Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/00249

 

 

 

 

 

 

 

2024 01 09

101/ШШ2024/00249

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  тоот хаягт байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух М-д холбогдох,

Гэрээний үүрэгт 43,777,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Манай компани нь төмөр хийцийн худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. 2018 оноос иргэн Ц.Мтай хамтран ажиллаж ирсэн. Ц.М нь манай компаниас лист, төмөр, экскаваторын шанага худалдаж авсан байдаг. Манай компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Бтай найз гэх шалтгаанаар итгэлцлийн журмаар гэрээ байгуулахгүйгээр ган төмөр хийцийн экскаваторын шанага хийж, түүнийг нь худалдан авдаг байсан. Ингээд 46,777,928 төгрөгийн худалдан авалт хийгдсэн боловч 3,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 43,777,928 төгрөгийг өгөөгүй. Энэ төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа уулзалтыг хийж байсан боловч үр дүнд хүрээгүй.

Ингээд 2022 оны 8 дугаар сарын 9-ны өдөр талууд уулзаж, тооцооны үлдэгдлийн баталгааг баталгаажуулсан. Тухай тооцооны үлдэгдлийг баталгаажуулахад хариуцагч Ц.М болон манай компанийн нягтлан бодогч н.А нар байлцсан байдаг. Тухайн үлдэгдлийг сарын дотор төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Компанийн зүгээс тус дүүргийн шүүхэд хариуцагчаас 43,777,928 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Хариуцагч тал манайхаас авсан худалдан авалттай холбоотой маргахгүй байна гэж ойлгож байна. харин 15 сая төгрөгөөр засвар хийсэнтэй холбоотой Худалдан авах гэрээтэй холбоотой бол хариуцагч тал маргахгүй байх шиг байна. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд 15 сая төгрөгийн шанаганы засвартай холбоотой асуудал яригддаг. Гэхдээ тэр 15 сая төгрөгийн төлбөрт багтсан буйл, тоноглолууд гэх хэсэг нь асуудалгүй гэж ойлгож байна.

Хариуцагчаас доголдлын талаар ярьж байх боловч тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Талууд 2022, 2023 онд уулзаад, тооцооныхоо үлдэгдлийг баталгаажуулаад, доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан бол яагаад хэлээд тэрийгээ хасуулаад явахгүй яагаад тооцоо нийлээд яваад байдаг юм бэ. 5,6 жилийн дараа шанага эвдэрсэн гэж яриад байгааг ойлгохгүй байна. Иргэний хуульд зааснаар үүнтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа нь өнгөрсөн.

Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр боох 43,777,928 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд 2016 оноос Т компанитай хамтран ажилладаг байсан. 2018 онд 34,112,928 төгрөгийг өртэй байсан, Үүнээс 5,000,000 төгрөгийг төлөөд, 29,112,928 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 2 экскаваторын шанага янзлуулсан, 2019 онд дахин нэг шанага хийлгэсэн. Ингээд нийт 46,777,928 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 3 сая төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 7-ний өдөр 2 сая төгрөг өгсөн. Мөн дахин 2 сая төгрөгийг өгсөн.

Гэтэл дээрх засварлуулсан, хийлгэсэн шанага нь эвдэрсэн. Засварлаж өгнө гэсэн боловч засаж өгөөгүй. Иймд хоёр шанага засварлуулахад зарцуулсан 30 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин үлдсэн 13,700,000 төгрөгөөс нийт 7 сая орчим төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 6,300,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт, харилцагчийн тооцооны тайлан гэх баримтуудыг гаргаж өгсөн. Мөн шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Х.Э, И.С нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ц.Мад холбогдуулан тооцоо нийлэх актыг үндэслэн гэрээний дагуу төлөх төлбөрт 43,777,928 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг, хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн материалын үнийн үлдэгдэл төлбөр болох 43,777,928 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3.Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийн захиалгын дагуу төмөр лист, материалыг худалдан авч экскаваторын шанага хийж өгдөг ба хариуцагчаас үнэ төлөх үүргийг хүлээсэн гэж үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчээс лист төмөрөөр экскаваторын шанага хийлгэдэг байсан бөгөөд 2018 онд үлдэгдэл төлбөр нь 34,112,928 төгрөг байсан ба 2019 оны 01 сарын 18-ны өдөр дахин Харддокс гэх лист төмөр худалдан авч 15,000,000 төгрөгөөр экскаваторын шанага дахин хийлгэсэн гэж тайлбарлаж байна.

4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүэлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга, зорилго зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн зардлаар хариуцагчийн хүссэн эд зүйл болох экскаваторын шанагыг үйлдвэрлэж, түүнд хүлээлгэн өгөх, хариуцагчаас түүнд тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг зааснаар ажил гүйцэтгэгч тал нь гэрээний үүрэг буюу хөлс төлөх үүргээ биелүүлэхийг захиалагч талаас шаардах эрхтэй байна.

5.Хариуцагчаас 2018 оны үлдэгдэл төлбөр болох 34,112,928 төгрөгөөс 5 сая төгрөгийг төлсөн ба 29,112,928 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ингээд 2019 оны 01 сарын 18-ны өдөр лист төмөрөөр Харддокс гэх экскаваторын шанагыг 15 сая төгрөгөөр хийлгэж үлдэгдэл төлбөр 44,112,928 төгрөг болсон боловч дээрх шанаганууд нь эвдэрчихсэн тул 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаар гэрээний зүйл болох экскаваторын төмөр шанага нь эвдэрсэн доголдолтой гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагчаас үлдэгдэл төлбөр болох 13 сая орчим төгрөгөөс Болормаа гэх хүний дансанд хэд хэдэн удаагийн шилжүүлгээр 7 сая төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр болох 6,300,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг өөрөө нотолох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон доголдолтой эд хөрөнгө байсан болон төлбөр төлсөн гэх үйл баримтууд нотлогдохгүй байна.

6.Харин тооцооны үлдэгдэлийн баталгаа, харилцагчийн тооцооны товч тайлан гэх баримтуудаар хариуцагч Ц.М нь 43,777,928 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна /хх-ийн 4 дүгээр тал/

7.Гэрч И.С, Х.Э нар хэн аль нь уурхай дахь экскаваторын шанага эвдэрчихсэн байсан гэж мэдүүлж байх боловч гэрчийн мэдүүлгээр тухайн шанага нь нэхэмжлэгчийн хариуцагчид гэрээний дагуу хүлээлгэн өгсөн эд зүйл мөн эсэх, доголдлын хэр хэмжээ, үнийн дүнг тодорхойлох боломжгүй байна.

8.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Маас 43,777,928 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Маас 43,777,928 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Ц.Маас 376,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА