Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

Г.Түвшинбаяр, Д.Гончигдорж нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үрэлцэцэг, шүүгдэгч Д.Гончигдоржийн өмгөөлөгч Д.Цоодол, шүүгдэгч Г.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Банзрагч, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Д.Гончигдоржийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Г.Түвшинбаяр, Д.Гончигдорж нарт холбогдох 2022002920013 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дундговь аймгийн Адаацаг сум, Өвөр-Урт баг, “Бэрх” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Гомбосүрэнгийн Түвшинбаяр /3A84101913/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум, Үйзэн баг, “Хөтөл-Ус” гэх газарт оршин суух Харчин овогт Дамбын Гончигдорж /ЗК80110913/.

 

 Шүүгдэгч Г.Түвшинбаяр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 16-33 тоотод Д.Гончигдорж, О.Мөнгөн-Уяа нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Гончигдорж нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 16-33 тоотод Г.Түвшинбаярын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үрэлцэцэг нь Г.Түвшинбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Д.Гончигдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

           Шүүгдэгч Боржигон овгийн Гомбосүрэнгийн Түвшинбаярыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Харчин овгийн          Дамбын Гончигдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн Дамбын Гончигдоржид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Гомбосүрэнгийн Түвшинбаярт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Түвшинбаяр нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчийн хувьд хохирогч О.Мөнгөн-Уяад 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч /шүүгдэгч/ Д.Гончигдоржийн нэхэмжилсэн 85.000 /наян таван мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Мөнгөн-Уяагийн нэхэмжилсэн 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн, хохирогч Д.Гончигдоржийн нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-r Г.Түвшинбаяр, Д.Гончигдорж нарт холбогдох эрүүгийн 2022002920013 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

  Шүүгдэгч Д.Гончигдоржийн өмгөөлөгч Д.Цоодол давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгч Д.Гончигдоржийг 2020.11.09-нөөс 10-нд шилжих шөнө хохирогч Г.Түвшинбаярын бие толгойн хэсэгт гараараа цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэгдсэн хэргийг Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2021.03.25-нд шүүгдэгч Г.Түвшинбаяр, Д.Гончигдорж нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлыг хийж Д.Гончигдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 500000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан юм.

Хэрэг гарсан эх үүсвэр нь 2020.11.09-нд Д.Гончигдоржийн төрсөн өдөр байсан тул гэр бүлийн хүрээнд баяраа тэмдэглээд унтаж амарч байхад нь шөнийн 01 цагийн үед Г.Түвшинбаяр хаалга нүдээд, би байна чиний төрсөн өдрийг тэмдэглэх гэсэн юм гэхээр нь бид баяраа тэмдэглэсэн, одоо амарч байна хэрэггүй гэсэн чинь би гэртээ ороод ирье гэхээр нь эхнэр бид хоёр бостол Г.Түвшинбаяр 5-уулаа 05 граммын архи, чихэр, боов бариад ирсэн. Би архи уугаад байдаггүй. Авч ирсэн архинаас нь 2 үрүүнк архи уусан. Ингээд би архи олж ирэхээр аавынхаас 05 граммын архи 1-ийг аваад ирэхэд хашааны гадаа Г.Түвшинбаяр найзуудтайгаа муудалцаад байгаа бололтой барилцсан байдалтай бөөгнөрөөд байгаа харагдсан. Намайг ирсний дараа тэд нар гэрт орж ирсэн. Тэр үед Г.Түвшинбаяр маш их согтуу гар, ам хамар нь цус болсон гутлаа тайлж чадахгүй унан тусан орон дээр суух гээд сууж чадахгүй агсам согтуу тавиад хамт яваа хүмүүстэйгээ хэрүүл зодоон хийх гээд байхад нь манай эхнэр чи одоо болиоч айлд шөнийн цагаар орж ирчхээд гэж хэлэхэд нь хэл амаар доромжлоод толгой руу цохичихлоо гэхээр нь би эхнэрээ өмөөрөөд Г.Түвшинбаярын зүүн шанаанд нь 1 удаа хальт цохисон нь үнэн гэдэг юм. Өөр зодоон хийсэн юм бол байхгүй.

Харин Г.Түвшинбаяр нь Д.Гончигдоржийн мөрнөөс нь барьж татаад нүүр лүү нь 1 удаа мөргөснөөс болж үүдэн доод 3 шүд нь суларч унахаар болгосон юм. Энэ үед эхнэр нь шөнийн цагаар айлд агсам согтуу тавьж хэрүүл зодоон хийлээ гэж Г.Түвшинбаярыг цагдаад мэдэгдэж баривчлуулсан. Энэ хэргийн эх үүсвэр хохирогчийн буруутай зүй бус үйлдлүүд шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

Хохирогч баривчилгаанаас гарсны дараа яасан нь мэдэгдэхгүй алга болж яваад 12 дугаар сарын 02-нд ирж шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан. 2020.12.02-ны өдрийн 253 тоот дүгнэлтэд: Г.Түвшинбаярын биед толгой хуйханд “Сорви” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл учрах цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй гэх дүгнэлт хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудсанд байна.

Хохирогчид сорви гэмтэл тогтоогдсонд Д.Гончигдоржийг буруутгаж ял шийтгэл оногдуулсан нь оновчтой шийдвэр биш гэж үзэж байна. Яагаад гэвэл Г.Түвшинбаяр баривчилгаанаас гараад цагдаад анхны мэдүүлэг өгөхдөө яагаад энэ талаар хэлээгүй юм. Мөн эмчид үзүүлсэн зүйл байхгүй. Баривчилгаанаас гараад 20 гаруй хоног хаана, юу хийж явсан нь тодорхойгүй. Энэ хугацаанд ямар нэг гэмтэл авсан байхыг үгүйсгэх арга үгүй. Урьд нь ямар нэгэн үйлдлээс болж дээрх гэмтэл авсан байж болох талтай тул шүүгдэгч Д.Гончигдоржийн цохилтоос гэмтэл үүссэн байна гэх лавтай нотлох баримтгүй тул үйлдэл холбогдлыг дахин хянуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна гэв.  

            Шүүгдэгч Г.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Банзрагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гэрч нарын мэдүүлэгт толгойноос цус гарч байсныг гэрчилсэн. Шинжээчийн дүгнэлтээр мөн тогтоосон. Д.Гончигдорж бөгж байсан байгаагүй талаар ярилаа.  Шүүх хуралдаан дээр бөгж байсан, мэдүүлэг дээрээ байгаагүй гэж ярьдаг. Давж заалдах гомдол дээр Г.Түвшинбаярыг цустай орж ирсэн гэдэг. Тэрийг гэрчилсэн зүйл байхгүй. Шүүхээс гэмтлийн зэрэг, гэрчийн мэдүүлгийг үндэслэн Д.Гончигдоржийг гэм буруутайд тооцсон гэж үзэж байна. Г.Түвшинбаяр ямар ч бичиг баримтгүй 350000 төгрөг төлсөн байдаг. Хохирогч эмэгтэйн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримт дээр тодорхой эмийн баримт байдаггүй. Өмнөх шүүх хурал дээр бүтэн биеийн оношилгоонд үзүүлэх шаардлагатай гэж ярьдаг. Урьд нь эмчлүүлсэн гэх эмийн баримтгүй мөртөө 350000 төгрөг, түүнээс их мөнгө нэхсэн зүйл байдаг. Тиймээс 350000 төгрөгийг ямар ч баримтгүй төлсөн гэдгийг мэдүүлгүүдээр нотолсон. Гол санаа нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж байгаа гэв.

           Прокурор М.Үрэлцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандлын 16-33 тоотод Д.Гончигдорж нь манай эхнэрийг цохилоо гэдэг шалтгаанаар Г.Түвшинбаярын толгойн тус газар  цохисон. Үүний улмаас Г.Түвшинбаярын толгойн тус газар нь хагарсан, цус гарсан байдалтай байсан нь тухайн үеийн гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичлэгээр тогтоогддог. Мөн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 253 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн хуралдаанаар шинжээч эмч, гэрч нараас мэдүүлэг авсан. Ямар учраас цаг хугацааг тодорхойлж болохгүй вэ?, хохирогчоос тухайн цаг хугацаандаа эмчид хандаж шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй вэ? гэдэг талаар асуухад, тухайн үед маргааш нь хөдөө явсан. Тэр үед хорио цээрийн дэглэм тогтоосон байсан учир ирэх боломжгүй байсан, ирж чадаагүй, хожуу ирж шинжээчийн дүгнэлт гаргуулсан гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Д.Гончигдорж ярихдаа Г.Түвшинбаяр нь намайг мөргөх явцдаа өөрийнхөө толгойд гэмтэл учруулсан байх магадлалтай гэж маргадаг. Шинжээч эмчээс асуухад мөргөх явцад Г.Түвшинбаярын доод шүд хөдлөх боломжгүй, дээд шүд хөдлөх боломжтой гэсэн хариулт өгсөн. Энэ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр биед гэмтэл учирна гэж дүгнэлт гаргасан. Тухайн үед хохирогч, гэрч хэлэхдээ цохиод цус гарахаар нь юугаар цохисон бэ гээд хартал Д.Гончигдоржийн гарт нь харагдах зүйл байгаагүй гэдэг. Тухайн үед шүүгдэгч гартаа бөгжгүй байсан талаар мэдүүлдэг. Гэвч Си Ди-н дээрх бичлэг дээр Д.Гончигдорж нь баруун гарын ядам хуруундаа бөгжтэй байсан нь харагддаг. Шинжээч эмчээс бөгжтэй гараар цохиход энэ төрлийн гэмтэл үүсэх боломжтой эсэх талаар асуухад, боломжтой гэсэн тайлбар мэдүүлгийг өгдөг. Иймээс Д.Гончигдорж нь Г.Түвшинбаярын биед хөнгөн гэмтэл учруулсан нь үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн  хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Гончигдоржийн өмгөөлөгчийн гомдлын дагуу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолыг хянан үзэв.

Шүүгдэгч Г.Түвшинбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандлын 16-33 тоотод Д.Гончигдорж, О.Мөнгөн-Уяа нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Гончигдорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 16-33 тоотод Г.Түвшинбаярын толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан үзээд шүүгдэгч Боржигон овгийн Гомбосүрэнгийн Түвшинбаярыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч Харчин овгийн Дамбын Гончигдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн Дамбын Гончигдоржид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Гомбосүрэнгийн Түвшинбаярт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Түвшинбаяр нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчийн хувьд хохирогч О.Мөнгөн-Уяад 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч /шүүгдэгч/ Д.Гончигдоржийн нэхэмжилсэн 85.000 /наян таван мянган/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Мөнгөн-Уяагийн нэхэмжилсэн 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн, хохирогч Д.Гончигдоржийн нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-r Г.Түвшинбаяр, Д.Гончигдорж нарт холбогдох эрүүгийн 2022002920013 дугаартай хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Д.Гончигдоржид ял оногдуулахдаа хэргийн бодит байдалд хохирогчийн буруутай үйлдэл болон шүүгдэгчийн үйлдэл, учирсан хохирлын хооронд гэм буруугийн шалтгаант холбоо байгаа эсэхийг сайтар шалган тогтоолгүй шийдвэр гаргасан нь үндэслэл муутай болжээ.

Д.Гончигдорж нь хохирогчийн зүгээс өөрт болон гэр бүлд нь халдсан үед хариу үйлдэл үзүүлж шанаан тус газар нэг цохисон гэдгээ хүлээн мэдүүлдэг.

Мөрдөн шалгах байгууллага болон прокурорын зүгээс Д.Гончигдоржийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татан ирүүлсэн ч Г.Түвшинбаярын толгойн зулай хэсэгт байгаа “сорви” гэмтлийг Д.Гончигдорж учруулсан гэх хангалттай нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 Нотлох баримтаар хөдөлбөргүй бүрэн дүүрэн нотолсны үндсэн дээр эрүүгийн ял, хариуцлага хүлээлгэх зарчимтай. Энэ зарчим бүрэн дүүрэн хангагдаагүй байхад Д.Гончигдоржийг бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь учир дутагдалтай. Д.Гончигдорж нь бусдыг цохисноо хүлээн мэдүүлдэг боловч энэ цохисны үр дагавраас болж бусдын биед гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Г.Түвшинбаярын биед учирсан сорви гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж шинжээч дүгнэлт гаргасан байх бөгөөд энэхүү хатуу мохоо зүйл нь юу болох талаар эрх бүхий байгууллага огт тодруулаагүй байна.

Шүүгдэгч Д.Гончигдорж нь гараараа нэг удаа шанаанд нь цохисон гэдгээ мэдүүлсэн бөгөөд түүний гар нь “хатуу мохоо зүйл” гэдэгт орох эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

Шүүх хуралд эрх бүхий этгээдийн зүгээс Д.Гончигдоржийн гарт бөгж байсан гэх буюу бөгжтэй гараар цохисноос... гэх зэрэг эргэлзээтэй тайлбарыг хэлж байгаа ч үүнийгээ шалган тогтоосон, үзлэг хийсэн туршилт зэрэг бусад нотолгооны ажиллагаа явуулж хөдөлбөргүй тогтоосон ямар нэг нотлох баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Шүүгдэгч Д.Гончигдоржийн бусдыг цохисон үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байгаа боловч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймд Д.Гончигдоржийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэстэй байна гэж үзэж хүлээн авахаар тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 болон 32.5 дугаар зүйлийн 2, 3 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 1.5, 1.8-д зааснаар Д.Гончигдоржийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолд Д.Гончигдоржийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой өөрчлөлтийг оруулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2 дахь хэсэгт заасныг

 удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/24 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Харчин овогт Дамбын Гончигдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овгийн Гомбосүрэнгийн Түвшинбаярыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, шийтгэх тогтоолын 2 дугаар заалтаас “Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн Дамбын Гончигдоржид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял” гэснийг хасч, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтын Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэсний дараа “нар” гэснийг хасч, 4 дүгээр заалтаас Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэсний дараа “нар” гэснийг хасч, 9 дүгээр заалтын “шүүгдэгч нарт” гэснийг “шүүгдэгчид” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                    Г.ТЭГШСУУРЬ

                                         Ш.ТӨМӨРБААТАР