| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/04053/И |
| Дугаар | 182/ШШ2023/03378 |
| Огноо | 2023-11-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2023/03378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д ХХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 141,712,899 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг,
Хариуцагчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 141,712,899 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч С ХХК шүүхэд болон төлөөлөгч Э.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК-тай 2019 оны 8 сарын 08-ний өдөр ТГ-141 тоот Түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ** цогцолборын алдаа үйлчилгээний төвийн 5 дугаар давхарт 503 тоот 91.3 м.кв түрээсийн талбайг үйлчилгээний оффисын зориулалтаар түрээслэн хамтран ажиллахаар болсон. Түрээслэгч Д ХХК-ийн хүсэлтээр талууд харилцан тохиролцож ТГ-141 тоот түрээсийн гэрээг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгосон. Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, төлбөрийн үлдэгдлийг тооцон тооцоо нийлэхэд ТГ-141 тоот гэрээний түрээсийн төлбөрийн эцсийн үлдэгдэл 110,376,556 төгрөг байсан бөгөөд үүний алданги нь зөвхөн 3 сараар тооцоход 29,801,670 төгрөг, ашиглалтын төлбөр 1,534,673 төгрөг байна. Иймд хариуцагч Д ХХК-иас түрээсийн үндсэн төлбөрт 110,376,556 төгрөг, гэрээний 1.2.3-д заасан ашиглалтын төлбөр 2020 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд 1,534,673 төгрөг, алданги 29,801,670 төгрөг нийт 141,712,899 төгрөг гаргуулна гэв.
2.Хариуцагч Д ХХК шүүхэд болон төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ хуралдаанд гаргасан тайлбартаа: О ХХК-ийн -ийн 11 дүгээр хороонд байрших ** оффисын 503 тоот өрөөг О.Ангир, М.Төргэрэл нартай хамтран төсөл хэрэгжүүлэх зорилгоор түрээсэлсэн. Анх энэ өрөөг түрээслэхдээ “бидэнд өөрсдийн компани хараахан байхгүй байна, түр танай бэлэн компанийн нэрээр түрээслэж, ашиг олохоор шагнал өгнө" гэх зэргээр ярьж өөрийн компанийн нэрийг ашиглуулан гэрээ байгуулсан. Тэднийг түрээсийн төлбөрөө доголдуулах болгонд шаардлага хүргүүлэхэд Ковид-19 цар тахалтай холбон тайлбарлаж, удахгүй ажил төрөл бүтнэ, түрээсийн төлбөрийн өргүй болгоно гэж амалдаг байсан. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ТГ-141 тоот Түрээсийн гэрээ, Төлбөр барагдуулах 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ТБГ-2021-013 тоот гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан тухайд маргахгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх хэлцэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/35 тоот албан бичиг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Баталгаа, Хүсэлт, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ТГ-141 тоот Түрээсийн гэрээ зэрэг баримтыг,
Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 141,712,899 төгрөг гаргуулахаар шаардаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бусдын гуйлтаар дээрх байрыг өөрийн компанийн нэрээр түрээсэлж байсан. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын үр дүн гартал хойшлуулна гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ТГ-141 тоот Түрээсийн гэрээ, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх хэлцэл, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/35 тоот албан бичиг, Төлбөр барагдуулах 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ТБГ-2021-013 тоот гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Баталгаа, хүсэлт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Хариуцагч Д ХХК нь О ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ТГ-141 тоот Түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээний дагуу ** цогцолборын алдаа үйлчилгээний төвийн 5 дугаар давхарт 503 тоот 91.3 м.кв оффисын талбайг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай нэг сарын түрээсийн төлбөр нь 6,847,500 төгрөг, Ажлын байрны зориулалтаар түрээсийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хх-ийн 35-42 тал/
8.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүргүүлнэ гэж заасан боловч түрээслүүлэгч нь тухайн обьектын зарим хэсгийг түрээсэлсэн байх тул Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй байна.
9.Хариуцагч Д ХХК нь О ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ТБГ-2021-013 тоот Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, уг гэрээний “1.2.Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болгохтой холбоотой үүсэх тооцооны үлдэгдлийг харилцан тохиролцсон байдлаар төлбөр 181,589,962 төгрөг байх бөгөөд үүнийг задалбал: 1.2.1.2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгосон хугацааны түрээсийн төлбөр 115,896,883 төгрөг байна. 1.2.2.Түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас үүссэн алданги 64,158,406 төгрөг, 1.2.3.Ашиглалтын төлбөр 2020 оны 10 дугаар сарын дуустал хугацаанд 1,534,673 төгрөг байна. Анх гэрээ байгуулахад төлсөн барьцаа төлбөр 7,055,000 төгрөгийг суутган тооцож төлбөр 174,534,962 төгрөг болохыг талууд тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн баталгаажуулсан. Үүрэг гүйцэтгэгч үндсэн төлбөр 110,376,556 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тохирсон. Түрээсийн үндсэн төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй бол үндсэн төлбөр дээр алдангийн төлбөрийг нэмэгдүүлэн тооцож нийт 174,534,962 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй төлж барагдуулна” гэж тохиролцож талууд гарын үсэг тамга тэмдэгээр баталгаажуулсан тухайд хариуцагч маргаагүй зөвшөөрсөн тайлбар гаргаж байх ба талууд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгосон хугацааны түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж үзнэ. /хх-ийн 8-9 тал/
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа “Төлбөр барагдуулах гэрээний үүрэг шаардаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүрэг шаардаж байна” гэж тайлбарлан мэтгэлцэв.
11.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заажээ.
12.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ТГ-141 тоот Түрээсийн гэрээний 2.11.Түрээсийн болон менежментийн төлбөр, барьцаагаа бүрэн төлөөгүй түрээслэгч энэхүү гэрээний 3 дугаар хавсралтад дурьдсан төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги түрээслүүлэгчид төлнө гэж тохиролцсон байна.
13.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргээс /3 сарын төлбөрийн дүнгээс/ алданги тооцож 29,801,670 төгрөгийг, мөн Түрээсийн гэрээ гэрээний 2.13.Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн байрны дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, харилцаа холбооны болон бусад холбогдох нэмэлт үйлчилгээ, тоноглол ашигласантай холбогдон гарах төлбөрийг нэхэмжлэл болон өөрийг байрлаж байгаа талын тоолуурын заалтын дагуу төлнө гэж зааснаар ашиглалтын төлбөрт 1,534,673 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгох үндэстэй.
14.Нэхэмжлэгч С ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 117,431,556 төгрөг шаардаж үүнээс барьцаа төлбөр 7,055,000 төгрөгийг хасч, түрээсийн үндсэн төлбөрт 110,376,556 төгрөг, ашиглалтын төлбөр 1,534,673 төгрөг, түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас алданги 29,801,670 төгрөг нийт 141,712,899 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
15.О ХХК нь Д ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр ТГ-141 тоот Түрээсийн гэрээ, Төлбөр барагдуулах гэрээг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, Тооцооны үлдэгдлийн баталгаа гаргасан байх ба 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр О ХХК нь С ХХК-тай Шаардах эрх шилжүүлэх хэлцлээр О ХХК /Үүрэг гүйцэтгүүлэгч тал/ болон Д ХХК /Үүрэг гүйцэтгэгч тал/ нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ТБГ-2021-013 тоот Төлбөр барагдуулах гэрээний хавсралт 1-т заасан 174,534,962 төгрөгийн авлагыг болон үүнтэй холбоотой гэрээний үүрэг шаардах эрхээ С ХХК-д шилжүүлжээ. /хх-ийн 6 тал/
16.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасан бөгөөд талууд “Шаардах эрх шилжүүлэх хэлцэл”-ийг бичгээр байгуулсан бөгөөд хариуцагч Д ХХК нь энэ тухайд маргаагүй.
17.Иймд нэхэмжлэгч С ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлин 124.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
18.Хариуцагч Д ХХК нь М.Т,О.А нартай төсөл хэрэгжүүлэх зорилгоор түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг М.Т, О.А нар төлнө гэж мэтгэлцэж байгаа боловч Түрээсийн гэрээнд М.Т, О.А нар гарын үсэг зураагүй, дамжуулан түрээслэх гэрээ байгуулагдаагүй. Түрээсийн төлбөрийг М.Т, О.А нар төлөх талаарх баримтаа ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
19.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866,514 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 866,514 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 141,712,899 /нэг зуун дөчин нэг сая долоон зуун арван хоёр мянга найман зуун ерэн ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866,514 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 866,514 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ