Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00729

 

Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01258 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 700 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Цэндсүрэнд холбогдох,

14.050.740 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 39 975 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Байгалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, хариуцагч Б.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Б.Цэндсүрэнгээс Баянгол дүүргийн 6 дугаар бичил хорооллын 2 өрөө байрыг 26 сая төгрөгөөр худалдан авах гэрээг 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, урьдчилгаа 40 хувийн төлбөрийг төлж үлдэгдэл төлбөрийг банкны лизингээр төлөхөөр тохиролцож орон сууцны түлхүүрийг нь авсан.Тухайн үед Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцыг хариуцагчийн нөхрийнх нь өр төлбөрт битүүмж, захиран зарцуулах эрх нь түдгэлзүүлсэн байсан бөгөөд 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлсөн.Орон сууц нь ашиглалтад орсон цагаасаа хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байсан учир капитал засварыг 3 cap гаруй хугацаанд “Хоневел” ХХК-иар хийлгүүлж, 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нүүж орсон. Би уг байранд 3 cap гаруй засвар үйлчилгээ хийхдээ хуучин байсан бүх хийцүүдийг шинээр сольсон.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар тогтоолоор 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан худалдагч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороолол, 21-42 тоот орон сууцыг Б.Цэндсүрэнд буцаан шилжүүлэхээр болсон учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн дагуу орон сууцыг сайжруулахад гаргасан худалдан авагчаас гарсан зардал болох 14 050 740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Уг байр нь 1993-1994 онд ашиглалтад орсон угсармал байр болно. Гэрч Д.Батжаргал шүүхэд мэдүүлэг өгөхдөө модон шалтай байсан, түүнийг хуулсан, гадна хаалга дан, төмөр биш байсан, сантехникийн ажлыг өөрөө хийсэн, цахилгааны бүх монтаж солисон гэж мэдүүлсэн. Гэтэл уг байр нь хулдаасан шалтай, гаднаа төмөр, дотроо модон давхар хаалгатай байсан. Мөн сантехникийн ажлыг энэ хүн хийгээгүй бөгөөд цахилгааны монтажийг бүрэн солих боломжгүй ба шаардлагагүй байсан. Материалын үнэ болон тоо хэмжээг бодит байдлаас асар зөрүүтэй худлаа тооцсон баримт хэрэгт авагдсан байдаг.Миний бие нь барилгын төсөвчин бөгөөд 2006 оны байдлаар барилгын материалын үнэлгээнээс өндөр үнээр тооцож, худлаа тооцоо гаргасан гэж үзэж байна. Тухайлбал: Хана таазанд засал хийхэд 127,2 кг замаск орох байхад 500 кг орсон гэж, балконы вакум цонхны доод хана, 00 өрөөний хана шинээр өрөхөд 384 ширхэг тоосго орох байтал 1000 ширхэг тоосго хэрэглэсэн гэж худлаа баримт бүрдүүлсэн. 2006 онд цемент 1 уут нь 2500-3500 төгрөг байсныг 7000 төгрөг, паркетан шал 1 м.кв нь 7500-8000 төгрөг байсныг 20000 төгрөг, хана ба шалны плита 450-2500 үнэтэй байсныг 2500, 3500, 5000 төгрөгөөр, плитаны цавуу нэг уут нь 8000-9500 байсныг 12500 төгрөгөөр авсан гэж, ванны душ, угаалтуур, суултуур зэргийг зах зээлийн үнээс хэд давсан үнээр тооцсон байна. Уг байранд 2006 оны сүүлээр хийсэн засварт ийм их хэмжээний төлбөр гарах ямар ч үндэслэлгүй бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан барилга засварын ажлын норм, дүрмийн дагуу тооцож үзэхэд хамгийн ихдээ л 6 904 709 төгрөгийн зардал гарахаар байна.Мөн засварын ажилд гарсан зардал 14 050 800 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж гэрч Д.Батжаргалын гарын үсэг зурсан баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө бэлэн мөнгө аваагүй, дансаар хийсэн, хийгээгүйг мэдэхгүй гэсэн мэдүүлэг өгсөн.Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн байж болзошгүй байгааг шүүх анхаарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Б.Байгалмаа нь орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 15 600 000 төгрөгийг 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн байхаар гэрээнд заасан. Гэтэл Б.Байгалмаа нь үлдэгдэл мөнгөө төлөхгүй элдэв арга саам хийж хойшлуулсаар байсан тул арга буюу гэрээнээс татгалзан орон сууцаа чөлөөлүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд “Б.Байгалмаагаас орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байсан”  талаар тодорхой дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл уг хугацаа өнгөрснөөс хойш орон сууцыг эзэмшиж буй Б.Байгалмаагийн эзэмшил хууль бус бөгөөд түүнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үүрэг үүснэ.Б.Байгалмаа Иргэний хуулийн 493.1, 493.6 дахь заалтын дагуу 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөх ёстой. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороололд байршилтай 2 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн төлбөр хамгийн багадаа 2007 онд 200 .000 төгрөг, 2008 онд 230 000 төгрөг, 2009 онд 250 000 төгрөг, 2010 онд 270 000 төгрөг, 2011 онд 350 000 төгрөг, 2012 онд 475 000 төгрөг, 2013 онд 550 000 төгрөг, 2014 онд 650 000 төгрөг, 2015 онд 550 000 төгрөг байсан.Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 21 дүгээр байрны 42 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндэслэлгүй эзэмшсэнээс үүсэх үүргийн гүйцэтгэл буюу уг орон сууцнаас зайлшгүй олох ёстой байсан орлого үр шим болох 39 975 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Байгалмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би байраа авсны дараа буюу 10 сард лагерийн байшингаа зарж зарагдсан мөнгөө худалдаж авсан байрныхаа засварт тэр чигээр нь оруулж супер засвар хийсэн. Байранд нүүж орохдоо Б.Цэндсүрэнд “нэгэнт худалдаж авсан юм чинь супер засвар хийж орно шүү” гэж хэлж, зөвшөөрөл авсан.Уг байрны засварт 14 000 000 төгрөгийг зарцуулсан. Тухайн үед Б.Цэндсүрэнгийн 2 өрөө байр нь шүүхийн шийдвэр биелүүлэх албанд битүүмжлэгдсэн захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн байсан ба 14 хоногийн дараа чөлөөлж байрны гэрчилгээг өгч банкны лизингэд хамруулна гэсэн боловч өгөөгүй.Ингээд хагас жил болсны дараа буюу 2007 оны 03 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлөгдөж, Б.Цэндсүрэнтэй хамт банкин дээр очиж эдийн засагчтай уулзахад үлдэгдэл төлбөрийг 14 хоногийн дотор шийдэж өгсөн гэсэн.Гэтэл Б.Цэндсүрэн нь би хүлээж чадахгүй, боломжгүй 2 хоногийн дараа Чех улс руу явлаа гээд яваад өгсөн. Уг нь би Б.Цэндсүрэнг бүтэн 6 cap буюу хагас жил хүлээсэн. Б.Байгалмаа нь уг орон сууцанд түрээсээр амьдарч суугаагүй худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр амьдарч байсан. 2006 онд худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг эзэмшилдээ авч, их засвар хийж, байрны хийцийг өөрчилсөн. Үүнээс хойш хугацааны элэгдэл хорогдлыг тооцоход татгалзах зүйлгүй.Иймд бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй тул 39 975 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01258 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.6-д зааснаар хариуцагч Б.Цэндсүрэнгээс 6 904 709 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 146 031 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д тус тус заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.Байгалмаад холбогдох 39 975 000 төгрөг гаргуулах тухай Б.Цэндсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Байгалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 204 төгрөг, хариуцагч Б.Цэндсүрэнгээс сөрөг нэхэмжлэлд төлсөн 357 825 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэндсүрэнгээс 125 425 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Байгалмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 29253 дугаар захирамжаар “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”-аар нь давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 700 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Цэндсүрэнгээс 14 050 740 төгрөг гаргуулах тухай Б.Байгалмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Байгалмаагаас 3.850.000 төгрөг гаргуулж, Б.Цэндсүрэнд олгож, сөрөг нэхэмжлэлээс 36 125 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын “хариуцагч Б.Цэндсүрэнгээс 125 425 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Байгалмаад олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Б.Байгалмаагаас 76 550 төгрөг гаргуулж хариуцагч Б.Цэндсүрэнд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэндсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “анхан шатны шүүх Б.Байгалмаагийн орон сууцанд хийсэн засварын зардлаас 6 904 709 төгрөгийг Б.Цэндсүрэнгээс гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227.2 дах заалттай нийцсэнгүй, худалдагч худалдан авах гэрээнээс татгалзсан, ийнхүү татгалзахад нөгөө тал буюу Б.Байгалмаагийн гэм буруу нөлөөлсөн тул нэхэмжлэгч Байгальмаа нь ИХ-ийн 227.3 дах хэсэгт заасан зардлыг хохиролд тооцож, Б.Цэндсүрэнгээс мөн хуулийн 227.1 дэх зааснаар шаардах эрхгүй” хэмээн дүгнэхдээ 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн 157-р тогтоолыг үндэслэл болгосон.Гэтэл тус тогтоолын Тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243.1, 205.1 дэх заалтуудыг баримтлан 2 өрөө орон сууцыг Б.Байгалмаагаас гаргуулан Б.Цэндсүрэнд, Б.Цэндсүрэнгээс орон сууцны 40% ийн төлбөр болох 10 400 000 төгрөгийг гаргуулан Б.Байгальмаад олгохоор шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзахад Б.Байгалмаагийн гэм буруу нөлөөлсөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх заалт болон Иргэний хуулийн 227 дахь заалтуудыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.Учир нь Б.Байгалмаа нь гэрээнээс худалдагч тал татгалзсан тул худалдагчаас орон сууц худалдах худалдан авах гэрээний гүйцэтгэлийг буюу орон сууцыг засаж сайжруулсан, орон сууцны үнэ өртгийг нь нэмэгдүүлсэн хэмжээг мөнгөөр тооцож нэхэмжилсэн нь үүрэг зөрчсөнөөс үүсэх хохирол арилгуулах шаардлага гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 243.1, 205.1 дэх заалтуудтай нийцнэ.Давж заалдах шатны шүүх Б.Байгалмааг 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн 157-р тогтоолоос хойш Б.Цэндсүрэнгийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхгүй, Б.Цэндсүрэнгийн олох ёстой орлогыг хааж, хохирол учруулсан гэж үзэхдээ Иргэний хуулийн 227.1 дэх заалтаар 3 850 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь тус шүүхийн тогтоолын дагуу хийгдэж байгаа гүйцэтгэх ажиллагаа Б.Цэндсүрэн болон Б.Байгалмаа хэн алины гаргасан хүсэлт түүнийг үндэслэн гарсан шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэлийн албатай хийсэн өр барагдуулах гэрээний дагуу явагдаж байгаа бөгөөд Б.Цэндсүрэн нь 10 400 000 төгрөгөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа нь Б.Байгалмааг буруутгах, Б.Цэндсүрэнгийн олох ёстой орлогыг хааж, хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй.Орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243.1, 205.1 дэх заалтуудыг баримтлан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээний татгалзлыг баталгаажуулсан нь Иргэний хуулийн 227.1 дэх заалтыг баримтлан хохирол тооцох нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт гэж үзэж байна.Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүйгээр хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргаж, улмаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэж чадаагүй байна. Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Байгалмаа худалдах-худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлж авсан орон сууцанд засан сайжруулалт хийсэн боловч хариуцагч Б.Цэндсүрэн гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон тул орон сууцны засварт гаргасан зардлыг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.6.-д заасан зохицуулалтыг шаардах эрхийн үндэслэл гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д заасан зохицуулалтыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч Б.Байгалмаагийн шаардлага худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан үйл баримттай холбоотой боловч гэрээнээс татгалзах болсон шалтгаан, учирсан хохирлын агуулгагүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсаны улмаас гэрээ дуусгавар болсон үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээний талуудын гэм буруу, гаргасан зөрчил зэргээс үл шалтгаалан нэгэнт хариуцагчийн эзэмшилд шилжих болсон орон сууцанд оруулсан өөрийн зардлыг буцаан авах шаардлага гаргажээ.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд дээрх хөрөнгөө  буцаан  шаардах эрхтэй гэж заасан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтын агуулгаас үзвэл, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн ойлголт үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болдог байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хариуцагчийн татгалзсанаар дуусгавар болж, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний зүйл болох орон сууцыг хариуцагчид буцаан өгөх болсон тул уг орон сууцанд оруулсан засан сайжруулалтаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжинө гэж үзэж, гаргасан зардлаа хариуцагчаас шаарджээ.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлд үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг тусгасан байна. Энэ зүйлийн 493.5.-д эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж, уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй гэжээ. Нэхэмжлэгч Б.Байгалмаа орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу өөрийн эзэмшилд шилжүүлж авсан тул уг орон сууцыг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсон гэж үзэхээр боловч тэрээр орон сууцны үнийг өөрөө бүрэн төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх түүний нэр дээр шилжээгүй болохыг мэдсээр байж, тухайн эд хөрөнгөд зардал гаргасан байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5.-д заасан хоёр дахь нөхцлөөр хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал зардал, хохирлоо нөхөн төлүүлэх журам үйлчлэхгүй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог тул үл хөдлөх эд хөрөнгө өөрийнх нь өмчлөлд шилжээгүй байхад нэхэмжлэгч түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5.-д заасан зохицуулалтын дагуу орон сууцны засварт зарцуулсан 14 050 740 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч Б.Байгалмаа хариуцагч Б.Цэндсүрэнгээс шаардах эрхгүй байна.

Хариуцагч Б.Цэндсүрэн нь нэхэмжлэгч Б.Байгалмааг маргааны зүйл болж буй орон сууцыг 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндэслэлгүй эзэмшсэн тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг орон сууцнаас зайлшгүй олох ёстой байсан орлого гэж үзэн 39 975 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Байгалмаагаас гаргуулахыг шаарджээ. Ийнхүү үндэслэлгүй эзэмшсэн гэж үзэх цаг үеийг тодорхойлохдоо хариуцагч Б.Цэндсүрэн нь  нэхэмжлэгч Б.Байгалмаагийн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөр хийх сүүлчийн хугацаа буюу 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тооцжээ.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6.-д зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг байна.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар хариуцагч Б.Цэндсүрэн орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч Б.Байгалмаад шилжүүлж, Б.Байгалмаа орон сууцыг шудрагаар эзэмших болжээ. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6.-д зааснаар  эд хөрөнгийг шудрагаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдох нөхцөл үүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болдог тул зохигчдын 2006 онд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг Б.Цэндсүрэнгийн гэрээнээс татгалзсанаар дуусгавар болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс  буюу 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс Б.Байгалмааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Хяналтын шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаар тогтоолд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар 2 өрөө орон сууцыг Б.Байгалмаагаас гаргуулан Б.Цэндсүрэнд, Б.Цэндсүрэнгээс 10 400 000 төгрөг гаргуулан Б.Байгалмаад тус тус буцаан олгохоор шийдвэрлэсэн байх ба талуудын тайлбарласнаар хэн алин нь уг тогтоолыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7.-д зааснаар  энэ зүйлийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй байна. Мөн хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1.-д зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болдог байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227 дугаар зүйлийн 227.3.-т заасан зохицуулалт хариуцагчийн сөрөг шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Байгалмаагийн эд хөрөнгө үндэслэлгүй эзэмшсэний улмаас олох ёстой байсан орлогод 39 975 000 төгрөг шаардсан хариуцагч Б.Цэндсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул нэхэмжлэгч Б.Байгалмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 700 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5.-д заасныг баримтлан хариуцагч Б.Цэндсүрэнгээс 14 050 740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Байгалмаагийн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 493 дугаар зүйлийн 493.6.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Байгалмаагаас 39 975 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Цэндсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын “хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэндсүрэнгээс 125 425 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Байгалмаад олгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 187 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН