Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/03624

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: У ХК,

 

Хамтран хариуцагч: Ул ХХК  нарт холбогдох

 

          Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан хугацааны цалин, алданги  45,073,125 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Г.А-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр,

Хариуцагч У ХК-ийн төлөөлөгч Г.Санчир, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан, хамтран хариуцагч Ул ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б- хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч У ХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, хариуцагч Ул ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

      

          1.Нэхэмжлэгч Г.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр У ХК-ийн 100 хувийн эзэмшлийн Ул ХХК-д гүйцэтгэх захирлаар томилогдсон. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТУЗ-ын 07 тоот тогтоолоор компани 2020 оны бизнес төлөвлөгөө /УБХК-ийн боловсруулсан урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэн/, төсвийн зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлуулж, хувиараа такси үйлчилгээ эрхлэгч нарыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, хөрөнгө оруулалт татах талаархи судалгааг нарийвчлан хийж, үйл ажиллагааг эрчимжүүлэн ажилласан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах, компаний үйл ажиллагааг сайжруулах, орлогын эх үүсвэр, санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах чиглэлээр олон төрөлт арга хэмжээг тухай бүр У ХК, ТУЗ, Нийслэлийн удирдлагуудтай зөвлөлдөн авч хэрэгжүүлж ирсэн. Гэвч дэлхий нийтийн цар тахал ковид-19 өвчний тархалттай холбоотой хөрөнгө оруулалтын ажлууд зогсч, компани санхүүгийн эх үүсвэргүй ажилласаар байсан. Энэ нөхцөл байдлыг У ХК нь тухайн үеийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан, дэд захирал Б.Мэндсайхан, ТУЗ-ын дарга Б.Батбямба нар болон нийслэлийн холбогдох удирдлагуудад удаа дараа мэдээлж, цаашид хэрхэх талаар байнга зөвлөлдөж, тухайн цаг хугацаанд хийж болох, бүхий л арга хэмжээг авч ажилласан. Үүний үр дүнд компани ажилтан албан хаагчтай, оффистой, 2020 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан 4,9 га газартай, 670,000,000 төгрөгийн үнэ бүхий 1000 такси тоноглох хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй, 30,000,000 төгрөгийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжтэй, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал руу такси үйлчилгээ эрхлэх тусгай эрх, Улаанбаатар хотод такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болж цаашид үйл ажиллагаагаа тогтворжуулж орлого олох боломжтой болсон. 2021 оны 02 дугаар  сарын 24-ний өдөр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөж У ХК-д дэд захирлаар ажиллах болж, улмаар мөн оны 5 сард дээрх ажлаа өгснөөр эдгээр ажлууд зогсч өдийг хүртэл ямар нэгэн идэвхитэй үйл ажиллагаа явуулаагүй байна. У ХК-ийн одоогийн удирдлагуудтай албан болон албан бусаар удаа дараа уулзаж Ул ХХК-ийн үйл ажиллагааг цаашид хэрхэх талаар уулзаж, санал бодлоо хэлж байсан. Компани үйл ажиллагаагаа цаашид тогтвортой явуулна гэдэгт итгэж ирсэн бөгөөд ажилласан хугацааны цалин хөлс болох 30,048,750 төгрөг болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хүсч, энэ тухай Ул ХХК-д хандаж хүсэлтээ өгөх гэсэн боловч тодорхой хариуцсан удирдлага, үйл ажиллагаа явуулж байгаа газар тодорхойгүй зэрэг шалтгаанаар хувьцаа эзэмшигчид нь хандсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр албан бичгээр У ХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд  02  дугаар сарын 20-ны өдрийн 01/68 тоот албан бичгээр дээрх цалингийн өр төлбөрийг хариуцахгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл охин компанийхаа өрийг хариуцахгүй атлаа авлагыг нь хариуцаж байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй байна. У ХК-ийн удирдлагуудын эс үйлдлээрээ охин компанийхаа үйл ажиллагааг зогсонги байдалд оруулж, ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үл хүндэтгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ул ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан контрактын 4.6-д заасны дагуу хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэн ихэд хүлээцтэй хандаж байсан боловч миний хөдөлмөрийн хөлсийг хариуцан төлөх байгууллага нь тодорхойгүй, ойлгомжгүй болоод байна. Г.А- миний 15 сарын ажилласан хугацааны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг, Иргэний хуульд заасны дагуу алдангийг тооцвол /нийт 444 өдөр/ алданги нь 15,024,375 төгрөг, үндсэн цалин хөлс 30,048,750 төгрөг, нийт 45,073,125 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч У ХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хамтран хариуцагч Ул ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч У ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У ХК нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 26/09 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдсан, төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит хувьцаат компани юм. Манай компани нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2018 оны A/202 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 100 хувийн охин компани болох Ул ХХК-ийг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулсан бөгөөд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон удирдлагын багийг бүрдүүлэх хүртэлх хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд Ул ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй. Г.А- нь Ул ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батбямбатай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Гүйцэтгэх захирлын контракт гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болон Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Г.А- нь Ул ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх дараах байдлаар хариуцсан ажлаа хангалтгүй гүйцэтгэж, Ул ХХК-ийг өр төлбөрт оруулж, хууль зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж байсан. Ул ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А- нь Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.9 дэх хэсэгт заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай контракт байгуулсан бөгөөд уг контрактын гэрээний 1 дүгээр зүйл 1.3 дахь хэсэгт ТУЗ-өөс батлагдсан компанийн зардлын болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр орлогоороо цаашид үйл ажиллагаагаа эрхлэн явуулах зохицуулалттай байсан. Гэтэл Г.А- нь ажиллаж байх хугацаандаа Ул ХХК-ийн батлагдсан төсвийн хүрээнд ажиллаагүй, төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээгүй, үйл ажиллагааны орлого олоогүй байдаг. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ** ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд Г.А- нь гэрчээр оролцохдоо Ул ХХК нь бие даасан хуулийн этгээд, бизнес төлөвлөгөөний дагуу ашигтай ажиллаж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх ёстой байсан талаар тайлбар, мэдүүлэг өгсөн атлаа өөрөө ажиллаж байх хугацаандаа орлого олоогүй. Ул ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 6, 7 дугаар тогтоолоор Ул ХХК-ийн бизнес төлөвлөгөө, бүтэц зохион байгуулалт, 2020 оны зардал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталсан байдаг. Г.А-ын ажиллаж байх хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтаар Ул ХХК нь тодорхой үр дүнд хүрсэн ажил хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй. Г.А- нь нэхэмжилсэн хугацааны цалин хөлсийг Ул ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд олсон орлогоос авах ёстой байсан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/899 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулахад зориулж Нийслэлийн төсөвт 700,0 сая төгрөгийг тусгаж, 6 багц тендерийг зохион байгуулах эрхийг Ул ХХК-д өгсөн байдаг бөгөөд Г.А- нь Ул ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа уг тендерийг зохион байгуулсан боловч Авлигатай тэмцэх газраас олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэн уг тендерүүдийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан ажиллаагүй байдаг. Г.А- нь Ул ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Компанийн тухай хуулийг зөрчин ТУЗ-ийн шийдвэргүйгээр их хэмжээний хэлцэл хийж, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ** ХХК-тай Ажлын байрны ТГ/08/01 дугаар түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн байрны өр, төлбөрийг огт төлөхгүй хуримтлуулсны улмаас ** ХХК нь үүссэн өр, төлбөрийг төлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаж, У ХК-ийг хамтран хариуцагчаар татсан байдаг. Улмаар тус шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр толгой компани нь охин болон хараат компанийн өрийг хариуцахгүй тул У ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ул ХХК-аас 35,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Г.А- нь Ул ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажлаа хангалтгүй гүйцэтгэж, Ул ХХК-ийг 35,100,000 төгрөгийн өр, төлбөрт оруулсан нь холбогдох шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Мөн тус шүүхийн шүүгчийн захирамжаар дээрх түрээсийн өр, төлбөрийн барьцаанд нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан 29,9 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, эд хогшил, хөрөнгийг битүүмжлүүлж, Улаанбаатар такси ХХК-ийн эд хөрөнгийг дутагдуулах нөхцөл байдлыг үүсгэсэн. Мөн Ул ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа У ХК-ийн дэд захирлаар 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг урьдчилан хянуулалгүйгээр томилогдож, улмаар Авлигатай тэмцэх газраас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай" 05/2844 дугаар албан бичгийн холбогдох заалтыг үндэслэн У ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" Б/43 дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ** ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн шүүх хуралдаанд Г.А- нь гэрчээр оролцохдоо Ул ХХК нь бие даасан хуулийн этгээд, бизнес төлөвлөгөөний дагуу ашигтай ажиллаж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх ёстой байсан талаар тайлбар, мэдүүлэг өгсөн атлаа өөрөө ажиллаж байх хугацаандаа орлого олоогүй, Ул ХХК-ийг өр, төлбөрт оруулж, компанийн эд хөрөнгийг дутагдуулж, контракт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангалтгүй ажилласан байдаг. Мөн Г.А- нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан Ул ХХК-ийн үндсэн хөрөнгийн нэг болох 3,199,000.0 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг Зөөврийн компьютерыг хувьдаа авч өнөөдрийг хүртэл ашиглан, компанийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулж байгаа бөгөөд уг зөөврийн компьютерыг буцаан авч, компанийг хохиролгүй болгох талаарх аудитын албан шаардлагыг Нийслэл дэх Төрийн аудитын ээлжит хяналт, шалгалтаар ирүүлсэн. Г.А- нь Ул ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батбямбатай контракт гэрээ байгуулан хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн бөгөөд Г.А-ын ажил олгогч нь Ул ХХК болно. Тодруулбал, У ХК нь Г.А-той гэрээ байгуулан Ул ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулаагүй. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт "Хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй" гэж заасны дагуу Ул ХХК-ийн толгой компани болох У ХК нь Г.А-ын ажиллаж байсан хугацааны цалин, хөлсийг хариуцах боломжгүй тул Г.А-ын охин компанид ажилласан хугацааны үндсэн цалин хөлс 30,048,750 төгрөг, алданги 15,024,375 төгрөг нийт 45,073,125.00 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Г.А-ын Ул ХХК-д ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хамтран хариуцагч Ул ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Б- миний бие 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан. Улмаар хувьцаа эзэмшигчийн төлөөлөгч нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр компанийн тамгыг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр компанийн эд хөрөнгийг надаас хураан авсан. Тамга эд хөрөнгө хураан авч ажил, үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон тул компанийг төлөөлөх боломжгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т зааснаар Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно” гэж заасан. Миний бие ажлас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш 30 хоног нэгэнт өнгөрсөн тул хөдөлмөр Иймд миний бие Э.Б- нь Ул ХХК-ийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Ул ХХК-ийн ТУЗ-ийн 05 тоот тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Контракт гэрээ, Хүсэлт, У ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/68 тоот албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 269 тоот албан бичиг, Тооцоолол, Ул ХХК-ийн ТУЗ-ийн хуралд баримтлах удирдамж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 03/2619 тоот албан бичиг, У ХК-ийн дүрэм, Ул ХХК-ийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаарх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Илтгэх хуудас зэрэг,

Хариуцагч У ХК-иас итгэмжлэл, хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм, Ул ХХК-ийн ТУЗ-ийн 06, 07 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03252 тоот шийдвэр, 182/ШЗ2022/04503 тоот Шүүгчийн захирамж, У ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/14 тоот, Б/43 тоот захирлын тушаал, Авлигатай тэмцэх газрын 05/2844 тоот албан бичиг, Ул ХХК-ийн ТУЗ-ийн 06 тогтоолоор Ул ХХК-ийн 2020 оны Бизнес төлөвлөгөө батлах тухай тогтоол, хавсралт зэрэг,

 Хариуцагч Ул ХХК-иас Тамга тэмдэг хүлээлцсэн акт /хуулбар/, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ул ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэл болон тогтоолууд, Төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон тогтоол болон хурлын тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар, 2020 оны 129 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны едрийн А/899 тоот захирамжийг, Нийслэлийн Дотоод аудитын албанаас Ул ХХК-ийн шалгалтын тайлан зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч Г.А- нь хариуцагч У ХК-д  холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги  45,073,125 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У ХК-д  холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хамтран хариуцагч Ул ХХК-д  холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч У ХК нь 700,000,000 төгрөгийн гэрээг цуцлахад дан нөлөө үзүүлсэн. Хөшигтийн хөндийн такси үйлчилгээний эрхийг буцааж авч сонгон шалгаруулалт зарласан буруутай гэж,  хариуцагч Ул ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ миний ажлыг хүлээж авсан гүйцэтгэх захирал Э.Б-ийг шүүх хуралдаанд оролцуулан цаашид ажлаа үргэлжлүүлээгүй шалтгааныг сонсох зорилгоор цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав.

 

6.Хариуцагч У ХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.А-ыг Ул ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 05 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилж, ТУЗ-тай Контракт гэрээ байгуулсан. Манай компани Г.А-той ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.5-д “...толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй” гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

7.Хамтран хариуцагч Ул ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан тул Э.Б- нь Ул ХХК-ийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх тайлбар гаргажээ.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ул ХХК-ийн ТУЗ-ийн 05 тоот тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Контракт гэрээ, Хүсэлт, У ХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/68 тоот албан бичиг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 269 тоот албан бичиг, Тооцоолол, Ул ХХК-ийн ТУЗ-ийн хуралд баримтлах удирдамж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 03/2619 тоот албан бичиг, У ХК-ийн дүрэм, Ул ХХК-ийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаарх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Илтгэх хуудас, Ул ХХК-ийн ТУЗ-ийн 06,07 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03252 тоот шийдвэр, 182/ШЗ2022/04503 тоот Шүүгчийн захирамж, У ХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/14 тоот, Б/43 тоот захирлын тушаал, Авлигатай тэмцэх газар 05/2844 тоот албан бичиг, Ул ХХК-ийн ТУЗ-ийн 06 тогтоолоор Ул ХХК-ийн 2020 оны Бизнес төлөвлөгөө батлах тухай тогтоол, хавсралт, Ул ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан үүсгэн байгуулагчийн хурлын тэмдэглэл болон тогтоолууд, Төлөөлөн удирдах зөвлөлийг томилсон тогтоол болон хурлын тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 153 дугаар, 2020 оны 129 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны едрийн А/899 тоот захирамж, Нийслэлийн Дотоод аудитын албаны Ул ХХК-ийн шалгалтын тайлан, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

9.Ул ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, Ул ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4.6, Ул ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 2.1 дүгээр зүйлийн 2.1.3 дахь хэсгийг үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Г. А-ыг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Ул ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон байна. /хх-ийн 9 тал/

 

10.Ул ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Б нь Ул ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А-той 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Контракт гэрээ байгуулжээ. Энэхүү контрактын зорилго нь Ул хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, контрактаар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах, талуудын харилцан эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тогтооход оршино” гэж тодорхойлж, энэ контракт нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 5 жилийн хугацаанд хүчинтэй байна. Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан Ул хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зардлын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь энэхүү контрактын салшгүй хэсэг бөгөөд Гүйцэтгэх захирлын хийх ажлын хүрэх үр дүн болно. 2.1.Гүйцэтгэх захиралд цалин хөлс, ажлын үр дүнд нь тохирсон шагнал, урамшууллыг энэхүү контрактад заасан нөхцөлийн дагуу олгох үүрэгтэй, 4.1.Гүйцэтгэх захиралд 2,500,000  төгрөгийн албан тушаалын сарын үндсэн цалин олгоно, 4.2.Гүйцэтгэх захиралд компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин болон контрактын биелэлтийг харгалзан холбогдох журмын дагуу урамшуулал олгох эсэх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ” гэж ажиллуулагч хөлс төлөх үүрэг хүлээсэн  дээрх тохиролцоо нь  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хх-ийн 10-11 тал/

 

11.Ул ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2021-05 тоот тогтоолоор “Ул ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.ын А-той 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Контракт гэрээг өөрийн хүсэлтээр цуцалсугай” гэж шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч Г.А- нь контракт гэрээг дүгнээгүй, өөрөө хүсэлтээ өгсөн гэх тайлбар гаргаж маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ. /хх-ийн 185 тал/

 

12.Нэхэмжлэгч Г.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны цалинг сард 2,003,250 төгрөгөөр тооцож  30,048,750 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар алданги нь 15,024,375 төгрөг нийт 45,073,125 төгрөгийг  гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

13.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У ХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хамтран хариуцагч Ул ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

14.Нэхэмжлэгч Г.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин шаардсан бөгөөд Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.Контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн”  үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцлаж болно гэж зохицуулсан бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд  эрхээ зөрчигдсөнийг  мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад  гомдлоо гаргах эрхтэй” гэж зохицуулсан байна.

 

15.Хариуцагч У ХК нь гүйцэтгэх захирал Г.А- нь Контракт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй компанийг өр төлбөрт оруулсан, Авлигатай тэмцэх газраас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай  05/2844 дугаар албан бичгийн холбогдох заалтыг үндэслэн У ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/43 дугаар тушаалаар дээрх албан тушаалаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03252 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ул ХХК-иас 35,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ** ХХК-д олгож, хариуцагч У ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  шийдвэр, Авлигатай тэмцэх газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 05/2844 тоот, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05/1867 тоот албан бичгээр  тогтоогдож байна. /хх-ийн 45-48, 50, 53 тал/ 

 

16.Хамтран хариуцагч Ул ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б-ий шүүхэд ирүүлсэн “ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд өгч, компанийн тамга, тэмдэг, эд хөрөнгийг хувьцаа эзэмшигч У ХК-д хүлээлгэн өгсөн, намайг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа учир компанийн өмнөөс тайлбар гаргах боломжгүй гэх...” агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Э.Б- 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хариуцагч Ул ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, тэрээр 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ул ХХК-ийн тамгыг У ХК-д хүлээлгэн өгсөн гэх боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар Э.Б- нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс тус байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдсон, уг бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөл нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй байх тул хариуцагч Улаанбаатар такси ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийг Э.Б- гэж үзнэ. /хх-ийн 148 тал/

 

17.Хэдийгээр хариуцагч Ул ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх зүйн байдал тодорхойгүй, тамга тэмдэг, эд хөрөнгөө У ХК-д  хүлээлгэн өгсөн, гүйцэтгэх захирал Э.Б-ий ажлаас чөлөөлөгдөх хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байх боловч тус байгууллага татан буугдсан, түүний эрх, үүрэг, хариуцлага бусдад шилжсэн байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

18.Хариуцагч У ХК-ийн төлөөлөгч Г.Санчир нь нэхэмжлэгч Г.А-ыг Ул ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэж мэтгэлцэж байх ба Ул ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02 тоот шийдвэрээр “Ул ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг дараахь гишүүний бүрэлдэхүүнтэй томилсугай. Г.А-...” гэх баримтаар нотлогдож байна. /хх-ийн 168 тал/

 

19.Хэрэгт авагдсан бичгийн баримт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/202 дугаар эрх шилжүүлэх тухай захирамжаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын такси үйлчилгээг хөгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг У ХК-д  даалгаж, 2018 онд санхүүжүүлэх Улаанбаатар такси сервис төслийн 700,000,000 төгрөгөөс санхүүжилт хийж, хяналт тавихыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгожээ. Тиймээс хариуцагч У ХК нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн такси үйлчилгээ нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий, менежментийн зөвлөх үйлчилгээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахаар Ул ХХК-ийг үүсгэн байгуулсан байх бөгөөд тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болжээ.

 

20.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолоор Нийслэлийн авто замын түгжрэл бууруулах, нийтийн тээврийн оновчтой системийг хөгжүүлэх, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх гэх мэт зорилгоор Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл болон нийт 4 төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг У ХК-д  даалгажээ. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/11 дүгээр тогтоолоор нийслэлийн 2021 оны төсвийг баталсан байх бөгөөд уг тогтоолын хавсралтын 27 дугаарт Улаанбаатар такси сервис төсөл хэрэгжүүлэх, 2018-2021 он, төсөвт өртөг 700,000,000 төгрөг, 2020 онд санхүүжихээр батлагдсан дүн 700,000,000  төгрөг, 2020-2021 онд дамжин санхүүжих дүн 700,000,000 төгрөг гэсэн байна. Энэхүү 700,000,000 төгрөгийн төсөв нь хариуцагч Ул ХХК-ийн ажиллагааны зардалд зориулагдаагүй, зөвхөн тендер зарлаж авах боломжтой худалдан авалт хийхэд зориулагдсан хөрөнгө оруулалт байх ба тухайн төсвийг У ХК шууд захиран зарцуулах боломжгүй, харин Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарах төсөв байсан байна.

 

21.Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн Хараат болон охин компани, компанийн нэгдэл гэсэн хэсгийн 6.5-д “хараат болон охин компани нь толгой компанийхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийхаа өрийг хариуцахгүй”, 6.6.-д “толгой компанийн гаргасан шийдвэрийн улмаас охин компани төлбөрийн чадваргүй болсон бол толгой компани нь тухайн өрийг хамтран хариуцана” гэж зохицуулсан.

 

22.Нэхэмжлэгч Г.А- хариуцагч Ул ХХК, У ХК-ийн хооронд байгуулагдсан  хөдөлмөрийн гэрээний ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй энэ талаарх бичгийн баримтгүй байна.

 

23.Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 76.1.8.компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэж заасан байна. Ул ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батбямба, Ул ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А-той 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Контракт  гэрээ байгуулж, тус гэрээний  5 дугаар зүйлийн 5.2.7. контрактыг гүйцэтгэх захирлын буюу ажил олгогчийн санаачлагаар гэрээ дуусгавар болно гэж тохиролцжээ.

 

24.Иймд хариуцагч У ХК-д  холбогдох ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, хамтран хариуцагч Ул ХХК-д  холбогдох ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

25.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,590 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 157,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-од буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч У ХК-д холбогдох ажилласан хугацааны цалин, алданги 40,565,388 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай, хамтран хариуцагч Ул ХХК-д холбогдох ажилласан хугацааны цалин, алданги 4,507,737 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,590 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогооос 157,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.А-од буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ