Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2024/00104

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2024/00104

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч Б.Мангилик, Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Т сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Н.Э-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учруулсан хохирол болох  4,600,000 төгрөг гаргуулах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 12,466,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:                                         

Нэхэмжлэгч М, түүний өмгөөлөгч А,

Хариуцагч Э, түүний өмгөөлөгч С,

Иргэдийн төлөөлөгч М,

Орчуулагч А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М нь хариуцагч Эт холбогдуулан Эд хөрөнгөд учруулсан хохирол болох 4,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 М миний 5 тооны адууг 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө тус аймгийн Т сумын 3 дугаар багийн нутагт "Хашаатын даваа" орчимд байхад Э нь Ховд аймгаас тээврийн хэрэгсэл жолоодож ирэх замдаа дайрч алсан нь цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шалгалтаар нотлогдож Э-ыг 000000 дугаартай шийдвэрээр холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж 100,000 төгрөгөөр торгож шийтгэж арга хэмжээ авсныг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны 01 дүгээр сарын 09 ний өдрийн 2023/ЗШ/12 дугаартай шийдвэрээр Э-ыг буруутайд тооцож торгуулийн арга хэмжээг үндэслэлтэй гэж баталгаажуулсан юм.

1.2 Э нь шат шатны шүүхээр гомдол гаргаж өөрийгөө зөвтгөсөн ч бүх шатны шүүх нь анхан шатны шүүхийн тус 2023/ЗШ/12 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээсэн.

1.3 Миний Э-т дайруулж үхсэн адуунуудыг Э өөрөө үзсэн бөгөөд тухайн үед үнэлгээг гаргахад адуунуудыг нийт 4.600.000 төгрөг гэж үнэлсэн билээ. Э нь сайн дураараа адууг минь төлж өгөхгүй байгаа тул шүүхийн журмаар хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Э-ын хариу тайлбар, татгалзал: Хариуцагч Э би нэхэмжлэгч М-аас тус шүүхэд гаргасан Э-аас тээврийн хэрэгслээр дайрч алсан 6 адууны үнэ болох 4,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

2.1 Иргэн Э 2022 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн шөнийн 23 цагийн орчимд Б аймгийн Т сумын “Бураат” хэмээх газарт Б аймгийн Ө сум орохоор 00-00 улсын дугаартай “Тоёото Приус-30” маркийн автомашиныг жолоодож яваад авто осолд орсон. Өөрөөр хэлбэл миний унаж явсан автомашин иргэн М-ийн 3 тооны гүү, 2 тооны даагыг мөргөж, зам тээврийн осолд холбогдсон.

2.2 Уг авто замын ослыг Б аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтан Т шалган улмаар намайг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,   төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудас үйлдсэн юм.

2.3 Уг замын ослын улмаас миний унаж явж байсан өөрийн өмчлөлийн “Тоёота-приус” 30 маркийн автомашин маш их гэмтэж, мөн бусад хохиролд нийт 12,466,000 төгрөгийн бодитой хохирол учирсан юм.

2.4 Монгол улсын Их Хурлаас 1997 оны 7 дугаар сарын 09-ний өдөр соёрхон баталсан “Венийн Замын хөдөлгөөний тухай конвенц”-ийн 8 дугаар зүйлд “ачааны болон унааны амьтан болон мал, сүргийг тусгайлан тэмдэглээгүй бүсээс бусад газар малыг тогтмол чиглүүлэх чадвартай тууварчин \мал бүхий этгээд\ дагалдаж явах ёстой” гэжээ. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “мал бүхий этгээд" гэж энэ хуулийн 3.1.2-т зааснаас бусад малыг өмчилж байгаа этгээдийг ойлгохоор хуульчилсан байна. Хуульд заасан тууварчин, мал бүхий этгээдийг М гэж би ойлгож байна.

2.5 Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу тууж хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл \дэнлүү\ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана" гэжээ.

2.6 Б аймаг дахь Цагдаагийн газраас иргэн М-д Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан юм.

2.7 Тухайн үед адуу мөргөхөд ч зарим нь амьд байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас бүгдийг нь үхсэн, дайрч алсан гээд байна. Санамсаргүй зам тээврийн осол байсан гэж үзэж байгаа. Тэгээд энийг бүгдийг нь үхсэн дайрч алсан гээд байх юм. Тухайн зам нь олон улсын стандартын босоо тэнхлэгийн зам гэж явдаг. Тэгээд тухайн үедээ замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Дээрээс нь хурд хэтрүүлсэн гээд байгаа юм. Хурд хэтрүүлсэн хэтрүүлээгүй гэдгийг тухайн хууль хяналтын байгууллагууд нь шалгаад тогтоогоод хурд хэтрүүлээгүй гэдгийг гаргачихсан. Энэ дээр хурд хэтрүүлж дайрч алсан гээд ийм нэхэмжлэл гаргаад яваад байгаад гайхаад байна.

2.8  Миний хувьд тухайн үед өөрөө сүлжээгүй газар байсан учраас зам дагуу явсан жолооч нарт хандаад сүлжээтэй газраас цагдаагийн байгууллагад мэдээлж өгөөч ээ гэж хэлсэн тул цагдаа нар ирээд газар дээр нь үзлэг шалгалт хийгээд явсан байдаг юм. Энийг ингээд санаатай хийчихсэн юм шиг нэхэмжлэл гаргаад байгаад нь би өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрээс нь цагдаагийн байгууллага шалгахдаа намайг осол гаргасан гэдгээр нь хуулийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Мөн малчин М гэдэг хүнийг бас мөн хуулийн хариуцлагаа хүлээлгэсэн байгаа. Бас цагдаагийн байгууллагаас бас торгож шийдвэрлэсэн байгаа. Аль аль нь буруутай гэж үзээд хоёуланг нь торгосон байгаа.

2.9 Авто замын осолд нэрвэгдсэн гүү, дааганууд М-ийн өмчлөлд байсан нь нотлогдсон юм. Ингэхээр М нь шөнийн цагаар малаа хариулгагүй, эзэнгүй орхисон мөртлөө одоо түүнийг надаас нэхэмжилж буй 4,600,000 төгрөгийг би хариуцахгүй учир түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

3.Хариуцагч Э нэхэмжлэгч М-д холбогдуулан Гэм хорын хохирол болох автомашинд учирсан хохирол 12,466,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1 Миний бие Э 2022 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн шөнийн 23 цагийн орчимд Т сумын “Бураат” хэмээх газарт Б аймгийн төв орохоор 0000 улсын дугаартай “Тоёото Приус-30” маркийн автомашиныг жолоодож яваад авто осолд орсон. Миний унаж явсан автомашин иргэн М-ийн 3 тооны гүү, 2 тооны даагыг мөргөж, зам тээврийн осолд холбогдсон. Уг замын ослын улмаас миний унаж явж байсан “Тоёота-приус” 30 маркийн автомашин маань маш их гэмтэж, мөн бусад хохиролд нийт 12, 466,000 төгрөгийн бодитой хохирол учирсан юм.

3.2 Цагдаагийн байгууллагаас тухайн хэргийг шалгахдаа М болон миний бие Э-ыг хоёуланг нь буруутай гэж үзэж торгуулийн арга хэмжээ авч хуулийн хариуцлага хүлээлгэсэн байдаг юм.

3.3 Тэгээд би тухайн ослоос үүдэлтэй миний хувиас гарсан зардал 12,466,000 төгрөг гарч, бодит хохирол гарсан байгаа. Тэгээд хуулийн байгууллагаас аль алийг нь буруутай гэж үзээд торгуулийн арга хэмжээ авсан учраас би хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Хохиролтой холбоотой бодит материалуудыг гаргаж өгсөн байгаа.

3.4 Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан зардал болоод ослын газраас автомашиныг тээвэрлэсэн зардал зэргийг надад учирсан хохирол гэж үзэж байна. Сэлбэг, буддаг замаск, Вьетнам засварт агрегат засварт оруулсан, сэлбэгийг нь авхуулсан зардлууд нийлээд 12,466,000 төгрөг болсон ба үүнийг М-аас нэхэмжилж байгаа гэв.

3.5 Замын осолд нэрвэгдсэн гүү, дааганууд иргэн М-ийн өмчлөлд байсан. Өөрөөр хэлбэл, шөнийн цагаар малаа хариулгагүй, эзэнгүй орхисон иргэн М нь миний автомашинд учирсан хохирол 12,466,000 төгрөгийг хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгч М /сөрөг нэхэмжлэлийн хариуцагч/ сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа:

4.1 Иргэн Э нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны шөнө тус аймгийн Т сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шөнийн 24:00 цагийн орчимд 0000 улсын дугаарын “Тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хурд хэтрүүлсний улмаас, Монгол улсын холбогдох хууль, тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж миний 5 адууг дайрч, мөргөн алж надад 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан зөрчлийн хэргийг анхан шатны, давж заалдах болон улсын дээд шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдэж Э-ыг буруутай гэж тогтоосон байдаг.

4.2 Хохирогч М би тус шүүхэд 5 адуугаа Э-аар төлүүлж өгнө үү гэж түүнээс 4,600,000 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийг аваад хариуцагч Э нь сөрөг нэхэмжлэл гаргаж цаг хожиж төлбөр төлөхгүй байх арга хайж байна гэж үзэж байна.

4.3 Шөнө дунд орчноо мэдрэхийг хүсэлгүй, асар ихээр хурд хэтрүүлж, хурдны замаар явж, замд байсан объект биетийг мөргөж, зогсоох арга хэмжээ авалгүй бусдын амь нас болон олон саяар эд хөрөнгөнд хохирол учруулсан эрүүгийн болон зөрчлийн хэрэг улс даяар олон гардаг бөгөөд ийм хэргүүдэд тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн буруутай нь тогтоогдвол төлбөрийг нь төлж барагдуулах ёстой гэх утгаар шүүх шийдвэрлэж байгаа.

Учир нь, Э-ын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хууль дүрэм зөрчиж ослын хэрэг гаргасан буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоо иргэн М би шаардах эрхтэй бөгөөд харин Э нь өөрийн буруутай байдлын улмаас өөртөө учирсан хохирлыг бусдаас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

4.4 Миний малаа хариуцлагагүй орхисон байдлын улмаас торгуулсан явдал Э-ын нэхэмжлэлд хамаагүй бөгөөд түүний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг би төлөх хууль эрх зүйн үндэслэл ******* юм.

Иймд Э нь өөрийн буруутай үйл ажиллагаагаараа бусдын эд хөрөнгө малыг устгаснаас гадна жолоодож явсан тээврийн хэрэгслээ эвдэж сүйтгэсэн тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

 

5.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М: “Нэхэмжлэгч, хариуцагч нар хоёулаа хохиролтой байна. Э нь малчин М-аас машины хохирлыг нэхэмжлэх нь буруу байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

6.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ЗШ/12 дугаар шийтгэвэр, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 000000 дугаартай Шийтгэлийн хуудас, “А” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02020202 дугаартай Үнэлгээний дүгнэлт, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ДШМ/08 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүний 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар захирамж, С-тэй байгуулсан иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 588 дугаартай тогтоол, “А” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03030303 дугаартай үнэлгээний дүгнэлт, мөн компанийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0007390 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт, “С” ХХК-ийн менежерийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Ж-ийн гарын баримт, эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Зөрчлийн холбогдогчид эрхийг нь танилцуулсан тухай тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 00000 дугаартай Шийтгэлийн хуудас, А-тай байгуулсан өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Нэхэмжлэгч М-ийнэ хариуцагч Э-аас эд хөрөнгөд учруулсан хохирол болох 4,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсэг болох 2,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн хэсэг болох 2,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э-ын нэхэмжлэгч М-аас эд хөрөнгөд учирсан хохирол болох 12,466,000 төгрөг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгч М дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Э нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны шөнө тус аймгийн Т сумын 3 дугаар багийн нутаг Хашаатын даваа орчим  авто тээврийн осол гаргаж бэлчээрт байсан миний таван тооны адууг мөргөсний улмаас тухайн адуунууд гэмтэж үхсэн болно. Тухайн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж түүний гэм бурууг тогтоож Э-ыг 000000 дугаартай шийтгэврээр холбогдох хуулийн заалтыг үндэслэж 100,000 төгрөгөөр торгож шийтгэх арга хэмжээ авсан. Тухайн үхсэн адуунуудыг Э өөрөө үзсэн бөгөөд  адуунуудыг нийт 4,600,000 төгрөгөөр үнэлсэн тул хариуцагч Э-аас тухайн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 23 цагийн үед Б аймгийн Т сумын “Бураат” гэх  газарт Б аймгийн Ө сум орохоор 00000 улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашиныг жолоодож яваад авто осолд орж миний унаж байсан машин М-ийн 3 тооны гүү, 2 тооны даагыг мөргөж зам тээврийн осолд холбогдсон. Уг авто ослыг эрх бүхий байгууллага шалгаж намайг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан. Уг замын ослын улмаас миний унаж явж байсан өөрийн өмчлөлийн “Тоёота Приус-30” маркийн автомашин маш их гэмтэж 12,466,000 төгрөгийн хохирол учирсан. Б аймаг дахь Цагдаагийн газраас М-д Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч М нь шөнийн цагаар малаа хариулгагүй, эзэнгүй орхисон нь тухайн авто осол гарах шалтгаан болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

10.Хариуцагч Э сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 23 цагийн үед Б аймгийн Т сумын “Бураат” гэх газарт Б аймгийн Ө сум орохоор 00000 улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн автомашиныг жолоодож яваад авто осолд орж миний унаж байсан машин М-ийн 3 тооны гүү, 2 тооны даагыг мөргөж зам тээврийн осолд холбогдсон. Уг авто ослыг эрх бүхий байгууллага шалгаж намайг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан. Уг замын ослын улмаас миний унаж явж байсан өөрийн өмчлөлийн “Тоёота Приус-30” маркийн автомашин маш их гэмтэж 12,466,000 төгрөгийн хохирол учирсан. Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсэгт харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малын замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу тууж хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана” гэжээ. Б аймаг дахь Цагдаагийн газраас М-д Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авсан. Нэхэмжлэгч М нь шөнийн цагаар малаа хариулгагүй, эзэнгүй орхисон тул миний автомашинд учирсан хохирлыг М хариуцах ёстой гэжээ.

11.Нэхэмжлэгч М хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар *******сгэсэн. Үүнд: Хариуцагч Э нь хурд хэтрүүлсний улмаас миний 5 тооны адууг мөргөсөн нь тогтоогдсон. Э-ын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хууль дүрэм зөрчиж ослын хэрэг гаргасан буруутай үйлдлийн улмаас өөрт нь  учирсан хохирлыг М би хариуцах учиргүй гэж тайлбарлажээ.

 12.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

12.1 Б аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0013000603 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор Э нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 23 цаг 22 минутын үед Т сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 0000 дугаарын Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээр Ховд-Ө чиглэлийн  засмал зам дээр  гурван тооны гүү, хоёр тооны даагыг мөргөсөн үйлдэлд зөрчлийн хэрэг нээж 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 000000 дугаартай шийтгэлийн хуудсаар Э-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулах” зөрчил үйлдсэн гэсэн үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ба уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасныг  Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/12 дугаартай шийтгэх шийтгэврээр дээрх шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон байна. Улмаар, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ДШМЗ/08 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2022/ЗШ/12 дугаартай шийтгэх шийтгэврийг хэвээр үлдээж, холбогдогч Э, түүний өмгөөлөгч С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

12.2 “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 000000 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 2022 оны 10 дугаар сарын байдлаар нас гүйцсэн 3 тооны гүү тус бүрийг 1,200,000 төгрөгөөр үнэлж нийт 3,600,000 төгрөгөөр, 2 тооны даага тус бүрийг 500,000 төгрөгөөр үнэлж, нийт 1,000,000 төгрөгөө, бүгд 4,600,000 төгрөг байх боломжтойг тодорхойлсон байна. 

12.3 Мөн “А” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 000000 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 2011 онд үйлдвэрлэгдсэн 00000 дугаарын Toyota Prius 30 маркийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг нийт 6,478,000 төгрөгөөр тогтоосон байна.

 12.4 “С” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтод Toyota Prius 30 маркийн 0000 улсын дугаар бүхий автомашин нь манай автосервисийн вьетнам засварт агрегат засвар үйлчилгээ хийлгэж 5,000,000 төгрөг төлсөн талаар тодорхойлжээ.

12.5 Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өрийн 0029959 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар М нь хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал оруулсан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу 20,000 төгрөгөөр торгох шийтгэл  оногдуулсан нь тогтоогдсон байна.

 

13.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагчаас авто осол гарахад нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн гэж маргасан, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч тус тус  маргажээ.

14.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

15.Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Э нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шөнө 23 цагийн үед Б аймгийн Т сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 00000 Toyota Prius 30 маркийн  тээврийн хэрэгслийг жолоодож, Ховд аймгаас Б аймаг руу чиглэн замын хөдөлгөөнд оролцох үедээ засмал зам дээр нас гүйцсэн 3 тооны адуу, 2 тооны даагыг мөргөж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

16.Хариуцагч Э нь тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь тогтоогдсон тул гэм хорыг хариуцах үүрэгтэй боловч нэхэмжлэгч М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2-ын з-д заасан хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал оруулахгүй байх иргэний үүргээ зөчсөн нь эрх бүхий албан тушаалтны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өрийн 0029959 дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар тогтоогдож байгаа тул хариуцагч Э-ыг гэм хорын хариуцлагын зарим хэсгээс буюу нэхэмжлэгч М-ийн нэхэмжилсэн 4,600,000 төгрөгийн 50 хувийг төлөхөөс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

17.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгч, хариуцагч нар нь  хоёулаа хохиролтой, мөн жолооч Э нь малчин М-аас машины хохирол нэхэмжилсэн нь буруу гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.  Тодруулбал, дээрх байдлаар хариуцагч Э-аас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 4,600,000 төгрөгийн 50 хувийг төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлтэй нийцэж байна.

18.Хариуцагч Э-аас өөрийн өмчлөлийн “Тоёота Приус-30” маркийн автомашин гэмтсэний улмаас учирсан хохирол 12,466,000 төгрөгийг нэхэмжлэгч М-аас гаргуулж өгөхийг хүссэн байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцахаар хуульчилсан байна. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч нь хариуцагч Э өөрөө болох нь хариуцагчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдож байгаа, мөн тухайн аваар осол болох үед тухайн тээврийн хэрэгслийг Э нь өөрөө жолоодож ашиглаж байсан нь тогтоогдож байх тул тэврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохирлыг бусдаар буюу нэхэмжлэгч Маар төлүүлэх үндэслэлгүй байна.

19.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Э-аас 2,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,300,000 төгрөгийг болон хариуцагч Э-ын нэхэмжлэгч М-аас 12,466,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

20.Нэхэмжлэгч М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,550 төгрөгийг, хариуцагч Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,406 төгрөгийг тус тус улсын орлого болгож,  хариуцагч Э-аас нэхэмжлэл хангагдсан хэмжээ болох 2,300,000 төгрөгт оногдох 51,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э-аас 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,300,000 /хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг болон хариуцагч Э-ын нэхэмжлэгч М-аас 12,466,000 /арван хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,550 төгрөгийг, хариуцагч Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,406 төгрөгийг тус тус улсын орлого болгож,  хариуцагч Э-аас 51,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              К.БҮЛДИРГЕН

                                                  ШҮҮГЧИД                              Б.МАНГИЛИК

                                                                                                 Х.МЕЙРАМБЕК