Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/00258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: байрлах, Н ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.А- д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,859,094.20 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хэнтийхүү,

Хариуцагч Ч.А-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ч.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,859,094.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд болон төлөөлөгч Ж.Хэнтийхүү шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.А- нь Н ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2115029072 тоот зээлийн гэрээ байгуулж гар утас худалдан авах зориулалттай Лизингийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь 4,549,000 төгрөгийн зээлийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаанд хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон. Зээлдэгч нь сар бүрийн график төлөлтөө хийлгүй явсаар өнөөдрийн байдлаар 571 хоног болж байгаа ба цаашид уг зээлийг хэвийн төлж хаахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон тул 7,797,928.06 төгрөгөөс алданги болох 1,938,833.86 төгрөгийг 100 хувь хөнгөлж, 5,886,094.20 төгрөг нэхэмжилж байна. Зээлийн үлдэгдэл 3,919,314.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,939,780.14 төгрөг нийт 5,859,094.20 төгрөгийг гаргуулна. Зээлдэгч Ч.А- нь 1,450,000 төгрөг төлөөгүй бөгөөд 1,052,574 төгрөг төлснөөс 626,255.94 төгрөгийг үндсэн зээлд, зээлийн хүүнд 380,708.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 42,605.62 төгрөг суутгаж авсан гэв.

2.Хариуцагч Ч.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Фүлл смарт ХХК-иас гар утас авахаар болж, Н ХХК-иас зээлээ аваарай гээд 4,549,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Iphone-12 Promax загварын гар утсыг Фүлл смарт ХХК-иас хүлээн авсан. Зээл аваад 1,450,000 төгрөг төлсөн. Одоо хүү алдангиас хасч өгөөч, сард 270,000 төгрөг төлөхөөр эвлэрэх хүсэлтэй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Зээл хүсэгчийн анкетын хуулбар, Оршин суугаа  хаягийн лавлагааны хуулбар, Бараа хүлээлгэн өгсөн актын хуулбар, Зээлийн дансны хуулга, Лизингийн зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төлбөрийн баримт, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Хамтран ажиллах гэрээ, Мэдэгдэл, Кассын дэлгэрэнгүй тайлан, кассын орлогын баримт, нэхэмжлэх, зээл төлсөн байдлын хүснэгт зэрэг баримтыг ирүүлсэн. Хариуцагчаас хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ч.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,919,314.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,939,780.14 төгрөг нийт 5,859,094.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хугацааны хүү шаардах эрхтэй гэж тайлбарлав.  

 

5.Хариуцагч Ч.А- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: Сард 270,000 төгрөг  төлөхөөр эвлэрэх хүсэлтэй байна. Зээлийн хүү алданги өндөр байгаа учир төлөх боломжгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн дансны хуулга, Лизингийн зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төлбөрийн баримт, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Хамтран ажиллах гэрээ, Мэдэгдэл, Кассын дэлгэрэнгүй тайлан, кассын орлогын баримт, нэхэмжлэх, зээл төлсөн байдлын хүснэгт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Зээлдүүлэгч Н ХХК нь зээлдэгч Ч.А-тай 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2115029072 тоот Лизингийн зээлийн гэрээ байгуулж гар утас худалдан авах зориулалттай, 4,549,000 төгрөгийн зээлийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгожээ. /хх-ийн 11-12 тал/

 

8.Нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзвэл хариуцагч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг хуулийн этгээд байна.   /хх-ийн 4 тал/

9.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж заажээ.

 

10.Нэхэмжлэгч Н ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Фүлл смарт ХХК-ийн дансанд зээлдэгч Ч.А-гийн гар утас худалдан авах зориулалттай авсан зээлийн 4,549,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хамтран ажиллах гэрээ, Кассын дэлгэрэнгүй тайлан, Кассын орлогын баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 4, 39-43 тал/

11.Хариуцагч Ч.А- нь Iphone-12 Promax загварын 3509** серийн дугаартай, 128 gb багтаамжтай гар утсыг Фүлл смарт ХХК-иас хүлээн авсан тухайд талууд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгтт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ. /хх-ийн 9 тал/

12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хэнтийхүү нь шүүх хуралдаанд “...алданги нэхэмжлээгүй, харин хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 1,939,780.14 төгрөг шаардсан. Зээлдэгчийн төлсөн төлбөрөөс нэмэгдүүлсэн хүүнд 42,605.62 төгрөг суутгаж авсан. Барьцаалан зээлдүүлэх газар нь 30 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 30 хоногоор дахин сунгаж болдог” гэж тайлбарлав.

13.Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг  худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулах эрхтэй байдаг.

          14.Н ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг хуулийн этгээд атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх заалтад зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна.

          15.Өөрөөр хэлбэл: Зээлдүүлэгч Н ХХК нь зээлдэгч Ч.А-тай 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2115029072 тоот Лизингийн зээлийн гэрээ байгуулж, гар утас худалдан авах зориулалттай зээл олгож, уг зээлийн 4,549,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу Фүлл смарт ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

  16.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ч.А-тай 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 4,549,000  төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон тул зээлдэгч Ч.А- нь үндсэн зээл 4,549,000 төгрөг, 30 хоногийн зээлийн хүүгийн төлбөрт 113,725 төгрөг, нийт 4,662,725 төгрөг үүрэгтэй байжээ.

17.Зээлдэгч Ч.А-д 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээг  сунгасан эсхүл зээл төлөх хугацаа болсныг Н ХХК нь сануулсан хугацаа тодорхойгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцэхгүй.   

18.Хариуцагч Ч.А- нь зээлийн гэрээний үүрэгт 1,450,000 төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч баримтгүй тул нэхэмжлэгчийн гаргасан 1,095,179.62 төгрөгийн тооцоог үндэслэн хасч, үндсэн зээлийн үлдэгдэлд 3,567,545.38 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,291,548.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

19.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,870.91 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-гаас 72,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:         

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А-гаас 3,567,545.38 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,291,548.82 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,870.91 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-гаас 72,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ