| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 466 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 466
Т.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлалтай, 1737000110010 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Т.Б нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан прокуророос Т.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Т.Б-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг согтуугаар үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож,
Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь нотлох баримтыг үнэн зөв бодитойгоор, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлж чадалгүй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Бийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнд гомдолтой байна. Учир нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Тогтохын 2017.09.04-ний өдрийн 446 дугаартай дүгнэлтээр хохирогч Я.Хадбаатарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч Ш.Цэцэгмаагийн 2017.09.25-ны өдрийн 1010 тоот дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн дүгнэлтүүдийг үнэн зөв харьцуулан шинжилж дүгнэж чадаагүй шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн Т.Бд холбогдох хэргийг анхан шатны шүүх нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Хохирогч Я.Хадбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт Би зогсох дохио өгөхөд зогсохгүй намайг мөргөсөн гэж мэдүүлсэн нь DVD дээрх дүрсний бичлэгээр тогтоогдохгүй байх ба д/а Я.Хадбаатар нь гэрэлтүүлэгчтэй хантааз өмсөөгүй, тээврийн хэрэгслийг зогсоох болон замын хөдөлгөөн зохицуулах ямар дохио өгсөн болох нь тодорхойгүй байсан. Цагдаагийн албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаа Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хүрээнд явагдах ёстой. Замын хөдөлгөөн зохицуулагч цагдаа Я.Хадбаатар нь хууль сахиулагчийн албан үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Т.Бий үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Насанбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Т.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь Т.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “Т.Бий үйлдлийг гэмт хэргийн шинжгүй учир давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүх Т.Б-д Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан төлбөр төлөх 3 сарын хугацааг богиносгож 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хууль буруу хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б болон түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН