Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 113/ШЗ2023/0006

 

 

 

 

 

 

  2023        06          15                                         113/ШШ2023/0006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, шүүгч Х.Эрдэнэтуяа, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугиржав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК (РД:.............),

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Гуравдагч этгээд: “ЭМ” ХХК (РД:...........),

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М нарын хоорондын түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч Э.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан, анх 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр (а) аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, (б) “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр (в) аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бол 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр (б)-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг ““Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” гэж нэмэгдүүлж, тодруулжээ.

3. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

3.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” нэртэй газарт “ЭМ” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 187.42 га талбайд, “Б” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 182.9 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, тус тус аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан.

3.2. Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136 дугаар албан бичгээр “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авахад ... татгалзсан тухай ирүүлсэн тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэх хариуг “ЭМ” ХХК-д хүргүүлсэн бол аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

3.3. “ЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох 2018/0023/з индекс дугаартай захиргааны хэргийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр аймгийн Засаг даргын 2018 оны А/327 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.4. Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/126 дугаар захирамж гаргаж, “Б” ХХК-д олгосон XV-............... дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2018 оны А/327 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон.

3.5. Улмаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайд дахин өргөдөл хүлээн авах боломжтой” гэх агуулга бүхий мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/294 дүгээр албан бичгээр “ЭМ” ХХК-д, мөн өдрийн А/295 дугаар албан бичгээр “Б” ХХК-д тус тус хүргүүлсэн ба “Б” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19/0324 дүгээр албан бичгээр дахин өргөдөл гаргасан бол “ЭМ” ХХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд /дахин/ нэхэмжлэл гаргасан.

3.6. “ЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох 2019/0006/з индекс дугаартай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 113//ШШ2019/0022 дугаартай шийдвэрийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлалаар “... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “ЭМ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан тус аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус өргөдлийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилсөн бол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолоор, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

3.7. Энэ хугацаанд, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар “Б” ХХК-д ХА-.............. дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байсан бол энэ хэсгийн 3.6-д заасан шүүхийн шийдвэрийг биелүүлж, аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар дээрх 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

3.8. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар “Б” ХХК-иас мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аймгийн Засаг даргад холбогдох 2021/0005/з индекс дугаартай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.9. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь дээрх 113/ШШ2021/0008 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон, 2022 оны 1 дүгээр сарын сарын 17-ны өдрийн А/08 дугаар захирамж гаргаж, аймгийн Засаг даргын 2020 оны А/175 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон.

3.10. “Б” ХХК нь Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр олгосон ГСА00009 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт, гомдлоо 2022 оны 3 дугаар сарын 10, 17-ны өдрүүдэд 0113, 22/018 болон 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 05/27 дугаартай албан бичгээр тус тус хүргүүлж байсан бол Говьсүмбэр аймгийн Засаг даргаас “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй” гэх агуулга бүхий хариуг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/931 дүгээр албан бичгээр өгчээ.

3.11. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1437 болон 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/456 дугаартай албан бичгээр “Б” ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, улмаар 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамж гаргаж, 2019 оны А/180 дугаар захирамжийг дахин хүчингүй болгосон бол 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар маргаан бүхий талбайд “ЭМ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

4. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өргөдөлдөө, манай компани 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших Дөрвөлж толгой гэх газарт 182.76 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан бөгөөд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар ГСА00009 дугаартай хайгуулын зөвшөөрөл эзэмших болсон. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамж гарган манайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгож, манай компанийн эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг гаргасан. Үүнийг манай компани эс зөвшөөрч Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны А/175 дугаар захирамжийг хүчингүй болгосон ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсаны дараа 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг дарга А/08 дугаар захирамж гаргаж, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрээ цуцалсан байдаг. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/157 дугаар захирамж гарган “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгон, манай компанийн эрхэд хууль бусаар халдсан үйлдлийг дахин гаргалаа. Энэ захирамж нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 596 дугаар магадлалаар түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхийг даалгаж байгаа нь “ЭМ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгасан биш, зөвхөн хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид үүрэг болгосон байтал шууд “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус.  Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2022 оны А/157 дугаар захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д заасныг бүрэн хэрэгжүүлээгүй буюу “Б” ХХК-д сонсох ажиллагааг огт хийгээгүйгээс гадна тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр бус, хуульд заагаагүй үндэслэлээр шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчлөө.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр А/08 дугаар захирамж гаргаж, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрээ хүчингүй болгосноор, 3 жилээр авсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин сэргэсэн байдаг. Үндсэндээ манай компани тусгай зөвшөөрлийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжаар 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаатайгаар анх авсан 3 жилийн хугацааны дийлэнх буюу хуанлийн 1 жил 7 сар гаруйн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг хүчингүй болгож, маргаан шүүх дээр хянагдаж байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56.8-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс үргэлжлүүлэн тооцоход манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болох ба дээрх агуулгаар 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлэж, албан ёсоор ямар нэгэн хариу ирүүлээгүй. “Б” ХХК-ийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан, үндэслэл бүхий өргөдлийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэт бүрдүүлэн хүргүүлсэн. Тодорхой хариу өгөхгүй байсан тул 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандан гомдол гаргахад 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/931 дугаар албан бичгээр “... 2019 оны А/180 дугаар захирамж хүчингүй болсон тул танай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариу ирүүлсэн. “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйн улмаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах “Б” ХХК-ийн эрх шууд зөрчигдөж байна. Иймд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бичгээр гаргасан өргөдөлдөө, “Б” ХХК-ийн эзэмшиж буй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дахь “Дөрвөлж толгой” гэх газарт орших түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг “ЭМ” ХХК-д олгосон аймгийн Засаг даргын А/192 дугаар захирамж нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан болохыг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн “хэрэгт ирсэн нотлох баримт танилцуулах тухай” цахим шуудангаас мэдсэн. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрээр “ЭМ” ХХК-ийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхийн тулд “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсээр байхад Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжтай ижил үндэслэлээр “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамж гарган, удаа дараа “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Иймд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. “ЭМ” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэхтэй холбогдуулан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй нь нотлогдсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэмжихгүй санал өгсөн байхад аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй, аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамж үндэслэлтэй эсэх асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд манай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 182.76 га талбайг бусдад олгож Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.3-д “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдэд олгоно” гэснийг зөрчсөн гэжээ.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/157 дугаар захирамж гарах болсон үндэслэл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасныг зөрчиж аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь түрүүлж өргөдөл гаргасан “ЭМ” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр болсон байдаг. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 596 дугаар магадлалаар “ЭМ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэлгүйгээр, дахин өргөдөл гаргахыг шаардсан аймгийн Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоосныг баримтлан, хууль бус үйлдлээрээ “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байсан тул хүчингүй болгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрээс үзэхэд аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамж нь анхнаасаа гарах ёсгүй байсан. Аймгийн Засаг дарга 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.4.2-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулахаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1437 дугаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд “Б” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21/010 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/456 дугаар албан бичгийг дахин тайлбар, санал авахаар хүргүүлэхэд “Б” ХХК-иас 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 22/0401 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн тул сонсох ажиллагаа огт хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 43.2-т заасны дагуу “Б” ХХК-д 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр .......... дугаарын утсанд захирамжийн агуулгыг мэдэгдэж, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 22 минутад байгууллагын албан хэрэг хөтлөлтийн албан ёсны цахим хаяг болох [email protected] хаягнаас ..................... цахим хаягруу хүргүүлсэн. Мөн “Монгол шуудан” ХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбараар дамжуулан “Улаанбаатар хот .................. тоот” хаягт 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэнг тус компани 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д зааснаар захирамжийг мэдэгдсэн огноо 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. “Б” ХХК-иас 2022 оны 3 дугаар сард гаргасан гэх “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” хүсэлтийг холбогдох материалуудыг татаж, судалсны үндсэн дээр аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамжийг гаргасан. Аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамж нь 2020 оны А/175 дугаар захирамжаас эрс ялгаатай. Учир нь аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/157 дугаар захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийг баримталж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлаагүй. Харин анхнаасаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулий 13.1, 14.1.4 дэх заалтыг зөрчиж хууль бусаар олгогдсон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийг баримталж хүчингүй болгосон.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрт “ЭМ” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийн хувьд, Говьсүмбэр аймгийн Засаг дарга бүртгэж аваад Ашигт малтмал, газрын тосны газарт шүүлт хийлгэхээр цахимаар хүсэлт хүргүүлсэн ч хариу ирээгүй, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдох ба эдгээр шаардлагыг хэрэгжүүлсний дараа тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж дүгнэсэн байдаг. Тухайн үед түрүүлж өргөдөл гаргасан “ЭМ” ХХК-ийн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт цахимаар хүргүүлээгүй атлаа “Б” ХХК-ийн өргөдлийг хүргүүлж, хориглолт ба давхцал байгаа эсэхийг тогтоолгосон нь буруу юм. Энэхүү буруу үйл ажиллагаанаасаа үүдэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг, “ЭМ” ХХК-д олгох санал аваагүй гэж үзэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан ажиллагаа хангагдсан гэж үзэх үндэслэлгүй. “Б” ХХК-иас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлтийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг Шивээговь сумын Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тус тус тодруулахад холбогдох үйл ажиллагааг явуулаагүй гэсэн хариу ирсэн тул тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй талаарх хариуг “Б” ХХК-д хүргүүлсэн байдаг. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.4. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, “Б” ХХК-ийн хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Энэ захирамж хууль зүйн үндэслэл бүхий тул хүчингүй болгох үндэслэлгүй. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамж нь анхнаасаа шүүхийн шийдвэрийг зөрчсөн, хууль бус захирамж байсан тул Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжийг гаргаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Говьсүмбэр аймгийн Засаг даргын “ЭМ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... манай компани Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаар ГСА00009 дугаартай хайгуулийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй этгээд болсон. Хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн дагуу хэвийн үйл ажиллагааг явуулж байхад аймгийн Засаг дарга 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамж гаргаж “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон буюу 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/180 дугаар захирамжаа хүчингүй болгосон байдаг. Өмнөх захирамж хууль бус гарсан эсэхээс үл хамаараад тусгай зөвшөөрөл хүчингүй болгож байгаа учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан нарийвчилсан зохицуулалтыг ашиглах ёстой. Захирамждаа ямар ч заалт үндэслээгүй байж хууль ёсны гэж хэлж байгааг нь хүлээн авах үндэслэлгүй. Энэ захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалт болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолыг үндэслээд гарсан байдаг. Захирамжийг эс зөвшөөрч манайх шүүхэд нэхэмжлэл гаргаад, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр дээрх А/175 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захирамжийг шүүх дахиад хүчингүй болгосон. Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 73 дугаар тогтоол нь “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болго гэсэн агуулга ерөөсөө байхгүй, захирамжийг хуульд заасан үндэслэлээр гаргаагүй буюу “ЭМ” ХХК-ийн өргөдлийг шалгаагүй л гэдэг асуудал байна гэж үзсэн. Өмнө нь Улсын дээд шүүхийн 2020 оны 73 дугаар тогтоолыг үндэслээд аймгийн Засаг даргаас 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А/175 дугаар захирамж гаргаж манай тусгай зөвшөөрлийг цуцалж байсан. Харин 2022 оны А/157 дугаар захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 596 дугаар магадлалыг үндэслэсэн, энэ хоёр захирамж үүгээрээ л хоорондоо ялгаатай, түүнээс биш агуулга адилхан захирамж. Нэг нь магадлалыг авсан, нөгөөх нь тогтоолыг үндэслэсэн. “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Дээд шүүхийн тогтоолыг үндэслэл болгож гаргасан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр А/175 дугаар захирамжийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон. “ЭМ” ХХК гуравдагч этгээдээр оролцсон, хариуцагч ч давж заалдах гомдол гаргаагүй, энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдолтой бол дахин нотлохгүй гэж заасан. Шүүхээс хүчингүй болгосон захирамжтай адилхан агуулгаар ахин дахин захирамж гаргаж байгаа нь манай үйл ажиллагааг хясан боогдуулж, эрх ашгийг хөндөж байна. 08 дугаартай шүүхийн шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл 3 жилээр олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа маань 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр дахин сэргээсэн. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан. Аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамж гарах хүртэл энэ хугацаанд манайх хайгуулын зөвшөөрлийг эзэмшиж, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан. Холбогдох шаардлагыг нь хангаад хүсэлт гаргаж байхад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2–т зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах ёстой. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15.1.3-д зааснаар энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ноцтой зөрчигдсөн. Яагаад гэхээр 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаж байсан. Манайх тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жил 7 сар гаруй хугацаанд шүүхийн маргаанаас болж үйл ажиллагаа явуулж чадаагүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад явсны дараа манай тусгай зөвшөөрөлд хамаарах талбайд Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар “ЭМ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Ингэж олгохдоо хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн. Манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон захирамж нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, “ЭМ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо хэд хэдэн процессийг зөрчсөн. Өргөдлийг шийдвэрлэнэ гэдэг нь процессийн дагуу ажиллагаа хийхийг хэлнэ. Харин тусгай зөвшөөрөл олгож ч болно, олгохгүй ч байж болно. Иргэдийн төлөөлөл болсон Хурлын байгууллага нь олгохыг дэмжихгүй гээд байхад нь аймгийн Засаг дарга нь нэг талд эрх олгож байгаа энэ үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр А/517 дугаар захирамж гаргах хүртэл “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан. Гэтэл “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон талбай дээр “ЭМ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг тулд иргэдийн Хурлаас санал, Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт авах зэргээр “Б” ХХК-ийн зөвшөөрлийг хүчингүй болгож, “ЭМ” ХХК-д олгох ажиллагаа 2021 оноос аль хэдийнэ эхэлсэн байж. Манайх хугацаа сунгуулахаар бэлтгэл хангаад, баримт бүрдүүлээд хүсэлт гаргаад байхад шийддэггүй. Энэ бол захиргааны хувьд маш буруутай үйл ажиллагаа. Аль эрт, зардал гаргаагүй байхад нь “Б” ХХК-д хэлж болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн асуудал биш, Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамж анхнаасаа хууль бусаар олгогдсон учраас Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд буюу Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тухайн захирамжийг хүчингүй болгосон асуудал. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалттай. “Б” ХХК бол хамгийн түрүүлж өргөдөл гаргасан гэдэг шаардлагыг хангахгүй. Түрүүлж гаргасан “ЭМ” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлээгүй байж дахин “Б” ХХК-иас өргөдөл хүлээн авч, Засаг даргын хууль бус үйлдлээр 2019 оны А/180 дугаар захирамж гаргаж, тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж үзээд энэ хууль бус үйлдлээ залруулахын тулд тусгай зөвшөөрөл олгосон захирамжаа хүчингүй болгосон. Ингэж хүчингүй болгохдоо манайхаас 2021, 2022 онуудад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг процессын дагуу хийсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгох ёстой. “ЭМ” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Дөрвөлж толгой гэх газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан. Гэтэл “Б” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүсэлт гаргасан. Хуульд анхан шатны шүүлт хийж түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг анх өргөдөл гаргасан этгээдэд өгөхөөр заасан. Анх өргөдөл гаргасан этгээд нь “ЭМ” ХХК. Харин дараа нь өргөдөл гаргасан “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олголоо гэж бодоход “ЭМ” ХХК-ийн давхацлыг заавал харах ёстой байсан. Гэтэл ийм процесс ажиллагаа огт хийгээгүй, хоёр компанийн өргөдлийн цугт нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд оруулж, орон нутгийн компани гэх хуульд байхгүй үндэслэлээр “Б” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон. Хуульд заасан үндэслэлээр “ЭМ” ХХК-д олгох эсэхийг шийдвэрлэх байтал хууль зөрчиж буюу хуульд огт байхгүй “Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулдаггүй” гэсэн шалтгаанаар “ЭМ” ХХК-ийг татгалзаж, “Б” ХХК-д олгосон нь хууль бус үйлдэл болсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаартай магадлалын хянавал хэсэгт “... тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин хүлээн авах боломжтой гэх зэргээр нэхэмжлэгчийн өмнө гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүйгээр дахин өргөдөл гаргахыг шаардсан хариуцагчийн үйлдэл хууль бус байна” гэж дүгнэсэн байгаа. Яагаад тусгай зөвшөөрөл олгосон гэхээр анхнаасаа “ЭМ” ХХК-д олгох ёстой байтал хууль зөрчиж, хуульд байхгүй шаардлага гаргаж “Б” ХХК-д олгосон байна гэж үзсэн учраас энэ хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохын тул Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг “ЭМ” ХХК-д олгосон. Хурал ямар санал гаргахаас үл хамаараад аймгийн Засаг дарга энэ асуудлаар өөрөө бие даан шийдвэр гаргах бүрэн боломжтой. “Б” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн дагуу аймгийн Засаг даргын 2020 оны А/175 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2021 оны 08 дугаар шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ компани ямар ч үйлдэл хийгээгүй. Эрх сэргэсэн өдрөөсөө хойш сумын Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох тайлан судалгааны хүсэлтээ өгөх ажиллагаа огт хийгээгүй, тусгай зөвшөөрлийг нь сунгах ямар ч боломж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“ЭМ” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 13-нд анх Говьсүмбэр аймгийн Засаг даргад хандаж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Дөрвөлж толгой гэх газарт 187.42 га талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл авахаар түрүүлж өргөдөл гаргасан. “ЭМ” ХХК-иас гаргасан өргөдлийг шийдээгүй байхад “Б” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “ЭМ” ХХК-ийн өргөдөлд заасан талбайд давхцуулаад хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан. Гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/327 дугаар захирамжаар “ЭМ” ХХК-ийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан “Б” ХХК-ийн өргөдлийг шийдсэн. Үүнтэй холбоотойгоор “ЭМ” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн тул Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлээд, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байхад 2019 оны 4 дүгээр сарын 03 билүү 04-ний өдөр “Б” ХХК-иас дахиад өргөдөл өгсөн. Аймгийн Засаг дарга “Б” ХХК-ийн тэр өргөдлийг хүлээж аваад, дахиад тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн. Гуравдагч этгээд бидний зүгээс манай гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус байгаа учрааас хуулийн дагуу шийдвэрлэхийг Засаг даргад даалгах шаардлага гаргаж, дахин захиргааны шүүхэд хандсан. Энэ нь гурван шатны шүүхээр ороод, Монгол Улсын дээд шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолоор манай түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгасан. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу “ЭМ” ХХК-ийн түрүүлж гаргасан өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлээгүй атлаа, өргөдөлд дурдсан талбайд нь “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус гэж дүгнэсэн. Говьсүмбэр аймгийн Засаг даргын хууль бус 2019 оны А/180 дугаар захирамжийн үр дагавар чинь өнөөдрийн энэ бүх үр дагаварт хүргэж байна. Засаг дарга 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “ЭМ” ХХК-д олгосон А/192 дугаар захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Хурлын саналыг авна гэснээс заавал түүнийг үндэслэж шийдвэрлэх агуулга байхгүй. Иргэдийн Хурлын төлөөлөгч нар санал хэлнэ. Хурлаас дэмжсэн, дэмжээгүй нь аймгийн Засаг даргын шийдвэрт нөлөөлөхгүй, тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар шийдвэр гаргах эсэх нь аймгийн Засаг даргын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Засаг даргын 2022 оны А/192 дугаар захирамж нь манай 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийн хариу. Одоо хууль ёсны эрх ашиг сэргэж байгаа тул хуульд нийцүүлж, зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

4.8. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч тал хүчингүй болгох талаар гомдол гаргасан гэсэн зүйл байхгүй байна. 3 жилийн хугацаатай байсан боловч энэ хугацаанд хүчингүй болгосон байснаас бүх шатны байгууллагуудад хандсан байхад давхар өөр газарт тусгай зөвшөөрлийг өгсөн. Нөгөө талаас бол анхнаасаа олгогдох ёсгүй, хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Засаг даргын буруу захирамж гарсан. 2 газрын давхар өргөдөл гаргасныг хамтад нь нэг өдөр авч хэлэлцээд Засаг даргын захирамж нь “Б” ХХК-ийн талд шийдвэрлэж гаргасан Засаг даргын буруу гэж харж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

5. Энэ хэрэгт Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамж гаргаж, өмнө нь “Б” ХХК-д Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон; уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан тус хуулийн этгээдийн хүсэлтийг хангахаас татгалзсан; мөн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжаар “Дөрвөлж толгой” нэртэй дээрх талбайд түрүүлж өргөдөл гаргасан “ЭМ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон; зэрэг аймгийн Засаг даргын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчиж, нэхэмжлэгч “Б” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар олгосон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.

6. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

7.1. Тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг Засаг даргын 2020 оны А/175 дугаар захирамжаар хууль бусаар хүчингүй болгосныг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрээр тогтоож, улмаар аймгийн Засаг дарга 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 захирамжаар дээрх 2020 оны А/175 дугаар захирамжийг хүчингүй болгосон байхад дахин 2022 оны А/157 дугаар захирамжийг гаргаж, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчсөн.

7.2. Аймгийн Засаг даргын 2022 оны А/08 захирамжаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн тул хугацааг үргэлжлүүлэн тоолох ба энэ талаар шийдвэр гаргаагүй учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, холбогдох баримтыг хавсарган 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийг аймгийн Засаг дарга шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасан, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрх зөрчигдсөн.

7.3. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2022 оны А/157 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг зөрчсөн. Тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа тул хууль бус захиргааны актыг хүчингүй болгох эсэхээс үл хамааран уг харилцааг нарийвчилсан зохицуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэх байсан.

7.4. “Б” ХХК-д олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамж үндэслэлтэй эсэхэд шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад уг талбайд “ЭМ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.3-д заасныг зөрчиж байна. 

7.5. “ЭМ” ХХК-ийн түрүүлж гаргасан гэх 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн өргөдлийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136 дугаар албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тул шийдвэрлэсэн гэж үзнэ.

7.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 596 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 73 дугаар тогтоол нь “ЭМ” ХХК-д шууд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах агуулгагүй, зөвхөн өргөдлийг нь хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгасан. “ЭМ” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэхийн тулд “Б” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгохгүй гэж Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар шийдвэрт дүгнэсэн нь хүчин төгөлдөр байгаа.

7.7. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Хурлын Тэргүүлэгчдээс дэмжихгүй санал өгсөн байхад аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй.

8. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ:

8.1. Аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамж нь түрүүлж гаргасан “ЭМ” ХХК-ийн өргөдлийг шийдээгүй байхад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчсөн байсан тул 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

8.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 596 дугаар магадлалаар “ЭМ” ХХК-ийн түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус гэж тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т заасныг баримталж 2022 оны А/157 захирамжийг гаргаснаас биш Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан цуцлах үндэслэлийг баримтлаагүй. Сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан.

8.3. “Б” ХХК нь аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хойш байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй, аймгийн Засаг даргын Тамгын газартай огт харьцаагүй ба аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Шивээговь сумын Засаг даргаас тодруулахад “Б” ХХК тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй хариу өгсөн.

8.4. Анх тухайн талбайд хоёр компаниас өргөдөл ирүүлэхэд, түрүүлж гаргасан “ЭМ” ХХК-ийн өргөдлийг бус “Б” ХХК-ийн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулж, давхцал тодорхойлуулсан нь буруу, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн санал л авахаас бус түүнийг үндэслэх шаардлагагүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх аймгийн Засаг дарга бие даан шийдвэрлэнэ гэх зэргээр тодорхойлно.

9. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзлын үндэслэлийг дэмжиж, дараах агуулгаар тайлбар гаргана.

9.1. Өмнөх Засаг даргын хууль зөрчсөн захирамжийг эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон тул аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй.

9.2. Аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамж нь “Дөрвөлж толгой” нэртэй талбайд түрүүлж гаргасан “ЭМ” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэсэн тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

10. “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

10.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” гэх газарт: “ЭМ” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 187.42 га талбайд, “Б” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 182.9 га талбайд тус тус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд эдгээр талбай байршлын хувьд давхацсан, цаг хугацааны хувьд “ЭМ” ХХК түрүүлж гаргасан гэх үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болох нь тэдгээрийн тайлбар, нэр бүхий 2 хуулийн этгээдээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл ба хавсаргасан баримтууд, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/287 дугаар албан бичиг, “ЭМ” болон “Б” ХХК-ийн өргөдөл гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн давхацлыг харуулсан байршлын зураглал зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно. (хэргийн I хавтасны 136-144, 169-170, 234-240 дэх талд)

10.2. “ЭМ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасны дагуу анхан шатны шүүлтээр бүрдэл хангасан байхад Говьсүмбэр аймгийн Засаг даргаас түрүүлж гаргасан уг өргөдлийг төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлээгүй; харин “Б” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийн талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч, тус өргөдлийг төрийн захиргааны байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлж, улмаар тусгай зөвшөөрөл олгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4-д заасныг зөрчсөн; эхлээд түрүүлж гаргасан “ЭМ” ХХК-ийн өргөдлийн талаар төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ба Тэргүүлэгчдийн саналыг тус тус авч, түүнд тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэсний дараа “Б” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэх нь хуульд нийцэх талаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрт дүгнэжээ.

10.3. Мөн “ЭМ” ХХК-ийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч нэгэнт түрүүлж өргөдөл гаргасан болохыг тогтоосон үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тухай; энэ тохиолдолд хамгийн түрүүлж өргөдөл гаргасан “ЭМ” ХХК-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох; Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь уг өргөдлийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан үйлдэл гаргаж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 113/ШШ2019/0003 дугаар шийдвэрийг буруугуур хэрэгжүүлсэн тухай; “ЭМ” ХХК-д уг хуулийн дагуу түрүүлж гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэх эрх зүйн үр дагавар үүсч, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн ба “түрүүлж гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг “ЭМ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгасан гэж ойлгохгүй, харин өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон агуулгатай талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 596 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар тогтоолд тус тус дүгнэж, шийдвэрлэсэн байна. (хэргийн II хавтасны 1-4, 10-17 дахь талд)

10.4. Говьсүмбэр аймгийн Засаг дарга хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр “ЭМ” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлэж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг гаргасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг дээрх магадлал, тогтоолоор тогтоосон үйл баримттай харьцуулан дүгнэвэл энэ хэсгийн 7.5-д заасан шаардлагын үндэслэл бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

10.5. “ЭМ” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдөл нь анхан шатны шүүлтээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангасан байхад аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/1136 дугаар албан бичгээр “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн нь хуульд нийцээгүй, өргөдлийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзнэ хэмээн дээрх шүүхийн шийдвэрээр тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ хэсгийн 7.6-д заасан “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 596 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 73 дугаар тогтоол нь “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болго, “ЭМ” ХХК-д шууд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах агуулгагүй, зөвхөн өргөдлийг нь хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгасан” гэх агуулга бүхий шаардлагын үндэслэл үгүйсгэгдэнэ.

10.6. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрээр, аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/175 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухайн “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох маргааны үйл баримтын хүрээнд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцаа нь бие даасан, дамжлага бүхий үе шатуудаас бүрдэж, урьдах шаардлагыг хангасан тохиолдолд дараагийн шаардлагыг шалгах горимтой байтал “ЭМ” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулах, аймаг болон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Тэргүүлэгчдээс санал авах зэрэг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй атлаа “Б” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэр үйл ажиллагаа нь “шүүхийн шийдвэр биелүүлэх” зорилготой нийцэхгүй; хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөлд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баримтлаагүй; сонсох ажиллагаа явуулаагүй зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн” гэх агуулга бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн.

10.7. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 дугаар захирамж гаргаж, өмнөх 2020 оны А/175 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсоноор дээрх шүүхийн шийдвэр биелсэн байна.

10.8. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нь тухайн үед Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 73 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор, Монгол Улсыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан 2020 оны А/175 дугаар захирамж гаргаж, “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

10.9. Харин аймгийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны А/157 дугаар захирамжаар мөн дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг баримтлан, 2019 оны А/180 дугаар захирамжийг /дахин/ хүчингүй болгосон ба шүүхийн шийдвэр биелүүлж буй энэ байдлаараа 2020 оны А/175 дугаар захирамжтай агуулгын хувьд адил мэт боловч хууль зүйн үндэслэл өөр гэж үзэхээр байна.

10.10. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 113/ШШ2021/0008 дугаар шийдвэрт, “ЭМ” ХХК-ийн түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхтэй холбогдуулан хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхгүйгээр, шууд “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь захиргааны актын зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцэхгүй гэж дүгнэсэн бол аймгийн Засаг даргын 2022 оны А/192 дугаар захирамжаар “ЭМ” ХХК-ийн гаргасан уг өргөдлийг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох дүгнэлтийг хүлээн авч, улмаар хоёр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын Тэргүүлэгчдээс санал авах зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай ажиллагааг явуулсны дараа аймгийн Засаг дарга 2022 оны А/157 дугаар захирамжийг гаргажээ.

10.11. Тодруулбал, энэ тохиолдолд “ЭМ” ХХК-ийн 2018.09.13-ны өдөр түрүүлж гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зарчим, 14.1-14.4-т заасан горимын дагуу холбогдох шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох ажиллагааг бодитоор гүйцэтгэсэн гэж дүгнэнэ.

10.12. Дээрх байдлаар “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох 2021/0005/з болон 113/2022/0010/з индекс дугаартай захиргааны хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүний хүрээнд хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдох үйл баримтын хувьд өөр болсныг тэмдэглэхийн зэрэгцээ энэ хэсгийн 7.6-д заасан “ЭМ” ХХК-ийн өргөдлийг шийдвэрлэхийн тулд “Б” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгохгүй гэж Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар шийдвэрт дүгнэсэн нь хүчин төгөлдөр байгаа” гэх тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгох шаардлагагүйг дурдах нь зүйтэй.

10.13. Нөгөөтэйгүүр хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамж анхнаасаа гарах ёсгүй байсан. Энэ захирамж нь түрүүлж гаргасан өргөдлөө хуулийн дагуу шийдвэрлүүлэх “ЭМ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. “ЭМ” ХХК-ийн түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүйгээр, “Б” ХХК-иас дахин өргөдөл хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус болохыг Улсын дээд шүүхээс тогтоосон учраас “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр цуцлах бус, тусгай зөвшөөрөл олгосон хууль бус захиргааны актаа хүчингүй болгосон” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд, маргаан бүхий 2022 оны А/157 дугаар захирамжид баримталсан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ... /-д/ сөргөөр нөлөөлсөн” гэх үндэслэлийг буруутгахгүй учир “тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа тул нарийвчилсан зохицуулалт бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэх байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүн хүлээж аваагүй болно.

10.14. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан нь түрүүлж гаргасан, шаардлага хангасан өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох зарчмыг тодорхойлж, захиргаанд үүрэг болгосон агуулгатай хэм хэмжээ бөгөөд зүй нь түрүүлж гаргасан “ЭМ” ХХК-ийн өргөдөлд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд сая “Б” ХХК-ийн өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх үндэслэл бүрдэнэ.

10.15. Энэ шаардлагын үүднээс, “Дөрвөлж толгой” нэртэй талбайд түрүүлж өргөдөл гаргасан “ЭМ” ХХК хуульд заасан шаардлага хангаснаар түүнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх үүсэх тул “Б” ХХК-ийн дахин гаргасан өргөдлөөр энэ талбайд тусгай зөвшөөрөл олгох нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Нэг тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болох тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “манай хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулж “ЭМ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгож тус заалтыг зөрчсөн” гэх тайлбар зүйд нийцэхгүй.

10.16. Захиргааны зүгээс “ЭМ” ХХК-ийн өргөдөлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байдлыг шинжилбэл:

10.16.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 159 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 293 дугаар магадлалыг биелүүлж, “ЭМ” ХХК-ийн дээрх өргөдлийн талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түүнчлэн түрүүлж ирсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх агуулга бүхий дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8/4765 дугаар албан бичгээр Говьсүмбэр аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Уг дүгнэлтэд хуулийн этгээдийн нэрийг “ЭМ” гэж алдаатай бичиж, кадастрын зураг зүйн бүртгэлийн системд бүртгэснээ Говьсүмбэр аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу залруулсан талаар тус газрын 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8/1274 дүгээр албан бичгээр дахин мэдэгдсэн байна. (хэргийн I хавтасны 145, 150-153 дахь талд)

10.16.2. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 8/4765 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1439, А/1440 дугаар албан бичгийг үйлдэж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус санал авахаар хүргүүлсэн.

10.16.3. Үүний хариуд “ЭМ” ХХК-д Шивээговь сумын нутагт орших “Дөрвөлж толгой” нэртэй газарт 187.42 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцээд, боломжгүй гэж шийдвэрлэснийг тус Хурлын даргын 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр уламжилсан.

10.16.4. Мөн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй санал өгөх”-өөр шийдвэрлэж, тус Хурлын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/243 дүгээр албан бичгээр аймгийн Засаг даргад хариу мэдэгджээ. 

10.16.5. Өөрөөр хэлбэл, “ЭМ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан дарааллын дагуу гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна.

10.17. Энэ тохиолдолд, төрийн захиргааны байгууллага цахимаар ирүүлсэн өргөдлийг хүлээж авснаас хойш ажлын 5 өдөрт дүгнэлт гаргаж мэдэгдэх, уг мэдэгдлийг аймгийн Засаг дарга хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авах, ийнхүү санал авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхэд хуулиар тогтоосон хугацааг баримтлаагүй боловч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны энэ зөрчил дангаараа маргаан бүхий 2022 оны А/192 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.

10.18. Учир нь “ЭМ” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс дүгнэлт гаргаагүй эс үйлдэхүйг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хууль бус гэж тогтоосон, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан зэргээс шалтгаалсан гэх хариуцагчийн итэгмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй ба энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 8/4765 дугаар албан бичигт “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 159 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 293 тоот магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 82 дугаар албан мэдэгдлийн дагуу ... дараах талбай /Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг, “ЭМ” ХХК-ийн .......... нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-.......... бүртгэлийн дугаартай 182.76 гектар/ нь ... тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна”, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 8/1274 дүгээр албан бичигт “... Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлийн системд “ЭМ” нэрээр бүртгэсэн аймгийн бүртгэлийг засав” гэх агуулга бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. (хэргийн I хавтасны 145, 150-153 дахь талд)

10.19. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Төрийн захиргааны байгууллага ... Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ”, 14.4-т “... Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн[1] саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд, аймгийн Засаг даргын “санал авах” зохицуулалт нь тухайн сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, олборлолт зэрэг үйл ажиллагаа явуулах эсэх талаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар дамжуулан тухайн орон нутгийн иргэдийн санал бодлыг харгалзах, үүний үндсэн дээр аймгийн Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргах агуулгатай байна.

10.20. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “нутгийн өөрийн удирдлага гэж иргэд шууд, эсхүл нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуульд заасан орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг /ойлгоно/”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх, бодит чадвартай байхыг ойлгоно”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 35.1.8-д “... эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах”, 35.1.17-д “хуульд заасан бусад бүрэн эрх /хэрэгжүүлнэ/” гэж тус тус зааснаас үзэхэд, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /хуучнаар/ болон Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн аливаа асуудлыг бие даан хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй, үүний дотор тус сумын нутаг дэвсгэр дэх “Дөрвөлж толгой” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх мөн багтана.

10.21. Иймд “аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн болон сумын Хурлын саналыг авна гэснээс түүнд үндэслэх шаардлагагүй, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг бие даан шийдвэрлэх нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн асуудал” гэх агуулга бүхий хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй.

10.22. Хуулийн энэ зохицуулалтыг агуулга зорилгоор нь тайлбарлавал, аймгийн Засаг дарга нь хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийг гаргахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг харгалзаж, түүнд үндэслэх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмаар тодорхойлогдох шаардлага тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан энэ хэсгийн 7.7-д заасан тайлбарыг агуулгын хувьд үндэслэл бүхий гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

10.23. Гагцхүү Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу “ЭМ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй байхад “Б” ХХК-иас дахин өргөдөл хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргын үйл ажиллагаа хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдсон нөхцөлд маргаан бүхий захиргааны акт, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зөрчигдөөгүй буюу аймгийн Засаг даргын 2022 оны А/157, А/192 дугаар захирамжийг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл бүрдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй болно:

10.23.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 106.3.4-д “... эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт, эс үйлдэхүй нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

10.23.2. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол хуулийн дагуу үүссэн байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.

            10.23.3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж, шүүхээр сэргээлгэх шаардлагатай хэмээн маргаж буй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх (тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эзэмшигчийн эрх хамаарна)-ийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон зарчим, нөхцөл шаардлагыг  зөрчиж олгосон болох нь энэ хэсгийн 10.1-10.18, 10.22-д заасан үндэслэлээр тогтоогдсон.

10.24. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4 дэх хэсэгт захиргааны актыг мэдэгдэх журмыг, энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр тухайн захиргааны акт хүчин төгөлдөр болохыг 46 дугаар зүйлийн 46.1-д тусгажээ. Ингэхдээ утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэх боломжийг хуульчилсан боловч ялангуяа эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгох тохиолдолд захиргаа өөрт нь албан ёсоор гардуулж, баримтжуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.

10.24.1. Учир нь тухайн захиргааны актын талаар дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гомдол гаргах хугацааг холбогдох захиргааны актыг хүлээн авсан, эсхүл мэдсэн үеэс эхлэн тоолох агуулгыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт тус тус хуульчилжээ.

10.24.2. “Б” ХХК нь ГСА00009 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах бэлтгэл ажил хангуулахаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулсан гэх Э.Е-н ................... цахим шуудангаар 2022 оны 4 дүгээр сард албан бичиг хүргүүлэх зэргээр Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай харилцаж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах асуудлаар компанийг төлөөлж Говьсүмбэр аймгийн Засаг даргатай харилцах асуудлаар Э.Е-т итгэмжлэл олгосон талаар аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж байгаагүй нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдоно.

10.24.3. Гэвч “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд зааснаар Гүйцэтгэх захирал Б.Ө тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байх тул “өмнөх шүүхийн маргаануудад Э.Е нь “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан, захирал Б.Ө-н хамт биечлэн ирж уулзаж байсан, түүний цахим шуудангаар албан бичиг ирүүлж байсан тул компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэж, аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамжийн талаар утсаар мэдэгдэж, цахим шуудангаар хүргүүлсэн тул албан ёсоор мэдэгдсэн гэж үзнэ” гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. (хэргийн I хавтасны 5-7, хэргийн II хавтасны 217, III хавтасны 25-26, 42-43, 49 дэх талд)

10.24.4. Нэхэмжлэгч “А/180 дугаар захирамжийг хүчингүй болгосон талаарх аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/931 дүгээр албан бичгийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан”, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр явуулсан захирамжийг би гардаж авсан”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Э.Е-тэй .......... дугаарын утсаар холбогдож мэдэгдсэнийг албан ёсоор мэдэгдсэн гэж үзнэ”, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “А/157 дугаар захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шууданд хийсэн өдрөөс мэдэгдсэн хугацааг тоолно” гэх тайлбаруудыг, RD163004973MN захиалгын дугаартай баталгаат шуудангаар хүргүүлсэн аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжийг “хүлээн авагч Б.Ө” гэж 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан тухай Говьсүмбэр аймгийн Шуудан үйлчилгээний газраас ирүүлсэн лавлагаатай харьцуулан үзвэл, маргаан бүхий 2022 оны А/157 дугаар захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдэд гардуулсан гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тухайн өдрөөс тооцох, тус хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч бүртгэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг мөн хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. (хэргийн II хавтасны 200-204 дэх талд)

10.25. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно:” гээд 28.1.5-д “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол;” гэж заасныг, энэ хэсгийн 10.8-д заасан үйл баримттай харьцуулан тайлбарлавал, аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157 дугаар захирамжид дурдсан үндэслэлийн хүрээнд, энэ тохиолдолд заавал сонсох ажиллагаа явуулахыг шаардахгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзсэн учраас сонсох ажиллагаа явуулсан” гэх тайлбарыг буруутгахгүй.

10.26. Нөгөөтэйгүүр аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1437, 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/456 дугаар албан бичиг болон “Б” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21/010, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 22/0401 дүгээр албан бичгийн агуулгыг тус тус үзэхэд, захиргааны зүгээс дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлж, “ЭМ” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр түрүүлж гаргасан өргөдлийг шийдвэрлэх хүрээнд, аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл, шаардлагын талаар “Б” ХХК-д биечлэн уулзах, бичгээр тайлбар гаргах зэргээр саналаа илэрхийлэх боломж олгож, хариуд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс тодорхой байдлаар санал шаардлага хүргүүлж, Гүйцэтгэх захиралтай биечлэн уулзаж байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон маргааны үйл баримтын хүрээнд хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул энэ хэсгийн 7.3-д заасан “сонсох ажиллагаа огт явуулаагүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. (хэргийн I хавтасны 69-74, III хавтасны 51 дэх талд)

11. “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

11.1. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11.2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг ... Засаг даргад гаргаж, түүнд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:”, 16.2-т “... Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тусгана” гэх зэргээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах нөхцөл шаардлага, хүсэлт гаргах үндэслэл журам, бүрдүүлэх баримт бичгийг нарийвчлан зохицуулсан байна. 

11.3. Харин хэрэгт бичгийн нотлох баримтаар цуглуулсан “Б” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 10, 17-ны өдрийн 0113, 22/018 дугаар албан бичгүүд, түүнд хавсаргасан тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт, ...........тусгай зөвшөөрлийн дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлөвлөгөө /2022 он/, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл /маягт Т-4/, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын байгаль орчин хамгаалах төлөвлөгөө, Шивээговь сумын Засаг даргын орлогчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2/259 дүгээр албан бичиг зэргээс  үзэхэд нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа, хүсэлт хавсаргасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулаагүй, тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайланг хавсаргаагүй зэргээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 16.1.4-д заасан баримтыг зохих ёсоор бүрдүүлээгүй байх тул хуулийн 16.2-т заасан шаардлагыг хангаагүй дүгнэх үндэслэлтэй. (хэргийн I хавтасны 91-112, III хавтасны 23 дахь талд)

11.4. Өөрөөр хэлбэл, “Б” ХХК-ийн гаргасан хугацаа сунгуулах хүсэлт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон холбогдох шаардлагад нийцээгүй, энэ хэсгийн 10.1-10.26 болон 12-14-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нэгэнт дуусгавар болох эрх зүйн үр дагаврыг үзүүлэх тул хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсэхгүй тул энэ хэсгийн 7.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлага хангагдах боломжгүй юм.

11.5. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “... тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж тус тус заасан.

11.6. Дээрх хуулийн зохицуулалтыг хамтатган тайлбарлавал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар тухайлан зохицуулаагүй тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцаанд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэхээр; харин тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгосон тохиолдолд харгалзах хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох агуулгатай байна.

11.7. Нэхэмжлэлийн өргөдөлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн дийлэнх хугацаанд шүүхийн маргаантай байсан ба 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс үргэлжлүүлэн тооцоход хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болохоор байна” гэж дурдсан (хэргийн I хавтасны 54, III хавтасны 45 дахь талд) нь үүнийг илэрхийлэх ба энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжүүлэн тооцохоор хуульчилсан гэж тайлбарлаж хэрэглэх тул хугацаа сунгуулах хүсэлт гаргахыг шаардахгүй болохыг тэмдэглэв.

Нэгтгэн дүгнэхэд,

12. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, “Дөрвөлж толгой” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хоёр хуулийн этгээд давхцуулж өргөдөл гаргасан тухайн тохиолдолд, түрүүлж гаргасан “ЭМ” ХХК-ийн өргөдөлд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй, дараа нь гаргасан “Б” ХХК-ийн өргөдлийг дахин хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, улмаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журам, дарааллын дагуу явуулсан өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “ЭМ” ХХК шаардлага хангасан энэ тохиолдолд аймгийн Засаг даргын 2022 оны А/157 дугаар захирамжаар 2019 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2022 оны А/192 дугаар захирамжаар “ЭМ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх, захиргааны акт уг зорилгодоо нийцэх, түрүүлж гаргасан өргөдөлд тусгай зөвшөөрөл олгох зэрэг энэ маргаанд хамаарах холбогдох хуульд тодорхойлсон эрх зүйн зарчимд бүрэн нийцжээ.

13. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аймгийн Засаг даргын 2019 оны А/180 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж, хууль бус гэх үндэслэлээр хүчингүй болгосон учир тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хамаарар ямарваа эрх байхгүй, зөрчигдсөн эрх тодорхойлогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль дээдлэх хийгээд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

14. Ингэхдээ иргэдийн төлөөлөгчийн гаргасан “анхнаасаа олгогдох ёсгүй, хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. “Б” ХХК-ийн талд шийдвэрлэж захирамж нь гаргасан Засаг даргын буруу гэж харж байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзсэн учраас шийдвэр гаргахдаа харгалзсан болгосныг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/157, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/192 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргахыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             З.ГАНЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧ                                           Б.СУГИРЖАВ

 

                                                    ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭТУЯА

                                                   

 

                                         

 

[1] 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “Тэргүүлэгчдийн” гэснийг хассан ба маргаан бүхий А/192 дугаар захирамжаар “ЭМ” ХХК-ийн түрүүлж гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх үед дээрх зохицуулалт үйлчилж байсан.