иймд хариуцагч Ц.Бийг 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хохирогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан хэрэг бүртгэлтийн ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож, гүйцэтгэвэл зохих ажил үүргээ гүйцэтгэж байсан тул энэ хугацааны хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй.

Гэвч талууд 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрээг цуцлахад өмгөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэдэн төгрөгөөр үнэлэх тухай харилцан тохиролцоогүй, хариуцагч гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцсон болох нь тогтоогдсон тул шүүх хариуцагч Ц.Бээс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Ш.Бгаас Эрх зүйн туслалцааны гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан Эрх зүйн туслалцаа гэрээ-г 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цуцлагдсан гэж үзсэн, гэрээ цуцлах хүртэлх хугацаанд хариуцагч Ц.Б гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан гэж дүгнэсэн тул хариуцагч Ц.Б нь гэрээ цуцлах хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.Б нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолд тус Прокурорын газарт болон Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргасан үйл баримт тогтоогдсон боловч дээрх үйл баримт нь талуудын харилцан тохиролцож, гэрээг цуцалсан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хийгдсэн ажиллагаа байна.

Иймд хариуцагч Ц.Б нь нийт 32,000,000 төгрөгийн үнэлгээтэй ажил хийж гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй, гэрээ бүрэн хэрэгжиж дуусалгүйгээр 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр цуцлагдсан учраас үлдэх 30 хувийн төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Бээс 8,000,000 төгрөг гаргуулах тухай Ш.Бгийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Ш.Бгаас 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Бийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ