| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/01152/И |
| Дугаар | 130/ШШ2024/00102 |
| Огноо | 2024-01-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2024/00102
| 2024 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 130/ШШ2024/00102 | Баян-Өлгий аймаг |
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, шүүгч К.Бүлдирген, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт Х.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Т овогт Х.Х-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан хохирол 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А,
Хариуцагч Х,
Иргэдийн төлөөлөгч М,
Орчуулагч Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А нь хариуцагч Х-т холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохирол 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Б сум руу явах замд хариуцагч Х-ийн ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн арын бөгс гарчихсан учраас ард талын дугуйд мөргөлдсөн учраас миний Приус маркийн машины салхины шил хагарч, дугуй, кабин нь эвдэрч гэмтсэн.
1.2 Тухайн үед даатгалын компанийг дуудах гэсэн боловч хариуцагч Хийн машинд бичиг баримт байгаагүй учраас хариуцагчийн хүсэлтээр даатгал дуудаагүй. Мөн тухайн үед Х цагдаа битгий дуудаарай, хохирлын талыг буюу 1 сая төгрөгийг би төлж өгье гэж баримт бичээд өгсөн учраас цагдаа дуудаагүй.
1.3 Хийн бичиж өгсөн баримтын дагуу шүүхэд түүнээс 1 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А-н машин цантсан байдалтай байсан. Тухайн үед өөрөө гарч ирээд миний машинтай мөргөлдсөн. Миний машин ч гэсэн гэмтсэн байсан. Би өөрийн гэмтлээ өөрөө засаад авсан. Нэхэмжлэгч шил нь цантсан машинаар замын хөдөлгөөнд оролцсон учраас би энэ асуудалд буруугүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.Тухайн үед нэхэмжлэгчийн машины урьд салхины шил хагарч, урьд крыло эвдэрсэн болно гэв.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М: “Хариуцагч Х-ээс 1 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ад олгох нь зүйтэй гэсэн дүгнэлттэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ан иргэний үнэмлэхийн лавлагаа, Хийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичсэн гарын баримт зэргийг,
Хариуцагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбарыг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Нэхэмжлэгч Ан хариуцагч Х-ээс эд хөрөнгөд учирсан хохирол болох 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б сум руу явах хар замд Зил-130 самосвал машинаар миний Тоёота приус-20 маркийн машиныг мөргөж хохирол учруулсан. Тухайн үед Х нь миний буруу хоёулаа тохиръё гэж хэлээд хохиролд 1 сая төгрөг өгөхөөр болсон боловч одоо хүртэл өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч Х нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: А тухайн үед өөрөө гарч ирээд миний машинтай мөргөлдсөн. Миний машин ч гэсэн гэмтсэн байсан. Би өөрийн гэмтлээ өөрөө засаад авсан. Нэхэмжлэгч тухайн үед шил нь цантсан машинаар замын хөдөлгөөнд оролцсон учраас би энэ асуудалд буруугүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн машины урьд салхины шил хагарч, урьд крыло эвдэрсэн болно гэжээ.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
8.1 Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Б сум явах хар замд хариуцагч Х-ийн Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл болон нэхэмжлэгч А-н Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдөж авто осол гарч талуудын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
8.2 Улмаар хариуцагч Х-ээс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичиж өгсөн тодорхойлолтоор нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо тохиролцож Х-ээс нэг сая төгрөг төлж өгөхөөр болсон болох нь тогтоогдсон байна.
9.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
10.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлоо тээврийн хэрэгслийн эзэмшигч Х-ээс шаардах эрхтэй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Х-т шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийг танилцуулсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд татгалзлын үндэслэлийн талаар тайлбар болон холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй ба шүүх хуралдаан дээр 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтыг өөрөө бичиж өгснийг хүлээн зөвшөөрсөн байна.
12.Хариуцагч Х-ээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч А шил нь цантсан машинаар замын хөдөлгөөнд оролцсон учраас би энэ асуудалд буруугүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед эрх бүхий байгууллагаар шалгуулж талуудын гэм бурууг тогтоогоогүй байх тул Х-ээс 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “тохиролцсоны үндсэн дээр 1,000,000 төгрөгийг төлж өгөх болно” гэж бичигдсэн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
13.Хариуцагч Хийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид 1,000,000 төгрөг төлж өгөх тухай тодорхойлолтыг няцаах нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.
14.Иймд хариуцагч Х-ээс эд хөрөнгөд учирсан хохирол болох 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ад олгох нь зүйтэй байна.
15.Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч Х нь нэхэмжлэгч Ан эд хөрөнгөд учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан байна.
16.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас Х-ээс 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х-ээс эд хөрөнгөд учирсан хохирол болох 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ад олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас Х-ээс 28,550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ
ШҮҮГЧИД К.БҮЛДИРГЕН
Х.МЕЙРАМБЕК