Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 212/МА2019/00041

 

А.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00373 дугаар шийдвэртэй, А.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З-ын нэхэмжлэлтэй, Б сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Б.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлсний олговор 2,082,579 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 762,288 төгрөг тус тус гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Ш.З миний бэргэн болох А.Х нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б сумын бүрэн дунд сургуульд Газар зүйн багшаар ажилд орж 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад жирэмсний амралт авсан. Түүний жирэмсний амралтын хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусаж ажилд орох ёстой байсан. Гэтэл Б сумын бүрэн дунд сургуулийн захирал А.Х-ыг ажилд нь буцааж авахгүй гэж 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар ажлаас халсан. Улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 00177 дугаартай шийдвэрийн дагуу А.Х-ийг урьд эрхэлж буй Газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл ажил олгогч өнөөдрийг хүртэл А.Х-ийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг нэхэмжилж байна. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан 3 сарын цалин хөлс болох 2,082,579 /хоёр сая наян хоёр мянга таван зуун далан ёс/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: “Б сумын ерөнхий боловсролын сургуулийн багш А.Х нь ажилд орж, хөдөлмөрийн гэрээг анх байгуулахдаа тус гэрээний 1.16-гийн А.Үндсэн амралт 21, Б.Нэмэгдэл амралт 27. Бүгд 48 хоног амруулахаар заасан бол мөн гэрээний 2-ын 2.1.3-д ажилтны эрх дээр амрах эрхтэй болохыг давхар дурдсан байв. Гэтэл түүнээс хойш нэг ч удаа амралт ба амралтын мөнгө тооцож олгоогүй байна. Нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээс харахад 2017 оны 4 дүгээр сар хүртэл хууль бусаар ажилгүй байсан 3 сарыг нэмээд нийт тасралтгүй 20 сар ажилласан байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний дагуу ээлжийн амралтыг олгуулан, амралтын мөнгө болох 762,288 төгрөгийг тус сургуулийн санхүүгээс гаргуулж өгөхийг тус тус хүсэж байна.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч А.Х нь Б сумын Бүрэн дунд сургуулийн Захирлын 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн "А.Х-ийг ажилд томилох тухай" Б-15 тоот тушаалаар "А.Х-ийг газар зүйн цагийн багшаар" томилсон ба тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн Захирлын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "А.Х-т жирэмсний амралт олгох, түр ажилтан томилох тухай" А/81 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т зааснаар 120 хоногийн буюу 4 сарын "жирэмсний болон амаржсаны" амралт эдлүүлсэн. Нэхэмжлэгч А.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 08-аас 2019 оны 4 дүгээр сарын 08-ны хооронд ажилгүй байсан 3 сарын цалин 2,082,579 /хоёр сая наян хоёр мянга таван зуун далан есөн/ төгрөг нэхэмжилсэн нь бодит байдалд нийцэхгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. А.Х нь жирэмсний болон амаржсаны амралт авах хүртэл газар зүйн хичээлийн цагийн багшаар ажиллаж ирсэн болох нь түүнийг ажилд томилсон, чөлөө олгосон тушаалууд болон цалин хөлс олгож байсан санхүүгийн баримтаар батлагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2, 49 дүгээр зүйлийн 49.1-т цалин хөлсний зарчмыг тодорхойлсон. Нэхэмжлэгч А.Х-ийн ажилласан цагт тохируулан цалин хөлс олгогдож ирсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6-д заасантай бүрэн нийцэж байна. А.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 2,082,579 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байгаа дараагийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар А.Х нь тухайн албан тушаалд ажиллаж байсан хугацаанд авч байсан цалингийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор авна. Энэ нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын хавсралтын 7 (а) хэсэгт зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлох юм. Энэ үндэслэлээр нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзнэ. А.Х-ийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2019/00177 тоот шийдвэрийг сайн дураар биелүүлж, Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/30 тоот тушаалаар цагийн багшаар томилсон. Тушаалыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн байгаа. Иймд А.Х-ийн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин хөлсний олговор 2,082,579 /хоёр сая наян хоёр мянга таван зуун далан есөн/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариуцагчийн тайлбарт: “Боловсролын хуулийн 43.1.2-д зааснаар "багш нарт ээлжийн үндсэн амралтыг ажлын 33 хоногоор тогтоосон бөгөөд "нэмэгдэл амралт" гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5, 79.6-д заасан нэмэгдэл амралт байхгүй. БСШУ-ны сайд, НХХСайд, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот "Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ын "хоёр" дахь хэсгийн 10 дахь заалтад заасанчлан 7 хоногт 19 цаг хичээл зааж байж үндсэн багш болох ба түүнээс доош цагийн хичээлтэй бол "цагийн багш" гэж үзэхээр зохицуулагдсан. Багш хүн долоо хоногт 40 цаг, ажиллаж стандарт хэрэгжүүлж 19 цаг хичээл заахгүй нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233.2-д заасан "Цагаар ажиллах" ажилтан болж байна. "Цагаар ажиллах" ажилтанд ээлжийн амралт тооцож олгох тухай Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын тухай хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй тул Х-т ээлжийн амралт тооцож олгох боломжгүй. Х нь үндсэн багшийн заах 19 цагийн хичээлийн 50% хичээлийг орчхоод ээлжийн амралт авна гэж үзэх боломжгүй. Учир нь Х-ийн амралтын хугацаа /ажлын бус цаг нь/ ажлын цагаас илүү давж байгаа нь түүний ажлын цагийн боломж, цалингийн цагаар бодож гаргаж байгаа балансаар тогтоогдож байна. А.Х нь анх 2017 оны 3 дугаар сарын 09-нд томилогдоод 3 сар ажиллаад 2017 оны 6 дугаар сард хичээлийн жил дууссан, 2017 оны 9 дүгээр сард хичээлийн жил эхлээд 2018 оны 6 дугаар сард нийт 9 сар ажиллаад "хичээлийн жил" дууссан, 2018 оны 9,10 дугаар сард ажиллаад "жирэмсний болон амаржсаны амралтад явсан" нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б-18 тоот тушаалаар батлагдаж байна. Үүнээс үзэхэд ээлжийн амралт олгох заавар"-ын 4 дэх заалтад заасан "хугацааны болзол" хангагдахгүй байна. Эрүүл мэнд Нийгмийн хамгааллын Сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 хавсралтын 9 дэх хэсэгт зааснаар Х нь 2018 оны 10-р сарын 15-ны өдрөөс эхэлж жирэмсний амралт олгосон тул амралт эдлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З нь "ээлжийн амралтын олговрын хэмжээг" 762288 төгрөг буруу тооцоолж нэхэмжилсэн байна. Энэ ихэсгэсэн шаардлага нь ЭМНХ-ын Сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 2 дугаар хавсралт, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 79 дүгээр зүйлийн 79.1, БСШУ-ны сайд, НХХСайд, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар тушаалын хавсралтаар баталсан журмын 10, 11, 13 дугаар заалтуудыг тус тус ноцтой зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж нэхэмжлэл гаргасан нь нотлогдсон, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан "хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон" тул А.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

                Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 130/ШШ2019/00373 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Х-ийн ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 442461 /дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун жаран нэгэн/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан А.Х-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн цалин хөлс 1640118 төгрөг, амралтын мөнгө 762288 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.              

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Б сумын Ерөнхий боловсролын сургуульд Газар зүйн багшаар ажиллаж байхад ажил олгогч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б/12 дугаар тушаал гаргаж намайг ажлаас халсан. Ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шүүхээс намайг ажилд эгүүлэн тогтоосон. Ингэснээр миний бие 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 4 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 2,082,579 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохын тулд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч Б.Ж-ын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв ажил олгогч намайг ажлаас халаагүй байсан бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралт авч үүнд ногдох амралтын мөнгө болох 762,288 төгрөг авах байсан. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тухайлбал 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

            А.Х нь Баян-Өлгий аймгийн Б сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан ажилгүй байсан 3 сарын хугацааны олговорт 2,082,579 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 762,288 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан 3 сарын олговорт 442,461 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1,640,448 төгрөг, амралтын мөнгө 762,288 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, А.Х нь тус аймгийн Б сумын бүрэн дунд сургуульд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/15 дугаартай тушаалаар Газар зүйн түр цагийн багшаар анх томилогдсон ба тус сургуулийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар багшийн ажлаас чөлөөлөгджээ. Улмаар А.Х нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2019/00177 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн тус сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/30 дугаартай тушаалаар цагийн багшийн ажилд эгүүлэн томилсон байна.

            Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 147,487 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, ээлжийн амралтын мөнгө 762,288 төгрөгийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаартай “Ээлжийн амралт олгох зааврын” 4, 9, 13-т заасныг, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.      

            Нэхэмжлэгчийн “олговорт 2,082,579 төгрөг нэхэмжилсэн. Үндэслэлээ нотлохын тулд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, нягтлан бодогчийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гаргаж өгсөн байхад шүүх эдгээр нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн, ажил олгогч намайг ажлаас халаагүй байсан бол ээлжийн амралт авч ногдох амралтын мөнгө авах байсан” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтны ажилгүй байсан хугацаа, түүнд ногдох ажилгүй байсан хугацааны олговрыг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тооцож, ээлжийн амралтын мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 53,390 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 130/ШШ2019/00373 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.390.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮҮГЧ                          С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ                                                              

Д.КӨБЕШ