Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 38

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Н.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Хохирогч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 201613000051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Отгон сумд төрсөн, 42 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 10, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Улиастай сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт *******гийн ******* /РД: /

Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны үдэш 21 цаг 30 минутын үед Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн тоот хашаанд өөрийн гэртээ Х.*******ын зүүн суган тус газарт хутгалж цээжний хөндийг нэвтэлсэн шарх үүсгэн, цээжний хөндийд хий, цус хуралдсан гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...манай хадам аав манай гэрт хөлөндөө гуталгүй, оймс өмсчихсөн ороод ирсэн, тэгээд яасан бэ гэсэн чинь ******* согтуу ирчихсэн намайг ална гээд байна гэсэн, тэгээд удалгүй ******* манай гэрт хадам аавын араас орж ирээд намайг тамхиа өгчих гэхээр нь би татаж байсан тамхиа *******д өгсөн, тэгсэн чинь ******* чи их хүн зоддог хүн гэлүү гэхээр нь би *******ыг за чи дуугүй бай гэж хэлсэн, тэр үед ******* намайг юу гэнээ пизда минь гэхээр нь би орон дээрээс босож ирээд *******ын зүүн шанаа руу нь гараараа хоёр удаа цохиод барьцалдаж аваад байж байхад *******ын ханцуйнаас нь шаргал иштэй хутга газарт унасан, тэгэхээр нь энэ намайг алах гэж ирсэн юм байна гэж бодоод нөгөө хутгыг нь аваад *******ын зүүн далны орчимд нь 3 удаа хатгасан, тэгсэн чинь *******ын зүүн далнаас нь цус гараад байхаар нь би өөрөө цагдаа руу дуудлага өгсөн, тэгээд түргэн дуудсан. Түргэн ирэхгүй байхаар нь хашааны гадна гараад такси зогсоогоод *******ыг эмнэлэг рүү явуулаад өөрөө цагдаа нартай цагдаа дээр ирсэн. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, би архи уудаггүй, ******* их согтуу байсан... тухайн үед ******* над руу хутга барьж дайраагүй. Би *******ыг айлгах гэж хутгалсан. ...би өөрөө цагдаа дуудсан, тэгээд удалгүй эхнэр орж ирээд дахин цагдаа дуудсан байх. *******ын ханцуйнаас унасан шаргал иштэй хутга хадам аав ийн хутга. Х.******* архи уухаараа байнга агсам тавьдаг, манай гэрт бол агсам тавьж байгаагүй, архи уухаараа их агсам зантай юм байна лээ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хэрэг гарсны дараах байдлын талаар мэдүүлсэн түүний хадам аав Д., эхнэр Х. нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн тухайн үед өмсөж байсан гэх хувцсанд илэрсэн мөр, цус мэт зүйлээр бохирлогдсон байдал болон хэргийн нөхцөл байдлуудын талаар мэдүүлсэн гэрч Ж., М., Т. нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Түүнчлэн шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгтэйгээ ижил агуулгатай мэдүүлэг өгч хэргээ хүлээн, гэм буруугийн талаар маргахгүй байх тул түүний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Н.*******гийн үйлдлийн улмаас хохирогчиийн бие махбодид хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн “...Х.*******ын биед зүүн суганы арын шугамаар 4, 5 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хурсан... шарх гэмтэл, ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 201620145 дугаартай дүгнэлт, хохирогчид хийгдсэн мэс заслын тэмдэглэл, бусад эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна. Гэрч Д., Х., Ж., М., Т. нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Ийнхүү дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.******* нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны орой 21 цаг 30 минутын орчимд Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн МУИС-ийн Завхан сургуулийн дээд хэсгийн тоот хашаанд байх өөрийн гэртээ Х.*******ын зүүн суганд хутгалж цээжний хөндийг нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, цус хурсан хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Н.*******гийн гэм буруутайд тооцогдсон бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн үйлдлийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэсэн шинжтэй дүйцэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг “таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бол 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах ял хөнгөрч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын яллагч, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ялаас хүндэрсэн учир Н.*******д шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргаж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд хутга, мэс хэрэглэж хүнд гэмтэл учруулсныг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр заагаагүй байсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хутга, мэс хэрэглэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг шинээр гэмт хэрэгт тооцсон учир шүүгдэгч Н.*******гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заассан зүйлчилэлийг дээрх зүйл хэсгээр давж хүндрүүлэн зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Иймд улсын яллагчийн энэ дүгнэлтийг хүлээн авах үндэсгүй. Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******гийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шинэ эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй. Ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцох үндэслэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тогтоогдсон байдал зэргийн талаар тогтоолын дээрх хэсэгт дүгнэлээ. Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******г 13000/арван гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13000000/арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.*******д оногдуулсан 13000/арван гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13000000/арван гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшх 2 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.*******гийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 76/далан зургаан/ хоногийн 1/нэг/ хоногийг торгох ялын 15000/арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 1140000/нэг сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг торгох ялаас нь хассугай.

5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15/арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15000/арван таван мянган/ төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 6. Шүүгдэгч Н.*******д өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.******* нь тогтоол гарахын өмнө 76 хоног цагдан хоригдсон болохыг болон шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

7. Хохирогч Н.*******ыг шүүх хуралдаанд албадан ирүүлэхтэй холбоотой гарсан зардлыг Цагдаагийн байгууллага нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон самбай/марль/, цус мэт зүйлээр бохирлогдсон 00-ийн цаасны бөөгнөрсөн хэсэг 2 ширхэг, шаргал өнгийн иштэй 22.5 см урттай хутга, зүүн талын мөрний ар хэсэгтээ урагдалтай, цус мэд зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цамц/фудволк/-ыг тус тус устгасугай.

9. Шүүгдэгч Н.*******гийн эд хөрөнгө болох 290000 төгрөгний үнэлгээтэй HDZEROWER гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн хөлдөөгч, мөн 290000 төгрөгний үнэлгээтэй GOVRAJE гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн хөлдөөгчийг битүмжилсэн битүүмжлэлийг торгох ялыг биелэгдтэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ            Д.НЯМ