Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2024/00073

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 148/ШШ2024/00073

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, 5 дугаар байрны 27 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар багт байрлах, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдох

Сэлэнгэ аймгийн ШҮГ-ын даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тус тус гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* /цахимаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдуулан Сэлэнгэ аймгийн ШҮГ-ын даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2054 тоот захирамжаар хөдөлмөрийн маргааныг таслах комиссд хандана уу гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Ингээд Монгол шуудан ХК, Сэлэнгэ аймгийн АЗДТГ-ийн хөдөлмөрийн маргаан таслах комиссд өргөдлөө өгч хандсан боловч одоогоор болон, шинэчлэн байгуулагдаагүй тул асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариунуудыг өгсөн болно.

Иймд миний бие Ц.******* даргын ямар ч үндэслэлгүй ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.    Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын 2023 оны 08 дугаар 14-ний өдрийн ******* тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаалыг хүчингүй болгуулах,

2.    Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

3.    Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэжээ.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Хариуцагч Ц.******* миний бие тус шүүхэд нэхэмжлэгч Д.*******гээс гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхээс удаа дараа татгалзсан, шуудан болон тайлан мэдээ хоцроосон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шуудан хүлээн авахаас татгалзсан. Иргэдэд чирэгдэл учруулсан, бусдыг гүтгэж айлган сүрдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан нь байгууллагын соёл болон бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн учир түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

Нэхэмжлэгч Д.*******гийн өмнө гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулсан байсан бөгөөд сахилгын шийтгэл хүчинтэй хугацаанд хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан зөрчлийг дахин үйлдсэн тул төв компанитай зөвшилцсөний эцэст дээрх шийдвэрийг гаргасан болно.

Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ******* дүгээр тушаал нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаартай тушаалын хуулбар, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/820 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2054 дугаартай захирамж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, ЦЕГ-ын иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 44/1-4058 дугаар албан бичгийн хуулбар, Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 05/48 дугаар зөвлөмж, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 200 болон 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаар тогтоол, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 363 дугаар захирамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/124 дүгээр албан бичиг, эмнэлгийн магадлагаа, Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандсан хүсэлт, түргэн тусламжийн эмчийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/326 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шаардлагын хуудас, Д.*******гийн ажлын төлөвлөгөө, тайлангууд, зүрх судасны төвийн эмнэлэгт хэвтсэн тухай баримтууд, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Д.*******гийн гаргасан хүсэлт, мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай мэдэгдэл, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 46/1-04 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/29 дугаартай тушаал, шүүхэд гаргасан тайлбар, Д.*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б21 болон 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/37 дугаартай тушаалуудын хуулбарууд, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын хурлын тэмдэглэлүүд, Монгол шуудан хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/200 дугаартай тушаалын хуулбар, Монгол шуудан ХК-ийн дотоод аудитын хэлтэсийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №22/8 дугаартай Монгол шуудан ХК-ийн Сэлэнгэ аймгийн ШҮГ-т хийсэн гэнэтийн шалгалтын дүнгийн тухай, илтгэх хуудаснууд, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 11 болон 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/12 дугаартай тушаалын хуулбарууд, Сэлэнгэ аймаг шуудан үйлчилгээний газрын 2022 оны сүүлийн хагас жилийн төлөвлөгөө, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын ажилчдын 2023 оны 3 сарын цалингийн жагсаалт, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газарт гаргасан О., Н., О.*******, А., П. нарын гомдол, хүсэлтүүд, Д.*******гийн хүсэлтүүд, Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 дугаартай хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01/727 дугаартай албан бичиг, шалгалтын тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 80 дугаартай албан бичиг, хавсралт, 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, компанийн нууцыг задруулахгүй байх баталгаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/2766 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2022 оны орон тооны төлөвлөгөө, Монгол шуудан ХК-ийн дотоод аудитын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №22/8 дугаартай гэнэтийн шалгалтын дүнгийн тухай дүгнэлт, шуудан гардуулалтын баримтууд, ажлын байрны тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын ажилчдын 2022 оны ээлжийн амралтын хуваарь, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/327 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 71, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 72, 73, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 76 дугаартай албан бичгүүд, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газарт ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 02, 03-р саруудын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Д.*******гийн хүсэлт, Ц.*******гийн өргөдөл, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2022 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын цагийн бүртгэл болон үүрэг даалгаврын дэвтэрүүд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай тэмдэглэл, гэрч М., Д., Н., Ш.ийн нарын мэдүүлэг, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 46/1-290 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаартай албан бичиг зэргийг бүрдүүлсэн.

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн ШҮГ-ын даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.******* нь нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхээс удаа дараа татгалзсан, шуудан болон тайлан мэдээ хоцроосон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шуудан хүлээн авахаас татгалзсан. Иргэдэд чирэгдэл учруулсан, бусдыг гүтгэж айлган сүрдүүлсэн зэрэг зөрчлийг гаргасан нь байгууллагын соёл болон бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн учир түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

4. Нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газартай 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр №07 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, үйлчилгээний ажилтан албан тушаал дээр ажиллаж байсан байна.

5. Улмаар ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, Сэлэнгэ аймгийн ШҮГ-ын даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарч, нэхэмжлэгч нь уг тушаалыг гардан авч, эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж тус тус заажээ.

7. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр байгууллагынхаа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй байгууллагад үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгүүлэх талаар хуульд зохицуулсан боловч тухайн байгууллагад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй, Сүхбаатар суманд сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Монгол шуудан ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/820 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

8. Иймд нэхэмжлэгч Д.*******гийн гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан албан тушаал дээр, 1 жилийн хугацаатай, хөдөлмөрийн гэрээг Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга Ц.*******тай байгуулснаар тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсчээ. /1-р хх-ийн 176-178 дугаар тал/

10. Гэвч Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга Ц.******* нь 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Байгууллагын дотоод журмын 8.3.1, 8.3.6, 8.3.8, 8.3.12, 8.3.15, 9.1.1, 11.2.1, 12.6.2, 12.6.5, 12.6.8, 12.6.12, 12.6.14, Хөдөлмөрийн гэрээний 7.11, 7.12, 7.14, 7.15, 7.23, 11.2.4, 11.3.10, 11.3.11 дэх заалтуудыг тус тус үндэслэн үйлчилгээний ажилтан Д.*******г хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхээс удаа дараа татгалзаж, шуудан болон тайлан мэдээ хоцроосон, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шуудан хүлээн авахаас татгалзсан, иргэдэд чирэгдэл учруулсан зэрэг нь байгууллагын дотоод үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах, байгууллагын соёл болон бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн эрхлэлтийг харилцааг цуцалжээ. /1-р хх-ийн 3 дугаар тал/

11. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нь ажилтны хүсэлт зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогчийн дээрх тушаалд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцална.

13. Тус хуулийн зохицуулалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн 2 тусдаа үндэслэлүүд байх бөгөөд аль нэг нь хангагдсанаар энэхүү хуулийн зохицуулалт хэрэгжих боломжтой байна.

13.1. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх тухайд:

13.1.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар сануулах, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар сануулах тус тус сахилгын шийтгэл хүлээж байсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрсөн байх тул сахилгын шийтгэлтэйд тооцогдохгүй. /1-р хх-ийн 21, 181 дүгээр тал/

13.1.2. Мөн Монгол шуудан ХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/200 дугаартай тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах, Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаатай 20 хувиар бууруулах тус тус сахилгын шийтгэл хүлээлгэсэн байх боловч уг тушаалуудын үндэслэл нь 1 зөрчилд 2 удаа сахилгын арга хэмжэ авагдсан байна. /1-р хх-ийн 21, 25, 26 дугаар тал/

13.1.3. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй гэснийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Д.*******г сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

13.2. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх тухайд:

13.2.1. Ажилтан /нэхэмжлэгч Д.*******/, ажил олгогч /Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газар/-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр №07 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний 11 дүгээр зүйлийн 11.3-т дараахь зөрчлүүдийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэж үзнэ гэж, Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/07 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалаар хөдөлмөрийн дотоод журмаа шинэчлэн баталжээ. Тус дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.6-д Хөдөлмөрийн сахилгын дор дурдсан зөрчлийг ноцтой зөрчил-д тооцон тус зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийтгэл ногдуулна гэж тус тус заажээ. /1-р хх-ийн 157-168, 176-178 дугаар тал/

13.2.2. Сэлэнгэ аймгийн шуудан үйлчилгээний газрын даргын 2023 оны 08 дугаар 14-ний өдрийн ******* тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд хөдөлмөрийн гэрээний 11.3.10-т өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, дарамт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан, бэлгийн дарамт учруулсан, 13.3.11-т Ажлын байранд бусдыг доромжлох, хашгирах, зодолдох, маргалдах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр сүрдүүлж танхайрах зэргээр бусдыг илтэд үл хүндэтгэсэн зан авир гаргасан, гаргахыг завдсан, гэсэн ноцтой зөрчлүүдийг, мөн байгууллагын дотоод журмын 12.6.2-д Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ удаа дараалан гүйцэтгээгүй, гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан тавьсан удирдлагын шаардлагыг хэрэгжүүлээгүй, 12.6.5-д Компанийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, үйл ажиллагааг ажил үүргийн хүрээнд хариуцсан болон албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан, хувийн зорилгоор ашигласан, мөн удирдлагын зөвшөөрөлгүйгээр байгууллагын нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааны талаархи мэдээллийг олж авсан, бусдад танилцуулсан, задруулсан, хувийн зорилгоор ашигласан, 12.6.8-д Ажлын байранд бусдыг хэл амаар доромжлох, хэрүүл шуугиан үүсгэх, удирдлага, ажилтнуудад зүй бус дарамт үзүүлэх, бусдыг гүтгэх, аливаа хэлбэрээр айлган сүрдүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөөнд халдах зүй бус үйлдэл гаргасан, 12.6.12-д Ажилтан компанийн харилцагч байгууллага, иргэнтэй зүй бус, бүдүүлэг харьцсан, компанийн нэр төрд хохирол учруулахуйц аливаа үйлдэл гаргасан, 12.6.14-д Компанид ажиллах нийт хугацаандаа гурван /3/ удаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээсэн, мөн хоёр /2/ улирал дараалан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасны дараа дахин хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж тус тус заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэжээ.

14. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хандаа эгчид бензиний асуудал байгууллагатай холбоотой бензиний асуудлаас болж дайрч доромжилж, хаалга үүд хүчтэй хааж, ажилчдын өмнө ёс зүйгүй байдал гаргаж, сахилгын 2 удаагийн шийтгэл хүлээлгэж хөдөлмөрийн хууль, дотоод журмыг сахиж, ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн харилцааны болон үйлчилгээний соёл, ёс зүйн дүрмийг биелүүлж ажиллах, байгууллага дээр хэт чанга ярих, хэт чанга дуугарч ярих, дуу чимээ гаргах, хэт чанга ярихгүй байхыг анхааруулж байна гэх 8 сарын 9-ний өдрийн ажилчдын хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 24 дүгээр тал/,

15. Д.******* нь дарга, удирдлага, ажилчидтайгаа хэрэлдэх, маргалдах, удирдлагын үүрэг даалгаврыг эсэргүүцэх, хурлыг хурал бус болгох, авир гаргаж эхэлсэн. Мөн түүнчлэн энэ байдал нь хэрээс хэтэрч бууны нохой, хов зөөдөг энэ тэр гэж доромжилсон үйлдэлд нь гомдолтой байна гэх О.ы гомдол / 1-р хх-ийн 52 дугаар тал/ ,

16. үйлчилгээний ажилтан Д.*******г солилцооны мэдээгээ гаргаж өг гэхэд би тийм мэдээ гаргадаггүй гээд гаргаж өгөхгүй байна. Иймд үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийнх нь дагуу солилцооны мэдээг *******гээр гаргуулахыг хүсэж байна гэх П.ийн хүсэлт /1-р хх-ийн 62 дугаар тал /,

17. ирээд шуудангаа авах гэтэл үйлчилгээний ажилтан ******* надад шуудан хүлээлгэж өгч буй ажилтаны хажуунаас надад таньтай адил шуудан ирсэн ном юу юу байна гэсэн. Энэ хувь хүнд ирсэн шуудангийн нууцлал байхгүй дугтуйн дотор юу байгааг мэддэг санагдаж хардаж байна. 2023.5.4 өдөр Монгол шуудангаар үйлчлүүлэхэд намайг чагнаж тагнаж зураг хөрөг авч бичлэг хийсэнтэй холбоотой цагдаагийн болон компанийн удирдлагад гомдол гаргаж шалгуулж байх хугацаанд дахин ийм үйлдэл гаргаж байгаад гомдолтой байна. *******, нарт маш гомдолтой байна. гэх О.*******гийн гомдол /1-р хх-ийн 182 дугаар тал/ ,

18. үйлчилгээний ажилтан Д.******* нь бусдын захидал харилцааны нууцад халдсан байж болзошгүй үйлдлийг шалгаж тухайн өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд үйлчилгээний ажилтан Д.******* нь үйлчлүүлэгчийн захидал харилцааны эд зүйлийг хүлээлгэн өгөх үедээ задалж үзсэн мэт яриа өгүүлэл гаргаж бусдыг эргэлзээтэй байдалд оруулж улмаар иргэд цагдаагийн байгууллагад хандах асуудал удаа дараа гарч байна гэх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай мэдэгдэл /1-р хх-ийн 241 дүгээр тал/,

19. Сэлэнгэ аймгийн ШҮГ-ын ажилчдын дотоод уур амьсгал таарамжгүй, газрын дарга Ц.*******, үйлчилгээний ажилтан Д.******* нар нь байгууллагын Ёс зүйн дүрмийн 2.2.8-д заасан Ажилтан нь ажлын байран дээрээ үйлчлүүлэгч болоод бусад ажилтнуудтай харилцааны өндөр соёлыг чухалчилж харьцах, Харилцааны соёлыг эрхэмлэх зарчмыг баримтлаагүй, Ажлын байран дээр хэрэлдэх, орилох, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, Ёс зүйн дүрмийн 3.1.15-д заасан ажилтнууд өөр хоорондоо болон байгууллагаа төлөөлөн бусадтай харилцахдаа эелдэг, боловсон байдлаар туслах эрмэлзэлтэйгээр харилцах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөлгүй ажиллаж байна гэх Монгол шуудан ХК-ийн дотоод аудитын хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №22/8 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 209-213 дүгээр тал/, Н.ын өргөдөл /1-р хх-ийн 55 дугаар тал/

20. Ажлын байрны тодорхойлолтын Б.Ажлын байрны гол үйл ажиллагаа, ажлын байрны хоёрдугаар зорилтын хүрээнд: гэсний 7-д шуудангийн үйлчилгээний орлого, зардал, солилцоо зэрэг тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах, тооллого хийлгэх, тооцоо бодуулан акт бичүүлж гарын үсэг зуруулж авах /2-р хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар үйлчилгээний ажилтан Д.******* нь хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

21. Нэхэмжлэгч Д.******* нь би солилцооны тайлан гаргадаг, өөр мэдээ гаргах ёсгүй гэх тайлбар нь шуудангийн үйлчилгээний орлого, зардал, солилцоо зэрэг тайлан мэдээг цаг хугацаанд нь үнэн зөв гаргах үүрэгтэй гэх ажлын байрны тодорхойлолтоор үгүйсгэгдсэн. Мөн миний амьд явах, эрүүл мэндээ хамгаалах эрхэнд шууд бусаар буюу ноцтойгоор, санаатайгаар халдаж, ажлын байрны дарамтаас болж миний бие маш их өвдөх болсон, ажлын байрны дарамт гэх зүйлсээ тайлбарлаж, гэрч нар асуулгаж, бичмэл баримтууд хэрэгт хавсаргасан нь түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байсныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

22. Мөн Сэлэнгэ аймгийн ШҮГ-ын даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9, байгууллагын дотоод журмын 8.3.1, 8.3.6, 8.3.8, 8.3.12, 8.3.15, 9.1.1, 11.2.1, хөдөлмөрийн гэрээний 7.11, 7.12, 7.14, 7.15, 7.23 дахь хэсгүүдэд заасан ажилтны эрх, үүрэг, ажлын байран дахь ёс зүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцлах зохицуулалтуудыг үндэслэл болгосон нь хуульд нийцсэн болохыг дурьдав.

23. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчийн тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

24. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бусад бичмэл нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймгийн ШҮГ-ын даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА