| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2023/00671/И |
| Дугаар | 104/ШШ2024/00058 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 104/ШШ2024/00058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар *******, *******,*******т байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, 1 дүгээр *******, , тоот хаягт оршин суух, овогт гийн , овогт ын нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,393,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н. /цахимаар/,
Хариуцагч М.,
Хариуцагч Ш. /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш. болон М. нар нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 109090120040 дугаартай бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээгээр сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэхээр талууд тохиролцож тус бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг зээлдэгч нарт Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага нь шилжүүлсэн байна. Зээл эргэн төлөх хуваарийг Зээлийн гэрээний хавсралт №1-ээр тохиролцож тогтоосон бөгөөд тус хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх гэрээнд заасан үндсэн үүргээ зээлдэгч гийн болон ийн нар нь зохих ёсоор биелүүлэлгүй, хугацаа хэтрүүлсэн байна. Тус бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний хоёр дахь хэсгийн 2.2.1-т заасны дагуу зээлдэгч нь зээл.хүүгийн төлбөрийг баталсан хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан байна. Зээлдэгч нар нь 2019 оны 10,11,12 дугаар сарууд, 2020 оны 1,2 дугаар сарууд, 2021 оны 12 дугаар саруудад үндсэн зээлийн төлөлтөд нийт 7,109,752 төгрөгийн эргэн төлсөн байна. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас үндсэн зээл 4,890,248 төгрөг, хүү 3,752,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 750,535 төгрөг буюу нийт 9,393,460 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд, хариуцагч Ш. болон М. нараас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 109090120040 дугаартай бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,393,460 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Ш. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: ... Би анх ******* ХХК-тай гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Түүхий нүүрс зарах боломжгүй болсон нөхцөл байдлын улмаас миний ажил зогсонги байдалд орж, би зээлийн төлбөрөө хийж чадахгүй боллоо, машинаа аваарай гэж ******* ХХК-д хэлж байхад авахгүй байсаар байгаад Монгол улс даяараа цар тахалтай хүнд нөхцөл байдал үүссэн. Ингээд ******* ХХК автомашиныг хураан авч зээлийг хаасан гэж би ойлгосон. Одоо зээлийн хүү тооцоод нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ******* ХХК-г машинаа ирж ав гэж олон удаа хэлсэн. Өөрсдөө аваагүй байж, хүү тооцоод хүү нь 4,000,000 гаран төгрөг болчихоод байна. Зээлийн төлөлтөө хийж чадахгүй нөхцөл байдалд хүрэх дээ машинаа зараад үлдсэн 4,000,000 төгрөгийг нь өгнө гэж бодож байсан юм. Гэтэл машинаа ирж аваагүй 2,3 жил болчхоод баахан хүү тооцож, машин зарсан мөнгөө үндсэн зээлээс хасалгүй, тал хувийг нь хүүд тооцсон байгаад гомдолтой байна. Уг банк бус санхүүгийн байгууллагаас ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Учир нь тухайн зээлийг авах үед Ковид-19 цар тахалын улмаас ажиллах нөхцөл бүрдээгүй, бүх нийтийн хөл хориотой байсан болохоор миний бие, эхнэр маань зээлийн хүү, алдангыг зогсоож өгөх хүсэлт гаргаж байсан. Хүсэлтээр тухайн зээлийн хүүгээ зогсоолгож байсан. Одоо нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
3.Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: ...Миний бие М. нь Транскапитал Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэвч би тухайн зээлийг өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй, банк бусаас зээлийн мөнгийг хүлээж аваагүй. Миний хувьд зээлийн үндсэн төлөлт болон зээлийн хүүгээ төлж барагдуулсан гэж ойлгож байгаа. Гэтэл уг банк бус санхүүгийн байгууллагаас ийм хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Учир нь тухайн зээлийг авах үед Ковид-19 цар тахалын улмаас ажиллах нөхцөл бүрдээгүй, бүх нийтийн хөл хориотой байсан болохоор миний бие, эхнэр маань зээлийн хүү, алдангыг зогсоож өгөх хүсэлт гаргаж байсан. Хүсэлтээр тухайн зээлийн хүүгээ зогсоосон билээ. Гэвч сүүлийн жилүүдэд тус нэхэмжлэгч байгууллагаас 2-3 хүн ирж өөр өөр тайлбар хийж мөнгөө гаргуулж авна гэж намайг болон гэр бүлийнхэнд минь муухай хандаж байгаад гомдолтой байна. Өөрөө бүтэн аваагүй төлбөрийг надад холбогдуулж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.
4. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.
4.1 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 109090120040 дугаартай Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 07-08 хуудас),
4.2 Зээл эргэн төлөлтийн хуваарь нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 09 хуудас),
4.3 Зээлийн хүүний тооцоолол (хх-ийн 10 хуудас),
5.Хариуцагч талаас хариу тайлбар (хх-ийн 20-21 хуудас) зэрэг баримтууд цугларсан байна.
6.Шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтууд
6.1 *******, ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14120320018 дугаартай Зээлийн гэрээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 39-41 хуудас),
6.2 *******, ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14120320018 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 42 хуудас),
6.3 Барьцааны хөрөнгийн жагсаалт нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 43 хуудас),
6.4 892101560 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа (хх-ийн 44 хуудас),
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ш., М. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,393,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Хариуцагч нараас 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны үндсэн зээл 4,890,248 төгрөг, хүү 3,752,677 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 750,535 төгрөг буюу нийт 9,393,460 төгрөгийг гаргуулна.. гэж,
3.Хариуцагч Ш., М. нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... *******, ХХК-иас барьцаа хөрөнгө болох 96-18 УАА улсын дугаартай портер автомашиныг хураан авч, М.Хаячаа гэх хүнд худалдан борлуулж зээлийн төлбөрийг хаасан, үндэслэлгүй мөнгө нэхэж байна... гэж маргаж байна.
4.Хариуцагч тал зээлийн төлөх үндэслэлгүй, барьцаа хөрөнгийг зарж зээлийг төлж дуусгасан хэмээн маргаж байна.
5.Нэхэмжлэгч *******, ХХК нь иргэн Ш., М. нартай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулж, 12,000,000 төгрөгийг нэг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээний хавсралт хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. (хх-ийн 07-09 хуудас)
6.Уг зээлийн гэрээний зорилго, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс тэдгээрийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн байна.
7.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг зохицуулалттай.
8.Талуудын хооронд байгуулсан гэрээнд 12,000,000 төгрөгийг зээлдэгч Ш.ийн нэр дээрх Хаан банкны тоот дансанд шилжүүлэх, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүг төлнө гэж тохиролцсноос үзвэл ******* ХХК, Ш., М. нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
9.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваариар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаанд сар бүр 535,000 төгрөгөөр төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг талууд хавсралтаар харилцан тохиролцсон боловч хариуцагч нар тохирсон хугацаанд зээлийн гэрээний үүргийг биелүүлж чадаагүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн хүүний тооцооллоор тогтоогдож байна.
10.Зээлдэгч нар зээл төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцаа хөрөнгийг хураан авч Монголхааны Хаячаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөгөөр зарж борлуулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон, мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлд хамаарч байна.
11.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр барьцаа хөрөнгийг бусдад зарж борлуулснаар цуцлагдсан, гэрээ цуцлагдах өдрийн байдлаар зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 14,702,660 төгрөгийг буцаан төлсөн, барьцаа хөрөнгийг зарж борлуулсан хэдий ч үндсэн зээлийн төлбөрт 4,890,248 төгрөг, зээлийн хүү 1,082,063 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь зээлийн хүүний тооцооллын баримтаар тогтоогдож байна. (хх-ийн 10 хуудас)
12.Зээлийн гэрээний эргэн төлөгдөх хуваарийг зөрчиж зээл төлөх хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор зээлдэгчийн төлсөн төлбөр нь зээлийн гэрээний 3.11-д заасан дарааллаар буюу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн гэсэн дарааллар төлөгдөж нийт үндсэн зээл болон хүүний төлбөрт 5,972,311 төгрөгийн үлдэгдэл төлөгдөөгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулсан хэдий ч гэрээний дагуу төлбөрийг төлж дуусгах үндсэн үүрэг бүрэн хангагдаагүй, төлбөр тооцоо бүрэн хийгдэж дуусаагүй байна.
Иймд хариуцагч нар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 4,890,248 төгрөг, зээлийн хүү 1,082,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг гэрээний 1.1.9-д заасны дагуу үндсэн зээлийн хүүний 20 хувь болох 216,412 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.
13.Харин нэхэмжлэгч зээлийн гэрээ цуцлагдснаас хойш 2 жил гаран шүүхэд хандаагүй атлаа дээрх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлдэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хүү 2,670,614 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 534,123 төгрөгийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14.Зээлийн гэрээ цуцлагдсан байхад нэхэмжлэгч шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хугацаа хэтэрч хуримтлагдахад нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэйгээс гадна хариуцагч нараас зээлийн гэрээний үлдэгдлийг шаардсан тухай баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
15.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.1.8-т зээлдэгч гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг заасан, энэ нь хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээн гэж заасны дагуу зээлдэгч болон хамтран зээлдэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй юм.
Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ш., М. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,890,248 төгрөг, зээлийн хүү 1,082,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,412 төгрөг нийт 6,188,723 төгрөгийг хариуцагч гаргуулж, нэхэмжлэгч *******, ХХК-д олгож, үлдэх 3,204,737 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 113,969 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ш., М. нараас зээлийн гэрээний үүрэгт 6,188,723 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, үлдэх 3,204,737 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш., М. нараас 113,969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА