Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2023/00204

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

*** хот, *** дүүрэг, *** дүгээр хороо, *** байр, *** тоотод оршин суух хаягтай, *** овогт ***ын ***, /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, “***” **ХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*** би сонгон шалгаруулалтад тэнцэж тус компанийн Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтэст маркетингийн мэргэжилтнээр 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, үр бүтээлтэй ажилласан ба тухайн албан тушаалд ажиллах хугацаандаа:

1.Сошиаль орчин дахь мэдээллийг ил тод нээлттэй, идэвхтэй болгосон,

2.Компанийнхаа вэбсайтын мэдээллийг шинэчлэх ажлыг гардан гүйцэтгэсэн,

3.Цементийн борлуулалтыг зах зээл дэх үнийг тогтворжуулах үнийн өсөлтийн аянд идэвхтэй оролцсон,

4.Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах 3*3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад идэвх чармайлттай оролцсон

5.“*******-эдийн засгийн форум 2022” арга хэмжээний зохион байгуулалтын ажилд оролцсон

6.2023 оны бизнес төлөвлөгөө, зорилтот түвшний  судалгаа хийх, бусад хэлтсүүдийн ирүүлсэн зөрүүтэй мэдээллийг засаж нэгтгэх, нэг загварт хөрвүүлэн бичих зэрэг голлох ажлуудыг хийж гүйцэтгэсэн,

7.Компанийн 2022 оны тайлангийн хурлын арын зохион байгуулалтыг бүх ажилчдын хэмжээнд амжилттай зохион байгуулсан,

8. Зах зээлийн судалгааг өдөр тутам дэлгэрэнгүй хийж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь 100 хувь чанартай хийж гүйцэтгэж байсан. Ажиллах хугацаандаа захиргааны чөлөө аваагүй, ажил тасалж, ажлын цаг ашиглалт муутай ажилласан асуудал огт гаргаж байгаагүй ба ажлын хариуцлага алдаагүй, хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. Энэ хугацаанд би тогтмол илүү цагаар ажиллаж байсан /22 цаг хүртэл/ хэдий ч илүү цагийн амралтыг биеэр эдэлж байгаагүй. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй ба хэлтсийн дарга, компанийн гүйцэтгэх захирлаас аман байдлаар ажлын чанар байдлын талаар талархсан, хангалттай сайн гэсэн үнэлгээг авч байсан. Гэтэл 2022 оны сүүл, 2023 оны 01 дүгээр сараас эхлэн тус компанийн хэмжээнд гүйцэтгэх удирдлага түүний багийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг. ****д ЕББДС дүүргэсэн. 2-3 үе дамжин тус компанид ажиллаж байгаа залуу ИТА, олон жил ажилласан ахмад ИТА нарын зүгээс сэлбэг материалыг урьд нь авч байсан болон зах зээлийн үнээс хэд дахин нугалсан өндөр үнээр, хууль зөрчин шууд худалдан авалтаар авч байгаа, технологийн зөрчил гарч байгаа, техник, тоног төхөөрөмж түүний дотор Чулуунцрын зуухны засвар үйлчилгээ, доторлогооны чанар байдал, мөн санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж байгааг шүүмжилж, зөрчил дутагдал гаргуулахгүй гэсэн зүй ёсны шаардлагыг тавьж буйг гүйцэтгэх удирдлага хүлээн авахгүй тэднийг ямар нэг байдлаар буруутган ажлаас бөөнөөр нь халах болсон. Гүйцэтгэх удирдлага түүний удирдлагын багийн хууль зөрчсөн үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хийсэн Төрийн аудитын шалгалтаар сөрөг дүгнэлт гарсан байдлаар нотлогдсон хэдий ч гүйцэтгэх удирдлагын зүгээс шударга шаардлага бүхий асуудлыг гаргаж тавьсан ИТА нарыг ажлаас халах компанит ажил өрнүүлсэн бөгөөд үүнд би ч мөн өртөөд байгаа юм. Миний төрсөн ах *** нь тус компанид ерөнхий инженерээр ажиллаж байхад нь 2022 оны 03 дугаар сард ажлаас халсан бөгөөд намайг мэдээлэл дамжуулж байна гэж гүйцэтгэх захирал *** нь хий хардаж, надад огт хамааралгүй асуудлуудыг хамааруулан удаа дараа намайг гүтгэх болсон. Намайг 2023 оны 1 сараас эхлэн ажил хийхэд хүндрэлтэй байдалд оруулж, хардаж гүтгэх болсны улмаар миний орон тоог цөөрүүлж хассан ба надтай маркетингийн ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай туршилтын гэрээ байгуулсан нь намайг ажлаас халах, халахдаа хуулийн хүрээнд хугацаатай гэрээний хугацаа дууссан мэтээр харагдуулах санаа зорилготой байсан нь илэрхий болсон. Тухайн үед надад өөр ажил өгнө түр зуур энэ ажил албан тушаал дээр ажиллаж бай гэж хуурч, надад итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдөлд оруулж 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусмагц энэ ажил албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул компанийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан боловч уг комисс нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр уг маргааныг хянан хэлэлцэж намайг ажилд эргүүлэн тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул шүүхэд хандаж байна.

 “***” ***-ийн  гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаал нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон нь хангалттай нотлогдож байгаа тул уг тушаал нь дор дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.   Үүнд:

1.Үндсэн ажилтнаар жил гаруй хугацаанд ажилласан, ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил, ажлын доголдол гаргаагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж байсан ажилтантай туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй юм. Мэргэжилтнийг ахлах мэргэжилтэн болгож дэвшүүлэн ажиллуулж байгаа нь мерит зарчим тул заавал туршилтын хугацаа заах шаардлагагүй байсан.

2.Намайг түр хугацаагаар ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай томилон ажиллуулахдаа цаашид өөр ажил өгнө гэж хууран мэхэлж хугацаатай гэрээ байгуулсан ба 2 сар өнгөрмөгц өөр ажил албан тушаал өгөлгүй шууд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ХҮ23/28 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул уг гэрээг цуцалсан “ ***ийн  гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/315 дугаартай тушаалыг хүчингүй гэж үзэж байна.

3.Намайг маркетингийн ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай томилохдоо байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ХГ 23/28 дугаартай гэрээг анхнаасаа хугацаатай гэрээний хугацаа дуусмагц гэрээг цуцална  гэсэн үндэслэлээр байгуулсан, цаашид хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үргэлжлүүлэх санаа зорилго байгаагүй дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь намайг ажил үүргээ хангалттай ямар ч алдаа дутагдалгүй биелүүлж байхад гэрээг сунгах эсхүл амласны дагуу өөр ажил албан тушаалд томилохгүйгээр шууд цуцалж байгаа байдлаар нотлон тогтоогдож байгаа тул уг гэрээг ИХШХШТ хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох бүрэн үндэслэлтэй байна. Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах талаар гаргасан зөвлөмжид Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаардаг байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж тусгасан ба хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргаанд гэрээний нөхцөлүүдийг хэрхэн тохиролцсоныг шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь чухал байна гэж зааж өгчээ.

Иймд  “ ***” ***ийн  гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 9,127,085 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*** нь “***-ийн  гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж уг тушаалыг хүчингүйд тооцуулж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлд нотлох баримтаар тогтоогдохгүй өргөн хүрээний асуудал мэдээлэл тусгасан байдаг. Өөрийн төрсөн ах ***ыг ерөнхий инженерээр ажиллаж байсан гэж байна. Энэ бол үнэн. *** нь сонгон шалгаруулалтгүйгээр ерөнхий инженерээр томилогдсон байж байгаад ТУЗ, Засгийн газрын хэрэг эрхлэх шалгалтаар газрын албан тушаалын шаардлагад нийцэхгүй ажилтныг чөлөөлөх, ажлын байрны тодорхойлолтыг бүх нэгжийн дарга нарт  ижил жигд баталж мөрдүүлэхээр заасан тул албан тушаал буурсан байдаг. Тухай буурсан албан тушаалд зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөгдөн. Энэ үйл процесстой *** өөрийгөө холбож гомдол гаргасан байна. *** нь ерөнхий инженерээр ахынхаа нөлөөгөөр тухайн албан тушаалд буюу маркетингийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдож ажилласан. Энэ тушаал гараагүй ч гэсэн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас чиглэл хүргүүлэх албан бичиг ирж шүүр ажиллагаа хэрэгжиж хүмүүсийг албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Хэрэв тухайн албан тушаалд ажиллаж байсан бол шүүр ажиллагаанд өртөх боломжтой байсан. “***” ТӨХК-ийн  гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаал нь үндэслэл бүхий тушаал болсон. *** нь “***-ийн ТУЗ-ын 2022 оны 11 сарын 10-ний өдрийн компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай 20 дугаартай тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А291 дугаартай компанийн зохион байгуулалтын бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай тушаалаар компанийн бүтцүүдэд өөрчлөлт орсон. Маркетингийн хэлтэс нь маркетинг хэвлэл мэдээллийн хэлтэс болж хэвлэлийн ажилтан нэмэгдэж маркетингийн менежерийн орон тоо хасагдаж, маркетингийн ахлах менежерийн орон тоог баталсан. Уг тушаалыг эсэргүүцсэн, хүчингүй болгох өөрчлөх талаар өнөөдрийг хүртэл компанийг бусад ажилтнуудаас гомдол гараагүй. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрч байгаа хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа тушаал гэж ойлгогдоно. *** нь 2023 оны 02 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж туршилтын хугацаагаар гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн хуульд туршилтын хугацааг дээд тал нь 3 сарын хугацаатай байгуулахаар заасан. Манай компанийн хөдөлмөрийн дотоод журамд туршилтын гэрээг 2 сарын хугацаатай байгуулна гэж заасны дагуу 2 сараар байгуулсан. ***ын ярьж байгаагаар хууран мэхэлж чөлөөлөх санаа зорилготой байсан бол 1 сар болоод эсхүл сунжруулах маягаар 3 сараар юм уу, илүү удаан хугацаагаар туршилтын хугацаагаар жинхлэхгүйгээр ажиллуулах хуулийг боломж нөхцөл компанид байсан. Гэвч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд зааснаар бүх ажилтнуудтай 2 сарын хугацаагаар туршилтын гэрээ байгуулдагаараа байгуулсан. Тухайн үед туршилтын гэрээтэй ажиллаж байхад төрсөн ах болох *** нь сахилгын зөрчлөөр албан тушаалаас чөлөөлөгдсөн. Ингэж чөлөөлөгдсөний дараа төрсөн ахыг нь ажлаас чөлөөлөхөөр хүний сэтгэл санаанд өөрчлөлт орох нөхцөл байдал үүссэн байж болзошгүй. Магадгүй үүнтэй холбоотой байдлаар нэхэмжлэлд дурдаад байна. Ийм асуудал байхгүй. Туршилтын хугацааны ажлын тайланг үндэслэж албан тушаалд жинхлэн томилж ажиллах асуудлыг дотоод журмаар зохицуулдаг. Үүний дагуу Маркетинг хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга ***, тухайн хэлтсийн дээд нэгж болох Бизнес удирдлагын газрын дарга нар сонсох ажиллагаа хийж тайлангийн үнэлгээг хангалтгүй гэж дүгнэж тухайн баримтаа Хүний нөөцийн хэлтэст ирүүлж гүйцэтгэх захирлын тушаал гарч ажлаас чөлөөлсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод хэм хэмжээний зохицуулалтын хүрээнд шийдэгдсэн. Гүйцэтгэх захирлын тушаал туршилтын хугацааг дуусгавар болгож албан тушаалаас чөлөөлөх энэ тушаал нь хуульд заасны дагуу гаргасан тул хүчин төгөлдөр юм. ***ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 9 сая төгрөг гаргуулах шаардлага нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хүн ямар нэг тооцоо байхгүй дүн гаргаж орж ирж байна. Өдрийн цалин хэд вэ, сарын цалин хэд вэ, ямар хугацаагаар үржүүлээд хэд гарах энэ тооцооллыг огт гаргахгүй байна. Нэмэлт шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 6-11/, нийгмийн даатгалын лавлагаа /хх-ийн 15/, “***-ийн Маргаан таслах комисс-д гаргасан гомдол /хх-ийн 16/, “***-ийн Маргаан таслах комиссын шийдвэр /хх-ийн 17-21/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/106 тоот тодорхойлолт /хх-ийн 22/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23/, оршин суугаа газрын хаягийн бүртэлийн лавлагаа /хх-ийн 24/, сарын ажлын төлөвлөгөө зэргийг,

Хариуцагч талаас нотлох баримтаар “***-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 56/, Компанийн дүрэм /хх-ийн 57-63/, Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 64-81/, “***-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Б/392 дугаартай тушаал /хх-ийн 82/, “***ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/530 дугаартай тушаал /хх-ийн 83/, Монгол Улсын ЗГ-ын 2022 оны 124 дүгээр тогтоол /хх-ийн 85/, “***-ийн ТУЗ-ын 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 20 дугаартай тогтоол, хавсралт /хх-ийн 86-87/, “***-ийн гүйцэтгэх захирлын А291 дугаартай тушаал /хх-ийн 88-89/, Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 90-92/, сонсох ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 93-94/,туршилтын хугацааны гүйцэтгэлийн тайлан /хх-ийн 95/, “***-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай ***ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-ийн 96/, /, “***-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/169 дугаартай “ажилд томилох тухай” тушаал, хавсралтын хамт /хх-ийн 105-108/, цалингийн баримт /хх-ийн 109-110/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *** мэргэжилтэнг ахлах мэргэжилтэн болгож дэвшүүлж ажиллаж байгаа тул заавал туршилтын хугацаа заах шаардлагагүй мөн  түр хугацаагаар ахлах мэргэжилтний орон тоон дээр 2 сарын хугацаатай томилон ажиллуулахдаа цаашид өөр ажил өгнө гэж хууран мэхэлж, дүр үзүүлж байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Мөн ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, үр бүтээлтэй ажилласан тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж  нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлно.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** Маркетингийн хэлтэс нь Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтэс болж хэвлэлийн ажилтан нэмэгдэж маркетингийн менежерийн орон тоо хасагдаж, маркетингийн ахлах менежерийн орон тоог баталсан. Туршилтын хугацааны ажлын тайланг үндэслэж албан тушаалд жинхлэн томилж ажиллах асуудлыг дотоод журмаар зохицуулдаг. Үүний дагуу Маркетинг хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга ***, тухайн хэлтсийн дээд нэгж болох Бизнес удирдлагын газрын дарга нар сонсох ажиллагаа хийж тайлангийн үнэлгээг хангалтгүй гэж дүгнэж тухайн баримтаа Хүний нөөцийн хэлтэст ирүүлж гүйцэтгэх захирлын тушаал гарч ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Анх нэхэмжлэгч *** “***-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Б/392 дугаартай тушаалаар Маркетингийн хэлтсийн маркетингийн мэргэжилтнээр туршилтын 2 сарын хугацаатайгаар томилогдож, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн Б/530 дугаартай тушаалаар жинхлэн ажиллуулахаар томилжээ. /хх-ийн 83-84/

“***-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Компанийн орон тооны дээд хязгаарыг 765 байхаар тогтоож, зохион байгуулалтын бүтцийг баталж, батлагдсан зохион байгуулалтын бүтцийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгажээ. /хх-ийн 86-87/

Үүний дагуу гүйцэтгэх захирал 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр А/291 дугаартай тушаал гаргаж, Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсан ба нэхэмжлэгч ***ын ажиллаж байсан Маркетингийн хэлтсийг Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтэс болгон орон тоог 5 байхаар тогтоожээ.

Улмаар ажил олгогч “*** ажилтан *** нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ХГ-23/128 дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.1, 1.2, 2.1 дахь заалтаас үзвэл *******ыг тус компанийн Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн Маркетингийн ахлах мэргэжилтнээр 2 сарын хугацаатай, туршилтын хугацаагаар ажиллуулахаар  талууд харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-11/

“***-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 78.1.9, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн дүрмийн 8.1,8.9.8, 8.9.9, 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”-ийг үндэслэн ***ыг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 96/

Ажил олгогч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/291 дугаартай “Компанийн зохион байгуулалтын нэгжүүдийн дотоод бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” тушаалаар Маркетингийн хэлтсийг Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтэс болгон өөрчилж, Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн орон тоог 20 дугаар хавсралтаар баталсан ба уг хавсралтад зааснаар хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн 1, дизайнер 2 байхаар баталжээ. /хх-ийн 88-89/

Өмнөх Маркетингийн хэлтэс чиг үүргийн хувьд өөрчлөгдөж өргөжсөн, маркетингийн мэргэжилтний ажлын байр хасагдсан гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл ***ын Маркетингийн хэлтсийн маркетингийн мэргэжилтнээр ажиллаж байх үед мөрдөгдөж байсан дотоод хэм хэмжээ буюу хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэв.

Мөн талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хууран мэхэлж, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан.

Нэхэмжлэгчийг өөр ажлын байранд буюу Маркетинг, хэвлэл мэдээллийн хэлтсийн Маркетингийн ахлах мэргэжилтнээр ажиллуулахдаа туршилтаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь дээрх хуулийн заалтад нийцжээ.

“***-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.7-д Ажилтан туршилтын хугацаанд эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан чин шударгаар ажиллан, гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж нэгжийн даргын саналыг харгалзан гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн албан тушаалд үндсэн ажилтнаар томилно гэж, 7 дугаар зүйлийн 7.2-т туршилтын хугацааны ажлын тайлангаар ажилтны мэргэжлийн ур чадвар, хувийн зан байдал тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж үнэлэгдсэн бол ажил олгогч туршилтын хугацааг хэдийд ч зогсоож гэрээг хугацаанаас өмнө цуцлах буюу дуусгавар болгох эрхтэй гэж тус тус заажээ.

“***-иас хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Сонсох ажиллагаа явуулж ажлын гүйцэтгэлийг дүгнэх уулзалт хийсэн байх ба ахлах мэргэжилтний туршилтын хугацааны гүйцэтгэлийн тайлангаар тухайн нэгжийн чиг үүргийн хүрээнд хийх 3 ажлын гүйцэтгэл тус бүр 10 хувьтай талаар дүгнэлт хийж,  үүнийг үндэслэн туршилтын гэрээг хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цаашид сунгахгүй болсон гэх үндэслэлээр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна гэж дүгнэлээ.

Туршилтаар ажиллуулах гэрээнд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилготой бөгөөд нэхэмжлэгч *** нь тухайн ажлын байранд ажиллаж байх хугацаандаа 8 төлөвлөгөөт ажлаас 3  ажлыг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1- т зааснаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь туршилтаар ажиллаж буй ажилтны хөдөлмөрийн гэрээг сунгах, дуусгавар болгох зэрэг нь ажил олгогчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дүгээр зүйлд заасан үндэслэлүүд хамаарахгүй гэж шүүх үзлээ.

Ажил олгогч “***-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн Б/315 дугаартай тушаалд нэхэмжлэгч ***ыг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан болон хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан хууль ёсны дагуу гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.           

             Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч ***ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч ***аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.АЛГИРМАА