Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/00116

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 09 181/ШШ2024/00116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..... , Б овогт Д.Э /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... байрлах, М ТӨХК /РД:5214203/-д холбогдох,

М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.09.08-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие М ТӨХК-д 2020 оны 09-р сард хуулийн мэргэжилтэнээр ажилд орж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш гэрээний мэргэжилтэн албан тушаалтай ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг гаргалгүй ажиллаж ирсэн.

Гэтэл М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... тушаалаар намайг ажлаас халсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалж буй мэдэгдэх хуудсыг нийт ажилтнуудад өгсөн. Энэхүү мэдэгдэх хуудсаар орон тоо цөөрсөн гэж мэдэгдэж, цөөрсөн орон тоон дээр томилсон мэргэжилтэнүүдийг ямар шалгуур, шаардлагыг үндэслэл болгон томилсон нь тодорхойгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Ажил олгогч нь эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор өөр ажил, албан тушаал санал болгон ажиллуулах үүргээ биелүүлээгүй.

М ТӨХК нь нийт 690 орон тоотой байсан бөгөөд Т-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор 550 орон тоотой болгож, 150 гаруй албан тушаалтан халсан буюу бөөнөөр халсан. Бөөнөөр халах хуулийн журам зохицуулалтыг хэрэгжүүлээгүй.

 М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр тушаалаар бүгдийг ажлаас чөлөөлөөд, мөн өдрийнхөө .... дугаар тушаалаар буцаагаад ажилд нь томилсон бөгөөд ийнхүү томилохдоо ихэнх хүмүүсийг дахин томилоогүй. Мөн зарим хүмүүс дээр нэг нэгээр нь ажлаас халах тушаалыг гаргаж өгсөн.

Урьд нь гэрээний мэргэжилтэн 3, хуулийн мэргэжилтэн 4, үүнийг хариуцсан 1 ахлах мэргэжилтэн, хууль эрхзүйн газар /хэлтэс/-ийн менежер 1 гэсэн орон тоотой байсан. Орон тоо цөөрүүлээд баталсан тушаалаас нь үзвэл хууль, эрх зүйн мэргэжилтэн 2, гэрээний мэргэжилтэн 1, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 1 гэсэн орон тоотой байна.

Гэрээний мэргэжилтний орон тоог цөөрүүлээд 1 ажилтныг ямар шалгуураар үлдээсэн нь тодорхойгүй, сонгон шалгаруулалт явуулаагүй. Нөгөө талаар энэ хүн нь шинээр ажилд орсон хүн байсан. Гэтэл дахиад 1 хүн шинээр авсан байгаа.

Иймд М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгож, намайг гэрээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж өгнө үү мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ТӨХК-иас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Э нь М ТӨХК-д 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б/214 дугаар тушаалаар Хууль, эрх зүйн газарт хуулийн мэргэжилтнээр томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан. М ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалтыг Т-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор баталсан.

Үүний дагуу Хуулийн алба нь нийт 9 орон тоотой байсан нь тус тогтоолыг баталснаар Хуулийн алба нь татан буугдаж Захиргаа, удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст харъяалагдан гэрээний мэргэжилтэн-1, хуулийн мэргэжилтэн-2 нийт 3 орон тоотой болж ажлын байр цөөрч бүтэц, орон тоо батлагдсан.

Т-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар М ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдаж, бүтэц орон тоо 119 /нэг зуун арван ес/-өөр хасагдсан.

М ТӨХК-ийн зүгээс дээрх шийдвэрийн дагуу ажилтан бүрд 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар ажлын байр хасагдсан, цөөрсөн ажилтнуудыг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр цөөрсөн буюу тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа, удирдлагын газрын Хууль, эрх зүйн албаны гэрээний мэргэжилтний ажлын байр цөөрсөн үндэслэлээр Д.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг тогтоолгон авсан атлаа М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй байна.

Гэрээний мэргэжилтний 1 орон тоонд ажиллаж үлдсэн хүн нь 2023 оны 1 сард ажилд орсон байсан. Гэрээний мэргэжилтэн 3 байсан, н.О хуулийн мэргэжилтэн байсан бөгөөд яагаад гэрээний мэргэжилтэн болж үлдсэнийг мэдэхгүй. Гэрээний мэргэжилтэн-1 орон тоонд хуулийн мэргэжилтэн 1 үлдсэн, хуулийн мэргэжилтнээр гаднаас 2 хүн нэмж авсан. Хэнийг гэрээний мэргэжилтнээр авч үлдэх нь гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.

М ТӨХК нь нийт 669 орон тоотой байснаас 550 орон тоотой болж, нийт 119 орон тоо цөөрсөн, эдгээр ажлын байранд ажиллаж байсан хүмүүс бүгд өргөдлөө өгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, 7 хүн л өргөдлөө өгөөгүй. Иймээс 7 хүнийг ажлаас халах тушаал гаргасан учраас бөөнөөр халах зохицуулалтад хамааралгүй.

Иймд М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар тушаал нь хуульд тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхний лавлагаа, 2023.01.02-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар Д.Э-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааныг 2023.10.05-ны өдрийн .. дугаар тэмдэглэл, 2023.08.08-ны өдрийн ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас, Д.Э-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Монголын төмөр зам ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, М ТӨХК-ийн дүрэм, Т-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар бүтэц, орон тоо баталсан тогтоол, 1, 2 дугаар хавсралт, М ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам,  М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, мөн өдрийн .... дугаар Ажилд томилох тухай тушаал, хавсралт,  М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, 1, 2 дугаар хавсралт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь М ТӨХК-д холбогдуулан М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.09.08-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагчийг ажлаас үндэслэлгүй халсан гэх үндэслэлээр дээрхи нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э нь М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар Д.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, 2023.10.05-ны өдрийн .. дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2023.10.06-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1заасан 30 хоногийн дотор гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 2 ар тал, 8-10 хуудас/

Д.Э нь 2020 оноос эхлэн М ТӨХК-д ажилласан бөгөөд 2023.01.02-ны өдрийн 23/144 дугаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой байгуулж, гэрээний мэргэжилтэн-ээр ажиллажээ. /хавтаст хэргийн 5-7 хуудас/

 

2. М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар Д.Э-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар тус компанийн шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Захиргаа, удирдлагын газрын Хууль зүйн албаны Гэрээний мэргэжилтэн ажлын байр цөөрсөн тул Д.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.09.08-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлжээ. /хавтаст хэргийн 8 хуудас/

 

Т-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоол, 1, 2 дугаар хавсралт, М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тогтоол, 1, 2 дугаар хавсралт зэргээр М ТӨХК-ийн бүтэц, орон тоо 550 ажилтантай байхаар баталжээ. /хавтаст хэргийн 51-58,83-.. хуудас/

 

3. Талууд бүтэц, орон тоо шинээр батлагдсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нийт 690 орон тоотой байсныг 550 болгож, ажлын байрыг 150 орчимоор цөөрүүлсэн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 669 орон тоотой байсныг 550 орон тоотой болгож, 119 ажлын байрыг цөөрүүлсэн гэж тус тус тайлбарлаж байна.

 

М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралтаар 461 хүнийг ажлаас чөлөөлж, мөн өдрийн .... дугаар Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралтаар 463 хүнийг ажилд томилсон байна. /хавтаст хэргийн 68-82 хуудас/

Уг тушаалуудад нэхэмжлэгч Д.Эын нэр байхгүй байгаа тул ажлын байр цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст уг тушаалууд хамааралгүй гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 81 дүгээр зүйлийн 81.1.Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн, ажлын байр хасагдсан үндэслэлээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дараах хувь, хэмжээний ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 90 хоногийн хугацаанд цуцалсныг бөөнөөр халсанд тооцно гээд 81.1.3.500 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын 50 ба түүнээс дээш ажилтны гэж заасан.

 

Зохигчийн дээрх тайлбараас үзэхэд М ТӨХК нь бүтэц, орон тоог шинэчлэн баталж, 119-өөс 140 орчим ажлын байрыг цөөрүүлсэн байх тул ажилтнуудыг бөөнөөр халсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 81 дүгээр зүйлийн 81.2.Ажил олгогч ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, энэ хуулийн 81.3-т заасан асуудлаар хэлэлцээ хийнэ гэж, мөн зүйлийн 81.3.Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж тус тус заасныг М ТӨХК хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн байна.

 

4. Нэхэмжлэгч Д.Э нь гэрээний мэргэжилтэн 3 байсныг шинэ бүтэц, орон тоогоор 1 болгосон гэж байгаа боловч хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 1 гэсэн шинэ орон тоо бий болгосон нь гэрээний мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт хамаарна, иймээс миний хувьд ажлаас чөлөөлөгдөх шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байгааг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н гэрээний мэргэжилтэн 1 орон тоонд 2023 оны 1 сард ажилд орсон хүнийг авч үлдсэн, мөн н.О хууль, эрхзүйн мэргэжилтэн байснаа гэрээний мэргэжилтэн болж үлдсэн, хуулийн мэргэжилтнээр гаднаас 2 хүн нэмж авсан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ТӨХК нь 2022-2023 оны бүтэц, орон тоогоор гэрээний мэргэжилтэн хэд байсан, гэрээний мэргэжилтний ажлын байранд хэн хэн ажиллаж байсан, Т-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар тогтоолоор батлагдсан бүтэц, орон тооны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн 1 гэсэн ажлын байр, гэрээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод хамаарах эсэхийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд Д.Эыг Гэрээний мэргэжилтэн ажлын байр цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн орон тоог цөөрүүлсэн бол тухайн орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг сонгон шалгаруулж тухайн ажлын байранд хэнийг үлдэхийг шийдвэрлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

5. Дээрхи үндэслэлээр М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар Д.Эын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Эыг Гэрээний мэргэжилтний ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч М ТӨХК-иас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасанд нийцнэ.

 

6. Нэхэмжлэгч Д.Эын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу сүүлийн 3 сараар сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход 2,310,795 төгрөг төгрөг байна. /хавтаст хэргийн 93 хуудас/

Ажилгүй байсан хугацааг тушаал гарсан 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 3 сар 22 хоногоор тооцоход 9,296,901 төгрөг /1 сар 2,310,795 төгрөг, 1 өдөр 107,478 төгрөг/ 2,310,795 : 21,5 хоног = 107,478 төгрөг, 2,310,795 х 3 сар = 6,932,385 төгрөг, 107,478 х 22 хоног = 2,364,516 төгрөг, 6,932,385 + 2,364,516 = 9,296,901 төгрөг/ болж байх тул 9,296,901 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч М ТӨХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9,296,901 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу тооцож 163,700 төгрөг, нийт 233,900 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснйг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч М ТӨХК-ын гүйцэтгэх захирлын 2023.09.07-ны өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Эыг М ТӨХК-ын Гэрээний мэргэжилтэн ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч М ТӨХК-аас 9,296,901 /есөн сая хоёр зуун ерэн зургаан мянга есөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулж Д.Эт олгож, Д.Эын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч М ТӨХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар М ТӨХК-аас 233,900 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА