Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2023/03481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ТББ  -ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Л ХХК,

 

Хариуцагч: Б.Э- нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажлын доголдол арилгуулахад гарсан зардалд 128,815,618 төгрөг, алданги 64,407,809 төгрөг, нийт 193,223,427 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баярхүү,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан, хариуцагч Л ХХК, Б.Э- нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ТББ нь  хариуцагч Л ХХК, Б.Э- нарт холбогдуулан барилгын ажлын доголдол арилгуулахад гарсан зардалд 128,815,618 төгрөг, алдангид 64,407,809 төгрөг, нийт 193,223,427 төгрөг гаргуулах гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.Нэхэмжлэгч Г ТББ шүүхэд болон төлөөлөгч Ш.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Г ТББ, Л ХХК нарын хооронд Амины орон сууц түлхүүр гардуулах нөхцөлтэй Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр талууд  дүүргийн 21 дүгээр хороонд байрлах **эд ажилчдын 3 айлын Амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэй 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн 3 айлын орон сууцны түлхүүр гардуулах, барилгын бүх зардалд 149,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээгээр Л ХХК нь 52 м.кв талбайтай 2 ширхэг амины орон сууцыг тус бүрийг 45,000,000 төгрөгөөр, 56 м.кв талбайтай амины орон сууцыг 48,000,000 төгрөгөөр, 3 айлын бохирын худаг гаргах ажлыг 10,500,000 төгрөгөөр, 3 айлын холболтын зардлыг 1,000,000 төгрөгөөр тус тус бүрэн барьж дуусган, 3 айлын амины орон сууцнуудын түлхүүр гардуулах Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний төв ТББ нь уг 3 ширхэг амины орон сууц барьсан зардалд 149,500,000 төгрөг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн. Гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Л ХХК-ийн захирал Б.Э-т касснаас бэлнээр 40,000,000 төгрөг, Гийн даргын 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаалын дагуу Д.Лхагвасүрэнгийн ХААН банкны 55** тоот данснаас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Л ХХК-ийн захирал Б.Э-ийн Хаан банкны 50** тоот дансанд 3,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 46** тоот дансанд 13,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 26,000,000 төгрөгний үнэ бүхий, 2 вагон Хөтлийн цемент өгч 2021 оны 07 дугаар сарын 31-ны өдөр барилгын ажлыг эхлүүлсэн. Дээрх гэрээнд заасны дагуу бартераар 2 вагон цементийг Б.Э-ийн хүссэний дагуу Инженеринг авардас ХХК-иас авч, Л ХХК-д өгсөн. Гүйцэтгэх ажлын явц гэрээний хугацаандаа амжихааргүй болж захиалагч тал гүйцэтгэгч талд хатуу анхааруулга өгч, барилгын ажлыг хурдан дуусгахын тулд Л ХХК-иас хүссэн 30,000,000 төгрөгийг  Худалдаа хөгжлийн банкны 43** тоот дансанд 15,000,000 төгрөг,  2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөг тус тус шилжүүлэн барилгын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар харилцан амаар тохиролцсон. Гэтэл Л ХХК нь тохиролцсон хугацаандаа барилгын ажлаа дуусгалгүй алга болж, 2021 оныг дуусгаад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр холбогдож асуухад Цар тахлаас шалтгаалан хил гааль хаагдсаны улмаас барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа боловч дээрх зөрүү тооцоог өмнө байгуулсан гэрээний төсөвт өөрчлөлт оруулахгүйгээр барилгын ажлаа дуусгаж хүлээлгэн өгнө гэж АОС/001-22 тоот албан бичгээр мэдэгдээд барилгын ажлыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эхэлнэ гэж амласан. Г ТББ нь гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 17, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд гурвалсан уулзалт хийсэн. 2022 оны 5 дугаар сарын 26-нд АОС/002-22 тоот албан бичгээр Л ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 43** тоот дансаар орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт тодорхой бус шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдон өнөөг хүрсэн учир "Амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гүйцэтгэх гэрээ"-ний дагуу түлхүүр гардуулан өгсний дараа олгогдох үлдсэн санхүүжилтээс 20,000,000 төгрөгийг урьдчилан олгож өгөхийг хүссэн бөгөөд эхний 2 амины орон сууцыг 2022 оны 07 дугаар сарын 08, дараагийн нэг амины орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний дотор багтаан 100 хувь хүлээлгэн өгнө гэж дурдсан. 2022 оны 05 дугаар сарын 28-нд АОС/003-22 тоот албан бичгээр хүсэлт ирүүлж, Л ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 29-нд 12,780,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 03-нд 7,220,000 төгрөгийн санхүүжилт шилжүүлж өгөхийг хүссэн бөгөөд Л ХХК-ийн албан бичгээр ирүүлсэн удаа дараагийн хүсэлтэд итгэж, 2022 оны 05 дугаар сарын 30-нд захирал Б.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 43** тоот дансанд 12,280,000 төгрөг болон 500,000  төгрөгийн шилжүүлэг хийсэн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 07-нд захирал Б.Э-ийн Худалдаа хөгжлийн банкны 43** тоот 7,220,000  төгрөг шилжүүлсэн. Нийтдээ 106,000,000 төгрөг, 26,000,000 төгрөгийн үнэ бүхий цементийг авад Л ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2 байшингийн таазны цутгалтыг хагас дутуу хийгээд ямар нэг шалтаг шалтгаан хэлэлгүй, дутуу баригдсан барилгаа хүлээлгэж өгөөгүй. Үүний дараа дутуу баригдсан барилгын ажлын доголдлыг мэргэшсэн инженер Г.Нямбаатараар шалгуулж, 6 хуудас фото акт гаргуулсан. Манай байгууллага барилгын ажлын доголдлыг арилгуулахаар Ред марал ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Амины орон сууц захиалгаар барих гэрээ 29/02 дугаар гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ 29/03 гэрээнүүдийг тус тус байгуулж, дээрх 3 амины орон сууцны доголдлыг арилгахад 29/02 гэрээний дагуу 89,385,682 төгрөг, 29/03 гэрээний дагуу 39,429,936 төгрөг, нийт 128,815,618 төгрөгний зардал гаргасан. Иймд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-д зааснаар барилгын ажлын доголдлыг арилгасан зардалд 128,815,618 төгрөг, гэрээний 6.1-д зааснаар алдангид 128,815,618 төгрөгийн 50 хувиар тооцож 64,407,809 төгрөг нийт 193,223,427 төгрөгийг Л ХХК болон Б.Э- нараас гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Л ХХК болон хариуцагч Б.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагад барилгын ажлын доголдол арилгуулахад гарсан зардал гэх 128,815,618 төгрөг, алданги 64,407,809 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Л ХХК болон гүйцэтгэх захирал Б.Э- нар Г ТББ-ын хооронд 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “Амины орон сууц түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээний гүйцэтгэлийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд тус ТББ-ын ажилчдын 3 айлын нийт 160 м.кв (52м.кв, 56м.кв) амины орон сууцыг нийт 149,500,000 төгрөгийн төлбөртэй  дүүргийн нутаг дэвсгэр хороо **эд барилгын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож барилга угсралтын ажил эхлүүлсэн. Захиалагч тал гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлбөр хийж нийт 106,000,000 төгрөг болон 26,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент шилжүүлсэн. Барилга угсралт гүйцэтгэлийн ажил эхэлснээр нэхэмжлэгч буюу захиалагч тал гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн. Үүнд: Захиалагч тал цахилгаан болон усны хангамжийн асуудлыг барилга угсралт гүйцэтгэлийн ажлыг дуустал бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлээгүй. Гүйцэтгэгч тал өөрсдийн зардал, техник тоног төхөөрөмж ашиглан цахилгаан болон усан хангамжийн асуудлыг шийдэж барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ирсэн бөгөөд захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас барилга угсралтын ажил удааширч цаг хугацаа алдсан. Захиалагч тал төлбөрөө цаг хугацаанд төлөөгүйн улмаас барилгын материал огцом өссөн бөгөөд шалтгаан нь Ковид-ын улмаас БНХАУ хилээ хаасан. Мөн гадаад валютын ханш огцом нэмэгдсэн зэрэг нь барилгын материалын үнэ ханш өсөхөд нөлөөлсөн. Захиалагч тал барилга угсралтын явцад барилгын зурагт өөрчлөлт оруулж амины орон сууцны дээврийг модон хийцээр барихаар төлөвлөснийг цутгамал хавтгай дээвэр бариулахаар өөрчлөлт оруулж төлбөрт өөрчлөлт орсон. Гүйцэтгэгч талын хувьд барилга угсралтын ажлын явцад дэлхий нийтээр тархсан давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын улмаас хэсэгчлэн буюу бүхэлд нь хөл хорио тавигдаж байсан бөгөөд мөн барилгын ажилчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд өвдсөний улмаас барилгын ажил цаг хугацаандаа явагдах боломжгүй зогсонги байдалд орж цаг хугацаа ихээр алдсан. Дээрх нөхцөл байдлын улмаас барилга угсралт гүйцэтгэлийн ажил цаг хугацаандаа баригдаж дуусаагүй гэж үзэж байгаа бөгөөд захиалагч тал манай компанийн барилгын ажил гүйцэтгэлд хоёр талаас хамтран байлцаж ажил гүйцэтгэлийн талаар дүгнэлт болон мэргэжлийн шинжээчийн үнэлгээ гаргуулахгүй гэрээг цуцалж, гуравдагч этгээдээр барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж барилгын ажлын доголдол арилгуулахаар төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Амины орон сууц түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, Мөнгө хүссэн өргөдөл, нэхэмжлэх, Бэлэн мөнгөний зарлагын баримт,  Мөнгөн шилжүүлгийн  баримтууд, Төрөл садангийн лавлагаа, Харилцах дансны харилцагчийн хуулгууд, Л ХХК-ийн хүсэлт, санал, Мэдэгдэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  Дүрэм, Амины орон сууц захиалгаар барих 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29/02 тоот, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29/03 тоот  гэрээнүүд, Захирлын Б/37 тоот тушаал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/16348 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШЗ2022/15377 дугаар шүүгчийн захирамжууд,  дүүргийн 21 дүгээр хороо ** Амины орон сууцны барилгын ажилд хяналт хийсэн дүгнэлт, Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ, Худаг гаргах зөвшөөрөл, Техникийн нөхцөл, Шинээр баригдсан дэд станцыг  сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг зэрэг,

Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Г ТББ нь  хариуцагч Л ХХК, Б.Э- нарт холбогдуулан барилгын ажлын доголдол арилгуулахад гарсан зардалд 128,815,618 төгрөг, алдангид 64,407,809 төгрөг, нийт 193,223,427 төгрөг гаргуулах гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 343, 350 дугаар зүйл, Барилгын ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөн буюу биелүүлээгүйгээс учирсан хохирол, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Л ХХК, хариуцагч Б.Э- нар нэхэмжлэлийн дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Захиалагч тал цахилгаан болон усны хангамжийн асуудлыг барилга угсралт гүйцэтгэлийн ажлын дуустал бүрэн хариуцахаар үүрэг хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас барилга угсралтын ажил удааширч цаг хугацаа алдсан. Захиалагч тал төлбөрөө цаг хугацаанд төлөөгүйн улмаас барилгын материал огцом өссөн бөгөөд шалтгаан нь Ковид-19 өвчний улмаас БНХАУ хилээ хааж, гадаад валютын ханш огцом нэмэгдсэн зэрэг нь барилгын материалын үнэ ханш өсөхөд нөлөөлсөн гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Амины орон сууц түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, Мөнгө хүссэн өргөдөл,  нэхэмжлэх, Бэлэн мөнгөний зарлагын баримт,  Мөнгөн шилжүүлгийн  баримтууд, Харилцах дансны харицагчийн хуулгууд, Л ХХК-ийн хүсэлт, санал, Мэдэгдэл, Амины орон сууц захиалгаар барих 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29/02 тоот, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29/03 тоот  гэрээнүүд, Захирлын Б/37 тоот тушаал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/16348 дугаар,  шүүгчийн захирамж,  дүүргийн 21 дүгээр хороо ** Амины орон сууцны барилгын ажилд хяналт хийсэн дүгнэлт, Тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээ, Худаг гаргах зөвшөөрөл, Техникийн нөхцөл, Шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Г ТББ нь хариуцагч Л ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Амины орон сууц түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр  дүүрэг, 21 дүгээр хороо, ** зцслангийн бүсэд 52 м.кв талбайтай 2 ширхэг амины орон сууцыг тус бүрийг 45,000,000 төгрөгөөр, 56 м.кв талбайтай амины орон сууцыг 48,000,000 төгрөгөөр, 3 айлын бохирын худаг гаргах ажлыг 10,500,000 төгрөгөөр, 3 айлын холболтын зардлыг 1,000,000 төгрөгөөр тус тус бүрэн барьж дуусган, 3 айлын амины орон сууцнуудын түлхүүр гардуулах нөхцөлтэй нийт 149,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ. /хх-ийн 11-15 тал/

 

8.Нэхэмжлэгч Г ТББ нь  хариуцагч Л ХХК, Б.Э- нарт 106,000,000 төгрөгийг бэлнээр болон шилжүүлгээр, 26,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийт 132,000,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь Бэлэн мөнгөний зарлагын баримт, ХААН банк, Төрийн банкны  депозит дансны дэлгэрэнгүй хуулгааар тогтоогдож байх ба хариуцагч энэ тухайд маргаагүй. /хх-ийн 78-83 тал/

 

9.Нэхэмжлэгч Г ТББ нь хариуцагч Л ХХК-тай байгуулсан гэрээний доголдлыг мэргэшсэн инженерээр  дүүргийн 21 дүгээр хороо **  Амины орон сууцны барилгын ажилд хяналт хийсэн дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтэд “Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө Ажлын зураг /ББ/ гаргаж түүнийг талбайд мөрдөөгүй. Суурь суух буурь хөрсийг овойлт үүсэхгүй хөрсөнд хүртэл ухаж суулгаагүй /хар шороон болон шавар хөрс дээр суурь суулгасан/, Суурийн тэнхлэг алдаатай /90 градусын буюу өнцгийн алдаа/, Өрлөгийн ажлын гүйцэтгэлд  өрлөгийн босоо, хэвтээ шоовны дүүргэлт дутуу, зайтай, Шалны дүүргэлт, нягтруулалт дутуу хийгдсэн, шал бетонд сетка хийгээгүйгээс суулт өгсөн. Гадна дотно өрлөгөнд хаалга цонхны нүхний хэмжээг зургаас өөрчилсөн, ялууны түвшин доор суулгаснаас хаалга цонх үүрэндээ багтахгүй болсон. Хучилтын хэв хашмал угсрахдаа хучилтын бүс бетоны хэв тооцоогүй хийсэн” гэх дүгнэлт гаргажээ. /хх-ийн 158 тал/

 

10.Захиалагч нь дээрх доголдлыг засуулах зорилгоор 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ред марал ХХК-тай  29/02 тоот  гэрээ  байгуулж 86,385,682 төгрөгийн ажил гүйцэтгэх, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 29/03 тоот гэрээ байгуулж 39,429,936 төгрөгийн ажил гүйцэтгэх Амины орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Мөн хариуцагч Л ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 128,815,618 төгрөгийн хохирол учирсан болох нь Мэргэшсэн инженерийн  дүүргийн 21 дүгээр хороо **  Амины орон сууцны барилгын ажилд хяналт хийсэн дүгнэлт, Ред марал ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 38-45 тал/

 

11.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн хөрөнгөөр гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

12.Нэхэмжлэгч Г ТББ нь хариуцагч Б.Э-ийн хувийн дансаар болон түүнд бэлнээр 106,000,000 төгрөгийг төлсөн тул хариуцагчаар тодорхойлсон гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Л ХХК-тай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Амины орон сууц түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээнд тус компанийн захирал гэж гарын үсэг зурсан байх тул хариуцагч Б.Э-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

13.Харин нэхэмжлэгч нь хариуцагч Л ХХК-ийн дээр дурдсан ажлуудыг хийсэн хэмжээнд нь нэгэнт хүлээн авсан, хийсэн ажлын чанар байдлын талаар маргаж байгаа бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ред марал ХХК-тай  29/02 тоот  гэрээ  байгуулж 86,385,682 төгрөгийн ажил гүйцэтгэх, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 29/03 тоот гэрээ болон 39,429,936 төгрөгийн ажил гүйцэтгэх Амины орон сууц захиалгаар барих гэрээний дагуу орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд нэгэнт хүлээн авсан, хийсэн ажлын чанар байдлыг одоо тогтоох боломжгүй юм.

 

14.Хариуцагч Л ХХК дурдсан ажлын хүрээнд ажлын хөлсний урьдчилгаанд  авсан 132,000,000 төгрөгийн хэмжээнд тохирсон ажлыг нэгэнт хийсэн болох нь дээрх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Л ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 128,815,618 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л ХХК-д  холбогдох нэхэмжлэлийг хангах үндэстэй.

 

15.Талуудын хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Амины орон сууцны ажил гүйцэтгэх гэрээний 6.1-т “Гүйцэтгэгч заслын ажлын хугацаа хэтрүүлсэн эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд ажлын үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги тооцож захиалагчид төлнө” гэж тохиролцсон байна.

 

16.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан бөгөөд  гүйцэтгээгүй үүрэг 128,815,618  төгрөгт алданги тооцож, алданги 64,407,809 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

17.Хариуцагч нь “Захиалагч тал төлбөрөө цаг хугацаанд төлөөгүйн улмаас барилгын материал огцом өссөн бөгөөд шалтгаан нь Ковид-19 өвчний улмаас БНХАУ хилээ хааж, гадаад валютын ханш огцом нэмэгдсэн зэрэг нь барилгын материалын үнэ ханш өсөхөд нөлөөлсөн. Цар тахал гарч ажилчдын ар гэрийнхэн өвдсөн гэх тайлбар гаргаж маргасан.

 

18.Нэхэмжлэгч Г ТББ нь алдангиа 50 хувиар бууруулж, 32,203,904.50 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзсан тайлбар гаргаж байна.

 

19.Иймд хариуцагч Л ХХК-иас барилгын ажлын доголдолтой холбоотой зардалд 128,815,618 төгрөг, алданги 32,203,904.50 төгрөг нийт 161,019,522.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 32,203,904.50 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Э-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

20.Хариуцагч Л ХХК нь татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

 

21.Шүүх хуралдааны товыг хариуцагч Л ХХК болон хариуцагч Б.Э-, тэдний төлөөлөгч М.Идэрхангай нарт “Мэдэгдэх хуудас”-аар тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

22.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШЗ2022/16348 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 1,124,067 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч Г ТББ нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “2022 оны 11 дүгээр сарын 01-ний улсын тэмдэгтийн хураамжийн 1,124,067 төгрөг дансанд байгаа болно” гэх татварын улсын байцаагчийн тодорхойлолтыг хавсаргаж ирүүлснийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 181/ШЗ2022/17436 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

 

23.Нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 1,124,067 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан аваагүй боловч улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж үзэхгүй.

 

24.Иймд нэхэмжлэгч Г ТББ-аас улсын тэмдэгтийн хураамж 1,124,067 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлогод оруулж, хариуцагч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 963,048 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ТББ-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л ХХК-иас 128,815,618 төгрөг, алданги 32,203,904.50 төгрөг нийт 161,019,522.50 /зуун жаран нэгэн сая арван есөн мянга таван зуун хорин хоёр төгрөг тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 32,203,904.50 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Э-т холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,124,067 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлогод оруулж, хариуцагч Л ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 963,048 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ТББ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ