Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/150

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Хохирогч *******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор сумын 3-9-31 тоотод иргэн *******тэй маргалдан улмаар баруун гарын эрхий хурууг мушгиж мулталсан, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Ахмадын өргөөний хойд талд гудамжинд иргэн *******гийн эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор сумын 3-9-31 тоотод иргэн *******тэй маргалдаж баруун гарын эрхий хурууг мушгиж мулталж биед нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг Ахмадын өргөөний хойд талд гудамжинд иргэн *******гийн эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь ...

Хохирогч *******гийн ... ******* нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны орой 17 цаг өнгөрч байхад шал согтуу орж ирээд манайд хоол унд идчихээд байж байгаад намайг хоёулаа бүжгэнд явъя гэхээр нь би за гээд бид 2 бүжгэн дээр очсон. Тэгээд орой бүжигнээс 22 цаг өнгөрөөгөөд тараад гэрлүүгээ явж байгаад чи намайг гарыг чинь эвгүй болгосныг хүүхэддээ хэлсэн байна гээд намайг хавирга руу өшиглөөд, өвдөглөөд, нүүрлүү гараараа цохиж зодсон. Мөн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* бид хоёр хоорондоо маргалдаад би түүнийг энгэрээс нь хувцасных нь захнаас заамдчихсан байсан чинь миний гарыг мушгичихсан чинь миний баруун гарын эрхий хуруу мултарчихсан юм. Одоо гар арай л гайгүй болж байгаа. Үүнийг л манай хүүхэд Мягмарсүрэн яах гэж ээжийн гарыг гэмтээсэн юм бэ гээд *******д хэлсэн юм шиг байгаа юм. Ингэж хэллээ гэж намайг зодсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч ийн ... манай эгч Бат-Өлзий нь *******д зодуулсан гэж надад ярьж байсан. Зодохдоо нүүрлүү цохиж зодсон, мөн гарыг нь гэмтээсэн гэж хэлж байсан. Бат-Өлзий эгч надад хэлэхдээ бүжигнээс тараад гэрлүүгээ явж байхдаа хардаад зодсон гэж хэлсэн. Гарынх нь эрхий хурууг маргалдаж байгаад хойш нь дарчихсан гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/,

Шинжээч эмч ын ... 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт *******гийн биед баруун гарын эрхий хурууны 2-р үений хуучин хагас мултрал, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгт баруун нүд, баруун гарын зөөлөн эдийн няцрал, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгт баруун гарын хуучин мултрал гэсэн үзлэгүүд байсан. Дүгнэлтэнд *******гийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд доод зовхи, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун гарын эрхий хурууны 2-р үений хуучин хагас мултрал нь гэмтэл учирсан үедээ гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна. *******гийн биед учирсан баруун гарын эрхий хурууны 2-р үений хагас мултрал гэмтэл нь учирсан үедээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Шүүгдэгч Б.*******гийн ... 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Бат-Өлзий бид 2 цуг бүжгэнд орох гээд Ахмадын өргөө рүү явсан ба тэгээд орой бүжигнээс тараад явж байгаад би эгчийндээ очиж хонолоо чи гэрлүүгээ яв гэсэн чинь намайг явуулахгүй гээд зууралдаад байхаар нь би гараа тавиулах гээд гараа хойш татсан чинь нүүрэн дээр нь оночихсон юм. Тэр өдөр Бат-Өлзий бид 2 хоёулахнаа явж байсан өөр хүн байгаагүй. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Бат-Өлзий бид 2 гэртээ бас маргалдаад намайг явна гэсэн чинь явуулахгүй гээд хувцас урчих гээд хувцаснаас зуурчихаад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гээд гарыг нь мушгичихсан чинь гар эвгүй болчихлоо гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 294 дугаартай шинжээчийн ... *******гийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, баруун эрхий хурууны мултрал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун зовхи, баруун гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн *******гийн биед 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хэрэгт хохиролтой холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн нотлох баримт авагдаагүй, хохирогч ******* нь хохирлын талаархи баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсан тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгон эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг болон эрүүл мэндийн картыг хохирогчид буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******гийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг болон эрүүл мэндийн картыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч *******д буцаан олгосугай.

7. Хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА