Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 174

 

А.К-гийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтсийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:       Х.Батсүрэн

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                     Б.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, А.К-г Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахыг даалгах тухай.

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0010 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нар,

Нэхэмжлэгч А.К-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, А.К-г Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0010 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч А.К хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Ногооннуур сум дахь нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд зарлагдсан төрийн албаны шалгаруулалтад оролцож, Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тогтоол, Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тогтоол, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар тушаалаар тухайн үед тус тус томилогдсон. Томилогдон ажилласан хугацаанд үүрэгт ажлыг хэвийн хэмжээнд гүйцэтгэж байсан болно. Би төрийн жинхэнэ албан хаагчдын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан баталгаагаар хангагдах ёстой байтал ажил олгогчийн зүгээс хуулийн дээрх заалтыг зөрчиж, намайг томилсон тушаалыг хүчингүй болгосон хууль бус үйлдлийг анхан шатны шүүхээс зөвтгөөгүй явдал нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд зааж хуульчлахдаа мөн хуулийн 25.1.1-25.1.3-т заасан гурван үндэслэлээс өөр журмаар албан тушаалаас халахыг хориглосон байдаг. Намайг “хуурамч диплом ашигласан” гэх үйлдлийг аймгийн Прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 5/81 дүгээр тогтоолоор Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар “гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул прокурорын тогтоолоор гэм буруутайд тооцох, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Энэ талаар хоёр шатны шүүх буруу дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

5. Миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаал гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д заасныг баримталсан нь хууль буруу хэрэглэсэн. Учир нь намайг төрийн албанаас халах, албан тушаалд томилсон эрхийн актыг хүчингүй болгоход Төсвийн тухай хуулийн дээрх заалтууд огт хамааралгүй болно. Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаал хууль зөрчиж гарсан, хууль бус эрхийн акт болохыг давхар нотолж байна. Уг Б/22 дугаар тушаал гаргахад Төрийн албаны тухай хуулийн 17.2, 17.3-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан. Учир нь дээрх заалтууд сул орон тоог нөхөх, албан тушаалд шинээр томилогдох иргэнд хамааралтай юм.

6. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн намайг ажилд томилсон тушаалыг “сөрөг нөлөө бүхий эрхийн акт” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, намайг ажилд томилсон тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар “эерэг нөлөөлөл бүхий акт” байхад “сөрөг нөлөөлөл бүхий акт” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласны илрэл юм. Эдгээр нь хууль хэрэглээний хувьд бүхэлдээ “эрхийн зөрчилтэй акт” гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэж чадаагүй тул шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

8. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 дугаар тушаалын нэг дэх заалтаар “...хуурамч диплом ашиглан төрийн жинхэнэ албанд томилогдсон” гэх үндэслэлээр А.К-г Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон тус даргын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгосон, нэхэмжлэгч А.К нь “...хууль зөрчиж ажлаас халсан, ...ажилд томилогдохдоо төрийн албаны сонгон шалгаруулалтад орж ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан учир хуурамч гэх дипломоор ажилд томилогдсон гэж үзэхгүй” гэж маргажээ.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.К-г Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн /тухайн үеийн/ Ногооннуур сум хариуцсан байцаагчийн ажилд томилуулахаар мөн аймаг дахь төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор нэрийг нь дэвшүүлснийг үндэслэн уг албан тушаалд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэн томилогдсон, хэлтсийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон, А.К-гийн Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгсөж, бизнесийн удирдлагын бакалавр зэрэг эзэмшсэнийг батлах 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №D200920.... “Бакалаврын диплом” хуурамч болохыг түүнд холбогдуулан үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон зэрэг нь тогтоогдсон байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “...тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” нь төрийн албанд ажиллах үндсэн нөхцөл болохоор, 17 дугаар зүйлийн 17.2-т “энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасан, сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод “дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй, нябо эдийн засагч мэргэжилтэй” байхыг шаардсан, төрийн алба хаах үндсэн нөхцөл болох мэргэжил, боловсролын байдлыг хангасныг нотолсон диплом “хуурамч” болохыг эрүүгийн журмаар шалгаж тогтоосон учир А.К-г ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах хууль зүйн боломжгүй, түүнийг Ногооннуур сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон тушаалаа хариуцагчаас хүчингүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн дээрх зүйл, заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

11. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан нь төрийн алба хаах болзол шалгуурыг хангаагүй этгээдийн хувьд хэрэглэгдэхгүй, өөрөөр хэлбэл А.К нь анх томилогдохдоо тухайн ажлын байранд тавигдсан мэргэжил боловсролын байдлыг хангалгүй томилогдсон учир нэхэмжлэгчийн “...хуулийн 27.2.1-д заасныг зөрчиж, намайг томилсон тушаалыг хүчингүй болгосон үйлдлийг шүүх зөвтгөөгүй, хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

12. Түүнчлэн, “хуурамч” диплом буюу “хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэх асуудлаар эрх бүхий байгууллагаас А.К-д эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүний холбогдсон хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, гэм буруугийн талаар дүгнэх, үүнтэй холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу олгогдоогүй тул нэхэмжлэгчийн “...прокурорын тогтоолоор гэм буруутайд тооцох, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, ...энэ талаар 2 шатны шүүх буруу дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

13. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгох тохиолдлуудыг заасан, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” бол уг актыг хүчингүй болгох боломжтой байна. Нэхэмжлэгч А.К-гийн төрийн жинхэнэ албанд томилогдохдоо “хуурамч” диплом ашигласан үйлдлийг эрх бүхий байгууллага шалгаж тогтоосон, тэрээр “гэм буруу”-гийн асуудлаар маргаагүй, иймд түүнийг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн зүйл, заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн “...эерэг нөлөөлөл бүхий акт байхад сөрөг нөлөөлөл бүхий акт гэж үзсэн нь буруу, ...бүхэлдээ эрхийн зөрчилтэй акт гаргасныг ...шүүхээс зөвтгөж шийдвэрлэж чадаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

14. Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.К-гийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0069 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0010 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.К-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ