Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

 

    2026          01           12                                                    2026/ШЦТ/39

 

 

                           

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жавхлан,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Очбадар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Д. Регистрийн дугаар: ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Төв аймаг Баян сум Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах чиглэлд тоёотай Тоёота приүс 41 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3.Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Зам тавьж өгөх гэдэгт мөн дүрмийн 1.2.16. "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөл өхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх" гэсэн дүрмийг зөрчиж эсрэг урсгал руу эргэсний улмаас жолооч Ч.Эрдэнэтогтохын жолоодож явсан тоёота приус-40 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Тоёота приүс 41 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Д нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ... дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Б.Д нь Төв аймаг Баян сум Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах чиглэлд тоёотай Тоёота приүс 41 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3.Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Зам тавьж өгөх гэдэгт мөн дүрмийн 1.2.16. "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөл өхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх" гэсэн дүрмийг зөрчиж эсрэг урсгал руу эргэсний улмаас жолооч Ч.Эрдэнэтогтохын жолоодож явсан тоёота приус-40 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Тоёота приүс 41 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь дараах:

Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар, Төв аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0725/572 дугаартай “Н.Эын биед зүүн чамархай яс хөхлөг сэртэн хүрсэн шугаман хугарал, баруун чамархайн тархины эдийн няцралт, баруун чамархайн тархины эдэд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Ино марк Мастер дүгнэлт /хх-ийн 40-48 дугаар хуудас/,

Хохирогч Н.Эын өгсөн: “Би Улаанбаатар хотоос унаанд суугаад явсан. Уг замдаа Багахангай суман дээд буух байсан, тэгсэн тосож авах хүн маань болоогүй байна Болор 2 цайны газрын тэнд уулзья гэж хэлээд тэгээд нөгөө суусан машинтайгаа цааш явж байтал Болор цайны газар хажууханд бид нарын урд нэг ачааны том машин явж байсан. Тэгээл жолооч Болор луу зүүн эргэсэн, тэгсэн эсрэг урсгалын машин ирж мөргөсөн. Би тэгээд бууж чадахгүй толгой өвдөөл суугаал байсан. Тэгсэн жолооч маань хүмүүсийг буулгаж байсан. Миний хаалга онгойхгүй байсан. Тэгээд цагдаа нар эмнэлэг нтр ирж бид нарын биеийн байдал даралтыг үзэж өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд манай найз залуу надыг ирж авсан ослын газраас намайг жолооч маань гэмтэлд үзүүлэрэй гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ амжаагүй 2 хоногийн дараа гэмтэлд үзүүлсэн. Тэгээд 3 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Миний сууж явсан машин буруу рультэй тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд жолоочийн ард талын суудалд сууж явсан. Би сэтгэцэд учирсан хохиролоо үзээлэхгүй ээ. Гомдолтой байна. Одоо цаашид үзүүлж эмнэлэгээр явах төлбөрөө л нэхэмжилмээр байна. Өөр надад гомдол санал байхгүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Гэрч Ч.У өгсөн: “Улаанбаатараас Бор-Өндөр орохоор эхнэртэйгээ Доржсүрэнгийн машинд суугаад явж байсан. Тэгээд Төв аймгийн Баян сум өнгөрөөд Болор цайны газар луу эргэх гэж байхад осол болсон. Тэгээд манай эхнэр ард суугаад унтаж явж байсан тэгээл бүсээ тайлаад эхнэрээ л эхлээд буулгаж авсан. Тэгээд эхлээд цагдаа ирээд эмнэлэг ирсэн. Би жолоочийн эсрэг талд урд талын суудалд сууж явсан. Тухайн үед сандраад дуудлага хэн өгснийг мэдэхгүй байна.  Тухайн үед хавирга жаахан хөндүүрлээд байсан. Тэгээд эмнэлгийн машинд суугаад Гэмтэл орсон. Арын суудалд сууж байсан эмэгтэй бид нартай яваагүй. Тэгээд эхнэр бид 2 гэмтэлд үзүүлж харуулсан араас жолооч нь ирээд бид 2-н эмнэлэгээр үзүүлж харуулсан зардал зэргийг жолооч гаргаж байсан. Эхнэртэй нь хамт нэг газар ажилладаг байсан. Нэгнийхээрээ орж гардаг тийм л хүмүүс. Харанхуй болсон байсан. 70 км цаг хүрэхгүйтээ явж байсан байхаа. Их л аятайхан явж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/

Гэрч Ч.Э өгсөн: “Би өөрийнхөө ...улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй Говьсүмбэрээс Улаанбаатар чиглэлд 4 хүн авч явж байсан. Тэгсэн чинь Болор цайны газрын хажууд Том тэрэг өөдөөс ирж байсан тэгээл зөрөөл өнгөрсөн чинь араас нь машин зүүн дарж ороод ирсэн тэгээл мөргөлдсөж осол болсон. Тэгээд би цагдаа эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Цагдаа ирээд хэмжилт нтр хийгээд эмнэлэг ирж ямар ч байсан хүмүүсийг үзэж байсан. Би нэг 60 км цагийн орчим хурдтай л явж байсан байх. Нэгийг л танина манай танил дүү байгаа юм, нөгөө 3 нь Говьсүмбэр аймгийн төв дээрээс суусан. Миний өөрийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Аюулгүйн бүс зүүсэн байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Миний тээврийн хэрэгслийн хохиролыг ирж мөргөсөн Доржсүрэн гэх хүн бүрэн барагдуулж намайг хохиролгүй болгосон.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Гэрч Л.О өгсөн: “Тухайн осол болох үед би унтаж байсан. Тэгээд юм тачигнаж дугархаар сэрсэн чинь осол гарсан байсан. Тэгээд манай нөхөр хаалга онгойлгоод би ямар ч байсан буусан тухайн шоконд орсон байсан. Би арын суудалд зорчиж явсан..., надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч Б.Д эмнэлэгээр үзүүлсэн тооцоог бүгдийн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/

Гэрч Д.С өгсөн: “Төв аймгийн Баян сумын нутаг нэг цайны газрын урд талд осол болсон. Гэнэт л өөдөөс машин очоод ирсэн. Тухайн үед шоконд орсон балмагдсан байсан. Тээврийн хэрэгслийн урд талд жолоочийн хажууд сууж явсан. Бүсээ зүүсэн байсан. Хэдэн км/ц-ийн хурдтай явж байсныг анзаараагүй. Эхлээд тавуулаа явж байсан. 1 хүн нь Говьсүмбэрийн Баян тал дээр буусан осол болоход 4-үүлээ явж байсан жолоочтойгоо. Тухайн үед биеийн байдлууд ямар байсныг сайн анзаараагүй. Замын нөхцөл байдал зүгээр байсан. Харанхуй л болсон байсан. Гэнэт л машины гэрэл гараад ирсэн. Миний биед одоо ямар нэг зовиур байхгүй. Тухайн үед нөгөө машины жолооч биднийг эмнэлэгээр авч явж үзүүлж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

Сэжигтэн Б.Дгийн өгсөн: “Би Улаанбаатараас Бор өндөр сум руу 3 хүнтэй явж байсан. Хотоос нэг 19 цагийн орчимд гараад явсан. Төв аймгийн Баян сумын нутаг “Болор” цайны газрын тэнд хүн буухаар болоод тэгээд замаас салахдаа чигээрээ яваа тээврийн хэрэгсэл харалгүй зам тээврийн осол гаргасан. Миний урд талд нэг том тэрэг явж байсан. Харанхуй байсан 22 цагийн орчим. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм..., би хохирлыг бүрэн барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

2025 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 2025/38 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хэрэг бүртгэлтийн 253400718 дугаартай хэргийн материалтай танилцаад Toyota prius-41 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Зам тавьж өгөх гэдэгт мөн дүрмийн 1.2.16. "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг, гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Хэрэг бүртгэлтийн 253400718 дугаартай хэргийн материалтай танилцаад Toyota prius-40 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  Эрдэнэтогтох нь Монгол Улсын Замын хеделгеений дүрмийн заалт зөрчөөгүй байна. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтэд тоормосны мөр байхгүй тэмдэглэгдээгүй тул хурдыг бодох боломжгүй байна.  Гэм бурууг шүүх шийднэ. Шинжээч би хариулах боломжгүй асуулт байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Toyota prius-41 маркийн 38- 01 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. Зам тавьж өгөх гэдэгт мөн дүрмийн 1.2.16. "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг, гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол хэрэг гарах болсон гол шалтгаан болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд замын нөхцөл байдал нөлөөлсен гэх үйл баримт байхгүй байна.  Хэргийн материалтай танилцахад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.” гэх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн: “Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 дугаар тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагч Б.Лувсанцэрэнгээс: “Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу явах чиглэлд toyota prius41 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Н.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэрэгт цугларсан зам тээврийн ослын газарт гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Н.Эын мэдүүлэг, шинжээч н.Ганболорын 572 дугаартай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, зам тээврийн ослын 38 дугаартай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,524,875 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн дахин мэдүүлгээр хохирогчийн сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй гэж мэдүүлэгтээ мэдүүлсэн байж байгаа. Мөн эмчилгээний зардалтай холбоотой хохирлын баримт гаргаж өгөөгүй байж байгаа. Тэгэхээр энэ удаагийн хурлаар шүүгдэгч Б.Дгээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна. Гэхдээ хохирогч Н.Эын цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О: “Шүүгдэгч Б.Д нь гэм буруугийн хувьд маргаагүй байгаа. Улсын яллагчаас гэм бурууд тооцож байгаа дүгнэлттэй санал нэг байна. Б.Дгийн хувьд хариуцлага оногдуулахдаа хувийн байдал, хохирол төлсөн байдал, биеийн байдалд улсын яллагчаас болон шүүх бүрэлдэхүүнээс дүгнэлт хийхэд ач холбогдолтой гэж үзсэн санал дүгнэлтийг хэлье. Б.Дгийн хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Хэрэгт холбогдож байгаагүй ийм нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан миний дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодож үүгээрээ өөрийн амьжиргаагаа залгуулж амьдардаг. Тэрээр мэргэшсэн жолооч том оврын тээврийн хэрэгсэл барьж тухайн олсон ашиг орлогоороо гэр бүлээ тэжээдэг. Үр хүүхдүүдийнхээ сурч боловсрохыг нь хангаж явдаг...” гэх дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас Ч.Эрдэнэтогтохын жолоодож явсан тоёота приус-40 маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж улмаар Тоёота приүс 41 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан  байна.

Шүүгдэгч Б.Дгийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр  илэрдэг болно.

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Лувсанцэрэнгээс: “Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 1,524,875 төгрөгийг төлсөн байна. Хохирогчийн дахин мэдүүлгээр хохирогчийн сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй гэж мэдүүлэгтээ мэдүүлсэн байж байгаа. Мөн эмчилгээний зардалтай холбоотой хохирлын баримт гаргаж өгөөгүй байж байгаа. Тэгэхээр энэ удаагийн хурлаар шүүгдэгч Б.Дгээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна. Гэхдээ хохирогч Н.Эын цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Зорчих эрхийн хүрээ хязгаар нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоног байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан ямар нэгэн зардал байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О: “....Б.Д нь тээврийн хэрэгсэл жолоодож үүгээрээ өөрийн амьжиргаагаа залгуулж амьдардаг. Тэрээр мэргэшсэн жолооч том оврын тээврийн хэрэгсэл барьж тухайн олсон ашиг орлогоороо гэр бүлээ тэжээдэг. Үр хүүхдүүдийнхээ сурч боловсрохыг нь хангаж явдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг үл харгалзан үзэж ял шийтгэлийн талаар санал гаргаж байгаа улсын яллагчийн саналаас миний хувьд байр суурийн зөрүүтэй байна. Яагаад гэхээр 4 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тохиолдолд энэ хүн үндсэндээ дараа дараагийн ашиг орлого олох, гэр бүлээ тэжээх, дээрээс нь хохирогч Н.Эд учирсан сэтгэл санааны хохирол нь цаашид эмчилгээнд гарах зардлыг ямар байдлаар яаж төлөх вэ гэдэг нөхцөл байдал үүснэ. Үүнтэй уялдуулаад 2 жил зорчих эрхийг хязгаарлах ял гэхээр Б.Д тээврийн хэрэгсэл жолоодох бололцоогүй нөхцөл байдалд орж байгаа. Мөн бусад байдлаар хөдөлмөр эрхэлж 2 жил зорчих эрх хязгаарлахаар Б.Дгийн хувьд хүндрэл үүснэ. Хэрвээ тухайн орон нутгаас гарсан тохиолдолд Б.Дд дахиад зөрчил үүсэх эрсдэл байгаа тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах хууль зүйн үндэслэл нөхцөл байдал үүсэх байх. Тэгэхээр зам тээврийн осолд болгоомжгүй холбогдсон ийм нөхцөл байдал дээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь миний үйлчлүүлэгчийн хувьд эрх зүйн байдал нь хүнд тусахаар байна. 2. Ар гэр ахуйн амьдралаа тэжээн тэтгэж явах нөхцөл байдал, 3. Хохирогч Н.Эд цаашид гарах эмчилгээний зардлыг ямар байдлаар яаж нөхөн төлөх зэрэг. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар дээрх шаардлагыг хангаж байгаа учраас Б.Дг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Дгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Б.Дгийн ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж бусдын эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар хохирол болон эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Б.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуул мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." зааснаар шүүгдэгч Б.Дгээс 1.524.875 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

Хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээр тогтоож,  хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Дгээс 1.524.875 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь MN090090100900020080 дугаартай дансанд оруулсугай.

 

7.Шүүгдэгч Б.Дд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харъяа газрын Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газарт даалгасугай.           

 

8.Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН