Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2024/00111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2023/02076/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, **** тоотод оршин суух, ****67/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ****т байрлах өөрийн байранд оршин байх Д**** ХХКомпанид холбогдох,

"Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, тус компанийн дотоод журамд заасны дагуу 19,329,933 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г****,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** нь ШУТИС-ийг Хими технологич мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 578 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар **** Чанар хяналтын хэлтэст материалын рентген шинжилгээний шинжээчээр анх ажилд орж химийн лабораторит ажилласан. 2021 оны 05 дугаар сараас эхлэн хөл, нүүр битүү хавагнаж, даралт ихсэх, зүрх судасны өвчин илт мэдрэгдэж амьсгаадаж эхэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д***** дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн хэдий ч бие дээрдэхгүй байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулахаар Улаанбаатар хотын 1 ба 3 дугаар эмнэлгүүдэд шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн юм. Улмаар Мэргэжлийн өвчин судлалын газарт хяналтад орж 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар гуурсан хоолон багтраа оношоор үйлдвэрлэлийн хорт хий утаагүй, химийн бодистой харьцахгүй хөдөлмөрийн нөхцлийн ажилд бүр мөсөн шилжүүлэх шийдвэр гарсан болно. Гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/798 тоот тушаалаар хамгаалалт аюулгүй байдлын албанд хамгаалагчаар ажлын байрыг өөрчилсөн. Харуул хамгаалалтын ажилтнаар Төмөртэй уурхайд ажил үүрэг гүйцэтгэх явцад даралт ихдэх, амьсгал боогдож уурхайн эмчийн хяналт дор Сэлэнгэ аймгийн Төмөртэй уурхайгаас Д***** яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн ирж эрчимт эмчилгээнд орсон. Эмнэлгээс гарсан даруйд ажилдаа очсон боловч ажил олгогчийн зүгээс ажиллуулах боломжгүй биеэ үзүүл гээд буцаасан. Улмаар 2021 оны 10, 11, 12 дугаар саруудад лист авч эмчийн хяналтад эмчлүүлсэн ба 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЭХМК-ийн хурлаар гуурсан хоолойн багтраа мэргэжлийн өвчний 1.10 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоож, үйлдвэрлэлийн хорт утаагүй, тоос шороогүй нөхцөлийн ажилд бүр мөсөн шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МШӨ-салбар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр сунгасан болно. Миний бие Хөдөлмөрийн тухай хууль, компанийн дотоод журам, хамтын гэрээ хэлэлцээрт тусгагдсаны дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлсэн боловч Д**** ТӨХК-ийн эрх бүхий ажилтнууд хуулийг өөрсдөдөө таатай байдлаар тайлбарлаж хуульд тусгагдаагүй ажлаас халагдсан тохиолдолд олгодог тус тэтгэмж өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд миний бие дахин Д**** хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл, хүсэлтээ өгсөн боловч хуралдаагүй, хуулийн хугацаа өнгөрөөсөн болно. Улмаар Дархан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба маргааныг урьдчилан шийдвэрлэх явцад маргалдагч талууд харилцан тохиолцоонд хүрч чадаагүй тул гурван талт хорооны 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр ажиллагаа дуусгавар болгосон. Уг шийдвэрийн дагуу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагт хурал товлогдсон ба тус өдөр цас ихээр орж замын нөхцөл байдал хүндэрч итгэмжлэгдсэн төлөөлөгч 05 минут хоцорсон бөгөөд шүүх хуралд оролцож чадаагүй 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШЗ2023/06502 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан юм. Дээрх хэрэг маргаан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2 удаагийн шүүгчийн захирамж бий бөгөөд асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1 дэх заалтууд, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмж болох 19,329,933 төгрөгийг Дархан **** үйлдвэр ТӨХК-аас гаргуулж өгнө үү.

Мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, компанийн дотоод журамд заасны дагуу 19,329,933 төгрөгийг Дархан **** үйлдвэр ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь **** нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Хими технологич мэргэжлээр төгсөж, мэргэжлээрээ ажиллаж байгаад 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 578 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар Д**** ХХК-ийн Чанарын хяналтын хэлтэст материалын рентген шинжилгээний шинжээчээр химийн лабораторид ажилд орж ажиллаж байсан. 2021 оны 05 дугаар сараас хөл нүүр нь битүү хавагнаж, даралт өсөх, зүрх судасны өвчин илт мэдэгдэж, амьсгаадаж эхэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нөхцөл байдал дээрдэхгүй байсан тул дараагийн шатны эмнэлэг Улаанбаатар хотын 1 болон 3 дугаар эмнэлэгт шинжилгээ өгч нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Улмаар мэргэжлийн өвчин судлалын газар хяналтад орсон. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар гуурсан хоолойн багтраа онош батлагдаж, үүнийг үйлдвэрлэлийн хорт утаагүй, химийн бодистой харьцахгүйгээр хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсны дагуу ****тушаалаар харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажлын байрыг өөрчилсөн. Харуул хамгаалалтын ажилтнаар **** хүдрийн уурхайд ажиллаж байх явцад мөн даралт өсөх, амьсгал боогдож уурхайн эмчийн хяналтад орж Сэлэнгэ аймгийн Төмөртэйн уурхайгаас Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Ингээд 2021 оны 10,11,12 дугаар сард лист авч биеэ эмчлүүлсэн. Дархан **** үйлдвэрээс ажиллуулах боломжгүй байна, биеэ эмчлүүл гэсэн байдаг. Ингээд Улаанбаатар хотод байрлах мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар ажлын байрыг сольсон ч биеийн байдал өөрчлөгдөхгүй байгаа учраас Хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоосон. 40 хувийг дахин нэг удаа сунгасан. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ өгсөн. Ингээд тус компани манайх ажлаас халагдсан тохиолдолд уг тэтгэмжийг олгодог, танд олгох боломжгүй тухай амаар уламжилсан. Үүний дараа шүүхэд хандсан, шүүхээс процессын ажиллагаа буюу хөдөлмөрийн маргаантай холбоотой гурван талт хороогоор ороогүй байна гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа хурлаар орж асуудал үргэлжилж явсаар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 2 удаагийн шүүгчийн захирамж гарсан. Улмаар шийдвэрлэгдээгүй байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдсан 19,329,933 төгрөгийг гаргуулж өгнө үү.

**** дотоод журам өөрчлөгдсөн нь А*****холбогдуулан ойлгож байна. Дотоод журам, хамтын гэрээг өөрчилсөн хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа хууль тогтоомж ямар эрэмбэ дараатай байх вэ гэдгийг хуульчилсан байгаа. Үүнд нэгдүгээрт Хөдөлмөрийн хууль байна, Захиргааны хэм хэмжээний акт, Салбар, салбар дундын хэлэлцээр, Хамтын гэрээ, Хөдөлмөрийн гэрээ, Аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэдэг зүйлүүд эрэмбэлэгдэж байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэдэг үг, өгүүлбэр байхгүй. Мэргэжлээс шалтгаалах өвчин гэж хувь заагаад хэд дахин гэдгээр оруулсан. Гэтэл Дархан **** үйлдвэр компанийн мөрдөж байгаа дотоод журмаа өөрчилж, түүнийгээ бүртгүүлснээр эрх зүйн чадамжтай юм гэж хуулиас давсан дотоод журмаар мэргэжлээс шалтгаалсан өвчин тусаж ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Дотоод журмаараа өгөхгүй гэдэг тайлбар өгч байгаа нь өөрөө үндэслэлгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасны дагуу Дархан **** үйлдвэр ХХК нь нэхэмжлэгч ****тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байдаг. Мөн хуулийн 4.1.16-д зааснаар энэ маргаан хөдөлмөрийн эрхийн маргаан учраас Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байна. Нэгдүгээрт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх **** /2023-хх-25-р талд/ гарсан. Мөн Дархан **** үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс буюу эрх бүхий байгууллагад хандах ёстой байсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацаа эрх үүссэн үеэс тооцох ёстой. Мөн хуулийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна гэдэг заалтын дагуу шаардах эрх дууссан байна. Хоёрдугаарт дундаж цалин хөлс тооцоолсон талаар тайлбар хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.5-д зааснаар дундаж цалин хөлсийг 7 дахин нэмэгдүүлсэн байдлаар олгохоор заасан. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговор тэтгэмжийг тооцохдоо дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Өмнөх хавтаст хэргийн 28-р талд байгаа Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтоос харахад 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гарсан шийдвэрийг үндэслэвэл 2022 оны 1,2,3 дугаар сарын цалингийн нийлбэр нэхэмжлэгчийн хувьд 2,851,964 төгрөг болж байна. Үүнийг 3 сард хуваахад 950,654 төгрөг гарсан. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 7 дахин үржүүлбэл 6,654,582 төгрөг болж байна. Ийм хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан маргаан гэдэг дээр нэхэмжлэгч маргаагүй гэдгийг дурдах байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч анх **** Маргаан таслах комисст 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргахдаа 16,608,340 төгрөг гаргуулах гомдол гаргасан, шүүхэд 18,156,103 төгрөг, шинээр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл нь 19,329,933 төгрөг гээд 3 өөр үнийн дүнтэй нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ агуулгаараа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 40 хувиар тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан. Энэ журам дээр тухайн ажилтны цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Энэ журмын 3.2-т заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч Д**** ХХК-д холбогдуулан мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээ, тус компанийн дотоод журамд заасны дагуу 19,329,933 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч **** нь ...2021 оны 05 дугаар сараас эхлэн хөл, нүүр битүү хавагнаж, даралт ихсэх, зүрх судасны өвчин илт мэдрэгдэж амьгаадаж эхэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Д***** дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн хэдий ч бие дээрдэхгүй байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт онош тодруулахаар Улаанбаатар хотын 1 ба 3 дугаар эмнэлгүүдэд шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн юм. Улмаар Мэргэжлийн өвчин судлалын газарт хяналтад орж 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар гуурсан хоолон багтраа оношоор үйлдвэрлэлийн хорт хий утаагүй, химийн бодистой харьцахгүй хөдөлмөрийн нөхцөлийн ажилд бүр мөсөн шилжүүлэх шийдвэр гарсан болно. ...Улмаар 2021 оны 10, 11, 12 дугаар саруудад лист авч эмчийн хяналтад эмчлүүлсэн ба 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ЭХМК-ийн хурлаар гуурсан хоолойн багтраа мэргэжлийн өвчний 1.10 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоож, үйлдвэрлэлийн хорт утаагүй, тоос шороогүй нөхцөлийн ажилд бүр мөсөн шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн МШӨ-салбар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр сунгасан болно. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1 дэх заалтууд, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.5-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмж болох 19,329,933 төгрөгийг Дархан **** үйлдвэр ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д зааснаар маргаан таслах комисст 90 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.5 болон дундаж цалин хөлс тооцох журмад заасны дагуу тэтгэмжийг бодоогүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар 2022 оны 4 дүгээр сарын 14-нд шаардлага гаргах үндэслэл үүссэн, үүнээс 90 хоног тоолоход 2022 оны 7 дугаар сарын 14-нд дууссан гэж үзэхээр байна. Дундаж цалин хөлсийг 2022 оны 01-03 дугаар сараар бодох ёстой байсан. гэж үгүйсгэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн **** хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан өргөдөл, Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, шийдвэр, Дархан **** үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн захиргаанд гаргасан нөхцөлийн тодорхойлолт, Уушги СТ, Харшлын сорил, хордлогын эс тоолох, МШӨ салбарт гэсэн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

  Нэхэмжлэгч **** нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний учир жил тутам Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж, хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгодог байсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улмаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч ****д Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1.-д заасан нөхөн төлбөрийг огт олгож байгаагүй байна.

5. Талуудын маргааны зүйл нь мэргэжлээс шалтгаах өвчний учир Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж, хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон байхад нөхөн төлбөрийг өгөхгүй байна гэж маргана.  

Нэхэмжлэгч нь Д**** ХХК-д одоо хамгаалагч ажилтай бөгөөд тухайн үед Чанарын хяналтын хэлтэст материалын рентген шинжилгээний шинжээчээр ажиллаж байсан, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэргэжлээс шалтгаалах гуурсан хоолойн багтраа өвчний учир хөдөлмөрийн чадвараа 40 хувь алдсан эсэх зэрэгт талууд маргаагүй.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1.-д үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар алдсан бол тав дахин, 30-50 хүртэл хувиар алдсан бол долоо дахин, 50-70 хүртэл хувиар алдсан бол ес дахин, 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол 18 дахин; нөхөн төлбөр олгоно гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан тохиолдолд ажилтанд нөхөн төлбөрийг олгохоор заасан тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч **** нь тус байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 23-нд нөхөн төлбөр гаргуулах тухай өргөдөл гаргасныг хариуцагч байгууллага шийдвэрлээгүй, улмаар Дархан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр талууд харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. гэж зааснаас үзэхэд ажил олгогч уг хуульд заасан хугацаанд өргөдлийг хянан шийдвэрлээгүй байх тул Дархан сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл, шийдвэр гарсан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэхээр байна.   

Тодруулбал, Д**** Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн, энэ журмыг хэрэглэж боломжтой байвал гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан.

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт: Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.5-д Ажилтанд олгох нөхөн төлбөрийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 6 сарын цалин хөлсөөр тооцно гэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 40 хувиар тогтоосон хугацаанаас өмнөх 6 сарын хугацаанд авч байсан цалин хөлсөөр тооцож олгох нь зүйтэй.

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод:

Сүүлийн 6 сарын ажлын хоног:

2021 оны 10 дугаар сард 21 хоног,

2021 оны 11 дүгээр сард 22 хоног,

2021 оны 12 дугаар сард 23 хоног,

2022 оны 01 дүгээр сард 21 хоног,

2022 оны 02 дугаар сард 17 хоног,

2022 оны 03 дугаар сард 20 хоног = Нийт 124 хоног боловч нэхэмжлэгч нь хамгаалагч буюу ээлжийн ажил хийдэг нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул шүүх дундаж хугацаагаар буюу 120 хоногоор тооцов.

Сүүлийн 6 сарын цалин хөлс:

2021 оны 10 сард 420,000 төгрөг

2021 оны 11 сард 420,000 төгрөг

2021 оны 12 сард 481,122 төгрөг

2022 оны 01 сард 1,034,977 төгрөг

2022 оны 02 сард 392,587 төгрөг

2022 оны 03 сард 1,424,400 төгрөг = Нийт 4,173,086 төгрөг.

4,173,086:120 хоног=34,776 /нэг ажлын өдрийн дундаж цалин хөлс/

34,776х21 ажлын өдөр =730,290 /нэг сарын дундаж цалин хөлс/

Нөхөн төлбөрийн хэмжээ: 730,290х7 сар=5,112,030.34 төгрөг.

19,329,933 төгрөг -5,112,030.34 төгрөг=14,217,902.66 төгрөг

Иймд, хариуцагч байгууллагаас мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрт 5,112,030.34 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх 14,217,902.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

9.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж тус тус заасан байна.

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн **** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж шүүх урьдчилан шийдвэрлэх журмын хугацааг дахин тогтоож өгсөн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй буюу агуулгын хувьд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хязгаарлах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан мэргэжлээс шалтгаалах өвчний учир авах нөхөн төлбөрийг хариуцагч байгууллага олгоогүй нь хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч байна гэж үзэв.

10.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгчээс төлсөн 254,600 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 96,743 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1., 125.1.1.-д тус тус зааснаар хариуцагч Д**** ХХКомпаниас 5,112,030.34 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, үлдэх 14,217,902.66 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,600 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Д**** ХХКомпаниас 96,743 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС