Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

О.Ууганбаяр, Ц.Эрдэнэжаргал нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Ч.Сайнжаргал, шүүгдэгч О.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч О.Ууганбаярын давж заалдах гомдлыг үндэслэн О.Ууганбаяр, Ц.Эрдэнэжаргал нарт холбогдох 1822004110157 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 27 настай, боловсролгүй, малчин ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р баг Тэвш багт оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, /РД.ЗК93100518/, Адуучин овогт Оюунтуяагийн Ууганбаяр.

Шүүгдэгч О.Ууганбаяр, Ц.Эрдэнэжаргал нар нь “/яллах дүгнэлтэд дурдсанаар/, шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр бүлэглэн, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн “Сэрвэн” гэх газарт нутагладаг хохирогч Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн хонин сүргээс буруу чих урдаасаа ганзага, зөв чих зүүн үзүүрээс нь тайрсан хулгар им бүхий 2 тооны хонь, 4 ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцэцэг нь О.Ууганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:            Шүүгдэгч Адуучин овогт Оюунтуяагийн Ууганбаяр, Харчин овогт Цогтоогийн Эрдэнэжаргал нарыг машин механизм ашиглан бусдын малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч шүүгдэгч Харчин овогт Цогтоогийн Эрдэнэжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Адуучин овогт Оюунтуяагийн Ууганбаярыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.100.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч О.Ууганбаяраас 550.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, Шүүгдэгч О.Ууганбаяр нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч О.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч О.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Сайнцагаан сумын 2-р багийн иргэн О.Ууганбаяр би Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/10 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Уг шийтгэх тогтоолоор намайг бусдын малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийн тал хувь буюу 550.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан шийдвэрлэсэн юм.

Миний хувьд гэм буруугаа хүлээж, өөрт ноогдох хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, холбогдсон хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, мөн бага насны 2 хүүхэдтэй, эхнэр жирэмсэн удахгүй төрөх ба Сайнцагаан сумын 2-р багт мал маллан амьдардаг ба одоо хүн бүлгүй байгаа. Би маш их гэмшиж харамсаж байна.

Иймд миний ар гэр, хувийн байдлыг харгалзан намайг нийгмээс тусгаарлалгүйгээр, хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Би цаашид ахин ямар нэгэн алдаа гаргахгүй, гэр бүлээ авч явж, ажиллаж хөдөлмөрлөж, зөв сайхан амьдрах болно гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: О.Ууганбаярын гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. О.Ууганбаярын хувьд Эрүүгийн хуулийн 6.7-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас ялыг тэнсэх, хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 6.5, 1.2-т зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болно. О.Ууганбаяр нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн гаргасан гомдпыг бүрэн дэмжиж байна. 10 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: О.Ууганбаярт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. О.Ууганбаярт хөнгөрүүлэн үзэх буюу Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 7-д зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа. Үүнийг анхаарч үзээд эрүүгийн хуулийн 17.12.1 заасан сонгох санкц буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн үндэслэлтэй байгаа учраас ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн шүүгдэгч хохирлыг төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа, бага насны 2 хүүхэдтэй эхнэр нь жирэмсэн учир эдгээр хувийн байдлыг харгалзан үзэж 10 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэсэн саналтай байна гэв.

 

           Шүүгдэгч О.Ууганбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэв.

 

           Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч О.Ууганбаяр нь шүүгдэгч Эрдэнэжаргалтай бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн анхан шатны шүүхээс 1 жил 3 сарын хугацаатай нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийтгүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, хэргийг шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарласан, гомдол хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдол гараагүй. Шүүгдэгч оногдуулсан хорих ялыг хөнгөн ялаар сольж өгнө үү гэсэн гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн 17.12-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол 6 сараас 5 жилийн хорих ялтай байдаг. Шүүгдэгч О.Ууганбаяр нь өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2 удаа үйлдэж ял шийтгүүлж байсан. Санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн мөн бүлэглэж үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. О.Ууганбаярын үйлдсэн гэмт хэрэг хувийн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээнд нийцсэн гэж үзэж байна. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 3 сарын хорих ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч O.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Ууганбаярын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж цуглуулсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.Ууганбаяр, Ц.Эрдэнэжаргал нар нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр бүлэглэн, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн Сэрвэн гэх газарт нутагладаг хохирогч Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн  хонин сүргээс буруу чих урдаасаа ганзага, зөв чих зүүн үзүүрээс нь тайрсан хулгар им бүхий 2 тооны хонь, 4 ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар хулгайлж 760000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож яллагдагч нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч нар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын бэлчээрт байсан малаас 2 хонь, 4 ямааг авсан нь  шүүгдэгч нар, хохирогчийн мэдүүлэг, хэргийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч О.Ууганбаяр, Ц.Эрдэнэжаргал нар нь шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр бүлэглэн, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн Сэрвэн гэх газарт нутагладаг хохирогч Д.Бат-Эрдэнийн өмчлөлийн  хонин сүргээс буруу чих урдаасаа ганзага, зөв чих зүүн үзүүрээс нь тайрсан хулгар им бүхий 2 тооны хонь, 4 ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар хулгайлж 760000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож яллагдагч нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр ял шийтгэх үндэстэй гэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Эрдэнэжаргал нь хэрэг шалгагдаж байх явцад нас барсан болох нь хэргийн 0137 дугаар хуудсанд авагдсан нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

Шүүхээс “О.Ууганбаярын үйлдсэн хэрэг цаг хугацааны хувьд 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хамаарч байгаа тул 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулна.” гэсэн шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн боловч шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу  тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Уг хуулийн энэ зүйлийг тайлбарласан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөн найруулалтад 17.12 дугаар зүйлд машин механизм ашигласан нь тухайн зүйл хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн болж хуульчлагдаагүй бөгөөд энэхүү хүндрүүлэх нөхцлийг О.Ууганбаярт оногдуулах ял шийтгэлд хамааруулан шүүгдэгч нарыг машин механизм ашиглан бусдын малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэсэнтэй нийцээгүй байна. 

Харин шүүгдэгч О.Ууганбаяр, Ц.Эрдэнэжаргал нар нь  бусдын малыг бүлэглэн  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж тэдэнд хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэсэн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн хохирогчид 380000 төгрөг төлсөн байдлыг харгалзан О.Ууганбаярын гэмт хэрэг үйлдсэн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг 8 сар болгон хөнгөрүүлэхээр тогтов. 

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт удирдлага болгосон заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйл буюу цагаатгах тогтоол гаргах заалт баримталсан, мөн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуулийн заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолын удирдлага болгосон заалтаас 36.9 гэснийг, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “машин механизм ашиглан” гэснийг тус тус хасч, 1 дэх заалтаас “Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4” гэснийг “Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж, 3 дугаар заалтын “1/нэг/ жил 3 /гурав/ сар” гэснийг “8 /найм/ сар” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Х.ГЭРЭЛМАА

 

                                                                         Ш.ТӨМӨРБААТАР