Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2022/00158/И |
Дугаар | 150/ШШ2023/00194 |
Огноо | 2023-11-22 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 150/ШШ2023/00194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, * дүгээр баг, “***” ***-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...**ь миний бие 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "***" ХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулан гүйцэтгэх Захирлын Б/381 дугаар тушаалын дагуу Хангамж, маркетинг борлуулалтын хэлтэст Хангамжийн инженерээр томилогдон ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд "***" ***-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаал гарч намайг албан тушаал буулган Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилж, гэрээ байгуулах үүргийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон байдаг. Миний бие дээрх тушаал шийдвэртэй танилцаж гомдол гаргахаар бэлдэх явцад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б/230 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж надтай бууруулсан албан тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсныг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээн авсан болно. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогч нь өөрийн бэлтгэсэн гэрээний төслийг ажилтанд танилцуулж, баталгаажуулалгүйгээр гэрээний заалт болон хөдөлмөрийн ноцтой зөрчлийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тус нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 446 тоот шүүгчийн захирамжаар дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болно.Хөдөлмөрийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн сонирхлын маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй" гэж, Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж дээрх татгалзсан захирамжид дурдсанчлан ажил олгогч болох "******* *******" ******* болон ******* аймгийн ******* суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй байгаа тул намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан анхны албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 /таван сая/төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Одоо 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “******* *******” *******-ийн Борлуулалт, логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтнээр томилуулж, ажилгүй байсан хугацааны олговорт 32,300,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...****тай 2017 оны 07 сарын 05-ны өдөр Б/381 дугаартай тушаалаар Хангамж маркетинг борлуулалтын хэлтсийн хангамжийн инженерийн албан тушаалд томилон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 04 сарын 13-ны өдрийн тушаалаар Маркетинг борлуулалтын хэлтсийн ажилтнаар томилсон. 2022 онд төрд шилжсэнээс хойш ажилдаа ирээгүй биечлэн ажлаа гүйцэтгээгүй 22 хоног ажлаа тасалсан тул 2022 оны 05 сарын 05-ны өдрийн тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн. Энэ тушаал нь ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн. *** нь нийгмийн даатгалын лавлагаагаар “******* *******” үйлдвэрийн толгой компани болох “” ХХК-д давхар албан тушаал эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан. Төрд шилжсэнээс хойш “” ХХК-д ажиллаж байгаа. Засгийн Газрын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 124-р тогтоол гарч өмч хувьчлалыг хүчингүйд тооцож төрийн өмчид шилжүүлэн авч, үүнтэй холбоотой Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарч компанийн бүтэц, орон тооны хязгаарыг баталсны дагуу бүтэц шинэчлэн түүнтэй холбоотой ***н албан тушаалыг өөрчилсөн. Анх 2022 оны 06 сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд буцаагаад хангамжийн инженерийн албан тушаалд томилуулах нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь тэр чигээрээ явж байгаад 2023 оны 06 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж тодруулсан буюу Борлуулалтын хэлтэст эгүүлэн томилуулахаар өөрчлөн шаардлага гаргасан. Үүнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Уг нэхэмжлэлийн тодруулга буюу нэмэгдүүлсэн шаардлагаар Борлуулалтын хэлтэст ажиллая гэдэг шаардлага тавьсан гэж ойлгогдож байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу үүнээс өмнө уг албан тушаалд томилуулах буюу гүйцэтгэх захирлын 2022 оны 4 сарын 13-ны өдрийн тушаалаар ажил албан тушаалаа эрхлэхээ уг нэхэмжлэлээр илэрхийлсэн.
Уг хугацаанд буюу 5 сарын 5-ны өдрийн тушаал гарах хүртэл Маркетинг борлуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллах хүсэлтээ илэрхийлээгүй. Шүүх хуралдаан болон тэмдэглэлд Улаанбаатар хот явсан, ажилдаа ирээгүй гэдгээ дурдсан байдаг. Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн тушаал гарснаас хойш 22 хоног ажилдаа ирээгүй, ажил үүргээ биелүүлээгүй тул 5 сарын 5-ны өдөр тушаал гарч хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн. Өмнө нь олон жил ажил эрхэлсэн, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг мэддэг байсан. Тиймээс хөдөлмөрийн гэрээний 6.4.1, хөдөлмөрийн дотоод журмын 2.3.3, 2.3.3.5, 5.1.10.6-д заасан ажилтан 2 болон түүнээс дээш хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. *** нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын А-1/530 дугаартай албан бичгээр миний хөдөлмөрлөх эрх хязгаарлаж ажлын байр луу нэвтрүүлээгүй гэж тайлбарладаг энэ нь ямар ч үндэслэлгүй байгаа. Уг албан бичиг нь төрд шилжихтэй холбоотой үйл ажиллагаанд саад болж болзошгүй этгээдүүдийг ажлын байр луу түр нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн бичгийг гүйцэтгэх захирал *** болон цагдаагийн газарт ирүүлсэн байдаг. Уг бичиг нь эрх бүхий албан тушаалтан буюу “******* *******” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болох буюу ***ийн эхнэр. *** нь компанийн хангамжийн инженер боловч ХХК-д давхар ажил эрхэлдэг тухай баримт хэрэгт байгаа. Холбогдох бусад хүмүүс болох тухайн үеийн ерөнхий инженер, гүйцэтгэх захирал гэх мэт 10 хүнийг ажлын байр луу түр нэвтрүүлэхгүй байх шийдвэр байсан. Энэ нь төрд шилжүүлэн авч дуусах хүртэл хугацаанд үргэлжлээд 3 сарыг дуустал энэ процесс болсон. Энэ нь дуусаад өнгөрсний дараа албан бичигт дурдагдсан зарим хүмүүс өөрөө хүсэлтээ гаргаад ажлаа гүйцэтгээд явсан. Зарим ажилтан болох , инженер **, Санхүү эрхэлсэн захирал ***, Захиргаа хүний нөөцийн дарга *** нь өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн. ***, *** нь ажлын байр луу нэвтрэхээр хэд хэдэн удаа ирсэн. Гэхдээ ажлаа хийе гэдэг байдлаар шаардлага тавьж ирснийг тухайн үед харуулын хүмүүс нэвтрүүлээгүй байдаг. Энэ нь гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажилдаа орно гэж илэрхийлээгүй. Хариуцсан нэгжийн дарга болох ийн тайлбар, өмнө нь шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгчийн үзлэг хийсэн баримт, ийн гаргаж өгсөн баримтаар 4 сарын 19-ний өдөр өөр ажилд томилогдсоноо мэдсэн, өөрөө маргааш нөгөөдөр ажилдаа ирэх, өөр албан тушаалд томилогдсоноо мэдсэн. Энэ тухайгаа анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан. Өөр ажилд томилсны дагуу ажлаа гүйцэтгээгүй тухай *** мессежээр албан ёсоор чөлөө аваагүй бол ажил тасалсанд тооцох тухай мэдэгдсэн. 5 сарын 5-ны өдрийн тушаалыг хүний нөөцийн мэргэжилтэн *** ***ийн ****** дугаарын утсанд холбогдож мэдэгдэж, тушаалыг 5 сарын 10-ны өдөр шууданд хийсэн. Энэ тушаалыг 5 сарын 15-ны өдөр хүлээн авсан баримтаа гаргаж өгсөн. Энэ тухайд өөрөө маргахгүй байна. 5 сарын 17-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор Маркетинг борлуулалтын хэлтэст ажиллах хүсэл зоригоо илэрхийлээгүй. Энэ тушаалд гомдол гаргах хугацаа дууссанаас хойш буюу 2023 оны 06 сард уг албан тушаалд томилох хүсэлтээ илэрхийлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна. *** нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комисс, сумын 3 талт хороонд гомдол гаргасан эсэхэд маргахгүй байна гэж ойлгож байна. Шүүхэд ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 249/, “ ” ХХК-ийн захирлын тодорхойлолт /1-р хх-ийн 250/, "******* *******" *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай "***ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаал /2-р хх-ийн 1/, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/381 дугаартай "Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай" тушаал /2-р хх-ийн 2/, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт /хх-ийн 8-10/, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 805 дугаартай хөдөлмөрийн гэрээ /2-р хх-ийн 3-4/, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 446 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /2-р хх-ийн 78-79/
Хариуцагч талаас “******* *******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/271 дугаартай “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай” тушаал /1-р хх-ийн 89/, Хүний нөөцийн мэргэжилтний тодорхойлолт /1-р хх-ийн 223/, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/530 дугаартай "Үүрэг болгох тухай" албан бичиг /1-р хх-ийн 224/, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай" тогтоол /1-р хх-ийн 225-226/, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 89 дугаартай хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 227-230/, Б.****йн 2022 оны 04 дүгээр сарын цагийн бүртгэл /1-р хх-ийн 231/, ******* шохой *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай “ Ажиллагсдыг ажилд томилох тухай” тушаал, хавсралт /1-р хх-ийн 232-235/, мөн өдрийн “Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал /1-р хх-ийн 236-237/, МУ-ын Засгийн Газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дугаартай тогтоол /2-р хх-ийн 46/, Монгол Шуудан ХК-ийн шууданчийн тодорхойлолт /2-р хх-ийн 47/,Монгол Шуудан ХК-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 48-49, 75-77/, Г.ийн тодорхойлолт /2-р хх-ийн 114/, Г.***, Б.****нарын утсаар харилцсан зурвас /2-р хх-ийн 115-116/
Шүүхийн журмаар “******* *******” ХК-ийн дүрэм /1-р хх-ийн 25-38/, хөдөлмөрийн дотоод журам /1-р хх-ийн 39-50/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 99-101/, гэрч Э.ын мэдүүлэг /2-р хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч “******* Шохой” *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг анх 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,690,288 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “******* Шохой” *******-ийн Борлуулалт, логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтнээр томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 32,300,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж тус тус тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ намайг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу ажил тасалсан үндэслэлээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2022 оны 03 дугаар дугаар сарын 25-ны өдрийн А-1/530 дугаартай албан бичгийн дагуу үйлдвэр рүү нэвтрүүлээгүй тул ажлаа хийж чадаагүй гэж маргана.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж, мөн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 22 хоногийн хугацаанд ажлын байран дээрээ ирээгүй тул ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн гэж маргана.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч *** нь “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/381 дугаартай тушаалаар тус компанийн Хангамж, маркетинг борлуулалтын хэлтэст Хангамжийн инженерээр ажиллаж байсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталсан ба нэхэмжлэгч ***ийн ажиллаж байсан 10 орон тоо бүхий Борлуулалтын хэлтсийг Маркетинг, борлуулалтын хэлтэс болгон орон тоог 9 байхаар тогтоож, улмаар мөн өдрийн гүйцэтгэх захирлын Б/163 дугаартай тушаалаар нийт ажиллагсдыг ажилд томилохдоо ***ийг Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар ажиллуулахаар болсон байна. /хх-ийн 232-234, 236-237/
Дээрх ажлыг нэхэмжлэгч *** гүйцэтгээгүй бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай тушаалаар ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан, эдгээр үйл баримт тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т ажилтан нь хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлж болохыг хуульчилсан байна.
“******* *******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр шуудангаар хүргүүлснийг нэхэмжлэгч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан болох нь “Монгол Шуудан” ХК-ийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /2-р хх-ийн 48-49/
Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч анх 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 446 дугаартай захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /2-р хх-ийн 78-79/
Нэхэмжлэгч *** хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх байгууллага “******* *******” ******* болон ******* суманд байгуулагдаагүй гэх үндэслэлээр дахин 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж, 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан хангамжийн инженерийн албан тушаал, шинээр томилогдсон борлуулалтын ажилтны албан тушаалын алинд нь эгүүлэн тогтоолгох нь тодорхойгүй нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилуулах гэж тодорхойлсон тул шүүхэд хандаж шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.
“******* *******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн дүрмийн 8.1, 8.9.8, Хөдөлмөрийн гэрээний 6.4, 6.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.3, 2.3.3.5, 5.1.10, 5.1.10.6 заалтуудыг тус тус үндэслэн “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж Б.***ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халж шийдвэрлэжээ. /2-р хх-ийн 1/
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А-1/530 дугаартай албан бичгээр *** болон бусад нэр бүхий 10 хүнийг “******* *******” *******-ийн байр руу нэвтрүүлэхгүй байх үүрэг болгосон бөгөөд үүнээс шалтгаалж ажлын байр руу нэвтрүүлэхгүй, ажил үүрэг эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь дээрх албан тоот болон гэрч Э.ын мэдүүлгээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 224, 2-р хх-ийн 15-16/
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өмнөх ажлаас чөлөөлж шинэ ажилд томилох тушаал гарч, уг тушаал 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид хүргэгдсэн талаар зохигч маргаагүй, эдгээр нөхцөл байдал тогтоогдсон байхад хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б/230 дугаартай тушаалаар ажил тасалж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр борлуулагчийн ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй гэж шүүх үзэв.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрхтэй.
Ажил олгогч ажилтныг ажилд томилж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу байгуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй борлуулалтын ажилтны буюу шинэ ажлын байранд ажил гүйцэтгэх талаар шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх ба ажилтны гаргасан гэх зөрчлийг ноцтой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч ***ийг “******* *******” *******-ийн Борлуулалт, логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
“******* *******” *******-ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн борлуулалтын ажилтан гэх албан тушаал Борлуулалт, логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн талаар зохигч маргаагүй болохыг дурдав.
Хариуцагч “***” ******* нэхэмжлэгч *** нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин, хөлсний хэмжээг талууд тохиролцоогүй, борлуулалтын ажилтнаар огт ажиллаагүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн дээрх тушаалтай холбоотой эрх зүйн үр дагаврыг шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “******* *******” *******-иас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч ***иас ажилгүй байсан хугацааны олговор 32,300,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 319,450 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч ***ийг “******* *******” *******-ийн Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны олговор 32,300,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***иас улсын тэмдэгтийн хураамжид 319,450 төгрөг, хариуцагч “******* *******” *******-иас 70,200 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА