| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2023/04443/И |
| Дугаар | 181/ШШ2024/00301 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2024/00301
2024 01 22 181/ШШ2024/00301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ......... Б овогт О.Ж /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... давхарт байрлах МК ХХК /РД:.../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 46,699,170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, В.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч МК ХХК -д холбогдуулан гэрээний үүрэгт 46,699,170 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...хариуцагч МК ХХК -ийн захиалгаар барьж буй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах ПА орон сууцны хотхоны Б блок, 1 дүгээр орц, 4 дүгээр давхар, 402 тоот, 53,92 м.кв талбайтай, 2 өрөө байрыг бариулах гэрээг 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Тухайн гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт 46,699,170 төгрөгийг төлсөн. Хариуцагч орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн.
Барилга угсралтын ажлыг хариуцагч компани хугацаандаа оруулаагүй, тухайн үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул харилцан тохиролцож орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсан актыг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, орон сууц захиалан бариулах гэрээний эх хувийг хариуцагчид буцаан өгсөн. Гэрээ цуцалсан актын дагуу орон сууцны барилгын төлбөрт урьдчилан төлсөн 46,699,170 төгрөгийг 90 хоногийн дотор буцаан төлөхөөр тохиролцсон билээ.
Төлбөр төлөх 90 хоногийн хугацаа нь 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон боловч төлбөр төлөх үүргээ гүйцэтгэхгүй дахин гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.
Иймд хариуцагчаас 46,699,170 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар гаргаагүй.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Х, В.А нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, МК ХХК -тай байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ПЗ-Б-01/21-110 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ /хувилсан хувь/, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Гэрээ цуцалсан актийн хуулбар /хх 2-9/-ыг
3.2. Хариуцагчаас: МК ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.А, Б.О нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 12-14, 28-30/-ийг тус тус гаргаж өгсөн.
3.3. Нэхэмжлэгчийн талын хүсэлтээр: тус шүүхийн шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/01282 дугаар захирамжийн дагуу МК ХХК -иас О.Ж той байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ПЗ-Б-01/21-110 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээг, хавсралтын хамт /хх 37-43/ бүрдүүлсэн.
3.4. Хариуцагчийн талын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч О.Ж , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар нь хариуцагч МК ХХК -иас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан ПЗ-Б-01/21-110 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн Гэрээ цуцалсан актын дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 46,699,170 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хариу тайлбараа гаргаагүй байна.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
4.1. Талууд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр ПЗ-Б-01/21-110 дугаар Орон сууц захиалан бариулах нэртэй гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр гүйцэтгэгч тал буюу МК ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, ПА хорооллын Б блокны 1 дүгээр орц, 4 давхрын 53,92 м.кв талбайтай 2 өрөө бүхий 402 тоот орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч буюу О.Ж нь гэрээгээр тохирсон хөлс 97,056,000 төгрөгийг төлөхөөр, ингэхдээ гүйцэтгэгч нь гэрээний 3.2-т зааснаар уг орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч нь гэрээний 2.2-т зааснаар төлбөрийн урьдчилгаа 29,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 68,056,000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 25-наас 2029 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 708,000 төгрөгөөр төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
4.2. Гэрээний дагуу нэхэмжлэгч орон сууцны урьдчилгаа төлбөрт 46,699,170 төгрөг төлсөн, хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйд хэн аль нь маргаагүй болно.
4.3. Үүний дараа талууд 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрээ цуцалсан протокол үйлдэж, хариуцагч 46,699,170 төгрөгийн буцаан олголтыг 90 хоногийн дотор нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон боловч дээрх хугацаанд төлөөгүй байна.
5. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурж мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ...-ийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, энэ талаар зохигчид гэрээ цуцлах тухай протокол үйлдсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 46,699,170 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч МК ХХК -иас 46,699,170 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ж ид олгох үндэслэлтэй байна.
6. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
7. Нэхэмжлэгч О.Ж нь хариуцагч МК ХХК -д холбогдуулан тус шүүхэд 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.
Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-од 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан 14 хоногийн хугацаанд буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй талаар тайлбарласан хэдий ч хариуцагч хуульд заасан хугацаанд тайлбар, татгалзсан үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.О солигдож оролцох болсонтой холбогдуулан хэргийн материалтай танилцах эрхийг нь хангаж, боломжит хугацаа олгох үүднээс оролцогчдын хэн алины саналыг харгалзан дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулсан.
Гэвч шүүх хуралдааны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2024 оны 1 дүгээр сарын 19-нөөс 25-ны өдөр хүртэл Дорнод аймгийн Хэрлэн сум руу албан томилолтоор явж байна... гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг, МК ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А-001/005 дугаар Албан томилолтоор ажиллуулах тухай тушаалын хамт ирүүлсэн. Уг тушаалд Б.О ийг ТА төслийн гэрээг шивэх ажилд томилсон гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ийнхүү ирээгүйг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна. Учир нь, дараагийн шүүх хуралдааны товыг түүний саналыг харгалзан тогтоосон ба тэрээр өөрт олгогдсон боломжит хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүйн гадна, солигдон оролцож буй төлөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй, шуурхай оролцох үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд тусгайлсан хугацааг шинээр олгох үндэслэл болохгүйг анхаарах учиртай.
Нөгөөтээгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхээ эдлэхдээ үүргээ мөн хэрэгжүүлэх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй оролцох ёстой боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, хүсэлт түүнд хавсарган ирүүлсэн баримтад тусгагдсан шалтгаан зэрэг нь шүүхийг үл хүндэтгэсэн байдалтай байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн хүсэлтийг хангахгүй орхиж, дээрх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МК ХХК -иас 46,699,170 /дөчин зургаан сая зургаан зуун ерэн есөн мянга нэг зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Ж ид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 391,500 /гурван зуун ерэн нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН