Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 39

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Э.******* Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох 201713000044 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, ах эгч дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн******* хэсэг ******* тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******ын *******. Регистрийн дугаар:*******

Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн хэсгийн ******* тоот хашаанд хохирогч А. хүзүүний ар хэсэгтээ хутгалуулсан байдалтай нас барсан үйл баримт нь хохирогчийн төрсөн дүү, гэрч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Өчигдөр өдөр гэртээ 15 цагийн үед очсон чинь ах гэр оронтой чинь шатаана гээд гэрт юм авч шидээд агсан тавиад байхаар нь 20 цагийн орчим би гэрээсээ гараад явсан. Тэгээд гэдэг найзындаа очоод хоносон тэгээд өглөө 9 цаг өнгөрч байхад гэртээ орсон чинь гэрийн баруун талд зуухны ард нүүр ам хамаг юм нь цус болчихсон хэвтэж байсан. Хааяа архи уудаг байсан архи уухаараа агсам талдаа зантай юм. Хааяа уухаараа юм авч шидээд ээжийг янз бүрээр хэлээд байдаг. аймхай зантай ыг архи уусан үед учиргүй уйлж бачуураад тэвдээд гүйгээд байдаг байсан. Айх юм болоогүй байхад чи битгий уйлаад байгаач гэхээр би айгаад байна гээд юуны түрүүнд уйлаад байдаг юм. ахыг манайхан гэдэг байсан юм. Манай тэр ах сургуульд байхдаа өөрөө нэрээ солиод намайг гэж дуудаж бай, би гэдэг нэртэй баймаар байна гэдэг байсан. Улсын бүртгэлийн нэр бол юм...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд манай эхнэр миний утас руу залгаад гэртээ орсон чинь ын бие нь цус болсон баруун талд дээшээ хараад хөдөлгөөнгүй болчихсон хэвтэж байна гэж ярьсан. Тэгээд би ээжийн гэр рүү яваад орсон чинь талийгаач гэрийн баруун талын шалан дээр дээшээ харсан байдалтай хувцас нь цус болчихсон, нас барсан байдалтай байсан. Тэр өдөр *******ыг дуудаад, утсаар байнга яриад байсан гэсэн тэгээд байгаа газарт нь очиж аваад гэртээ аваад ирсэн чинь орны гудсан доороос хутга гаргаад ирсэн гэсэн. ******* хутгыг нь булааж авсан юм байна лээ, тэр үед , *******ын хоолойг нь боосон гэсэн тэгэхээр нь хутгалсан юм шиг байна лээ. Тухайн үед *******, аас айсандаа хутгалсан байх гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэлийн “...хүзүүний зүүн хойд хэсэгт 2.1х1.2 см босоо гүн нь 8 см орчим шархтай, уг шархны харалдаа доор 1 см зайд ташуу 11.5 см орчим гүн 3.5х1.3 см хэмжээтэй шархтай...” гэсэн хэсэг, шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 201730012 дугаартай дүгнэлтийн “...Талийгаач А.ын цогцсонд зүүн гүрээний артерийн тасрал, хүзүүний ар хэсгийн хоёр ширхэг шарх... гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач А. нь хүзүүний ар хэсгийн хоёр ширхэг шарх үүссэний улмаас зүүн гүрээний артер тасарч цус алдалтын шокын улмаас нас баржээ” гэсэн хэсэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтын шатанд “...2017 оны 05 сарын 19- ний өдөр хонхны баяр болсон юм. Үдэшлэг тарахын орчимд 22 цагийн үед танихгүй дугаарын утаснаас ойр ойрхон надруу залгаад байсан. Би утсаа аваад ярьтал ахын авгай эгч утсаар танай ах чинь нэг хүнтэй манайд архи уугаад байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй нөгөө дугаарын утаснаас миний утас руу залгасан би утсаа авахад манай талийгаач ах надруу чи миний дүү мөн юм уу, би согтуу байна чи намайг ирж авах юм уу пязда минь гэж хэлсэн. Тэгээд явах гэж байхад нөгөө залгасан дугаараас байнга залгаад ирж аваач пязда минь гээд байсан. Би сургуулиасаа 23 цагийн орчимд гараад алхаж яваад тойрог орж такси аваад эхлээд гэртээ харьсан чинь гэрт хүн байхгүй байсан. Гэр лүүгээ ороход манай гэрт хүн байхгүй гэрийн доторхи юмнуудыг бүгдийг эвдэлж хэмхлээд сандаргаад хаячихсан байсан. Тэгээд би гэрээсээ гараад ахыг авахаар ахынх руу явах гээд таван тансаг дэлгүүрийн тэнд очиход ямар ч унаа явахгүй байхаар нь өмнө хүргүүлж ирсэн таксиныхаа жолооч руу залгаад та хүрээд ирээч гэж хэлсэн. ахынд ороход ах эхнэртэйгээ, талийгаач ах тэр гурав байсан. Би ороод явъя гэхэд талийгаач ах явахгүй ахтай муудалцах гээд байсан. Арай гэж гаргаж аваад таксинд суулгаад гэрлүүгээ ирж байхад Баянбүрд дэлгүүрийн тэнд явж байгаад би Наран баар ормоор байна. Намайг Наран оруулаад өгөөч гээд байсан. Би ахыгаа орой болчихсон байхад яах юм бэ хоёулаа гэртээ очиж хоолоо хийж идээд унтъя гэж хэлээд гэртээ авч ирсэн. Гэртээ ахыг оруулчихаад буцаж гарч ирээд таксиндаа суугаад тойрог орж таксины мөнгө өгөөд буусан. Тойрог дээр буугаад төвөөр хэсэг явж байгаад дүү, эгч хоёр гэртээ байхгүй байсан болохоор санаа зовоод буцаад удалгүй гэрлүүгээ харьсан. Гэртээ ороход ах гэртээ баруун талын орон дээр сууж байсан. Баруун талын орон дээр сууж байгаад надруу уурлаад чи намайг наран баар оруулж өгсөнгүй, би өдөр энэ хоёр гэрийг зараад архи уух байсан, эсвэл шатаадаг байж гээд уурлаж байгаад гар нь цааш гудас руу болсноо гудсан доороос хутга гаргаж ирсэн. Би айгаад хутгыг булааж аваад гэрээс гарсан. Намайг ороод ир гээд орилоод байсан. Би буцаад ортол ах намайг хоёулаа гараадхий гэсэн. Би ахыг сугадаад гэрийн гадаа гарсан. Гэрийн гадаа ах миний өмссөн байсан малгайтай цамцаар хоолойг боосон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Хэсэг зуур яаснаа мэдээгүй. Нэг мэдэхэд би төв рүү хар зам уруудаад явж байсан. Хүзүүний орчимд нь хутгалсан. Шууд гэрийн үүдэнд унасан. Хүзүүний орчмоос нь цус их гарч байсан. Би тэр хэсгийн цусыг цэвэрлээд, нилээн удсаны дараа дүүг айчих байх гэж бодоод гэртээ өргөж оруулчихаад хар зам уруудаад төв рүү явсан. Намайг цохиж зодоогүй, харааж загнадаг, цагаан сараар ээжрүү салаавч гаргаад бүгдийг чинь шатаана ална гээд эгч дүү хоёр луу дайраад байсан. Хотод байсан тухайгаа яриад аймаар аймаар юм яриад гэртээ сандаргаад буулгаад байсан. Би өөрийн үйлдэл гэмт хэрэгтээ их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж харамсаж байгаа. Цаашдаа сурч боловсрон ажил мэргэжилтэй болж ээж, дүү, ах эгч нарынхаа ачийг хариулж ээж, эгч дүү нараа тэжээж амьдралаа авч явна гэж бодож байгаа. Тэгээд ч би хуулийн мэргэжилтэй болох мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлөө биелүүлж Их засаг их сургуулийн хуулийн ангид элссэн. Миний хэргийг хөнгөн шийдвэрлэж надад сурах боломж олгож өгөхийг хүсэж байна...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгахад хохирогчийн биеэс гарч газарт гоожсон цусыг цэвэрлэн бие засах газрынхаа/жорлонгийнхоо/ урд хэсэгт асгасан гэдгээ, цус болсон 2 шихрэг банз, хар өнгийн хамер зэргийг хашааныхаа баруун талд байрлах цагаан өнгийн хоолой/труба/-ны хажууд хаясан гэдгээ, хутгалсан хутгаа хашаа давуулж хаясан гэдгээ заасан, уг зүйлс заасан газруудад байсан зэрэг байдлаар түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Шүүгдэгч болон хохирогчийн төрсөн эх Б.*******ын гэрчээр мэдүүлсэн “... нь... сүүлийн үед архи уугаад архи уухаараа гэр орондоо агсан тавиад байдаг болсон. Өнгөрсөн хавар цагаан сараар болон дараа нь 3, 4 удаа гэртээ агсан тавиад орон гэрээ буулгаад намайг болон эмэгтэй хүүхдүүдийг ална шатаана гээд дайраад байхад ******* ахаасаа айгаад гарч зугтаад, ах яагаад ингээд байдаг юм бол яах уу ээжээ гээд бачимдаад уйлаад, чичрээд байдаг байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “...Гэрийн гадаа ах миний өмссөн байсан малгайтай цамцаар хоолойг боосон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Хэсэг зуур яаснаа мэдээгүй. Нэг мэдэхэд би төв рүү хар зам уруудаад явж байсан. Хүзүүний орчимд нь хутгалсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн бусад нөхцөл байдлаар А.******* өөрт нь хүч хэрэглэн хоолойг нь боосон хохирогч А.ын зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүнийг алсан болох нь нотлогдож байна гэж үзлээ. Түүнчлэн дээрх үндэслэлийг үгүйсгэсэн ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул улсын яллагчийн шүүгдэгч А.*******ын үйлдлийг зүйлчлэн яллаж байгаа хуулийн зүйл хэсгийг өөрчлөх үндэсгүй байна. Гэрч Б.*******, А., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А. нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд шүүгдэгчийн үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь хохирсон байдал зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Ийнхүү шүүгдэгч А.******* нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний шөнө Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн хэсгийн ******* тоот хашаанд байх өөрийн гэрийн үүдэнд төрсөн ах болох хохирогч А.ын өөрт нь хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан түүний хүзүүний ар хэсэгт хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч А.******* хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, нэхэмжилсэн хохирол төлбөргүй болон шүүгдэгчийн одоо 18 настай, ерөнхий боловсролын сургууль төгсч их дээд сургуульд элсэн суралцах эрх авсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.*******т Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч А.******* нь тогтоол гарахын өмнө 10 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч А.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэхэмжлэгдсэн хохирол төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн ханын цаасны тасархай 1 ширхэг, гэрийн цагаан бүрээсний тасархай 1 ширхэг, улаан өнгийн лакан ботинк 1 хос, төмөр тосгуур 1 ширхэг, саарал өнгийн давуун өмдний тасархай 1 ширхэг, хар иштэй жижиг хутга 1 ширхэг, улаан цоохор өнгөтэй хивсэн дрожний тасархай 1 ширхэг, хар өнгийн шал резин 1 ширхэг, банз 2 ширхэг, ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, тамхины иш 1 ширхэг, хар хөх өнгийн хүрэм/куртек/ 1 ширхэг, цагаан саарал өнгийн хагас ханцуйтай нимгэн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан цоохор өнгийн дотоож 1 ш, NIKE лого зурагтай үдээстэй цагаан өнгийн пүүз 1 хос, хар хөх өнгийн малгайтай ноосон цамц 1 ширхэг, бор иштэй, ишин дээрээ 2 ширхэг хадаастай, ажлын хэсэг дээрээ 3 ширхэг нүхтэй хутга 1, 20 нэр төрлийн 20 ширхэг эд зүйлийг тус тус устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ            Д.НЯМ