Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 113/ШЗ2023/0007

 

 

  2023       06            26                                        113/ШШ2023/0007

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.О (РД:......................),

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн УБХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У.................

Гуравдагч этгээд: АИ ХХК (РД:................) нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн УБХ-т холбогдуулан “АИ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа V............... дугаарт бүртгэгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 3............... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Д.О нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 190 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц эзэмших эрхийн” 1089 дүгээр бичиг, Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 01 дүгээр тогтоол зэргээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, ................ тоот орон сууцыг өмчлөн авсан байна.

2.2. Д.О нь 2015 оноос БЗӨБЦТС-ТӨХК-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, ................. тоот орон сууцанд өөрийн зардлаар засвар хийж амьдарч эхэлсэн.

2.3. Улмаар нэхэмжлэгч Д.О нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, .................. тоот орон сууцын өмчлөх эрхийг  бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж хандсан.

2.4. Гэвч Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч түүнийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бөгөөд татгалзлын үндэслэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэсэн үндэслэлийг дурдсан.

2.5. Тодруулахад эрхийн улсын бүртгэлийн Y.................. дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг ............ тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анх Ё овогтой П-д Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор хувьчилсныг 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулсан бөгөөд тус үл хөдлөх хөрөнгийг 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ээр Ё овогтой П-с өмчлөх эрхийг “АИ” ХХК-д шилжүүлэн бүртгүүлсэн бөгөөд Сүмбэр сумын 3 дугаар баг .......... 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 541 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан /хязгаарлах/ тухай” зөвшөөрлийг тусгай тэмдэглэл буюу эрх түдгэлзүүлсэн байна.

2.6. Нэхэмжлэгчийн зүгээс..... Д.О миний бие БЗӨБЦТС-ТӨХК-ийн Говьсүмбэр салбарт 2007 оноос өнөөдрийг хүртэл засварын монтёр албан тушаал дээр тасралтгүй 16 жил ажиллаж байна. 2015 оноос БЗӨБЦТС-ТӨХК-ийн өмчлөлийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 3............... орон сууцанд өөрийн зардлаар засвар хийж амьдарч эхэлсэн. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч БЗӨБЦТС ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 9 орон сууцыг тухайн байгууллагад 10-с дээш жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тухайн байрандаа одоо амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гарч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1089 тоот “Орон сууц эзэмших эрхийн бичиг”, Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 01 дүгээр тогтоол зэргийг үндэслэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авах гээд Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл хүчинтэй байгаа тул эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох боломжгүй гэсэн. Иймд “АИ” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Y................дугаартай бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулгаар маргаж байна.

2.7. Хариуцагчийн зүгээс ... эрхийн улсын бүртгэлийн Y-..............дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг ........... тоот 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анх Ё овогтой П-д Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор хувьчилсныг 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ээр Ё овогтой П-с өмчлөх эрхийг “АИ” ХХК-д шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Мөн Сүмбэр сумын 3 дугаар баг ............ тоот 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 541 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан /хязгаарлах/ тухай” зөвшөөрлийг тусгай тэмдэглэл буюу эрх түдгэлзүүлэх бүртгэлийг хийлгэсэн байна. Өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Сүмбэр сумын 3 дугаар баг ............ тоот 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “АИ” ХХК бүртгэлтэй байх бөгөөд мөн уг үл хөдлөх хөрөнгөд хууль, хяналтын байгууллагаас эрх хязгаарлах бүртгэлийг хийлгэсэн байгаа тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх” гэж заасны дагуу өмчлөгч “АИ” ХХК-иас өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлсэн гэрээ, хэлцэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, мэдүүлэг, зэргийг үндэслэн эрх өөрчлөгдөх бүртгэлийг бүртгэх хуулийн зохицуулалттай тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэж заасны дагуу өмчлөх эрхийг Д овогтой О-ын нэр дээр шилжүүлэн бүртгэх боломжгүй байна... гэх агуулгааар тайлбарлаж байна.

2.8. Гуравдагч этгээд “АИ” ХХК-ийн захирал Ё.П-ийн зүгээс манай компани нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг ........... тоот орон сууцыг 2001 оноос хойш өөр 4 орон сууцын хамт эзэмшдэг. Манай компани 5 орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдан авч байсан. Эдгээр байрны нэг болох Y........... дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг ........... тоот орон сууцыг БЗӨБЦТС-ТӨХК-иас манай компаний нэр дээр бүртгэлтэй өмчийг зөвшөөрөлгүй хувьчилсан шийдвэр гаргасан байна. Төр иргэн болон хувийн хэвшлийн хуулийн этгээдийн өмчлөх эрхэд халдах эрхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...гэж маргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагад нийтдээ 16 жил ажиллаж байна.  2015 онд миний амьдарч байгаа Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг ....... тоот байранд манай байгууллагын хэрэглэгчдэд үйлчлэх төв байрлаж байсан. Тус байр сүүлдээ интернетээр гүйлгээ хийдэг болсон болохоор татан буугдаж байгууллагын ажилтнаа амьдруулсан. Би байранд нилээдгүй хэдэн жил амьдарсан. 2022 оны 05 дугаар сарын 11-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч БЗӨБЦТС-н үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа 9-н орон сууцыг тухайн амьдарч байгаа ажилчдад үнэ төлбөргүй хувьчилж өгөх шийдвэр гарсан. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар тогтоол,  2022 оны 05 дугаар сарын 24-ний Төрийн өмчийн хороо, бодлого зохицуулалтын газрын орон сууц эзэмших 1089 дугаартай  эрхийн бичиг,  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 1 тоот дугаартай тогтоол зэргийг надад өгсөн. Үүний дагуу би Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Говьсүмбэр аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс надад тухайн орон сууц “АИ” компаний нэр дээр бүртгэлтэй байгаа учраас бүртгэл олгохгүй гэсэн. Тухайн асуудлаар шүүхэд хандсан. Байгууллагын үндсэн хөрөнгө дээр бүртгэлтэй байгаа. Татварыг нь төлдөг байр өөр компаний нэр дээр байгаа нь маргаантай байна. Энэ маргааныг шийдэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анх тухайн орон сууцын өмчлөх эрх бүртгүүлэх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг  2000 оны 12 дугаар сарын 19-нд  П гэж хүн гаргасан байдаг. Тухайн үед цэнхэр дэвтэртэй байсан байдаг. Тэр цэнхэр дэвтэр нь орон сууц эзэмших гэрчилгээ гэсэн нэртэй.   Ё.П нь өөрөө өөртөө бэлэглэлийн  гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Тухайн үеийн хуулиар улсын бүртгэлд яаж бүртгэх ёстой нь байгаа. 2000 оны асуудлыг 1997 оны хуулиар зохицуулагдана гэж үзэж байгаа. 1997 оны 01 дүгээр сарын 01-нээс Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг  мөрдөж байсан. Энэ хуулийн дагуу энэ бүртгэлийг бүртгэх ёстой. Энэ хуулийг  1997 оны  05 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсөн. 2000 онд тухайн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Дараагийн хууль Эд хөрөнгө өмчлөхтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль 2003 онд хүчинтэй болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргах гээд энэ хуулийн 9 дүгээр зүйл дээр байгаа.  Мэдүүлэг гаргах нь тухайн бүртгүүлэгч буюу бүртгэгч ямар ямар зүйл шаардах ёстой вэ гэхээр, мэдүүлэгч энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах бичиг баримтыг хавсаргана гэсэн байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг нотлох бичиг баримт, тухайн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэлгээ тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт, мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг нотиаратаар баталгаажуулна гэх зэрэг. 12 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэл гээд үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, зориулалт, өмчлөгчийн овог нэр, оршин суугаа газрын хаяг, иргэний паспорт болон регистрийн дугаар. Энэ хуульд зааснаар шүүх хувийн хэрэгт байгаа нотлох баримтуудыг хэрэгт хуулбар үнэн дараад авсан. Дараа нь бид нар хувийн хэрэгт үлдчихсэн нотлох баримтууд байж болзошгүй гээд үзлэг хийлгэсэн. Үзлэг хийлгэхэд тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотлох бичиг баримтууд байхгүй байсан. 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотлох ямар ч нотлох баримт байгаагүй.  Зөвхөн ганц мэдүүлэг байсан. Дараа нь улсын бүртгэлд бүртгэхийн тулд  ямар нотлох  баримтанд үндэслээд энэ өмчлөх эрхийн гэрчилгээ олгож байгаа вэ гэдгийг нотлох баримт байгаагүй. Хуульд нийцээгүй хууль бус бүртгэл бүртгэгдсэн байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Д овогтой О-с 2023 оны 03 дугаар сарын 01-нд “АИ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа Y......... дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг .......... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Эрхийн бүртгэлийн Y............ дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг ........... 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анх Ё овогтой П-д Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор хувьчилсныг 2000 оны 12 дугаар сарын 19-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийг баталгаажуулсан байна. Сүмбэр сумын 3-р баг ................ тоот 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Орон сууцны бэлэглэлийн гэрээгээр  Ё овогтой П-аас өмчлөх эрхийг “АИ” ХХК-д 2001 оны 05 дугаар сарын 11-ны өдөр шилжүүлэн бүртгүүлсэн байна. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11-р сарын 12-ны өдрийн 541 дугаартай “Хөрөнгийн шилжилт  хөдөлгөөнийг хянах /хязгаарлах/ тухай ” зөвшөөрлөөр тусгай тэмдэглэл буюу эрх түдгэлзүүлэх бүртгэлийг хийлгэсэн байна. Сүмбэр сумын 3-р баг ............... 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “АИ” ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дахин авсан. Өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Сүмбэр сумын 3-р баг ................. тоот 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “АИ” ХХК бүртгэлтэй байх бөгөөд мөн уг үл хөдлөх хөрөнгөд хууль, хяналтын байгууллагаас эрх хязгаарлах бүртгэлийг хийлгэсэн байна. БЗӨБЦТС ТӨХК-аас “АИ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Сүмбэр сумын 3-р баг 3.......... тоот 27 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.О-т хувьчилсан тогтоол, шийдвэрүүд байдаг.

Иймд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх гэж заасны дагуу өмчлөгч “АИ” ХХК-аас гаргаж өгсөн өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлсэн гэрээ, хэлцэл, улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ мэдүүлэг зэргийг үндэслэн өмчлөх эрх өөрчлөгдөх бүртгэлийг бүртгэх хуулийн зохицуулалттай тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.8 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох”-ыг хориглоно гэж заасны дагуу өмчлөх эрхийг Д овогтой О-ын нэр дээр шилжүүлэх боломжгүй байна гэв.

3.4. Гуравдагч этгээд “АИ” ХХК-ийн захирал Ё.П шүүхэд өгсөн тайлбартаа: . . . Манай компани нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, ................тоот орон сууцыг 2001 оноос хойш 4 байрны хамт эзэмшдэг. Дээрх орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан. Эдгээр байрны нэг болох Y-.................. дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, .................. тоот байрыг “ БЗӨБЦТС”-иас манай компани дээр бүртгэлтэй өмчийг зөвшөөрөлгүй хувьчилсан шийдвэр гаргасан байна. Энэ талаар манай компанид мэдэгдээгүй, цахимаар нэхэмжлэлийг хүлээн авснаар мэдсэн. Төр иргэн болон хувийн хэвшлийн хуулийн этгээдийн өмчлөх эрхэнд хэн нэгэн этгээд халдах эрхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “АИ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа V-.....................  дугаарт бүртгэгдсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, ........... тоот 27 м.кв  орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

4.1. Нэхэмжлэгч Д.О  Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “ Орон сууц хувьчлах тухай ” 190 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  2022 оны 5 дугаар сарын 24-ний  1089 тоот орон сууц эзэмших эрхийн бичиг, Говьсүмбэр аймгийн орон сууц хувьчлах товчооны 2022 оны 10 дугаар сарын 19-ний “Орон сууц өмчлөх эрх олгох тухай ” 01 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтын хамт Сүмбэр сумын 3 дугаар баг 3 дугаар байрны 1-4 тоот 27 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх бүртгүүлэх мэдүүлгийг Говьсүмбэр аймгийн УБХ-т 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гаргасан.

4.2. Говьсүмбэр аймгийн УБХ-ийн улсын бүртгэгч өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, 2023 оны 2 дугаар сарын 14-ний  108 тоот “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай ” албан бичигээр дээрх үл хөдлөх хөрөнгө нь  “АИ ” ХХК-ний нэр дээр 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн хүчин төгөлдөр бүртгэлтэй  гэдгийг нэхэмжлэгч Д.О-т мэдэгдсэн.

4.3. Ийнхүү нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оноос эхлэн БЗӨБЦТС-ТӨХК-ны өмчлөлийн Говьсүмбэр аймаг дахь албаны орон сууц болох Сүмбэр сум, 3 дугаар баг, ............... тоот орон сууцанд амьдарч байгаад Засгийн газрын “ Орон сууц хувьчлах тухай ” 2022 оны 5 дугаар сарын 11-ний 190 дүгээр тогтоол, Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооны “ Орон сууц өмчлөх эрх олгох тухай ” 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 1089 тоот “ Орон сууц эзэмших эрхийн бичиг ” зэрэг баримтаар Сүмбэр сумын 3 дугаар баг, ............. тоот 27 м.кв орон сууцны өмчлөгч болохыг нотолж байх тул уг орон сууцыг “АИ ” ХХК-ний нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж маргаж байна.

4.4. Хариуцагч нь Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3 дугаар баг ................27 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг орон сууц бэлэглэлийн гэрээгээр Ё овогтой П-аас өмчлөх эрхийг “ АИ ” ХХК-д 2001 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлэн бүртгэсэн хүчинтэй эрхийн бүртгэл байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

4.5. Говьсүмбэр аймгийн УБХ-с шүүхэд ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2023 оны 04 дүгээр сарын 6-ны лавлагаа болон холбогдох нотлох баримтаар Ё овогтой П нь  “АИ” ХХК-ний үүсгэн байгуулагч,  хувьцаа эзэмшигчээр  бүртгэлтэй, түүнчлэн тэрээр тус  компаны гүйцэтгэх удирдлагыг  хэрэгжүүлж байна./Хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/

Маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгийг Ё овогтой П-д 2000 оны 12 дугаар сарын 19 нд өмчлүүлж, улсын бүртгэлд бүртгэж 0078346 дугаартай гэрчилгээ олгосон байдаг. /Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/

Ё овогтой П нь 2001 оны 5 дугаар сарын 11-нд Говьсүмбэр аймгийн УБХ-т

1.Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа Орон сууц нийтийн үйлчилгээний хэлтсийн Орон сууц эзэмших эрхийн 118 тоот эрхийн бичиг /Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

2.Орон сууц эзэмшигчтэй хийх гэрээ /Хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

3.Орон сууц бэлэглэлийн гэрээ /2001.05.02/, /Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

4. “ АИ ” ХХК-ны 2005131 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудын хамт “ АИ ” компаны нэр дээр орон сууц өмчлөх эрхийг  шилжүүлэн бүртгүүлэх өргөдөл гаргасан.

Дээрх баримтуудыг үндэслэн  2001 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг ................  27 м.кв орон сууцны  өмчлөх эрхийг “ АИ ” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна. /Хавтаст хэргийн 124-127 дүгээр хуудас/,

Маргаан бүхий захиргааны акт нь 2000 онд олгосон өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой тул 1997 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг хэрэглэж,  дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д, мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана, 1/. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт, 2/. Тухайн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт, . . . зэргийг хавсаргана гэсэн байхад Ё.П үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэн бүртгэх мэдүүлэг гаргахдаа дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхтэйг нотлох баримт болох Орон сууц хувьчлах товчооны  2000 оны 05 дугаар сарын 10-ны 16 дугаар тогтоол болон үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, үнэлгээ тогтоосон баримтыг хавсаргаж ирүүлээгүй болох нь нотлогдож байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны / хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүртгэлийн байгууллага нь . . . үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг хянан үзэж, зохих шийдвэр гаргах;  10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн бүрдэл дутуу, . . . .уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж болно; 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргана гэсэн  байхад улсын бүртгэгч хуулийн дээрх заалтын дагуу мэдүүлгийг нягтлан шалгах ажиллагааг хийлгүй  бүртгэл хийсэн байна гэж шүүх дүгнэв.  

Нэхэмжлэгч Д.О нь маргаан бүхий дээрх орон сууцыг хувьчилсан Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний 190 дүгээр тогтоол /хавсралтын хамт/, Орон сууц эзэмших эрхийн 1089 тоот эрхийн бичиг, Говьсүмбэр аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2022 оны 10 дугаар сарын 19-ний 01 тоот тогтоол / хавсралтын хамт/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байх тул Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээрх үл хөдлөх хөрөнгийн мэдүүлгийг дахин хүлээн авч, маргаантай асуудлыг нягтлан  шийдвэрлэх боломжтой.  

Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “ . . . нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг заасныг /1997 оны хууль/ тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ын Говьсүмбэр аймгийн УБХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “АИ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй V.............. дугаартай Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг ............... тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн УБХ-с  70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар  зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭТУЯА