| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 102/2023/00805/И |
| Дугаар | 101/ШШ2024/00178 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2024/00178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.*******, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******** тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын /РД:*******/-д холбогдох,
40,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү /№0058/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрснөөр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Х.Даваахүүгийн хамт шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний нөхөр ******* овогтой нь 2022 оны 03 сарын 10-ны шөнө зам тээврийн ослоор нас барж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдсон.
Тухайн зам тээврийн осолд холбогдсон жолооч С. нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2 зүйл заалтыг зөрчсөн, гэм буруутай болохыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 709 тоот шийтгэх тогтоолоор тогтоосон.
Тухайн үед С. болон түүний ээж Р., түүний эмээ биднээс уучлалт гуйж ...Гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж илэрхийлсэн, хүүг минь харж үзэж ялыг нь хөнгөлж өгөөч гэж гуйхад нь С. дөнгөж 21 настай миний охинтой чацуу, мөн би 2 хүүтэй тул ид насандаа явж байгаа хүүхдийн ирээдүйг бодож гэм хорын хохирлыг сар, сараар багаар төлж барагдуулахаар тохирч тэдэнтэй гэрээ хийхийг зөвшөөрсөн.
2022 оны 07 сарын 03-нд гэм хор барагдуулах тухай гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж харилцан тохиролцсон боловч одоогоор ямар нэг санаачлага гаргахгүй, зөвхөн аргацаах хэлбэртэй байх тул гэм хорыг арилгахгүй нөхцөлд байгаа учир шүүхэд хандсан. Энэ тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 9-д тодорхой заасан.
Гэрээний дагуу 1.1-д заасан хорин сая /20,000,000/ төгрөгийг 2022 оны 10 сарын 03-нд төлөх, үлдэгдэл гучин сая /30,000,000/ төгрөгийг 2022 оны 10 сарын 25-наас 2023 оны 01 сарын 25-ны дотор сар бүр төлж барагдуулах ёстой байснаас одоогоор нийт 9,500,000 төгрөг өгсөн.
С. болон түүний ээж Р.оос удаа дараа гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардахад С. нь утсаа авахгүй ямар ч холбоогүй, ээж Р. нь одоо мөнгө өгч чадахгүй, та нар явдаг газраараа яв, миний хүү ямар ч ял шийтгэл авахгүйгээр гарах байсан гэх зэргээр доог тохуу хийсэн.
Гэм хорын хохирол барагдуулах тухай гэрээ байгуулж, наториатаар батлуулсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, гэрээгээр тохирсон хугацаа нь 2023 оны 12 сарын 25-ны өдөр дуусгавар болсон.
Гэрээ байгуулах болсон шалтгаан нь С. тухайн үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон. Ингээд эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирол, хор уршгийг арилгах үүднээс дээрх гэрээ, хэлцлийг байгуулах болсон юм. Ийнхүү учирсан гэм хорын хохирлыг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон нь шийтгэх тогтоолд дурдагдсан, энэхүү байдал түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болсон. Хүний амь нас хохирсон, хүнд хор уршгийн асуудал яригдсан учраас шийтгэх тогтоолын 8 дахь заалтад хохирлоо нөхөн төлөх хуваарийн талаар дурдаж гэрээг хүчин төгөлдөр болохыг баталгаажуулсан.
Шийтгэх тогтоолын дагуу гэм хорын хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байгаа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаас С.аас 40,500,000 төгрөг гаргуулах тухай С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2022 оны 03 дугаар сарын 10-ны шөнө С. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Г.ийг дайрч түүний амь нас хохирсон бөгөөд энэхүү үйлдэлдээ хариуцагч С. нь чин санаанаасаа гэмшиж, харамсдаг. Энэхүү хэрэгтээ С. нь шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн. Одоо ялаа эдэлж байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад С. нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 25,845,098 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
Мөн нэхэмжлэгч С.*******тэй гэм хорын хохирол барагдуулах тухай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний гол нөхцөл нь "талийгаачийн өв залгамжлагч, хүүхдүүдэд орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд зориулж 50,000,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах"-аар тохиролцсон болно. Ийнхүү тохиролцсоноос хойш 9,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд 40,500,000 төгрөгийг төлөөгүй нь үнэн.
Учир нь С. оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэх эд хөрөнгөгүй бөгөөд гэрээнд заасан хугацаанд энэхүү төлбөрийг төлж барагдуулах бодит боломжгүй байгаа болно. Хэр чадлаараа төлбөр төлж хохирлоо барагдуулахыг эрмэлзэж байгаа ч гэрээнд заасан хэмжээгээр төлөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж өгөхийг хүсч байна.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 709 дугаартай шийтгэх тогтоолоор С.ад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, одоо оногдуулсан ял шийтгэлийг эдэлж байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх үед С.*******тэй гэм хор арилгах гэрээг орон сууц худалдан авахад дэмжлэг болохын тулд 50,000,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож, үүний дагуу 9,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 40,500,000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримттай маргахгүй.
Тэрээр үлдэх хохирлыг өөрийнхөө чадлаар барагдуулна гэдгээ илэрхийлсэн, ээж нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа, тэрээр мөн адил хохирлын төлбөрийг төлж барагдуулахаар хичээн ажиллаж байна. Гэхдээ шууд нэг дор бүгдийг төлөх санхүүгийн боломжгүйгээс хуваарьт төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж гэрээний хувьд маргах зүйлгүй, харин тухайн гэрээний үүргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь шийтгэх тогтоолын 8 дахь заалтаар гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг, хор уршгийг тодорхой хуваарийн дагуу төлөхөө илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэдгийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд С.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн С.******* болон Р., С. нарын хооронд байгуулагдсан Гэм хорын хохирол барагдуулах тухай гэрээ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/709 дугаар шийтгэх тогтоол, 2023.11.19-ний өдөр өмгөөлөгч Х.Даваахүүтэй байгуулсан хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 1-11, 47/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн: 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр О.Аззаяад олгосон итгэмжлэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяагийн хариу тайлбар, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ж.*******д олгосон итгэмжлэл /хх-ийн 18-19, 27, 32/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/709 дугаар шийтгэх тогтоол, уг шийтгэх тогтоолд бичигдсэн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1173 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт /хх-ийн 67-86/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.ад холбогдуулан эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол барагдуулах гэрээний үүрэгт 40,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Хариуцагч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн, төлбөр төлөх санхүүгийн боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг талуудын хооронд 2022.07.03-ны өдөр байгуулагдсан Гэм хорын хохирол барагдуулах тухай гэрээ-ний дагуу 50,000,000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон, үүнээс 9,500,000 төгрөг төлсөн, үлдэх 40,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэм хорын хохирлыг шаардсан гэжээ.
4.а. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/709 дугаар шийтгэх тогтоолоор С.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэжээ.
4.б. Энэ гэмт хэргийн улмаас Г.ийн амь нас хохирсон байх ба шийтгэх тогтоолын 8-т:Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг тодорхой хуваарийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг,
9-т:Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсан байна.
5. Хариуцагч нь гэм буруугийн талаар, түүнчлэн гэм хорын хохирол барагдуулах гэрээ байгуулагдсан талаар, уг гэрээний дагуу 9,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 40,500,000 төгрөг төлөөгүй байгаа талаар тус тус маргаагүй боловч хохирлын асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн, төлбөр төлөх санхүүгийн боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.
5.а. С.ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******, шүүгдэгч С., иргэний хариуцагч Р. нар Гэм хорын хохирол барагдуулах тухай гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр хохирлын хэмжээ болон төлөх хуваарийн талаар тохиролцжээ. /хх-ийн 3/
5.б. Шүүх С.ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гэм хорын хохирол барагдуулах гэрээ байгуулсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийг тодорхой хуваарийн дагуу нөхөн төлөхөө илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэсэн байна.
5.в. Мөн шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1173 дугаар гүйцэтгэх хуудсанд С.аас гэм хорын хохирол гаргуулан хохирогчид олгохоор тусгагдаагүй байхаас гадна дээрх шийтгэх тогтоолын дагуу хийгдэж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүнээс хохирол гаргуулсан үйл баримт тогтоогдсонгүй. /хх-ийн 67-86/
5.г. Үүнээс үзэхэд С.ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд түүнийг гэм хорын хохирлыг бүрэн арилгасан гэж дүгнээгүй нь тогтоогдож байх тул шүүх хохирлыг шийдвэрлэсэн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
5.д. Түүнчлэн С.ыг төлбөр төлөх боломжгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.
6. Иймд хариуцагч С.*******ээс 40,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.
7. Шүүх хуралдаанд оролцвол зохих иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-т зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. /хх-ийн 36-37, 46, 56/
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 360,450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч С.аас 40,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 360,450 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Т.ЭНХЖАРГАЛ