Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/153

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч *******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч А.******* нь 2017 оны 07 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-6-30 тоотод өөрийн гэртээ эхнэр ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.******* нь 2017 оны 07 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-6-30 тоотод өөрийн гэртээ эхнэр ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...

Хохирогч Т.Номиндарийн ... 2017 оны 07 сарын 29-ний өдөр би ажлынхаа цагаан хоёр эрэгтэй найзтайгаа гадуур явж байгаад өөрийн нөхөр Ц.*******тай тааралдсан. Манай нөхөр ер нь бага зэрэг хартай ба тухайн үед уурлаад өнгөрсөн. Тэгээд маргааш нь болох 2017 оны 07 сарын 30-ны өглөө үүрээр 06 цаг өнгөрөөгөөд манай нөхөр босоод хөргөчинд байсан талаас доогуур архийг ганцаараа уучихсан. Тэгээд согточихоод урд өдрийн талаар яриад намайг хардаж уурлаад хэрүүл нэхээд байхаар нь би өмнөөс нь мөн хэрэлдсэн. Гэтэл сүүлдээ манай нөхөр бүр уурлаад намайг ална гээд үснээс зулгаагаад толгойгоор буйдан мөргүүлж, хоолойг боож багалзуурдсан. Хэн дуудлага өгсөн эсэхийг мэдээгүй ба удалгүй цагдаа ирээд манай хүнийг аваад явсан. Тухайн үед миний толгой өвдөх, ам ангайхаар эрүү өвдөөд байсан ба бусдаар бол зүгээр. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр бид хоёр эвлэрсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Шүүгдэгч Ц.*******ын ... 2017 оны 07 сарын 29-ний өдөр би гэртэй хоёр хүүхдээ хараад байж байгаад өөрийн эхнэр Т.Номиндарийн утасруу залгасан чинь утсаа авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болчихсон. Би эхнэрээ хайгаад түүний ах Алтанбаганатай уулзаад байж байтал МСҮТ-ийн ар талын 88 дугаар байрны гадаа манай эхнэр хар машинтай хоёр залуутай байж байсан. Би эхнэртэй “утсаа авахгүй хаачсан юм “ гэж хэлээд гэртээ харих талаар хэлсэн. Тэр хоёр залуу нь эхнэрийн оюутан ангийн найзууд гэж байсан ба гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би эхнэрээ дагуулаад Алтанбаганы хамт гэрт очсон. Алтанбагана манайд байж байгаад орой нь явсан ба би өглөө үүрээр гэрт байсан тал шил архийг ганцаараа уусан. Тэгээд өмнөх өдрийн болсон явдлын талаар эхнэртэй хэлээд түүнтэй маргалдсан. Эхнэр ч мөн өөдөөс хэрэлдээд байхаар нь миний уур хүрээд үснээс нь зулгаагаад буйдан мөргүүлж, хоёр удаа алгадаад хоолойг нь боосон. Гэтэл цагдаа ирсэн ба намайг аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

Баянхонгор  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 344 тоот ... Т.Номиндарийн биед тархи доргилт, хүзүү, доод уруул, зүүн шуунд зулгаралт, хүзүү цээж, зүүн шуу, баруун шанаанд цус хуралт, доод эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. … Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас ******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хохирогч ******* шүүгдэгч Ц.******* нар нь эвлэрсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага зэргийг хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналд дурдсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.*******ын эзэмшлийн ТСЛ маркийн 55 инчийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.*******ын эзэмшлийн ТСЛ маркийн 55 инчийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай

6. Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА