Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/00243

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, Б хэлтэс- ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах Б ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүгийн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол 759,239,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч И.Өлзийбаяр, Т.Баяр-Од, Б.Сэрчмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү,

Төрийг төлөөлж прокурор Г.Булаг-Ундрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан, иргэдийн төлөөлөгч Г.Мөнхдалайд шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б хэлтэс- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан эрүүгийн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол 759,239,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б хэлтэс- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр, Т.Баяр-Од, Б.Сэрчмаа нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус татварын хэлтсийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй Б ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх хэлтсийн даргын 2013 оны 24/13/1201 дүгээр томилолтоор хяналт шалгалтыг хийж 7,569,239,000 төгрөгийн зөрчил илрүүлэн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйл 34.1 дэх заалтыг үндэслэн Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичин хууль хяналтын байгууллагад хүргүүлсэнд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 2014** дугаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тухайн хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол гарган шийдвэрлэсэн. Дээрх 55 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/1619 дугаар албан бичгээр манай татварын албанд хүргүүлснийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Б.Чинбатад, мөн оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн прокурорт тус тус гомдол гаргасанд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1989 дугаар Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар хариу гаргасныг мөн оны 08 дугаар сарын 31-ний өдөр гардан авсан. Хариу мэдэгдэх хуудаст 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь заалтыг Б хэлтэс- нь 7.569.239.000 төгрөгийн үнийн дүн бүхий нөхөн татварыг Б ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсан” гэж өөрчилсөн. Иймд Б ХХК-иас эрүүгийн хэргийн улмаас улсад учруулсан 759,239,000 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Б ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б хэлтс-ээс эрүүгийн хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй байна.  2014 онд Б ХХК-ийг 2011-2012 оны татвар төлөхөөс зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч эрүүгийн хэрэг болох нь тогтоогдоогүй буюу 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 55 дугаартай тогтоолоор тус хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хаасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.15.1-т "...шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй..." гэж заасныг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4.1-т "...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ..." гэж заасан гэм буруутайг хуулиар тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй байхад эрүүгийн хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Б хэлтс-ээс шүүхэд нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд эрүүгийн журмаар Б ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг болохыг нь тогтоосон прокурорын тогтоол болон шүүхийн шийдвэр гараагүй, хэрэг бүртгэлийг прокурорын тогтоолоор хаасан байхад Б ХХК-ийг эрүүгийн хэргийн улмаас улсад хохирол, гэм хор учруулсан гэм буруутай гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Татварын хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан. Учир нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “...Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй...” гэж заасан байдаг. 2010-2012 оны 759,239,000 төгрөгийн татвартай холбоотой хөөн хэлэлцэх хуулийн хугацаа болох 4 жил өнгөрсөн байна. 2010-2012 оны татвартай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоологдох бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр дууссан байна. Татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзвэл: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын Хэрэг бүртгэлийг хаах тухай 55 дугаартай тогтоол 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гарсан. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзвэл 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр татварын хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа дууссан байна. Тус Прокурорын тогтоолын 2 дахь заалтад хэрэг бүртгэлтийн 2014** дугаартай Б ХХК-д холбогдох хэргийг хаах тухай Б хэлтэс-т мэдэгдсүгэй гэсэн байдаг. Тухайн хэрэг 2014 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хянагдаж байгааг Б хэлтэс- мэдэж байсан. 2018 онд Улсын Ерөнхий Прокурорын газраас Б ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас учруулсан 759,239,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжид 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан. Гэвч энэ хугацаанд гомдол гаргасан байгууллага, этгээд байхгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш шүүгчийн захирамжид гомдол гаргах 10 хоногийг нэмбэл 2018 оны 07 сарын 13-ны өдөр болох бөгөөд татварын хөөн хэлэлцэх хугацааг 2018 оны 07 сарын 13-ны өдөр хүртэл тасалдсан гэж үзэн тус өдрөөс хойш татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2022 оны 07 сарын 13-ны өдрөөр татварын хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа мөн адил дууссан байна. Б ХХК-ийн 1 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Монгол Улсын иргэн Ж.Б-ыг эрүүгийн хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх нь үндэслэлгүй байна. 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээний 8.4-т, тус компанийн дүрмийн 7.4-т зааснаар "...Ерөнхий захирал нь компанийг гадаад, дотоодод төлөөлөх бөгөөд уг компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, шүүх, хөндлөнгийн шүүхийн ажиллагаанд оролцож, санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрхтэй..." гэж заасан байдаг. Тус компанийн Ерөнхий захирал нь Оросын холбооны Улсын иргэн А.В.М- бөгөөд Б"ХХК-ийн 99 хувийн хувьцааг эзэмшдэг. Б ХХК нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б ХХК-ийн бүх гишүүдийн хурал хийж тус компанид миний эзэмшиж байсан 1 хувийн хувьцааг компанийн 99 хувийн хувьцааг эзэмшигч ОХУ-н иргэн А.В.М-т шилжүүлж Ж.Б- миний бие тус компанийн гишүүнчлэлээс гарч А.В.М- 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Б ХХК-ийн 1 хувийн хувьцааг А.В.М-т шилжүүлэх тус хуралд А.В.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А.Моисеева, Б ХХК-ийн менежер Б.Бямбасайхан нар оролцсон бөгөөд Б ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоолоор Ж.Б- нь тус компанийн гишүүнчлэлээс гарсан гэж бодож байсан боловч тус хурлын шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлээгүйг би сүүлд нь олж мэдсэн. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б хэлтс-ээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б ХХК-д холбогдох эрүүгийн хэргийн улмаас улсад учруулсан 759,239,000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг зөрчиж байна. Иймд Б хэлтс-ээс гаргасан эрүүгийн хэргийн улмаас улсад учруулсан 759,239,000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Төрийг төлөөлж прокурор Г.Булаг-Ундрал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй боловч, гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна гэж прокурорын зүгээс дурдаж, тайлбарлаж өгөөд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй...” гэж заасан. Энэ нь цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэдэг үндэслэлээр хэргийг хаасан талаар тодорхой хэлмээр байна. Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор Б ХХК-ийн төрд учирсан хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдэгт нэмэлт өөрчлөлт оруулан тусгаж өгсөн. Б ХХК нь одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа, тухайн компанийг татан буугдсан талаар Улсын бүртгэлд бүртгүүлээгүй. 2010-2012 оны хооронд нэмэгдсэн өртгийн албан татвар болон хувь хүний орлогын албан татвар төлөөгүй болох нь Татварын улсын байцаагчийн хяналт, шалгалтаар тогтоогдож, дүгнэлт бичиж хүргүүлсэн. Уг дүгнэлтээр тогтоогдож байгаа тул Б ХХК-иас төрд учирсан хохирол болох 729,239,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв. 

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Татвар төлөгчийн гэрчилгээ, ТЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/592 тоот тушаал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 1/1619 тоот албан бичиг, Б хэлтс-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/2656 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 7 дугаар  сарын 30-ны өдрийн 55 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28л-1/3105 тоот албан бичиг, Б хэлтс-ийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/2028 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 06  дугаар  сарын 02-ны өдрийн 1/1989 дугаар Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас, Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/408 тоот Хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2018/06397 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Б хэлтс-ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2069 тоот албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/2700 тоот албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/4417 тоот албан бичиг, Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 240049 дугаар дүгнэлт, татварын улсын байцаагчийн ярилцлагын баримтууд, татварын хяналтын шалгалтын ажлын карт, татварын улсын байцаагчийн акт дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл, хавсралт, төлбөрийн баримтууд, татварын падаанууд зэргийг,

           Хариуцагч талаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Б ХХК-ийн тухай гэрээ, Монгол Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай Б ХХК-ийн дүрэм, Б ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл болон тогтоол, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2018/06397 дугаар шүүгчийн захирамж, хариу тайлбарыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч Б хэлтэс- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан Эрүүгийн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол 759,239,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь заалтад зааснаар татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх үүрэгтэй тул хуулийн дагуу улсад учирсан хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

6.Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.Б- Б ХХК-ийн 1 хувийн хувьцааг эзэмшдэг. Татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Татвар төлөөгүй буруутайг тогтоосон шийдвэр байхгүй гэж маргажээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн татвар төлөгчийн гэрчилгээ, ТЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/592 тоот тушаал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 1/1619 тоот албан бичиг, Б хэлтс-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/2656 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 7 дугаар  сарын 30-ны өдрийн 55 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 28л-1/3105 тоот албан бичиг, Б хэлтс-ийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/2028 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 06  дугаар  сарын 02-ны өдрийн 1/1989 дугаар Хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Хариу мэдэгдэх хуудас, Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/408 тоот Хариу мэдэгдэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2018/06397 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Б хэлтс-ийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/2069 тоот албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/2700 тоот албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/4417 тоот албан бичиг, Татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 240049 дугаар дүгнэлт, татварын улсын байцаагчийн ярилцлагын баримтууд, татварын хяналтын шалгалтын ажлын карт, татварын улсын байцаагчийн акт дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл, хавсралт, төлбөрийн баримтууд, татварын падаан, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Б ХХК-ийн тухай гэрээ, Монгол Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай Б ХХК-ийн дүрэм, Б ХХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл болон тогтоол, зохигчдын тайлбар, прокурорын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

8.Б хэлтс-ийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 240049 дугаар дүгнэлтээр “...Татварын хяналт шалгалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг Б ХХК-ийн нэрээр авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанийг ашиглан ОХУ-ын иргэн Гнатенко Г.А нэр дээр 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 11825651 тоот падаанаар 1025126.8 мянган төгрөг, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 8682853 тоот падаанаар 922680.1 мянган төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 8682851 тоот падаанаар 2309318.6 мянган төгрөг, нийт 4257125.5 мянган төгрөгийг нэмэгдсэн өртгийн худалдан авалт тал дээр бичин улсад төлөх татварыг бууруулсан. 2011 онд ОХУ-ын иргэн Гнатенко Г.А-д 1194750.2 мянган төгрөг, М- А.В-д 312500 мянган төгрөг, 2012 онд Гнатенко Г.А-д 852300.0 мянган төгрөг тус тус олгон татвар төлөхөөс зайлсхийлгэсэн. 2011 онд 952563.4 мянган төгрөгөөр доллар худалдан авч хэнд олгосон нь тодорхой бус зэрэг нийт 7569239.0 мянган төгрөгийн  зөрчил илэрч Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам... нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах...; 18,1.14.хууль тогтоомжид заасан бусад үүрэг” гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн нь  тогтоогдож, улсад төлөх татварыг ихээхэн хэмжээгээр буруулсан, бусдад олгосон орлогоос татвар авч суутгаагүй байгаа нь татвар төлөхгүй байх бололцоо олгосон байна.

...Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.Энэ хуулийн 33.1-д заасан баримт бичгийг дараахь үндэслэл, журмын дагуу үйлдэх бөгөөд тэдгээрт тусгагдсан шаардлагыг татвар төлөгч биелүүлэх үүрэгтэй: 33.2.6.”татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих”...г үндэслэн Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичин Цагдаагийн байгууллагад шалгуулахаар шийдвэрлэв” гэжээ. /хх-ийн 83-84 тал/

 

9.Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 7  дугаар  сарын 30-ны өдрийн 55 дугаар тогтоолоор “...Б ХХК нь 2011, 2012 онуудад нийт 7569239.0 төгрөгийн татвар ногдох онц их хэмжээний орлогоо нуун дарагдуулж татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хугацаа болох 1 жил өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгон тогтоож, Хэрэг бүртгэлтийн 2014** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хаасугай” гэж шийдвэрлэжээ. /хх-ийн 10 тал/

 

10.Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 06  дугаар  сарын 02-ны өдрийн 1/1989 дугаар Хариу мэдэгдэх хуудсаар “...Хяналтын прокурор С.Энхтуулын 2017 оны 7  дугаар  сарын 30-ны өдрийн 55 дугаартай тогтоолын 3 дахь заалтыг “Б хэлтэс-  нь 7,569,239,000  төгрөгийн үнийн дүн бүхий нөхөн татварыг Б ХХК нэртэй хуулийн этгээд болон түүний удирдах, гүйцэтгэх албан тушаалтнаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй  болохыг дурьдсугай” гэж өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 18-19 тал/

 

11.Дээрх үйл баримтаас үзвэл Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

 

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т заасан хугацаа болох 1 жил өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн 2014** дугаартай хэргийг хааж шийдвэрлэсэн нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй тул хариуцагч нь хууль бус гэм буруутай үйлдлийнхээ улмаас улсад учруулсан хохирол буюу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуулийн дагуу шаардах эрх үүссэн байна.

 

13.Иймд хариуцагч Б ХХК-иас 759,239,000 төгрөгийг гаргуулж Б хэлтэс-т олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

14.Тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2023/13624 дугаар захирамжаар хариуцагч Б ХХК-д холбогдох эрүүгийн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол 759,239,000 төгрөг гаргуулах тухай Б хэлтс-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч Б хэлтс-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд Ж.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй гэж тайлбарлав.

 

          15.Хариуцагч Б ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.Б- болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчаас Б ХХК-ийн тухай гэрээ, Монгол Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай Б ХХК-ийн дүрэм, Б ХХК-ийн  2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүх хуралдааны үед тус компанийн эрх бүхий этгээд дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй болохыг олж мэдсэн. Ж.Б- нь тухайн компанийн 1 хувийн хувьцааг эзэмшдэг гэж тайлбарласан. /хх-ийн 49-55 тал/

 

16.Иргэдийн төлөөлөгч Г.Мөнхдалайд шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,954,145 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 759,239,000 /долоон зуун тавин есөн сая хоёр зуун гучин есөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б хэлтэс-т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,954,145 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ