Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/00536

 

 

 

 

 

 

2024 01 23

101/ШШ2024/00536

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин байрлах А ХХК-нд холбогдох,

Бусдын хууль бус эзэмшлээс хими цэвэрлэгээний зориулалттай тоног төхөөрөмж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Сутай дээд сургуулийн зүүн тал, 1 давхарт байрлах А ХХК-ийн 38 м.кв талбайг н.Туяа гэдэг нягтлантай нь уулзаж тохирон түрээсэлж эхэлсэн. Энэ талбайг өмнө нь 500,000 төгрөгөөр түрээсэлж байсан гэсэн. Би хими цэвэрлэгээний зориулалттай авто машин, тоног төхөөрөмжөө аваад ус, цахилгаан, түрээсийн төлбөрт нийт 1,200,000 төгрөгөөр тохирч гэрээ хийж байсан. Гэрээндээ бол тэрийгээ тусгаагүй аман байдлаар гэрээ байгуулсан. Би анх 380 вольтын цахилгааны утас болон усны заалтаа оруулъя тэгэхгүй бол манайх тог, ус их ордог, 8 дугаар сараас 5 дугаар сард хүн ихтэй байдаг талаараа хэлсэн. Ингээд нийт 1,200,000 төгрөгөөр тохироод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2021 онд Ковид гараад үүний дараа 2022 оны 5 дугаар сараас 2,700,000 төгрөгийн түрээстэй болж, 1 м.кв 70,130 төгрөг гэж нэмэгдэж орж ирсэн. Энэ талаар албан тоот ирсэн боловч, гэрээ бичгээр байгуулаагүй. 2020 оны 9 дүгээр сарын 4-ны өдрөөс хойш өөр гэрээ хийгээгүй. 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажил руугаа орох гэтэл орж чадаагүй, гол цоожийг сольсон байсан. 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тог тасалсан. Хүмүүсийн хувцсыг гаргаж өгье гэхэд гаргаж өгөөгүй.

Энэ хугацаанд би сар бүрийн түрээсийн төлбөр болох 2,700,000 төгрөг төлсөн. Харин 380 вольтийн цахилгааны төлбөрийг тусад нь төлөх талаар тохиролцоо байхгүй. Тухайн газар Хуурай бодисын 15 литрийн SX8D, хуурай хими цэвэрлэгээний машин Toshiya DI223, нойтон цэвэрлэгээний машин XGF25, уур хатаагч машин, нойтон цэвэрлэгээний 3 ширхэг машин, индүүний машин, бойлуур өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ, тог цахилгааны тоноглол уртасгагч утас, гадна гэрэл, самбар, компьютер, гэр интернэтийн төхөөрөмж, дотоод камер 4 ширхэг зэрэг 2020 оны үнэлгээгээр нийт 95,566,800 орчим төгрөгийн эд зүйл байгаа.

Гэрээний дагуу 2023 оны 4 дүгээр сар хүртэл түрээсэлж байгаад гарсан. Түрээсийн төлбөрт түрээслэгчийн зарцуулж байгаа мөнгөн дүнгээс гадна зах зээлийн үнэлгээ гэж байдаг. Зах зээлийн үнэлгээгээр 2024 онд 38 м.кв оффисын талбай 2,700,000 төгрөг хүрэхгүй байгаа. Гэтэл хотын захын хими цэвэрлэгээний зориулалттай талбайг 2,700,000 төгрөгөөр тохиролцсон гэхээр энэ түрээсийн төлбөр тог, цахилгаан бүх зүйл орж байгаа гэдэг нь нотлогдоно. Иргэний хуулийн 318 дугаар зүйлд гэрээ сунгахтай холбоотой зохицуулалт байхгүй тул 296 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан байна.

Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан бөгөөд ямар ч зүйл болсон хүний эд зүйлийг битүүмжилж, барьдаггүй. Шүүхээс ч гэсэн тухайн хүний хөрөнгийг битүүмжлэхдээ бизнесийн үйл ажиллагааг нь зогсоодоггүй байгаа.

Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн эд зүйлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Урсгал зардлыг гэрээнд заасны дагуу түрээслэгч төлөх ёстой. Нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа нийт 380 вольтын цахилгааны болох 84,515 квт тог хэрэглэсэн байсан. Харин 220 вольтын цахилгааны төлбөр нь тусдаа түрээсийн гэрээний үнийн дүнд орсон байгаа. Харин 380 вольтын цахилгааны төлбөрийн нэхэмжлэгч тал өөрөө төлөхөөр тохиролцсон байсан. Энэ төлбөрөө төлчихвөл бидний зүгээс тоног төхөөрөмжүүдийг гаргаад өгөхөд татгалзах зүйл байхгүй. Цахилгааны төлбөрийг төлөөгүйгээс 26,387,880 төгрөгийн төлбөр хуримтлагдсан. Тоног төхөөрөмж нь бүгд бүрэн байгаа. Манай компани хэрэглэж эзэмшсэн зүйл огт байхгүй.

Төлбөрөө төлөөд явж байсан бол одоо ийм зүйл болохгүй байсан. Удаа дараа тогны мөнгөө төлөхгүй байсан тул тогийг нь тасалсан. Өөрөө мэдэгдлээ өгөөд гарсан болохоос бид нар тогийг нь таслаад хөөгөөд гаргасан зүйл огт байхгүй. Төлбөрөө төлөөд цаашдаа түрээслээд явах боломж бүрэн байсан. Гурван шатны шүүхээр ингэж маргаан үүсгэж явж байхаар төлбөрөө төлөөд тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй гэв.

3.Нэхэмжлэгчээс: А ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэх, байр түрээслэх гэрээ, 2023 оны 5 сарын 02, 5 сарын 11-ний өдрүүдийн мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан бичиг, худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн төлбөр нэмэгдүүлэх тухай албан бичиг, мэдэгдэл, төхөөрөмжүүдийн гэрэл зураг,

Хариуцагчаас: тоолуурын заалтын гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч А ХХК-д холбогдуулан хими цэвэрлэгээний зориулалттай тоног төхөөрөмжийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагчаас цахилгааны төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж,

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон тул өөрийн эзэмшлийн GX-8D маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, ТОSIE-DI-223 маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, XGQP-25 маркийн нойтон цэвэрлэгээний машин, уураар хатаагч /CILANE/, угаалгын жижиг машин 3 ширхэг, индүүний машин, ус халаагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ, тог цахилгааны тоолуур самбар, гаднах гэрэл самбар, үүдний тавиур, компьютер, гэр интернет, дотоод камер /4 ширхэг/ зэрэг эд зүйлсийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3.Зохигч талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас Сутай дээд сургуулийн 2 давхарт байрлах 38.5 мкв бүхий талбайг хими цэвэрлэгээний үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслүүлэхээр хүлээлгэн өгөх, нөгөө талаас түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 7 дугаар тал/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын гэрээний дагуу илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулга болон зорилгоос дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Гэрээний агуулга, байгуулсан субъект болон гэрээ байгуулах зорилго, хүсэл зоригийн хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээг 2023 оны 4 сарын 21-ний өдөр дуусгавар болгох мэдэгдэл өгсөн гэж тайлбарлаж байх бөгөөд энэ тайлбар нь нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан бичгүүдээр нотлогдож байна.

Хариуцагчаас гэрээ дуусгавар болгох буюу цуцлах талаар мэдэгдэл ирүүлсэн гэх нэхэмжлэгчийн дээрх тайлбарт маргаагүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 294 дүгээр зүйлийн 294.1.2-т гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол гэрээ дуусгавар болно гэж заасан байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрөө төлөөгүй тул түүний эд хөрөнгийг саатуулан барьсан. Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө нь бүрэн бүтэн байгаа гэх тайлбарыг гаргаж байна.

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т газар байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй гэж, 301.2-т хөлслүүлэгчийн барьцаалсан эд хөрөнгийг хөлслөгч нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахад ашиглах зориулалтаар, эсхүл амьдралын ердийн нөхцөлд тохирсон харилцааны улмаас буцаан авсан бол тухайн эд хөрөнгийн хувьд саатуулан барих эрх дуусгавар болно гэж тус тус заасан

Нэхэмжлэгчийн эзэмшлийн эд хөрөнгө болох GX-8D маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, ТОSIE-DI-223 маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, XGQP-25 маркийн нойтон цэвэрлэгээний машин, уураар хатаагч /CILANE/, угаалгын жижиг машин 3 ширхэг, индүүний машин, ус халаагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ, тог цахилгааны тоолуур самбар, гаднах гэрэл самбар, үүдний тавиур, компьютер, гэр интернет, дотоод камер 4 ширхэг зэрэг эд зүйлс нь аж ахуйн хэвийн үйл ажиллагаагаа хангахад ашиглах зориулалттай эд зүйл байх тул хариуцагч нь цахилгааны төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр саатуулах барих эрхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, GX-8D маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, ТОSIE-DI-223 маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, XGQP-25 маркийн нойтон цэвэрлэгээний машин, уураар хатаагч /CILANE/, угаалгын жижиг машин 3 ширхэг, индүүний машин, ус халаагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ, тог цахилгааны тоолуур самбар, гаднах гэрэл самбар, үүдний тавиур, компьютер, гэр интернет, дотоод камер 4 ширхэг зэргийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 301 дүгээр зүйлийн 301.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хд GX-8D маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, ТОSIE-DI-223 маркийн хуурай хими цэвэрлэгээний машин, XGQP-25 маркийн нойтон цэвэрлэгээний машин, уураар хатаагч /CILANE/, угаалгын жижиг машин 3 ширхэг, индүүний машин, ус халаагч, хөлтэй өлгүүр 6 ширхэг, хувцасны ширээ, тог цахилгааны тоолуур самбар, гаднах гэрэл самбар, үүдний тавиур, компьютер, гэр интернет, 4 ширхэг дотоод камер зэргийг хүлээлгэн өгөхийг хариуцагч А ХХК-нд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээн хариуцагч А ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА