Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2024/00047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/01511/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******/-д холбогдох,

"Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,

Хариуцагч *****,

Хариуцагчийн өмгөөлөгч *****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***** нь *****ын ******* дугаартай газрын гэрчилгээг 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр авсан. Уг газарт 2 жил амьдарч улмаар амьдралын шаардлагаар Улаанбаатар хот шилжсэн. 2015 онд хашааны газарт хулгай орж банзыг авсан байсан. Улмаар 2016 онд дахин хашаа барихаар ирэхэд айл буусан байсан. Уг айлтай уулзахад энэ газрыг ***** сумын Засаг дарга өөрөө өгсөн газарт би буусан гэсэн хариулт өгсөн. Иймд ***** сумын газрын албанд очиж уулзаж шалгуулсан, уг айлд манай хашаатай залгаа урд талын газар олгосон гэрчилгээ нь гарсан байсан. 2017 онд тэр газрын гэрчилгээ гарсан байсан. Иргэн би өөрийн биеэр 3 удаа ирж уулзаж гэрчилгээгээ үзүүлж газар чөлөөлж өгөхийг хүссэн боловч чөлөөлөхгүй эцэстээ шүүхэд өг гэсэн хариу өгсөн тул миний бие газраа чөлөөлүүлэхээр авах хүсэлтийг гаргаж нэхэмжлэл өгч байна.

Дархан-Уул аймаг ***** хувийн эзэмшлийн газрыг тухайн үед хүсэлтээ өгөөд 1 айлын өмчлөх эрхтэй газрыг хууль журмын дагуу өмчилж авсан. Ингээд үүнээс хойш манайх хашаагаа барьж 2013 оны сүүл хүртэл амьдарч байгаад амьдралын шаардлагаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод 6 сар болоод ирэхэд манай хашааны талыг хулгай аваад явсан байсан. Ингээд бид үлдэгдэл хашаагаа буулгаад хажуу айлдаа газраа захиад явсан. Тэгээд байж байтал хажуу айл утсаар яриад танай газарт айл буусан байна гэж хэлэхээр нь ирэхэд энэ ***** гэж айл буусан байсан. Ингээд энэ манай газар яагаад буусан бэ, энэ манай газар байгаа юм аа танд ямар нэгэн гэрчилгээ эзэмших эрх байна уу гаргаад ир гэхээр байхгүй гэдэг. Тэгээд суллаад өг гэхээр суллаж өгөхгүй хуулийн байгууллагаараа яв гээд хөдлөхгүй байсан учраас шүүхэд хандах болсон. Бид 3 удаа өөрийн биеэр ирж уулзаж байсан. Манайхыг анх уг газрыг авахад **** мэдэлд байсан. Харин дараа нь ***** сумын мэдэлд шилжсэн юм билээ. Тийм учраас хуулийн дагуу манай эзэмшлийн газрыг *****ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

***** миний бие нь 2013 оны хавар одоогийн амьдарч буй газар болон ***** хашааны газрыг ***** сумын Засаг даргын зөвшөөрөлтэйгээр хүсэлт гаргасан өргөдлийн дагуу авч энд ирж амьдарсан. Манайхыг энд ирэхэд энэ газар хашаа байхгүй, тог цахилгаан байхгүй, айл огт амьдарч байгаагүй эзэнгүй газар байсан. Манайх хашаа барьж, тог цахилгаан бүгдийг өөрсдийн зардлаар хийсэн. Хашааны банз гэхэд тухайн үеийн 2013 оны ханшаар портер банзыг 150,000 төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 4 портер банз авсан, хашааны төмөр шон захын төмрийн захаас 1 нийт 8,000 төгрөгөөр 15 ширхэг авсан. Гэрэл татахад гэрлийн 200 метр утас 100,000 төгрөг, шонгийн мод 200,000 төгрөгөөр авч цахилгааныг нийт 600,000 төгрөгөөр татуулсан. Энэ хугацаанд газрын маргаантай асуудал гараагүй сүүлийн 3 жилийн хугацаанд энэ айл манай газар гэж ирсэн. Урьд өмнө нь нэг ч ирж байгаагүй. Бид ***** сумын Газрын алба болон Засаг даргын Тамгын газартай учир байдлаа хэлж хэд хэдэн удаа уулзахад ***** сумын нутаг, тухайн үед тэр айл *****ын харьяа байхад нь аваад амьдраагүй 3 жил болсон учир тухайн үеийн шийдвэрээр хураагдаад танай хүсэлтийн дагуу танайд олгогдсон. Гэрчилгээ гаргаж өгье гэхэд энэ айл маргаантай байгаа учир гэрчилгээ олгогдоогүй байгаа гэсэн хариулт өгдөг. Манай хүү Азжаргал яг манай урд залгаа 0,07 га газрыг авсан гэрчилгээтэй байдаг. Миний хувьд энэ газрыг чөлөөлж өгөхгүй. Би хууль дүрмийн дагуу амьдарч байгаа. Мөн өчнөөн зардал гаргаж хашаа барьж тог татуулаад 10 гаруй жил амьдарч байгаа тул энэ маргаантай асуудлыг хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Би *****ын сангийн аж ахуйд 1980 оноос хойш амьдарч байсан. Ингээд газар авах гээд хөөцөлдөхөд ***** сумын засаг дарга уг маргаан бүхий газрыг манай газар гэж зааж өгсөн. Миний бие уг газраа одоо хүртэл амьдарч байгаа. Тухайн үед 3 жил эзгүй байсан бол дараагийн хүнд нь эзэмшүүлнэ гэдэг зарчмаар эзэмшүүлдэг байсан юм билээ. Манайхыг буухад хашаагүй, тог татаагүй эзгүй газар байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг ***** м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Үүний дагуу шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримтыг цуглуулж үзэхэд ***** гэдэг хүн дураараа айлын газар очиж буусан зүйл байхгүй. Тухайн үед 2014-2016 оны 11 дүгээр сар хүртэл ***** сумын засаг даргаар ажиллаж байсан ***** гэж хүн уг газарт *****ийг буу гэж зөвшөөрлийг өгсөн байдаг. ***** нь ***** сумын Атар газар 1980 оноос тракторчоор ажиллаж байсан хүн байгаа. Ингээд ***** сумын засаг дарга уг газар буу энэ газар манай ***** сумын эзэмшлийн газар. ***** гэж хүний нэр дээр байгаа боловч 3 жил хашаа бариагүй, тог цахилгаан татаагүй, өөрсдөө байхгүй. Газар нутгийн хилийн цэсээрээ манай ***** сумын нутаг дэвсгэр, энэ асуудлыг бид шийдвэрлэнэ гээд буулгасан байдаг. Үүний дараа 2016 од уг засаг дарга ажлаа өгсөн. *****ийн хувьд үргэлжлүүлээд энэ асуудлаа дахиж тавьж шийдвэрлүүлээгүй байгаад байсан. Засаг даргын ам шийдвэр нь *****ийг хүнд байдал оруулсан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. 2012 онд ***** гэдэг хүн ***** захирамжаар уг газрыг өмчилж авсан баримт байгаа. Тэр үед газрын кадастр, солбилцлууд *****ын нутаг дэвсгэрт байж байгаад 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр **** Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хурлын тогтоолоор хилийн цэсийн солбилцлыг тогтоож ***** сумын нутаг дэвсгэрт шилжсэн ийм нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тэгэхээр тухайн үеийн ***** сумын засаг дарга ***** энэ шийдвэрээ баталгаажуулаагүй, тухайн үед ******* гэж хүн хууль зөрчиж энэ газрын гэрчилгээг гаргуулсан байсан бол өөрөө эрх мэдэл бүхий субъект байхдаа энэ асуудлаа шийдвэрлэх ёстой байсан. Хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхгүй, амаар асуудал яриад хүнийг амаар буу гэж буулгачхаад үүнийгээ албажуулаагүй зэрэг албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлээс *****ийн эрх ашиг хөндөгдсөн асуудал болсон байна. Нэгэнт энэ хүн буу гэсэн ч гэрчилгээгээ хөөцөлдөж аваагүй өнөөдрийг хүрсэн дутагдалтай асуудал байна. ***** дээр гарсан ямар нэгэн гэрчилгээ байхгүй байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд ийм байна. Тийм учраас *****ийн хувьд жаахан гомдолтой байна. ***** өөрөө дураараа буугаагүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр буусан байдаг. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *****дугаартай 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдөр олгосон гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, *****аас *****д олгосон итгэмжлэл, *****ийн хаягийн бүртгэлийн тодорхойлолт, ***** сумын 2-р багийн засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, хариуцагчийн хариу тайлбар, мөн *****аас *****д 3 сараар олгосон итгэмжлэл, *****ы шүүхэд гаргасан тайлбар, *****ын *****д хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *****ы шүүхэд гаргасан хүсэлт, өмгөөлөгч *****ын шүүхэд гаргасан хүсэлт, *****ы шүүхэд гаргасан хүсэлт, **** ***** албан бичиг, **** *****хариу хүргүүлэх тухай албан бичиг, **** Засаг даргын захирамжаар 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ***** дугаартай газар өмчлүүлэх тухай, ***** тоот 1339 м.кв газар өмчлүүлэх гэрчилгээ, Улсын их хурлын аймаг сум байгуулах тухай 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, **** Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хилийн цэс, цэг тэмдэгтийн солбилцлыг баталгаажуулах тухай, маргаан бүхий газрын кадастрын зураг, **** ***** сумын засаг даргын 1/703 тоот захирамжийн хариу ирүүлэх тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****д холбогдуулан Дархан-Уул аймаг, **** байршилтай **** нэгж талбарын дугаартай, 1339 м.кв талбайтай, газрыг өмчлөх ***** дугаарт бүртгэж олгосон, *****дугаартай газрын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *****ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Хэрэгт авагдсан Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн *****дугаартай гэрчилгээгээр **** нь Дархан-Уул аймаг, *****, ****, ***** талбарын дугаартай 1339.0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна. /хх-ийн 5 дугаар хуудас/

3.Хариуцагч ***** нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлынхаа үндэслэлийг ...2013 оноос хойш би энэ газарт амьдарч байна, анх ирэхэд тог, цахилгаан, хашаа байгаагүй би бүгдийг өөрийн хөрөнгөөр барьж, татсан. Анх надад ***** сумын Засаг дарга энэ газрыг 3 жил зориулалтын дагуу ашиглаагүй тул ***** сумын газар гэж хэлж эзэмшүүлсэн. 10 гаран жил би энэ газарт амьдарч байгаа учир газрыг чөлөөлж өгөхгүй гэж тайлбарладаг болно.

4.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцснээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

5.Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч ***** нь Дархан-Уул аймаг, *****, ****, ***** талбарын дугаартай 1339.0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн байна гэж үзнэ.

6.Хариуцагчийн өмгөөлөгч *****ын хүсэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 135/ШЗ2023/**** дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Улмаар Дархан-Уул аймаг дахь ***** 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 340 дугаартай албан бичиг, **** Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний 769 дугаартай албан бичигт ***** ***** 8-р хэсэг 1-5 тоот, **** нэгж талбарын дугаартай 1339 м.кв гэр, хашааны зориулалттай газрыг анх аймгийн Засаг даргын 2011 оны ***** дугаар захирамжаар иргэн *****т өмчлүүлсэн байна. 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг солбицолжуулж, баталгаажуулах ажил хийгдэж *****ын ***** 8-р хэсэгт Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлсэн газрууд нь Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор ***** сумын 1-р багт хамаарч байсан. Улмаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 41 дүгээр тогтоолоор хилийн цэсийн цэг тэмдэгтийг баталгаажуулсан болно. Иргэн *****ын өмчлөлийн газар нь өнөөдрийн байдлаар газрын кадастрын цахим системд ***** сум **** тоот нэгж талбарын дугаартай, 1339 м.кв-аар шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, хүчин төгөлдөр өмчлөх эрхийн бүртгэлтэй байна... гэх лавлагаа, **** Засаг даргын 2011 оны ***** дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар, хавсралт, Монгол Улсын Их хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай аймаг, сум байгуулах тухай тогтоолын хуулбар, **** Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 41 дүгээр Хилийн цэсийн цэг тэмдэгтийн солбилцлыг баталгаажуулах тухай тогтоолын хуулбар, хавсралт, кадастрын зургийн хуулбар, **** ***** сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/703 дугаартай албан бичиг нотлох баримтаар хэрэгт авагджээ.

Дээрх баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч *****ын Дархан-Уул аймаг, **** байршилтай **** нэгж талбарын дугаартай, 1339 м.кв талбайтай, газрыг өмчлөх ***** дугаарт бүртгэж олгосон, *****дугаартай газрын гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь одоо газрын кадастрын цахим системд ***** сум **** тоот нэгж талбарын дугаартай, 1339 м.кв-аар шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, хүчин төгөлдөр өмчлөх эрхийн бүртгэлтэй, нэхэмжлэгч *****ын өмчлөлд бүртгэлтэй байна.

7.Хариуцагч ***** нь тус газрыг эзэмшиж, оршин сууж байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч *****ын Дархан-Уул аймаг, *****, ****, ***** талбарын дугаартай 1339.0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч *****ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8.Нэхэмжлэгч ***** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулан, хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, *****, ****, ***** талбарын дугаартай 1339.0 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч ***** болон түүний гэр бүлийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч *****т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор **** Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС