Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

О.Галравт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Х.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/287 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн О.Галравт холбогдох 2022001850118 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1951 оны 08 сарын 10-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 69 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт гарсан, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3-р баг, Овоот хонд гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Цэцээ гүн овгийн Онолтын Галрав /РД:ЗД51081014/

Шүүгдэгч О.Галрав нь “...2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ерөнхий боловсролын сургуулийн урд талын талбайд 99-23 ДУА улсын дугаартай, Toyota succeed маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ иргэн М.Балжиннямыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч нь сумын эрүүл мэндийн төвд хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барж амь нас нь хохирсон...” гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Галравт холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2022001850118 дугаартай хэргийг прокурорт буцааж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Галравт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэхүү захирамжийг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Галравт холбогдох эрүүгийн 2022001850118 хэргийг /жолооны үнэмлэх/ хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/287 дугаартай шүүгчийн захирамжаар тус хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэхдээ “...мөрдөгч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд магадалгааг гаргасан боловч магадалгаанд дурдагдсан нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Галрав нь хөдөлгөөн эхлэх болон хөдөлгөөний чигийг өөрчлөх явцдаа зам тээврийн осол гаргасан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна. Шүүгдэгч нь амь хохирогчийн эсрэг зүгт хөдөлгөөн эхэлж улмаар хөдөлгөөний чиглэлээ амь хохирогчийн зогсож байсан зүг рүү өөрчлөн, хөдөлгөөнөө үргэлжлүүлэх явцдаа осол гаргасан байна. Иймд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан, хүчин зүйлийн талаар шинжээч томилох шаардлагатай байна” гэжээ.

Гэтэл хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон магадалгаагаар О.Галрав нь тээврийн хэрэгслийг хөдөлгөж эхэлсэн үеэс огцом хаазтай хөдөлж зогсоох арга хэмжээг авч чадахгүй байсаар осол гаргасан гэдэг нь тогтоогддог. Мөн зогсоох арга хэмжээг авч чадахгүй байсаар сургуулийн хашааг мөргөж орсон байдаг. Иймээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр”, мөн зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг нь нотлогдож байна гэж үзэх үндэстэй гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/287 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Дундговь аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Х.Мөнхбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Онолтын Галравт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокуророор оролцож байна. Шүүгчийн захирамжид заагдсан үндэслэлийн дагуу прокурорын зүгээс үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан. Энэ хэрэгт техникийн шинжээчийн дүгнэлт өмнө нь мөрдөн байцаалтын шатанд гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд мөрдөгч магадалгаа гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ноцтой зөрчсөн зүйл байхгүй. Мөн шүүхээс гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч, амь хохирогч нарын хувьд шүүгдэгчийн санаатай үйлдсэн гэдэг юм уу, хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж үзэх ямар ч үндэслэл хавтаст хэрэгт харагдахгүй байгаа. Нэг нутаг усны хүмүүс байж байгаа. Санаатай очиж дайрч алсан гэдэг юм уу ийм нөхцөл байдлууд шүүгдэгч, амь хохирогч нарын хоорондын харилцаа, хувийн байдал зэргүүдийг тогтоосон энэ зүйлүүд дээр үгүйсгэгддэг юм. Тэгэхлээр прокурорын зүгээс гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох шаардлагагүй. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан энэ гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Тэгэхээр шүүхийн буцаагаад байгаа шинжээч томилох шаардлагатай, хааз гацсан гэдэг үндэслэлээр шүүгдэгч шүүхийн шатанд мэдүүлэг өгсөн байдаг. Энэ дээр үндэслээд шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай, туршилт хийх үндэслэлээр анхан шатны шүүхээс буцаагдсан гэж ойлгогдож байгаа. Энэ бол хэрэг шийдэгдэхэд, хэргийн зүйлчлэл хийгдсэн ч байсан ач холбогдолгүй юм. Хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм гэж үзсэн. Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн энэ санал, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 39.9.1.3 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаасан шүүгчийн 278 дугаартай захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Яллагдагчийн өмгөөлөгчийн гомдолд үндэслэн Цэцээ гүн овогт Онолтын Галравт холбогдох хэргийг хянан үзэв.

         Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь гомдлыг хянахдаа тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянах чиг үүрэгтэйг хуулиар заан зохицуулжээ.

           Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэхэд эргэлзээ бүхий гэж үзэх зарим нэг асуудлын талаар шинжээч томилох шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

        Үүнийг өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа ч шүүхийн энэхүү шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоох”, 2.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг” заавал шинжээч шинжилгээ хийлгэж, тогтоохоор зохицуулжээ. Энэ талаарх мөрдөх байгууллагын ажиллагаа хууль зүйд нийцээгүй байх бөгөөд тухайн хэрэгт болсон шинж байдлыг, түүнд нөлөөлсөн байж болох нөхцөл байдлыг мөрдөгчийн магадалгаагаар нотлох гэсэн нь учир дутагдалтай нэг талыг барьсан шинжтэй бөгөөд энэ талаар шүүхээс тавьсан шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэрэг үйлдсэн нөхцөл, санаа зорилго үйлдэл бүрийг шалган тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, 2-т заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд ...хуульд заасан бүх арга хэмжээг авч... нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хуулийн заалт шаардлага хангагдах ёстой.

            Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт хийгээгүй шаардлагатай нотлох баримтууд цугларсан эсэхэд эргэлзээтэй, энэхүү гэмт үйлдлийн шалтгаан нөхцөл нь огт тодроогүй гэж үзэхээр байгааг анхаарах ёстой.

            Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээв.             

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/287 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.   
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                              Ш.ТӨМӨРБААТАР