Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2023/03267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ББСБ ХХК йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О- д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,647,037 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ,

Хариуцагч Б.О-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.О- холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 11,647,037 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.О-тэй 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-201701160049 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-201701160049-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 3,199,123 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөг нийт 6,199,123 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ- 201701160049 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг /Фидуци/ байгуулан Toyota mark-2 маркийн, ** улсын дугаартай автомашиныг М ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 4,452,629 төгрөг, хүү 7,124,207 төгрөг, мөн эрэн сурвалжпах ажиллагааны зардал 70,200 төгрөг нийт 11,647,037 төгрөгийг хариуцагч Б.О-ээс гаргуулна. Харин ЗГ-201701160049 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Б.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ББСБ ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5,500,000 төгрөгийн зээл аваад графикийн дагуу төлж байгаад 12  дугаар сарын 21-ний өдөр нэмж 3,000,000 төгрөгийг зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Toyota mark-2 маркийн ** улсын дугаартай авто машиныг тус байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Уг машиныг 2018 оны 4 дүгээр сард М ББСБ-тай тохиролцон зарахаар болж Баяржаргал гэдэг хүн 3 хоногийн дотор төлбөрөө хийхээр тохиролцоод унаад явсан. Гэтэл сураггүй, хаяг дээрээ байхгүй хөдөө явсан гэхээр нь Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гаргасан. Гэтэл машиныг чинь ноолуураар сольж байгаа, хэд хоногийн дараа төлбөрөө барагдуулна гээд бүр сураггүй. Би машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Би тухайн үед Т.Гантөгс гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан. Манай захирал банк бус байгууллагын захирал Отгоотой найз байсан. Манай ажилчид цалингийн зээл авч 3 хувиар төлдөг байсан. Тэр үед Саранбаатар ах тус байгууллагад зээлтэй байгаад 2,000,000 төгрөг, миний 1,000,000 төгрөгийг манай захирал шилжүүлчлээ гэсэн, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг миний дансаар шилжүүлгээр орсон байна. Өмнө нь 1,000,000 төгрөг төлж ингээд дээрх зээл барагдсан гэж ойлгосон. Гэтэл эдийн засагч нь 2019 онд намайг дуудаж үндсэн зээл 4,000,000 төгрөг төлчих гэж байсан юм. Тэр үед модоор тавилга хийхээр хүнтэй нийлж хоёр газар түрээслэн ажилласан боловч үр дүнд хүрээгүй ажил тогтворгүй байсан бөгөөд Ковид гарч төлж чадаагүй. Энэ зээлийн хүү болох 7,124,207 төгрөгийг төлж чадахгүй, үндсэн зээл болох 4,452,629 төгрөгийг төлж барагдуулна гэв.

 3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ-201701160049 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-201701160049-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, Төлбөрийн баримт /хуулбар/, Зээл хүүний тооцооны баримт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2022/07702 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/02569 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 28д3-1/3681 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2023/03943 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/09005 дугаар шүүгчийн  захирамж, Зээлийн тооцооллын баримт зэргийг,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,452,629 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,124,207 төгрөг нийт  11,576,837 төгрөг, хохиролд 70,200 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхтэй. Нэмэгдүүлсэн хүү тооцоогүй гэж тайлбарлав.  

 

5.Хариуцагч Б.О- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: Зээлийн хүү төлөх үндэслэлгүй. Тус банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч нь 2019 онд намайг дуудаж уулзаад,үндсэн зээл 4,000,000 төгрөгийг төлчих гэж хэлж байсан. Зээлийн хүү нь үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Toyota mark-2 маркийн ** улсын дугаартай автомашин одоо олдохгүй болсон гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ-201701160049 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-201701160049-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, Зээл хүүний тооцооны баримт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2022/07702 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/02569 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 28д3-1/3681 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2023/03943 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/09005 дугаар шүүгчийн  захирамж, Зээлийн тооцооллын баримт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Б.О-тэй 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-201701160049 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-201701160049-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 3,199,123 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөг нийт 6,199,123 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж зээл олгожээ.

 

8.Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

10.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь зээлдэгч Б.О-тэй 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ-201701160049 дугаартай зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр өмнөх зээлийн үлдэгдэл 3,199,123 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөг нийт 6,199,123 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгохоор  2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-201701160049-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний 3.2.1-т “Зээлийн үндсэн төлбөр 6,199,123  төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 24 сард хувааж төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 13-14 тал/

 

11.Зээлдэгч Б.О-д 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн дансаар 5,500,000 төгрөгийн зээлийг хүлээн авсан тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

12.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

13.Хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ-201701160049 дугаартай зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-201701160049-1 дугаартай нэмэлт зээлийн гэрээ, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй тооцоолол зэргийг нягтлан үзэхэд зээлдэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл гэрээнд заасан хүүг буцаан төлөх, зээлдэгч нь дээрх хугацаанд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 480,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 730,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 115,200 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 345,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг төлсөн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн Зээл төлөлтийн дэлгэрэнгүй тооцоолол, Төлбөр төлсөн тооцоолол зэрэг баримтыг нягтлан үзэхэд дээрх тооцоолол үндэслэлтэй гэж үзэхээр байна. /хх-ийн 16-17, 40 тал/

 

14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ нэмэгдүүлсэн хүү шаардаагүй гэх тайлбар гаргасан.

 

15.Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.О-ээс үндсэн зээл 4,452,629 төгрөг, хүүгийн төлбөрт 7,124,207 төгрөг нийт 11,576,837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХКолгох үндэстэй.

 

16.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/02569 дугаар шийдвэрээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О-ийг эрэн сурвалжилж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 19-20 тал/

 

17.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хохиролд тооцож 70,200 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагч Б.О-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.   

 

фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд:

 

18.Хариуцагч Б.О- нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ- 201701160049 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулан өөрийн өмчлөлийн Toyota mark-2 маркийн ** улсын дугаартай автомашиныг М ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 10 тал/

 

19.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр буцаан шаардах, эсвэл үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй.

 

20.Хариуцагч Б.О- нь Toyota mark-2 маркийн ** улсын дугаартай авто машиныг О.Баяржаргал гэдэг хүн 3 хоногийн дотор төлбөрөө хийхээр тохиролцоод унаад явсан. Гэтэл сураггүй, хаяг дээрээ байхгүй тул автомашин олдохгүй болсон гэх тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

21.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ нь зээлийн гэрээний үүрэгт 11,576,837 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-ний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан тайлбар гаргаж байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

22.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,503 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 11,647,037 /Арван нэгэн сая зургаан зуун дөчин долоон мянга гучин долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,503 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 201,303  төгрөгийг гаргуулж М ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ