Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2023/03695

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С- ХК холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Т ХК

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, П.Туул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н-- нь хариуцагч С- ХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Н-- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болортуяа, П.Туул нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С- ХК-ийг Н даргын 2014 оны А/414 дүгээр захирамжаар ** дүүрэг 1, 2, 20 дугаар хороо, ** орон сууцны хороолол орчмын ХЕТ-2013-8 багцын "Б" хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. Н даргын 2015 оны А/699 дүгээр захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хурлын 11 дүгээр хурлын шийдвэрийн дагуу Нийслэлийн ** дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ** орчим /ХЕТ-2013-8/ багцын “Б” хэсэгчилсэн талбай 26,6 га-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан С- ХХК-ийн хариуцлагын хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэх эрхийг С- ХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн. Тухайн төслийн байршил нь 336 нэгж талбартай, 41 нэгж талбар чөлөөлж, Н дарга болон С- ХК, газар, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчтэй 2015 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулсан бөгөөд одоо хүчин төгөлдөр 72 гурван талт гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хамт нийслэлийн Орон сууцны бодлогын газарт хадгалагдаж байна. С- ХК төслийн хүрээнд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2015/393 дугаар актаар төслийн хүрээнд баригдсан 262 айлын орон сууцыг хүлээн авч ашиглалтад оруулсан. Төслийн байршилд 2 блок орон сууц ашиглалтад оруулсан боловч гурван талт гэрээ байгуулсан 72 иргэдийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Төслийн хүрээнд баригдсан дээрх 2 орон сууц болох ** дүүрэг, 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол, толгойт гудамж, 106 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22** дугаарт бүртгэгдсэн 7,718.51 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн 102 тоот хаягт байрлах, үл хөдлөх хөрөнгийн 000466623 дугаар гэрчилгээтэй, 8,507.71 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус Ттай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12/16-18 дугаар зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгон тавьсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол дээрх барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлээ барагдуулаагүйн улмаас гурван талт гэрээ байгуулсан иргэд орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ авч чадахгүй эрхийн зөрчил үүссэн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Гурван талт гэрээний 5.1.3, 5.1.5 дахь заалтыг үндэслэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Гурван талт гэрээний 2.1, 2.3.2, 4.2.1-д заасан үүргээ хэрэгжүүлж гурван талт гэрээ байгуулсан иргэдийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг банкны барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг С- ХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний оролцогч 62 иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгч тэдний эрх ашгийг хамгаалж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч С- ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н--ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлд дурдагдаж буй дээрх нэр бүхий иргэдийн орон сууц нь Тны зээлийн барьцаанд байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин Т ХК-тай зээлийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байгаа гэв.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одончимэг шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Хариуцагч С- ХК-ийг дэмжиж оролцож байна. Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Стандарт капитал ХХК, хариуцагч С- ХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг  болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 шийдвэрээр шийдэж, Нийслэлийн иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00862 дугаар магадлалаар шийдвэрлэсэн гэв.

 

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар итгэмжлэл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнүүд, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, иргэний үнэмлэхниы хуулбар, Газар чөлөөлөх хуваарь, Төслийн товч танилцуулга, Шинэ толгойт орон сууцны хөтөлбөр, орон сууцны зураглалыг,  

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, итгэмжлэлийг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч Н-- нь хариуцагч С- ХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний оролцогч тул С- ХК-тай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний оролцогч болох 62 иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

6.Хариуцагч С- ХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний оролцогч болох 62 иргэний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин Т ХК-тай зээлийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд Н-- гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэмэлт зардал гарсан бөгөөд энэ хэрэг шүүх дээр байгаа гэж маргажээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнүүд, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар  газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, иргэний үнэмлэхниы хуулбар, Газар чөлөөлөх хуваарь, Төслийн товч танилцуулга, Шинэ толгойт орон сууцны хөтөлбөр, орон сууцны зураглал, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.Нэхэмжлэгч Н-- нь  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас иргэн А.Ганчимэг, нөгөө талаас С- ХК, гуравдагч талаас Н даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Гантуяа нар харилцан тохиролцож тус гэрээг байгуулжээ. /хх-ийн 6-8 тал/

9.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас иргэн А.Ганчимэг, нөгөө талаас С- ХК-тай 2 өрөө 34,92 м.кв талбайтай 51,435,000 төгрөгийн үнэтэй орон сууцаар, ** дүүргийн 2 дугаар хороо, Орбит 1-1г тоот 220 м.кв газар, амны хашааг солихоор тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

10.Дээрх гэрээг нэр бүхий 64 иргэнтэй байгуулсан болох нь хэрэгт авагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, нэрсийн жагсаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-161 тал, 177 тал/  

11.Хариуцагч С- ХК төслийн хүрээнд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2015/393 дугаар актаар төслийн хүрээнд баригдсан 262 айлын орон сууцыг хүлээн авч ашиглалтад оруулсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний оролцогч болох 62 иргэн тус орон сууцанд амьдарч байгаа тухайд нэхэмжлэгч тал маргаагүй.

12.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний оролцогч болох 62 иргэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй байгаа тул гурван талт гэрээний оролцогчийн хувьд Н-- нь шаардах эрхтэй гэж тайлбарлав.

13.Талуудын хооронд байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гурван талт гэрээний 5.1.Н дарга дор дурьдсан эрх үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд: 5.1.1.төсөл хэрэгжүүлэгчийн боловсруулсан төсөл төлөвлөгөөг хянаж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах, 5.1.2.гурван талт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, газар, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, 5.1.3.сонгсон талбайд улс,нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж,төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж хяналт тавих, 5.1.4.төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг зохион байгуулах, 5.1.5.төслийн хэрэгжилтэнд хяналт тавихаар талууд тохиролцжээ.

14.Нэхэмжлэгч Н-- нь  хариуцагч С- ХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг даалгах тухай  дээрх нэр бүхий 62 иргэнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсээгүй байна.

15.Иймд хариуцагч С- ХК-д холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Н--ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

16.Шүүх 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2023/15526 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н--ид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус шүүхэд бичгээр ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр ирүүлсэн боловч үндэслэлээ тодруулаагүй байх тул гардуулах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

          17.Мөн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж дээрх хүсэлтээсээ татгалзаж, харин  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.9 дэх заалтад зааснаар Т болон Стандарт каптитал ХХК, С- ХК нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцож, гурван талт гэрээ байгуулсан иргэдийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг С- ХК-д даалгахаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага гаргасан.

 

          18.Хариуцагч С- ХК шүүх хуралдаанд “нэр бүхий иргэдийн орон сууц нь Тны зээлийн барьцаанд байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Харин Т ХК-тай зээлийн асуудлаар тохиролцох шаардлагатай байгаа гэж мэтгэлцэв.

 

          19.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Одончимэг шүүх хуралдааны үед “Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Стандарт капитал ХХК, хариуцагч С- ХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 шийдвэрээр шийдэж, Нийслэлийн иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00862 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага үндэслэлгүй гэж тайлбарлав.

 

          20.Нэхэмжлэгч Н-- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэрээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол дээрх барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл зээлээ барагдуулаагүйн улмаас гурван талт гэрээ байгуулсан иргэд орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ авч чадахгүй эрхийн зөрчил үүссэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон” байна. /хх-ийн 2 тал/ 

 

          21.Зохигч талууд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 шийдвэрээр хариуцагч Стандарт капитал ХХК, С- ХК-д холбогдох Т ХХК-ийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн тухайд маргаагүй.

 

          22.Иймд Т болон Стандарт каптитал ХХК, С- ХК нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр байх хэлцэлд тооцож, гурван талт гэрээ байгуулсан иргэдийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг С- ХК-д даалгах нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэстэй гэж үзнэ.

 

          23.Хариуцагчийн төлөөлөгч нь өмгөөлөгч Б.Гантөмөрийг АТГ-т үйлчлүүлэгчийн хамт хэргийн материалтай танилцаж байгаа бөгөөд хуралд ирэх боломжгүй тул хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

24.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С- ХК-д холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Н--ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ