| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2023/01674/И |
| Дугаар | 182/ШШ2024/00010 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2024/00010
| 2023 12 21 | 182/ШШ2024/00010 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, ******* байр, ******* тоотод оршин суух, Норжмаа овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******ы өргөн чөлөө, Peace mall худалдааны төвд байрлах, ******* ******* Талбай ******* холбоо ТББ /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үүдний хэсэгт байх 7.12 м.кв талбайг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг нэхэмжлэгчид чөлөөлж өгөх болон нэхэмжлэгчийг өөрийн үзэмжээр захиран зарцуулахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагчийн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* Талбай ******* холбоо ТББ-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******ы өргөн чөлөө гудамж, 54 байр, 621, 622 тоот хаягт байршилтай, 39.******* м.кв талбай бүхий, оффис үйлчилгээний зориулалттай Ү-2202026414 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Миний өмчлөлийн талбайн хөлийн өрөө гэгдэх 7.12 м.кв талбайг ******* ******* Талбай ******* холбоо ТББ-аас энэ талбайг нийтийн эзэмшлийн талбай учраас танайх хувьдаа ашиглах боломжгүй гэж миний өмчлөлийн талбайг надад ашиглуулахгүй, миний хууль ёсны өмчийг өөрийн эзэмшилдээ байлгаж хохироож байна. Үүнийг миний зүгээс зөвшөөрөхгүй гэдгээ хариуцагч байгууллагын удирдлагад илэрхийлсэн.
Би өмчлөлийнхөө талбайг өөрийн үзэмжээр ашиглаж, бусдын эзэмшил ашиглалтаас хамгаалахын тулд хөлийн өрөө гэгдэх 7.12 м.кв талбайн гарцын хэсэгт хаалга хийсэн боловч ******* ******* Талбай ******* холбоо ТББ-аас хаалгыг салган авч, тус талбайг чөлөөлөхийг шаардаж, өөрийн өмчлөлийн талбайг чөлөөтэй ашиглахад саад учруулж байна. Уг талбайг би худалдаа үйлчилгээний зориулалтаар ашигладаг. Надад ашиглуулахгүй, нийтийн эзэмшил гэж байгаа 7.12 м.кв талбай бол миний хувьд жижиг талбай биш юм. Би тус талбайг бусдад түрээслүүлж эсвэл бараа бүтээгдэхүүний төрлийг нэмэн бизнесийнхээ ашиг орлогыг аль нэг байдлаар нэмэх боломжтой. Гэвч хариуцагч нь энэ нийтийн эзэмшлийн талбай гээд ашиглуулахгүй миний бизнесийн ашиг орлогод с*******р нөлөөлж, өмчөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхэд маань халдаж байгаад гомдолтой байна.
Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ******* ******* Талбай ******* холбоо ТББ нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******ы өргөн чөлөө гудамж, 54 байр, 621, 622 тоот хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хөлийн өрөө гэгдэх 7.12 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг нэхэмжлэгчид чөлөөлж өгөхийг, нэхэмжлэгчийг өөрийн үзэмжээр захиран зарцуулахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч ******* ******* Талбай ******* холбоо ТББ нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Манай байгууллага нь тус худалдааны төвийн талбай ******* холбоо буюу гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус худалдааны төвийн барилгыг анх барьж худалдан борлуулсан Сандэй ХХК нь иргэн, аж ахуйн нэгжид зарж борлуулахдаа талбайн зөрүүтэй буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх талбай, хэмжилтээр хэмжүүлсэн бодит талбай 4-70 м.кв дутуу байдаг тул павилионуудаас ашиглалтын зардлыг сар бүр хураан авахдаа хэмжүүлсэн бодит талбайг үндэслэж төлбөрөө хурааж авдаг.
Б.******* нь тус худалдааны төвийн 6 дугаар давхарт байрлах 621, 622 тоотыг 2018 оны 06 дугаар сард Бяраа овогтой Санжидмаагаас худалдаж авсан бөгөөд гэрчилгээн дээрх талбайн хэмжээ 39.******* м.кв боловч манай байгууллагад ашиглалтын зардлаа төлөхдөө бодит талбай болох 28.8 м.кв талбайн төлбөрийг 2015 оноос хойш төлж ирсэн. Тус павилон нь нийтийн эзэмшлийн талбайг өөрийн талбай гэж мэтгэлцэж байгаа нь ямар ч үндэслэлгүй, анхнаасаа зөрүүтэй байсан талбайг худалдан авч зөрүүгээ нийтийн эзэмшлийн талбайгаар нөхөх гэсэн үйлдэл нь тус худалдааны төвийн нийтийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.
Талбайн зөрүүтэй павилонууд Сандэй ХХК-аас буюу анх барилга барьж талбайгаа зөрүүтэй зарсан байгууллагаас дутуу талбайгаа нэхэмжилж харьяа шүүхэд ханддаг.
Манай байгууллага талбай огт зараагүй бөгөөд павильон ******* эрх ашгийн үндсэн дээр байгуулагдсан павильон өмчлөгчдөд буюу гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Тус худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбайг манай талбай гэсэн нэрийн дор өөрийн эзэмшлийн талбайн зөрүүг арилгах гэсэн явцуу бодлоор хандаж нийтийн эзэмшлийн талбайг хашаад байх юм бол манай худалдааны төв нийтийн эзэмшлийн талбайгүй болно.
Эд хөрөнгийн зааг болон давхрын байгуулалтын зургийг холбоо байгуулагдахдаа Сандэй ХХК-аас гаргуулж авсан байдаг.
Иймд нийтийн эзэмшлийн талбайг өөрийн дур мэдэж хувьдаа авах гэсэн хувийн ашиг сонирхлыг нийтийн эрх ашгаас дээр тавих гэсэн санаархал бүхий Б.*******гийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/
3.2 Үйлчилгээний талбайн хэмжилтийн тайлан /хх-5-10/
4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1 Төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/
4.2 ******* Өргөө ТӨХ-ын гүйцэтгэх захирлыг томилсон тушаал /хх15/
4.3 Давхрын зохион байгуулалтын зураг /хх 22-24/
4.4 ******* Өргөө ТӨХ-д ашиглалтын зардал төлдөг павильонуудын жагсаалт /хх-25-26/
4.5 Барилга, орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг тогтоосон акт -2-6 давхрын зураг
5. Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт бүрдүүлсэн байна. /хх47-48/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* Талбай ******* холбоо ТББ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үүдний хэсэгт байх 7.12 м.кв талбайг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг нэхэмжлэгчид чөлөөлж өгөх болон нэхэмжлэгчийг өөрийн үзэмжээр захиран зарцуулахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үүдний /хөлийн/ хэсэгт байрлах 7.12 м.кв талбайг хариуцагч нь нийтийн эзэмшлийн талбай гэж тайлбарлан гарцын хэсэгт байрлах хаалгыг нь дур мэдэн салган авч, тус талбайг чөлөөлөхийг шаардсан. Хариуцагчийн энэхүү хууль бус үйлдэл нь миний бизнесийн ашиг орлогод с*******р нөлөөлөхөөс гадна, өөрийн өмчлөлийн талбайг чөлөөтэй ашиглах, захиран зарцуулахад саад учруулж байна гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ Б.******* нь тус худалдааны төвийн 6 дугаар давхарт байрлах 621, 622 тоотыг худалдаж авсан бөгөөд гэрчилгээн дээрх талбайн хэмжээ 39.******* м.кв боловч манай байгууллагад ашиглалтын зардлаа төлөхдөө бодит талбай болох 28.8 м.кв талбайн төлбөрийг 2015 оноос хойш төлж ирсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 7.12 м.кв талбай нь нийтийн эзэмшлийн талбай юм. Б.******* нь анхнаасаа хэмжээ нь зөрүүтэй талбайг худалдан авч зөрүүгээ нийтийн эзэмшлийн талбайгаар нөхөх гэсэн үйлдэл гаргаж байна. Бусад талбайн зөрүүтэй талбай эзэмшигч нар нь Сандэй ХХК-аас буюу анх барилга барьж талбайгаа зөрүүтэй зарсан байгууллагаас дутуу талбайгаа нэхэмжилж харьяа шүүхэд ханддаг. Манай байгууллага талбай огт зараагүй гэж татгалзсан байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, *******ы өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 621, 622 тоот хаягт байршилтай, 39.******* м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202026414 дугаартай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.******* болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх4, 41 ,54-56/
Түүнчлэн нэхэмжлэгч Б.******* нь Брайт Пойнт ХХК-аар дээрх Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, *******ы өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 621, 622 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд талбайн хэмжилт хийлгэхэд Олон нийт иргэний барилга БНбД 31-03-03 норм дүрмийн дагуу мэргэжлийн барилгын инженерүүд хэмжилтийг хийж нийт талбайн хэмжээ 34.67 м.кв гарсныг мэргэжлийн баг баталгаажуулав гэсэн талбайн хэмжилтийн тайланг нотлох баримтаар ирүүлжээ.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ******* Талбай ******* холбоо ТББ нь тухайн талбайг хууль буюу гэрээгээр эзэмших эрхгүй, түүний эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэгч Б.*******д шаардах эрх үүснэ.
Талууд Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, *******ы өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 621, 622 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.******* болох талаар маргаагүй, харин маргаан бүхий 7.12 м.кв талбай нь нийтийн эзэмшлийн талбай эсэх, хариуцагчийн эзэмшил хууль ёсны эсэх талаар маргажээ.
6. Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн 6 давхрын талбайн зураг, хариуцагч талаас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн 6 давхрын талбайн зураг зэрэг баримтаар нэхэмжлэгч талын нэхэмжилж буй талбайн үүдний хэсэг /хөлийн өрөө/-ийн 7.12 м.кв талбай нь нийтийн эзэмшлийн талбай болох нь тогтоогдож байна.
Хариуцагч ******* ******* Талбай ******* холбоо ТББ-ийн маргаан бүхий талбай нь нийтийн эзэмшлийн талбай гэх татгалзал үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нэхэмжлэгч Б.*******д үүсээгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн үүдний хэсэгт байх 7.12 м.кв талбайг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг нэхэмжлэгчид чөлөөлж өгөх болон нэхэмжлэгчийг өөрийн үзэмжээр захиран зарцуулахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
8. Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч хариуцагч ******* ******* Талбай ******* холбоо ТББ-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үүдний хэсэгт байх 7.12 м.кв талбайг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож, тус талбайг нэхэмжлэгчид чөлөөлж өгөх болон нэхэмжлэгчийг өөрийн үзэмжээр захиран зарцуулахад саад болохгүй байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ